Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржтой ярилцлаа.
-Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг АТГбаривчилсан гэдэг мэдээлэл цацагдсан. Үнэн үү. Ямар шалтгаанаар түүнийг саатуулсан юм бол?
-Баривчилсан нь үнэн. АТГ-аас хийж байгаа ажил. Өчигдөр (уржигдар) орой тийм ажиллагаа хийсэн гэж надад хэлсэн шүү. Албан ёсоор надад ямар нэгэн мэдээлэл ирээгүй байна.
-Чуулганы хуралдаанаар давхар иргэншлийн асуудал хөндөгдсөн. Энэ тухай байр сууриа илэрхийлээч?
-Хэний тухай яриа байгаа нь мэдэгдэхгүй байна. Юу бодож байгааг нь тархин дотор нь оролтой биш яаж мэддэг юм. Ийм ийм хүмүүсийн тухайд давхар иргэншил байгаа учраас үүнийг шалгаж өгнө үү гээд нэрийг нь өгчихвөл гадаад улсад байгаа Элчин сайдын яамдаар дамжуулан ажиллагаа хийх боломжтой. Дээр бид учир нь олдохгүй болохоор алган дээр шүлсээ дусааж байгаад гараараа цохиход шүлс хаашаа үсэрсэн тийшээ явдаг байсан. Тэгж таалтай нь биш яаж мэдэх юм.
Давхар иргэншилтэй холбоотой асуудал үүсдэг газар нь Казахстан. Манай иргэд тийшээ гараад явчихдаг. Очингуут нь өөрийнхөө харьяат болгочихдог. Казахстаны иргэн болсон бол тэндээс өөрийн харьяат болгосон шийдвэрийг нь аваад Монголын харьяатаас гаргах замаар шийдэж ирсэн. Давхар иргэншлийн асуудал казах дээр л гараад байдаг юм. Хуучин Засгийн газар, хуучин Их хурлын гишүүд гэхээр 80 гаруй хүн бий. Шинэ Засгийн газар, Их хурлын гишүүд гэхээр дахиад 80 гаруй хүн байгаа. Энэ хүмүүсээс О.Баасанхүү хэнийг нь яриад байгаа юм. Бүү мэд. Шүлс дусаалтай нь биш яах юм. Нямдорж Авсрийн иргэн болсон бол тэнд байгаа Элчин сайдын яамаараа дамжуулан давхар иргэншилтэй болсон уу, үгүй юу судлаад өг гэхэд Элчин сайдын яам ажиллана. Нэр ус байхгүй тохиолдолд болохгүй байгаа юм.
-Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг өөр улсын иргэн болсон гэх мэдээлэл гараад байна. Танд мэдээлэл байна уу?
-Албан ёсоор яригдсан юм байхгүй. Банк, Эрдэнэтийн 49 хувийг тойрсон ил далд тэмцэл бүтэн жил явж байна. Хүн ядарвал ядармаар түвшинд хүрсэн. Шалгах зүйл их байгаа ч хуулийн байгууллага нь хөдөлдөггүй.
-Тэгэхээр Банкны тухай хуулийг хаалттай хэлэлцэх шаардлага байна гэсэн үг үү?
-Байна аа. Яагаад гэхээр үүнийг тойрсон ярианууд их гарч эдийн засагт чичиргээ үүсгэх аюул байгаа учраас би тийм санал гаргаад байгаа юм.
-С.Зоригийн хэргийг нууцаас гаргах асуудал яг юу болсон юм бол. Уг нь Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн шүү дээ?
-Төрийн болон албаны нууцын тухай хууль саяхан батлагдаж, есдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн. Хуучин хоёр хууль байсан юм. 1996 онд батлагдсан Р.Гончигдоржийн гарын үсэгтэй Төрийн нууцын тухай хууль, 2004 оны Д.Бямбадоржийн гарын үсэгтэй Төрийн нууцын жагсаалт батлах тухай гээд бие даасан хууль байсныг нэгтгээд Төрийн болон албаны нууцын тухай хууль болгон батлагдсан. Хуучин хуулиар төрийн нууцаас гаргах саналыг Засгийн газар оруулж ирэн Их хурлаар хэлэлцдэг дэгтэй байсан юм. Шинэ хуулиар Засгийн газар нууцаас гаргадаг хууль эрх зүйн шинэ орчин бүрдсэн. Засгийн газар дээр хэлэлцэж байгаад зарим зүйлийг тодруулах шаардлага гарсан тул дахин хэлэлцэж байж шийдэхээр тогтсон. Санаа зовох юм байхгүй. Лхагва гаригт хуралдсан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд шийдвэр гараагүй болохоор шийдвэр гарахгүй юм байна гэж ойлгосон байж магадгүй. Ойрын үед шийдвэр гарнаа.
