Categories
мэдээ цаг-үе

Ц.Оюунгэрэл: Яамдыг хольж хутгасан нь орон тоог цөөлөх бэлтгэл ажил гэж харагдсан

Соёл, спорт, аялал жуулчлалын сайд асан Ц.Оюунгэрэлтэй ярилцлаа.

-Улстөрч хүний хувьд засаг бүрэлдэх үйл явцыг анзаарч байгаа болов уу. Мэргэжлийн Засгийн газар байгуулна гэсэн амлалт хүлээлт үүсгэсэн. Харин сайдад санал болгож байгаа хүмүүсийг олон хүн сэтгэл дундуур хүлээж авлаа. Таны хувьд энэ тухайд ямар дүгнэлттэй байна вэ?

-Надад Ерөнхий сайдын томилгооноос эхлээд гайхал төрсөн л дөө. Мэдээж залуу хүнийг гаргаж ирсэн гэдгээрээ онцгой ч, боловсролын түвшин, туршлага нь ёстой нөгөө мэргэжлийн гэдэг тодотголд нь нийцэж байгаа юм болов уу. Гадаад хэлний мэдлэг муутай, ялангуяа АСЕМ-ын үеэр бусад удирдагчид шигээ гадаадын зочидтой чөлөөтэй харилцаж чадсан уу гэдэг эргэлзээтэй. Энэ их ажлын хажуугаар хэл сураасай гэж бодож байна. Тэгэхгүй бол Монголын төр явцуу сэтгэлгээтэй хүний гарт орчихов уу гэж харж байна. Мэргэжлийн Засгийн газар байгуулна гэж өөрөө зарласан учраас ядахдаа өөрийнхөө мэдэхгүй мэдлэгийг бусдынхаар нөхөх юм байна даа гэж төсөөлсөн л дөө. Гэтэл бусад сайд нарын хувьд ч явцуу сонголт хийчихлээ. Ёстой нөгөө 60 тэрбумаа босгох засаг байгуулаад байгаа юм биш үү гэсэн сэтгэгдэл төрөхүйцээр хамгийн их төсөвтэй салбарт мөнгөн дээр ажиллах маш туршлагатай хүмүүсийг тавьчих шиг боллоо. Зөвхөн Сангийн сайдаар жишээ татъя. Цалин тавих, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх санхүүжилтийн эрх, тендерийн эрх гээд улсын данснаас мөнгө авах болгондоо төсөв захирагчид Сангийн сайдад “Эрх нээлгэе” гэж ханддаг. Тэгэхээр тэнд маш шударга, хүнтэй наймаа ярьдаггүй хүн байх хэрэгтэй.

-Наймаа сайн хийдэг хүнийг тавьчихсан юм биш үү?

-Тэнд наймаачин тавина гэдэг бол эрх нээх болгондоо давхар татвар авна гэсэн үг. Надад энэ бохир харагдаж байна. Үнэнийг хэлэхэд Б.Чойжилсүрэнг өөр салбарын сайд болсон бол “Яахав дээ, нам дотроо нэр хүндтэй юм байна” гэж бодоод өнгөрнө. Сангийн сайд болоход нь харин Сангийн яам үнэхээр хайран санагдаж байгаа юм. Би АТГ-ыг гайхаж байна. Баахан хүнийг ашиг сонирхлын зөрчилтэй гэсэн мөртлөө Б.Чойжилсүрэнг татгалзаж чадаагүй. Б.Чойжилсүрэнг дээд зэргийн ашиг сонирхлын зөрчилтэй хүн гэж харж байгаа. Наад зах нь Тост, тосон бумбын нурууны улсын тусгай хамгаалалтад орсон талбайд Б.Чойжилсүрэнгийн лиценз бий. Тэгэхээр Б.Чойжилсүрэн бол улсын төсвөөс нөхөн олговор авах юмсан гэсэн мөрөөдөлтэй суугаа лиценз эзэмшигч шүү дээ. Энэ бол асар том ашиг сонирхлын зөрчил. Үүнийг АТГ харсаар байж ногоон гэрэл асаачихаад, Ж.Цолмонд нь болохоор “Болохгүй ээ” гэж байгаа нь маш ялгавартай хандлага.

