Аялал жуулчлалын салбарт тэргүүлэгч “Монгол аялал” компанийн Ерөнхий захирал Ц.Пүрэвдоржтой ярилцлаа.
-АСЕМ-ийн дээд хэмжээний 11 дэх удаагийн уулзалт ирэх онд манай улсад болно. Аялал жуулчлалын салбарын хүний хувьд энэхүү үйл явдлын ач холбогдлыг нь хэрхэн харж байна вэ?
-АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалт бол яах аргагүй манай улсын нэр хүндийг дэлхийн тавцанд таниулах чухал үйл явдал гэдгээрээ өндөр ач холбогдолтой. Тиймээс дэлхийн 53 улсын төрийн тэргүүн, зочид төлөөлөгчид ирэх энэ арга хэмжээг яавал аялал жуулчлалтай холбогдуулж, яаж үр өгөөжийг нь дээшлүүлэх үү гэдэг нь тулгамдсан асуудал болоод байна. АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Монгол орныг хэрхэн гадаад ертөнцөд сурталчилж, хөрөнгө оруулалт татах нь чухал. Гэтэл төр засгийнхан маань хэдхэн зочид буудлын асуудал яриад буй нь тун учир дутагдалтай. Монгол орныг дэлхийн хэмжээнд таниулах том арга хэмжээ шүү дээ. Сүүлийн үед яригдаад байгаа бас нэг дутагдалтай зүйл бол гадаад хэлний ангийн оюутнуудаар хөтөч хийлгэнэ гээд байна. Тэд жуулчдад Монгол орноо таниулах юм гэнэ. Энэ бол айхавтар учир дутагдалтай асуудал шүү дээ.
-Яагаад. Тэгвэл “Монгол аялал” компани АСЕМ-ийн арга хэмжээ болоод жуулчдад хөтөч хийх ажилд хэрхэн оролцож, ямар үйлчилгээ үзүүлэх боломжтой вэ?
-АСЕМ-ийн хурлыг зохион байгуулагчид мэргэжлийн аялал жуулчлалын компаниудад хийх ажлыг нь үүрэг болгоод өгөх хэрэгтэй. Жишээлбэл, “Монгол аялал” компани тэр, тэр орныг хариуцаад зочид төлөөлөгчдөд үйлчил гэдэг юм уу. Тэгвэл бид тэдэнд Монгол орны талаар бүрэн сурталчилгаа, зөв мэдээлэл өгч чадна. Ийм байдлаар явах ёстой л доо. Аялал жуулчлалын салбар бол Монгол орныг хөл дээр нь босгоод ирэх эдийн засгийн том хөшүүрэг. Гэтэл мэргэжлийн бус хүмүүсээр жонхууны ажил хийлгэснээс жуулчид ирэх нь битгий хэл үргэх болно. Тэгэхээр бид АСЕМ-ийн хуралд зориулж зочид буудлуудад анхаарахаасаа илүү гадаадаас ирэх жуулчид, аялагчдын тоог нэмэгдүүлэх учиртай. Монгол орноо бүрэн таниулахад анхаарах нь чухал.
-Жуулчдын хувьд ая тухтай амрах орчин бол зочид буудал шүү дээ?
-Тэнд жуулчид насаараа төвхнөхгүй. Хоёр, гурав хоноод л явна. Зочид буудлын хувьд өрөө тасалгаа, цагаан хэрэглэл нь сайхан цэвэрхэн байхад л болно. Харин АСЕМ-ийн хурлыг маш өргөн хүрээнд зохион байгуулахын тулд том утгаар нь авч үзэн бэлтгэлээ базаах ёстой. Аяллын компаниуд бол мэргэжлийн түвшинд ажиллаж чадна. Монгол орныхоо болоод аялал жуулчлалын талаар бүрэн дүүрэн ойлголт, мэдлэггүй гурав, дөрөвдүгээр курсийн оюутнуудыг бодвол яаж ажиллахаа мэднэ шүү дээ. Орон орны жуулчдад тохирсон, тэдний сонирхолд нийцсэн аяллын бүтээгдэхүүнийг өгөх ёстой. Тэд манай улсад ирээд ямар сэтгэгдэлтэй байснаа цаашаа ярина. Хэрэв бид гадаадынханд зөв мэдээлэл өгч, сэтгэлд нь хүрсэн үйлчилгээ үзүүлж чадвал Монголд ирэх жуулчдын урсгал улам л нэмэгдэнэ. Тиймээс АСЕМ-ийг зохион байгуулах Ажлын хэсэгт аялал жуулчлалын томоохон компаниудын захирлыг оруулж, бодлогоо мэргэжлийн түвшинд тодорхойлох хэрэгтэй байна.