Үүн дотор хоёр хэсэг асуудал байгаа юм. Шүүхээр шийдвэрлэгдсэн 15 мянга орчим хуудастай гурван хүн шийтгүүлсэн хэрэг байна. Нөгөөх нь захиалагчийг хайж байна гээд салгачихсан хоёр тусдаа асуудал байгаа юм. Одоо гурван хүний шийтгүүлсэн хавтаст хэргийг нууцаас гаргая гэж байгаа.
-С.Зоригийн хэргийг ил болгоход ТЕГ-ын дарга Д.Гэрэл Засгийн газрын хуралдаанд танилцуулах ёстой юу. Дэд дарга нь орж байсан?
-Нэг л зүйл хэлье. Энэ хэргийг ил болгоход асар их саад учирч байна. Тун түвэгтэй байгаа. ТЕГын газрын саналыг аваад би санал оруулсан. Дахиж ярихаар тогтсон. Үүнийг ил болгочих юм бол алдаа завхрал ил гарчих вий, өмгөөлөгч юм яриад эхэлчих вий гэдгээс үхтлээ айж, амь тавин элдэв арга саам хэрэглэж байна шүү дээ. Монголчууд “Алах малын үсийг ав, алах хүний үгийг сонс” гэдэг. Ядаж өмгөөлөгчийн үгийг сонсох хэрэгтэй. Энэ хэргийг ил болгочихоод “Хэргийг бид ингэж илрүүлсэн юм. Ийм баримтаар нотлогдож байгаа” гээд үнэнээ хэлчихвэл ард түмэн бухимдаад, би ч бухимдаад байх шаардлагагүй. Юунаас нь айгаад байгаа юм бэ. Нэгэнт тэр хүмүүс тус бүртээ 20 гаруй жилийн ял авчихлаа. Ард түмэн үнэнийг нь мэдэж байх хэрэгтэй. Ердөө хүн амины хэргээр шийтгүүлсэн шүү дээ. Хуулийнхан өөрсдөө санаачилга гаргаад ард түмний хардлага сэрдлэгийг тайлах ёстой.
Одоо болохоор хэргийг ил болгохгүй талаар хууль ёсны болон хууль бус бүх аргыг хэрэглэж байна. Бүх сүлжээг ашиглаж байна. Энэ тал дээр миний байр суурь өөрчлөгдөхгүй.
ТЕГын дэд дарга нь зарим зүйл дээр улаан цайм өөдөөс харчихаад худлаа хэлж байна лээ. Ингэж л явж байгаа. Гэхдээ болох байлгүй дээ. Юм алхам алхамаар урагшилж байна. “Санаж явбал бүтнэ. Сажилж явбал хүрнэ” гэдэг байх аа. Үнэнийг хэлэхэд одоохондоо сажилж байна.
-С.Зоригийн хэргийн захиалагчийг 14 хоногийн дотор зарлана гэж зарим гишүүд хэлж байсан. Энэ юу болов?
-14 хоногийн дотор хэргийн захиалагчийг зарлана гэж хэлээгүй. Захиалагч гэж байдаг юм бол ил гарга. Тогтоочихсон юм бол битгий нуу. Хамгийн ноцтой нь “захиалгаар хүн алсан” гээд тэр гурван хүнийг шийтгэчихсэн байхгүй юу. Гэтэл захиалагчийг нуугаад байнаа даа. Тагнуулынхан эсвэл шийтгүүлсэн гурван хүн нууж байгаа. Энэ асуудлаар би хуулийнхантай ил далд нэлээд удаан ярьсан. 2016 оны Их хурлын сонгууль явагдаж байхад “Үнэхээр захиалгаар хүн алсан юм бол захиалагчийг нь хамтад нь явуул. Юуг нь нуугаад байгаа юм” гэхэд “Сонгуульд нөлөөлчих гээд байна” гээд худлаа хэлсэн. Сонгууль дууссаны дараа “Наадахаа одоо хамтад нь явуулаач” гэхэд “Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлчих гээд гэсэн. Ерөнхийлөгчийн сонгууль болоод дууслаа. Одоо зарлах болов уу гэтэл байдаггүй дээ. Гэтэл “Одоо захиалагчийг зарлах юм бол хүмүүс хэлмэгдэнэ” гэж нэг хүн үг хэлэв ээ. Энэ юу болж байгаа юм. Ийм учир битүүлэг зүйлс их байгаа тул шийтгүүлсэн хүмүүсийн асуудал ил болох ёстой.
-Гэхдээ Засгийн газрын хуралдаанаар захиалагчтай холбоотой 74 хуудас материалыг нууцаас гаргахгүй гээд ярьсан юм биш үү?
-Хэн ингэж яриад байгаа юм. Захиалагчийг хайх ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийн хүрээнд нууцлах зүйл байж магадгүй. Тэр нарийн зүйлсийг мэдэхгүй. Миний ярьж байгаа зүйл гэхээр хүнд ял өгсөн зүйлээ ил болго гэж байгаа.