Сангийн сайд гэдэг бүх яамны ажлыг ойлгож, саадгүй явуулж чаддаг төрийн хар хүний хийх ажил. Түүний төрийн хар хүн гэдэг намтар түүх нь хэр зузаан билээ. Сангийн сайдын хувьд туйлын гоомой сонголт хийсэн юм болов уу.

-Мэргэжлийн Засгийн газар нь мөнгөний Засгийн газар болчихлоо гээд шүүмжлээд байна. Монгол төрийн сайдын суудлыг мөнгөөр үнэлдэг жишиг яавал алга болох юм бэ?

-Шударга ёс хэрэгжиж байж л алга болно. Шударга ёсыг хэрэгжүүлдэг, шалгадаг газар нь заримыг нь шалгаад, заримыг нь шалгадаггүй. Шалгахдаа одоо энийг шалгах ээлж, одоо тэрийг шалгах ээлж гээд улс төрийн зорилгоор ханддаг бол энэ байдал арилахгүй л дээ. Хариуцлага тэгш байж засарна. Монголын төрийг худалдаж байгаа эрээ цээргүй бичлэг цацагдсан. Монголын төрийн албан тушаалыг худалдах нь авлигын сонгодог нэр томьёогоор албан тушаалын түрээсийн авлига юм. Тэр бичлэгээс харахад Монголын төрийн албан тушаал болгоныг худалдах санал гаргаж байгаа Ц.Сандуй “Албан тушаалын түрээсийн авлигыг нэвтрүүлье” гэж намынхаа даргад шууд санал болгож байгаа юм. Авлигын гэмт хэргийг санал болгоход өнөөх нь “Наад гэмт хэргийн сүлжээ чинь аягүй гоё сүлжээ байна” гэх юм. Гэтэл хэрэг шалгадаг байгууллага нь “Өө энэ бичлэгийг шалгах шаардлагагүй юм байна” гэх жишээтэй. Энэ нь МАН-ын дотор авлигын гүн гүнзгий соёл нэвтэрсэн байна л гэсэн үг.

-Сонгогчдын хувьд энэ бүхэн сэтгэлээр унамаар үзэгдэл. Итгэл хүлээлгэсэн нам нь засгийн эрхийг авангуутаа баахан мөнгөтэй хүнд төрийг атгуулчихлаа?

-Ард түмэн маань эднийг итгэж сонгов уу. Засгийн газрыг авлигын сүлжээгээр байгуулаад эхлэхэд нь, “Сонгуулийн үеэр бидний олж мэдээгүй ямар авлигын технологийг нэвтрүүлчихэв ээ” гэж эрхгүй бодогдож байна. Хэрэв сая Засгийн газраа үнэхээр ярьж байсан шигээ мэргэжлийн байдлаар сонгосон бол би МАН-ын үнэмлэхүй ялалтад алга ташихаар байлаа. Одоо бол энэ ялалт бас бохир байсан юм биш биз дээ гэдэг эргэлзээ төрж байна.

-Ерээд оны эхэн үеийн сонгуулийг харахаар малчин, лам хүн ч сонгогдож болж байсан. Гэтэл өнөө үед мөнгөгүй хүн бол УИХ-ын босго давах боломж хаагдчихлаа. Хэрвээ мөнгийг гол шалгуур болгож тавихгүй бол ямар тогтолцоо байх ёстой гэж та бодож байна вэ?