-АСЕМ-ийн хурал болох ирэх оны долдугаар сард Монголын бүх зочид буудлыг блоклочихсон. Энэ нь хэр зөв алхам бэ?
-Үнэхээр утгагүй. Үүн дээр анхаарч ажиллах ёстой. Бид гадаадынханд бөхөлзөхөөс илүүтэйгээр Монгол орныг яаж таниулах уу гэдгийг бодож байх нь чухал л даа. АСЕМ-ийн хурал бол Монголыг дэлхийд таниулах маш том сурталчилгаа. Ажлын хэсэг дээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр юу гаргахаа бодлогын хэмжээнд ярьж, зохион байгуулвал асар үр дүнтэй ажил болно. Монгол Улсын нэр хүндийг дэлхийн тавцанд бэхжүүлэх өндөр ач холбогдолтой арга хэмжээг зохион байгуулахаар дэмжлэг авч чадсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид талархаж байгаа.
-Аяллын улирал ирлээ. Ингэхэд жуулчдыг татахын тулд юун дээрээ түлхүү анхаарах ёстой вэ?
-Аяллын бүтээгдэхүүнийг сайжруулахын тулд бодлогоо тодорхойлох хэрэгтэй. Жишээлбэл, Монголын үхэр, хонины мах органик, витаминлаг. Тэгэхээр “Экологийн цэвэр бүтээгдэхүүнийг Монголд ирж зооглоорой” гэдэг уриалгыг л дэлхийн олон орны хэл дээр түгээж болж байна. Дэлхийн долоон тэрбум хүн урт удаан наслахыг илүүд үздэг болсон. Гадаадынхан голдуу химийн найрлагатай хүнс хэрэглэдэг бол бид органик хүнсэн дунд амьдарч байгаагаараа азтай.
Монгол Улс бол дэлхий дахинд байгуулагдсан хамгийн том гурван гүрний нэг нь. Дэлхийн өв соёл Монголоос гаралтай гээд энэ түүхээ гадаадынханд зөв сурталчлах хэрэгтэй. Монгол гэдэг үзлээр, Монгол гэдэг бахархлаа дээш нь өргөж явбал мөнгө босгох боломжтой.
-Аяллын компаниуд чанаргүй байна гэх шүүмжлэл байнга дагуулдаг. Энэ салбарын тогоонд байгаа хүний хувьд танаас үүнийг асуумаар байна л даа?
-Аяллыг чанаржуулах хэрэгтэй. Аяллын компаниудад шалгуур тавих шаардлага байна. Хэдэн жил ажилласан, ямар, ямар аяллын бүтээгдэхүүнийг өгч байгаа зэрэг цензур тогтоох цаг нь болсон. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд энэ компаниуд бие биеэ муулж, шударга өрсөлдөж чаддаггүй. Аяллын компаниудад тавих хяналт шалгалт чанга байж энэ салбар хөгждөг. Учир нь Монголыг дэлхийд таниулах толь нь бид. Гадаадын орнуудад бол аяллын хууль нь чанга байдаг. Хөтөч нар нь гэхэд асар чадвартай, хүний сэтгэл зүйг бүрэн судалсан, ярих урлаг эзэмшсэн мэргэжилтнүүд байдаг. Ингэж байж хөтөч хөгжинө. Гэтэл манайд байгаа аяллын дамжаануудыг хаана ч, хэн ч хамаагүй хичээллүүлээд байгаа. Үүнийг чанаржуулмаар байгаа юм. Дээрээс нь аялал жуулчлалын компаниудад тээврийн үйлчилгээ явуулдаг аж ахуй нэгжүүдийн жолооч нар ажлын хариуцлага алддаг. Тэгсэн атлаа маргааш нь юу ч болоогүй юм шиг өөр компанид ажиллаж байх жишээтэй. Бид хичнээн сайхан аяллын үйлчилгээ үзүүлдэг ч тэрхүү тээврийн компани болон жолооч нь хариуцлага алдаж, бидний нэр хүндэд нөлөөлөх явдал гарна. Тэгэхээр тээврийн компаниуд ч үйлчилгээгээ сайжруулах ёстой.