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс өнгөрөгч долоо хоногт цаазын ялыг сэргээх тухай албан бичгийг танд илгээсэн гэсэн. Таны байр суурь ямар байгаа бол?
-Надад албан бичиг ирсэн. Нэгдүгээрт, Ерөнхийлөгчид ийм байр суурь байгаа бол өөрөө хуулиа санаачлах ёстой. Хоёрдугаарт, надад албан бичиг л ирсэн. Албан бичгийнх нь дагуу ажлын хэсэг байгуулаад оролдоод үздэг юм бил үү гэж бодож байна. Хэрэв Засгийн газартай албан ёстой харилцах гэж байгаа бол Засгийн газарт чиглэл өгөх тухай Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын гарын үсэгтэй шийдвэр гарах ёстой. Тэр нь надад ирээгүй. Тиймээс жаахан эргэлзээнд орчихоод байж байна л даа.
Ер нь цаазын ялыг халах нь цагаа олоогүй гэдэг Ерөнхийлөгчийн хэлсэн үгтэй санал нэг байдаг. Ноднин Эрүүгийн хуулийг батлах гэж байхад хуульч гишүүдтэй хамт бараг хуульчдын бослого гаргаж байсан. Уур нь хүрэхээр хүмүүсийг гэртээ унтаж байхад нь дөрөв таваар нь шатаагаад алчихдаг. Наана чинь зөвхөн хүн амины хэргийн асуудал ч байгаа юм биш. Супер цөмийн зэвсэгтэй хоёр их гүрний дунд байгаа цөөн амтай улсын хувьд тусгаар тогтнолын асуудал Эрүүгийн хуулинд байдаг байхгүй юу. Эрүүгийн хуулийн хил хязгаар гэж байдаг. Энэ Эрүүгийн хууль Монголын нутаг дээр үйлчилдэг. Монголын нутгаас гараад бид байцаан шийтгэх ажиллагаа явуулах эрх байхгүй. Төрийн тусгаар тогтнол гэдэг чинь ийм жижиг зүйлээс эхэлдэг. Энэ жижиг хэрнээ маш том зүйлийг зохицуулдаг цорын ганц хууль нь Эрүүгийн хууль түүнийг дагаж гарсан байцаан шийтгэх хууль байдаг.
Би ажил аваад нэг сар болж байна л даа. Өдөр бүр батлагдсан хуулиуд чинь болохгүй байна гэдэг түмэн гомдол тал талаас ирж байна. Ерөнхийлөгчийн надад ирүүлсэн санал бол болохгүй байгаа түмэн асуудлын ердөө ганц нь.
-Тодорхой хэргүүд дээр цаазын ялыг сэргээх санал танд байгаа юу?
-Хүн амины хэрэг гэсэн байр суурь байдаг. Хүн амины хэргээс гадна төрийн зүтгэлтний амь насанд халдаж Монголын тусгаар байдалд халдсан бол гэдгээр 2002 оны хууль хязгаарлагдсан.
-БНСУ-д суух Элчин сайдад нэр өргөн баригдаад буй Б.Хурцыг Нийтийн сонсголд оруулах асуудал юу болсон бэ?
-Ажлын хэсэгт орсон Б.Энх-Амгалан, Н.Номтойбаяр, Ж.Батзандан нар гадаад явсан гэнэ. Тэд ирэх долоо хоногт ирээд ярих байлгүй дээ.
-УИХ-ын Дэгийн тухай хуулиараа Нийтийн сонсголыг хууль бус гээд байгаа. УИХ-аас Элчин сайдыг томилдоггүй Ерөнхийлөгч нэр томилдог гээд байна л даа…
-Элчин сайдыг томилох санал хураалт явагддаг байх аа. Олонхийн саналаар томилдог байх аа. Олонхийн санал авч чадахгүй бол өөр хүний нэр оруулж ирэх хуультай байх аа. Тиймээс дахиад булзааруулж байгаа юм. Өөр юу ч биш.
-Эрдэнэтийн асуудлаар ажлын хэсэг байгуулагдсан. Засгийн газарт саналаа өгөх процесс хэрхэн явагдах бол?
-Сангийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Ажлын хэсэг нь хуралдаад саналаа оруулах байх. Шийдвэрийн төсөл боловсруулах төгсгөлийн шат руугаа орж байгаа. Маш түвэгтэй нөхцөлд ажиллаж байна шүү дээ. Би томилогдохдоо “Асар их дайралт ирнэ. Гүтгэлэг их дагна. Би дуртай биш байна. Улсын эрх ашгийг бодож энэ саналыг хүлээж авсан” гэж хэлсэн дээ. Үхэл сэхлийн төлөөх чимээгүй дайн явагдаж байна. Цусгүй дайн гэж ярьдаг биз.
Э.ЭНХБОЛД