-Сонгуулийн хуулийг өөрчилж байхад, Үндсэн хуулийн Цэцийг элдэв шийдвэр гаргахад зөндөө хэлсэн л дээ. Пропорционалийн оролцоотой нөхцөлд Монголын жирийн ард түмэн сонгуульд ордог үүд хаалга нээгдэнэ шүү. Хүн бүр улс төрийн туршлага хуримтлуулах гэж бүх насаа үрж чадахгүй. Хүн бүр 25 жил аль нэг намд явж, намын хар бор ажил хийж амжихгүй. Тийм үед нийгмийн бусад төлөөллийг УИХ-д оруулах цорын ганц хаалга нь пропорциналь тогтолцооны жагсаалт байна шүү гэж зөндөө ярьсан л даа. Ялангуяа эмэгтэйчүүд, жишээлбэл, хүний эрхийг насаараа хамгаалж яваа эмэгтэйчүүд хэзээ ч энд тэнд очиж тойрог тойглож чаддаггүй. Яагаад гэвэл хохирогчдоо өмгөөлж хамгаалж явсаар байтал хамаг цаг хугацаа нь барагддаг. Ийм хүмүүсийг шийдвэр гаргах түвшинд оруулах үүд хаалга хаагдлаа гэж хэлсэн. Гэвч ҮХЦ үнэхээрийн аймшигтай шийдвэр гаргасан. 2012 оны сонгуулийн үеэр болж байна гэж үзсэн зүйлээ 2016 оны сонгуулиар болохгүй гэж гэнэтийн шийдвэр гаргаад, жижиг 76 руу шилжсэнээр улс төрд орох нэр дэвших нөхцөлийг илүү хүндрүүлсэн л дээ.

-Нэг хэсэг АН-ын зарим лидер сонгогчдоосоо санхүүжих замаар намын санхүүжилтийг цэвэр тунгалаг болгох тухай ярьж байсан. Аль нэг компани, бизнесийнхнээс бус сонгогчдоосоо мөнгө босгох технологи амьдралд хэрэгжих боломжгүй байв уу?

-Сая бие даагч, дуучин Нара тэр технологийг хэрэглэж нэр дэвшлээ шүү дээ. Тэр технологиор хөрөнгө босгож, сайн дурынхныг ажиллуулаад, хуулийн дагуу маш зөв хөрөнгө босголоо. Би бол Нарагийн мөнгө босгож байгаа технологийг зөв гэж харсан. Сошиал медиагийн хүчээр Нарад тэр боломж нь анх удаа гарлаа. Сошиал медиа байхгүй нөхцөлд айл болгоны хаалгыг тогшоод мөнгө гуйна гэдэг хэцүү. Орчин үед энэ технологи боломжтой болж байгаа юм билээ. Бид сая хууль гаргахдаа бас л хувь хүн данс нээж мөнгө оруулахыг ядахдаа сонгуулиас хагас жилийн өмнө нээж өгье гээд дийлээгүй. Хагас жилийн өмнө данс нээх эрхийг зөвхөн намуудад нээж өгөөд, хувь хүмүүст тийм боломж олгоогүй. Намууд хөрөнгө босгох дансыг дөрвөн жил ажиллуулах эрхтэй байгаа. Намууд нь тэр мөнгөө босгож сурахын тулд ардчилсан, шилэн байх учиртай юм. Намуудад хувьсал гарч байж иргэд намд итгэж хандив өгнө. Тийм учраас зөвхөн танигдсан хүмүүс сонгуулийн хэдхэн хоногт мөнгө босгож чадаж байгаа. Сонгуулийн санхүүжилт бол бидний сүүлийн 25 жилд өөрчилж чадаагүй ганц эмзэг цэг. Сонгуулийн санхүүжилтийн системийг ядахдаа авлигын бус сүлжээгээр хиймээр байна шүү дээ. Албан тушаал зарж, хөрөнгө босгодог байдлыг болиулмаар байгаа юм. МАН энэ талаар арай л буруу үлгэр дуурайл үзүүлж байна.

-Засгийн газрын бүтцийг эдийн засаг хямарсан үед цомхон байлгах санаа зөв. Танахдаа аль чиглэлүүдийг хасч байна гэдэг анхаарах асуудал. Та бол ССАЖ-ын сайд байсан хүн. Танай яамны харьяалж байсан чиглэлүүдийг бусад яамдад хавсарга байдлаар тараагаад өгчихлөө. Хэзээ улстөрчид соёлын бодлогод ач холбогдол өгөх юм бол?