Бид ямар агуу түүхтэй оронд амьдарч байгаа билээ дээ. Тиймээс миний зорьж явдаг зүйл бол энэ түүхээ сурталчилж, Монголд ирдэг жуулчдын тоог 20 саяд хүргэх юм. Тэр цагт бидэнд уул уурхай ч хэрэггүй. Манайхан гадаадынхныг ирэхэд Монголынхоо түүхийг таниулж мэддэг, гадаадад очихдоо Монголоо зөвөөр сурталчилж, сайхан мэдээлэл өгчихдөг байх хэрэгтэй. Тиймээс “Монгол аялал” компани 2035 он хүртэл хэрэгжих аялал жуулчлалын мастер төлөвлөгөө боловсруулсан байгаа.
-Бас танай компани “99 амжилт” төсөл хэрэгжүүлж байгаа байх аа. Ямар ямар шинэ санаанууд ирж байна?
-Манайд маш олон залуус ирж байна. Бид тэдний санаануудтай танилцаж, ярилцаж байгаа. Амжилтад хүрэх хамгийн гол нууц бол эд хөрөнгө биш. Зөвхөн санаа юм шүү дээ. Дэлхийн тэрбумтнуудын ихэнх нь зөв санаа олоод амжилтад хүрсэн байдаг. Тэр дунд Харвардын их сургууль төгссөн хүн ч байдаггүй. Манайх оюуны шинэ технологийн маш олон санаанууд гаргавал хөгжих боломжтой.
Хүний оюун ухааны цөм нь Монгол хүн юм. Ганц дутагдалтай зүйл нь манайхан санаагаа зөв гаргаж чадахгүй байна. Дандаа хүнийг дуурайдаг. Жишээлбэл, миний нэг таньдаг дүү нэг хоёрхон жилийн өмнө машины суудлын бүрээс оёдог байлаа. Тэгээд гайхалтай шинэ санаа олоод маш том үйлдвэр байгуулчихсан. Бүх юм утга учиртай. Компани, бараа, бүтээгдэхүүнийхээ нэрийг хүртэл өгөхдөө сайн бодох ёстой. Гэтэл манайхан хаа хамаагүй өөрсдийнхөө, үр хүүхдүүдийнхээ нэрийг өгчихдөг нь буруу.
Манайхны нэг дутагдалтай тал нь амжилтад хүрсэн хүмүүсийг харлуулж, өө сэвийг нь тойрч, мөлждөг. Тэгэхийн оронд түүний хэрхэн амжилтад хүрснийг нь судлах ёстой. Өндөр хөгжилтэй орнуудын хууль тогтоомжуудыг судалж, Монголынхоо хөрсөн дээр буулгах хэрэгтэй.
-Ингэхэд “Сити тур” аяллын маршрут гаргасан гэсэн. Энэ хэзээнээс эхлэх вэ?
-Улаанбаатар хотод аялуулах энэ маршрут маань бэлтгэлээ хангаад дуусч байгаа. Нийслэлийн тээврийн газрын зөвшөөрөл удахгүй гарна. Аливаа ажлыг хийхийн тулд албан ёсны зөвшөөрөл байх хэрэгтэй. Нийслэлийн удирдлагууд хуралдаж байж шийддэг юм байна. Аяллын сайн бүтээгдэхүүн үйлчилгээ гаргахын тулд хөтөч маш сайн байх ёстой. Манай компани ойрын жилүүдэд дэлхийн хэмжээнд сүлжээгээ байгуулахаар зорин ажилладаг. Мөн гадаад хүмүүсийг гадаадад нь аялуулна.
-Гадаад хүмүүсийг гадаадад аялуулна гэхээр шинэ маршрут нээнэ гэсэн үг үү?
-Монголчууд бөмбөрцгийн 24 сая ам.метр газар нутгийг эзэлж, дэлхийн гурван том эзэнт гүрний нэгийг байгуулж чадаж байсан юм чинь арвин түүхтэй. Одоо бид БНХАУ-ын иргэдийг Монгол, ОХУ-д аялуулж байна. Солонгосыг Монголоор болон Байгаль нуур, Москвад аялуулж байгаа. Мөн Арабын нэгдсэн Эмират улсын иргэдийг Бээжинд аялуулна. Өөр хэд хэдэн маршрут төлөвлөөд байгаа. Монголоо дунд нь шигтгэж өгөхөөрөө давуу талтай. “Монгол аялал” компанийн төлөөлөгчийн газар гадаад орнуудад байгаа болохоор энэ аяллыг зохион байгуулахад түвэггүй.
-“Монгол аялал” компанийн аяллын зардал адилхан үйлчилгээ эрхэлдэг компаниудаасаа илүү байдаг. Давуу тал нь юунд байна?
-Үнэ дагаж чанар байх ёстой. Бусад компанийг дуурайгаад савлаад үнийг хямдруулаад байвал мэргэжлийн компани биш болно. Өнөөдөр манай зөвхөн офисст гэхэд 30 гаруй залуу ажиллаж байна. Гадаад хэл, ярианы, сэтгэл зүйн гээд олон хичээл заадаг. Ямар ч салбарт ажлаа үнэн сэтгэлээсээ хийвэл амжилт ирдэг. Дэлхийгээр дүүрэн мөнгө бий. Тэрийг авах боломж байна. Гагцхүү хөдөлмөрлө. Хийсэн ажлаа чин сэтгэлээсээ ярьж, хийж байх ёстой хүнд үндсэн зарчмууд байдаг л даа. Сайн юм боддог хүний ажил үйлс дандаа бүтдэг. Одоо манайх “Морин хуурын цогцолбор” гээд хэд хэдэн том төслөө хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Цаашид өргөн хүрээнд ярих сэдэв их бий.
-Ирэх долдугаар сард аяллын ямар ямар шинэ үйлчилгээ гаргах вэ?
-Манай компани “Зүрхнээс зүрхэнд” гээд цоо шинэ аялал гаргаж байгаа. Энд зөвхөн ганц бие хүмүүсийг хамруулах юм. Аяллын явцад дотносож, хосоо олж улмаар тэднийг гэр бүл болгох зорилготой аялал. Мөн гэр бүлийн аялал ч гэж бий. Энэ аяллын хүрээнд гэр бүлийн найз, нөхөрлөлийн холбоо тогтоох боломжтой. Мөн залуусын аялал ч гэж байгаа. Залуучуудад зориулсан шоу цэнгээний аяллын хөтөлбөрийг долдугаар сарын 10-15-ны өдрүүдэд гаргасан. Бас Ангарскийгаас Байгаль нуур хүртэлх усан онгоцны аяллын маршрут байгаа. Харин урагшаа бол Далян руу аялуулж байна. Бид аялагчдынхаа хүсэлтээр аяллын хугацаа, маршрутыг гаргах боломжтой. Заавал тэд хоног, тийшээ явна гэж тулгахаасаа илүүтэйгээр аялагчдынхаа хүсэлтийг харгалзан үзэх уян хатан нөхцөлтэй гэдгийг дуулгая.
-Хамт олон, найз нөхдөөрөө аялвал ямар хөнгөлөлт, урамшуулал эдлэх боломжтой вэ?
-Есөн хүн тутмын нэг нь буюу арав дахь хүн нь үнэ төлбөргүй аялах урамшуулал бий. Мөн долдугаар сард аялсан хүмүүсийнхээ дунд азтан тодруулна. Тэргүүн байрт 42 инчийн өнгөт зурагт. Хоёр дахь азтанаа нөөт бүүкээр урамшуулна. Гурав дахь азтанд “Нарны орон” жуулчны баазад амрах хоёр эрхийн бичиг гардуулна. Мөн гурав, дөрөвдүгээр байрт нэг, нэг мөнгөн аяга өгнө.
-Шинийг санаачлагч их үйлс тань арвин байг. Танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.
-“Монгол аялал” компанитай 9901-7779, 9191-2152, 9979-1525 утсаар холбогдох боломжтой.
Г.САЙНБИЛЭГ