-Монголыг Монгол байлгадаг юм юу вэ. Эцсийн эцэст Монгол юугаа тордож авч явбал бусдын нүдэнд Монгол шиг харагддаг юм бэ гэдгийг сая АСЕМ харууллаа. АСЕМ-ын үеэр монголчууд соёлоо танилцууллаа. Ерөөсөө манайд ирсэн хүн манай соёлоор л амьсгалж байж Монголд хөрөнгө оруулах юм байна, найз нөхөр болох юм байна, эргэж ирэх юм байна. Соёлдоо бид ахиухан хөрөнгө оруулж, арай жаахан анхаарвал хөдөө орон нутгийнхан ч түнштэй болох юм биш үү. Бүтээгдэхүүнээ гадаадад экспортолж байж аятайхан амьдарна. Хөрөнгө оруулагч ирэхэд бид соёлоо л танилцуулна шүү дээ. Хүнийг ирэнгүүт манайд ирээд мах аваад яв гэхгүй шүү дээ. Манайд ир дуу сонс, наадам үз, мах идэж үз, уламжлалт аргаар боловсруулаад өгье гэнэ. Ийм нандин өв соёлтой, итгэл үнэмшилтэй хүмүүстэй харилцах юм байна гэж мэдэрч байж хүн хамтарч ажиллана. Ийм байдлаар соёлоо эдийн засагтайгаа зэрэг авч явдаг юм. Соёлыг МАН аль нэг салбарын дайвар гэж харж байна. Ихэвчлэн боловсролын салбарын урлагтай холбоотой хэсэг нь гэж үзээд байна. Үнэхээр дуу хөгжмийн хичээлийн хэмжээнд л авч үзэж байна. Гэтэл соёл гэдэг маань манай эдийн засгийн асар том баталгаа шүү дээ.

Төрийн албан хаагчдыг олноор нь халах бэлтгэлээ сая эд нар хийчихлээ л дээ. Баахан яамны нэр солино гэдэг бодлогын ялгаатайдаа биш. Үнэхээр бодлогын ялгаатай байсан бол ССАЖЯ, Хөдөлмөрийн яам шиг бодлогоороо ялгарсан яам гаргаж ирэх байлаа. Гэтэл бодлогыг нь харин хольж хутгаж, аль болохоор ойлгомжгүй болгох байдлаар яамдын бүтцийг өөрчиллөө. Тэр нь зүгээр л орон тоо өөрчлөхийн өмнөх бэлтгэл ажил гэж харагдсан. Тамга тэмдэг, бичиг цаас өөрчилнө. Түүнтэйгээ зохицуулаад бүтэц өөрчилнө. Бүтэцтэйгээ зохицуулаад хүнээ өөрчлөх гэж л ингэж бужигнуулж байна уу даа. Мөрийн хөтөлбөртэйгөө нийцсэн бодлогын өөрчлөлт байна даа гэхээр цогц юм харагдсангүй.

-Соёл, аялал жуулчлал гэдэг бүтэц сайн хоршиж байсан санагддаг. Аялал жуулчлалдаа мөнгө оруулж, соёлоо таниулж байж улс орон хөгжинө гэдэг?

-Соёл, спорт, аялал жуулчлал хамтдаа жинхэнэ эдийн засгийн утгаа олж байсан. 2014 онд ССАЖ-ын сайд байхдаа Дэлхийн хамгийн том аялал жуулчлалын яармаг дээр Монголынхоо аялал жуулчлалыг танилцуулъя, мөнгө гаргая гэж шийдээд, яармагийн гол түнш орноор сонгогдсон. Тодорхой хэмжээний мөнгийг улсын төсвөөс гаргаад хувийн хэвшлээс бас нэлээд их хандив цуглуулаад, Германд дэлхийн хамгийн том аялал жуулчлалын яармагийн үеэр Монгол од болсон л доо. Томоохон аялал жуулчлалын зуучлагч үйлчилгээний компаниуд 2016 оноос зочдоо Монголд явуулна гэж гэрээ хийсэн. ITB 2015-ын анхны гэрээт зочид энэ зун ирж байгаа. Энэ зун ирж байгаа зочдод маш зөв үйлчлэх ёстой. Тэгж чадвал дараа жил ирэх хүмүүс нэмэгдэнэ. Энэ жил Дэлхийн аялал жуучлалын яармагт улсын төсвөөс зарцуулсан таван тэрбум төгрөгийнхөө анхны ургацыг хурааж байгаа юм. Хэдэн төгрөгийн орлого хэдэн компаниар дамжиж орж ирж байгааг аялал жуулчлалын улирлын төгсгөлд хэлэх байх.

-Монгол наадам аялал жуулчлалын гол брэнд гэдэг. Гэтэл наадам бүрээр цэнгэлдэхдээ багтаж яддаг. Гадаадын жуулчдаа ч ад үзэх шахуу юм болж байна. Том цэнгэлдэх байгуулж болдоггүй юм уу?

-Цэнгэлдэх хүрээлэнд их мөнгө орно л доо. Үе үеийн Засгийн газрууд энэ мөнгийг оруулчих юмсан гэж мөрөөддөг. Нэг жилийн улсын төсөвт багтаж орж чадахгүй байсаар дөрвөн жил болсон юм. Хүмүүс “Хөөрхий муу АН чинь маш их юм хийчихсэн юм байна ш дээ” гээд одоо яриад байгаа юм. Бид эдийн засаг доод цэгтээ уначихсан байхад засаг аваад, хямралтай, бага мөнгөтэй үед засагласан гэхэд ямар их зүйл хийсэн юм бэ. Хэзээ ч өмнө нь бид баян байхдаа дөрвөн жилийн дотор 4000 км зам тавьж байгаагүй, дөрвөн жилийн дотор 1600 үйлдвэрийг босгож ирэх зээл гаргаж үзээгүй. Эрчим хүчнийхээ хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлнэ гэдэг бол өмнөх 70 жилийн ажлыг хоёр нугалж хийнэ гэсэн үг. Гэхдээ энэ бүхнийг мөнгө багатай үед хийсэн гэж бодохоор бид маш бүтээлч ажилласан байгаа юм. Энэ бүхнээ сонгуулийн үеэр яриад явахад нүүр бардам байсан.

-Үнэхээр маш их бүтээн байгуулалт хийсэн мөртлөө яагаад хүмүүс үнэлсэнгүй вэ. Ялагдлын дараа юу болоод өнгөрөв гэдэгт ямар ч нам дүгнэлт хийх байх?

-Манай намын удирдлага хариуцлага хүлээнэ л дээ. Яасан бэ гэхээр, нэр дэвшүүлэхээс авахуулаад хүмүүсээ ялах боломжтой тойрогт нь тавьж чадаагүй. Хүн болгон л намайг “Хан-Уулдаа ирэхгүй яасан юм” гэдэг. Огт бэлтгээгүй, огт ажиллаагүй тойрогт очоод 17 хоног л ажиллалаа. Тэгэхэд би найман жил энэ тойрогт ажилласан хүнтэй өрсөлдлөө. Иймэрхүү зүйлүүдийг их хийсэн. Энэ бол манай удирдлагын менежмэнтийн алдаа.

-Сонгуулийн дараа Ц.Оюунгэрэл юу хийж байгаа бол гэж хүмүүс сонирхож байгаа болов уу?

-Номоо бичиж байна. Өдөрт заавал хоёроос гурван цаг номоо бичиж байгаа. “Ногоон нүдэн лам”-ынхаа хоёрдугаар дэвтрийн эхний нооргийг гаргаж, зээ охиноо харж байна. Ийм том даргатай болсон. Найз нөхөдтэйгөө нийлж намынхаа дүрэм, журам дээр ажиллаж байна. Намынхаа дүрэм, журмыг шинэчлэх, дотоод ардчиллыг сайжруулахаар хичээж байна. Ийм гурван зүйлийг хийж байна. Цаашдаа хийхээр бодсон ажил бий.

-Фэйсбүүкээс харж байхад “Ногоон нүдэн лам”-ын хоёрдугаар дэвтрийг бичиж байгаа гэхээр уншигчид баяртай хүлээж авч байна лээ?

-2014 онд залууст лекц уншсан юм. Лав мянгаад залуу тэнд байсан байх шүү. Тухайн үед “Надад сонголт байна. Ирэх сонгуульд өрсөлдөхгүй номоо бичих, номоо бичихгүй байж байгаад өрсөлдөх үү” гэсэн чинь заал дүүрэн залуус “Номоо бич” гэцгээж байсан юм. Тэр залуусын хүсэл биелж байгаа (инээв).

-Францын хэвлэх газар “Ногоон нүдэн лам”-ыг хэвлэхээр болсон гэсэн. Юу болж байгаа вэ?

-Ноднин арван сард тийм гэрээ хийсэн. Тэр гэрээнд зааснаар бол хоёр жилийн дотор хэвлэнэ гэсэн юм. Одоо францчууд хэвлэх бэлтгэл хийж байгаа болов уу гэж бодож байна.

-Хавайн арлын зохиолчдын хуралд оролцох болсон гэсэн. Тэд Монголд зохиолч байдаг юм уу гээд гайхсан гэсэн үү?

-Хавайн арлууд долоон арлаас бүтэж байгаа юм. Тэдгээрийн дөрөв дэх жижиг арал нь Хавай. Энэ арал дээр Хавайн арлуудын зохиолчдыг уулзуулдаг фестиваль болдог юм байна. Тэр хурал нь нэлээд өргөжөөд анх удаа олон улсаас хүмүүс очих болсон. Гадаадаас очиж байгаа эхний төлөөлөгчид Жефф бид хоёр оржээ. Тэгсэн нөгөөдүүл чинь манай арлын зохиолчдын хуралд гадаадаас хүн ирэх нь гэж баярлаад бидний тухай сурвалжлага хийсэн юм байна л даа. Нөгөөдүүл чинь Монгол гэнгүүт баахан гүүглдэж хайжээ. Олсон мэдээллээрээ нийтлэл бичсэн байна лээ. “Манайд Монголоос хүн ирэх нь” гэсэн гарчигтай мэдээ байгаа юм. Америкийн жирийн иргэн болохоор газарзүйн талаар ойлголт муу. Тэр хүн Монгол гэхээр морь унасан хөдөөний хүн гэж төсөөлдөг байж л дээ. “Монголын тухай миний төсөөлөл хуучирчээ, та минь ээ. Монголд чинь бас зохиолчид байдаг юм байна. Идэвхтэй сэхээтнүүд байдаг юм байна” гэх мэтээр бичсэн байна лээ. Бас Америкаас үлэг гүрвэлээ буцааж авч шуугиан тарьж байсан гэж дурдсан байсан(инээв). Түүнийг нь уншиж, инээд хүрээд “Манай Монголыг зохиолчтой гэдгийг анх удаа мэдсэн хүмүүс байна” гэж жиргэсэн юм л даа.

-Францын сэтгүүлчид танаас үлэг гүрвэлийн асуудлаар ярилцлага авсан гэсэн. Тэдэнд юу сонин байсан бол?

-Тэдний хувьд Лениний музейг Үлэг гүрвэлийн музей болгосон, үлэг гүрвэлийг буцааж авчирсан талаар их сонирхож байна лээ. Үлэг гүрвэлийн музей болж өөрчлөгдсөн нь гоё санагдаж л дээ. Яг энэ суурин дээр урьд нь Ленин байсан. Одоо энд үлэг гүрвэл байна. Ардчилсан Монгол Улсад гэж бичсэн байна лээ. Цаг үе өөрчлөгддөг, соёл хэвээрээ үлддэг гэдэг санааг илэрхийлсэн сурвалжлага хийсэн юм.

-Монголоос хамгийн их үлэг гүрвэлийн яс, дурсгал олддог болохоор Үлэг гүрвэлийн музей байгуулчихвал жуулчид их ирнэ дээ гэж боддог?

-Тэрийг Б.Наранхүү гишүүн л хийж байгаа даа. Намайг үлэг гүрвэлийн тухай ярьж байхад хамгийн их сонирхсон аймгууд бол Өмнөговь, Дундговь. Тэд Үлэг гүрвэлийн музей байгуулна гэсэн маш их итгэл үнэмшилтэй байгаа. Музей байгуулахад удаан хугацааны бэлтгэл шаарддаг. Концепци, зураг төслийг нь гаргаад, төсвөө бэлтгээд мөнгө шийдүүлэх ажилдаа орно. Концепци судлах ажил дээр энэ хоёр аймгийнхан маш идэвхтэй байсан. Ойрын хэдэн жилд дэлхийг алмайруулсан музей гарч ирнэ гэж найдаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *