“Киви” хамтлагийн дуучин Ц.Намуун анхны бие даасан цомог болох “One moment” цомгоо “Чингис” зочид буудалд болсон хэвлэлийн хурлын үеэр танилцууллаа. Энд “Киви” хамтлагийн продюссер Б.Ангирмаа, Ц.Намууны өвөө УГЗ Д.Ухнаа гуай мөн цомгийг бүтээсэн “Осеан Грей” продакшны залуус хүрэлцэн ирсэн байлаа. Цомгийн дууны үгийг “Осеан Грей”-гийн санал болгосон “Опозит” хамтлагийн Г.Энэрэл бичжээ. Таван дууны үг бичихийн тулд тэрбээр 20 шахам дууны үг зохиож, Б.Ангирмаагийн шүүлтүүрээр орсон байна. Гэхдээ л Б.Ангирмаа дууны үгэнд сэтгэл хангалуун үлджээ. “Осеан Грей”-гийн залуус тэс өөр мэдрэмжтэй гэх зарим дууны үгийг онцолсон. “Ирээдүй рүү” гэх дуунд хайр сэтгэлийг өөр өнцгөөс мэдэрч, “Сэтгэлээ сейфлэж орхиё” гэх мэт өвөрмөц үг, утга санаа орсон хэмээсэн. Юутай ч цомгийнхоо нэрээр сонгож авсан “Ганц хором” дуу нь “Ганцхан хором ч чамгүйгээр тэсэхгүй нь, бүх л амьдрал ганц хором шиг” гэсэн дахилттай юм билээ. Цомгийн нээлтэд зориулсан мини тоглолтыг “Чингис” зочид буудалд хийнэ гэж продюссер нь мэдэгдлээ. УГЗ Д.Ухнаа гуай “27 жилийн өмнө Москвагаас эмээ нь ийм жаахан юм авчирч байсан” хэмээн гараараа халуун савны дайтай дүрслэн үзүүлж, зээ охиноо өхөөрдлөө. “Би Монголын бүх урлагийн салбарт оролцож, хашгирч гуугалдаг ч эдний ажилд хошуу дүрж байгаагүй. Охин таван настайдаа миний зохион байгуулсан “Бяцхан эстрадын дуучин” уралдаанд морины тухай дуугаар оролцож байлаа. Би урлагт 50 жил болоход нэг цомог, ном байхгүй. Охин маань CD гаргачихаар боллоо” хэмээн өвөө нь хуучилсан юм. Хэвлэлийн хурлын дараа Ц.Намуунтай хэдхэн хором хөөрөлдлөө.
-Анхны бие даасан цомгоо хүлээж авахад ямар мэдрэмж төрсөн бэ?
-“Киви” хамтлаг өмнө нь долоон CD гаргасан байна лээ. Сүүлийн 11 жил тэр болгонд догдолсон. Гэхдээ ганцаараа хийсэн цомгийг хүлээж авахад өөр мэдрэмж төрдөг юм байна. CD-гээ авчихаад эхний өдөр нь сонсоогүй. Хоёр дахь өдөр нь гаргаж ирээд машиндаа сонсоод явсан. Тэгсэн чинь сэтгэл хөдлөөд огшдог юм билээ. Маш гоё санагдаж байсан. Нулимс гарах ч шиг өөрийгөө харах ч шиг сэтгэгдэл төрдөг юм билээ.
-Төгөлдөр хуурчийн хувьд цомогтой болгох нь эмээгийн тань хүсэл гэж Б.Ангирмаа түрүүн хэлэх шиг болсон?
-Ер нь би таван настайгаасаа урлагийн хүн болсон. Төгөлдөр хуурч хүний гол зорилго, мөрөөдөл тоглолт хийх байдаг. Эмээ маань миний тоглолтыг үзэхийг маш их хүсдэг. Төгөлдөр хуураараа олон улсын хүүхдийн тэмцээн наадамд орж, хоёрдугаар байраас авахуулаад Гран при аваад, Монгол Улсын 2001 оны шилдэг хүүхэд болж тодорхой хэмжээгээр эмээ, өвөөгөө баярлуулсан. Тоглолт хийвэл бүр их баярлах байх гэж боддог. Хэзээ нэгэн цагт тоглолт хийнэ.
-Өөрийн чинь мэргэжлийг сонгох гэж гэр бүлийн хэлэлцүүлэг өрнөсөн гэсэн. Багадаа тийм хүн болох юмсан гэсэн мөрөөдөл байсан уу?
-Би багадаа дөрвөн мэргэжилтэй болно гэж ярьдаг байсан. Дуучин хөгжимчин, бүжигчин, загвар өмсөгч. Эргээд харахад мэргэжлийн төгөлдөр хуурч болчихсон. Арван нэгэн жил дуулж, бүжиглэчихсэн. Бас “Монгол модель”-ийн модель. Таван настай хүүхдийн яриа бүгд биелэгдсэн байдаг. Хүсч санаж бодож явбал мөрөөдөл биелдэг гэдгийг мэдэрсэн. Урлагийн хүн болох тухайд өвөө маань урлагийн хүн болохоор намайг олж харсан шиг байгаа юм. Өвөө маань ээж, эгч хоёрыг төгөлдөр хуурч болгох гээд чадаагүй юм билээ. Намайг төрөхөд л гэрт нэг төгөлдөр хуур байсан. Түүнийхээ ид шидийг надаар гаргуулсан юм, ер нь бол. Энэ мэргэжлээрээ бахархдаг. Сонгодог урлаг гэдэг хүн болгоны чаддаг юм биш. Сонгодог урлаг хүнийг хүмүүжүүлж, зөв хүн болгодог гэж боддог.
-Дөрвөн чиглэлээр нэг эмэгтэй ажиллахад хэцүү л дээ. Ихэнх цагаа юунд зарцуулдаг вэ?
-Оюутан байхад хамтлагт дуулна гэдэг хэцүү байлаа. Хичээлээ хийнэ, төгөлдөр хуураа давтана. Шалгалтаа өгнө. Дээрээс нь Киви “Хот лайн”,” Араас чинь тэврэлгүй явууллаа” гээд ид хитүүдээр бөмбөгдөж байсан. Хослуулахад хэцүү. Гэхдээ би өөдрөг үзэлтэн, шантардаггүй, бүгдийг зохицуулаад явдаг л даа.
-Киви хамтлагийн дуунуудаас болоод Намуунааг халуухан бүсгүй гэж хүмүүс төсөөлдөг. Гэхдээ хувь хүнийхээ хувьд ямар эмэгтэй бол?
-Би халуухан гэлтэй нь биш. (инээв) Ямар ч байсан бидний бүрдүүлдэг имиж бол эмэгтэй хүний гоо сайхныг харуулахыг хичээдэг.
-Шинэ цомогтоо Намуунаа өөрийнхөөрөө байж чадсан уу?
-Намуунаа гэж хэн бэ гэдэг дүр төрхийг шинэ цомогтоо харуулсан. Зохихгүй стилийг өөртөө наагаагүй. Яг өөрийнхөөрөө байсан. Хүмүүст өөрийгөө танилцуулж уран бүтээлээ хүргэх маягаар цомгоо цөөхөн хувь хэвлэсэн. Дизайны хувьд ч цүнхэндээ авч явахад амархан шийдэлтэй. Таван дуутай цомхон CD учраас.
-Намуунаагийн хувийн амьдралд ямар нэг өөрчлөлт гарсан уу. Гэр бүлийн амьдрал зохиох нь уу. Ээж болох нь уу гэж фэнүүд чинь сонирхох байх?
-Ука маань ээж болчихлоо. Ука маань надаас эгч шүү дээ. Одоо л амьдрал зохиож байна. Тэгэхээр надад хугацаа байна гэсэн үг.
-Кивигийн бусад гишүүд шинэ цомог гаргахад чинь хэр эрч хүч хайрласан бэ?
-Ука маань цомог гаргасан туршлагатай учраас маш сайн ойлгож байгаа. CD-ныхээ бүх нүүр будалтыг өөрөө хийсэн. Манай хоёр сонсоогүй байж байгаад одоо л сонсч байгаа. Тэр хоёрт маань таалагдсан. Найзууд маань ч “Чи ийм хоолойтой байсан юм уу” гэсэн. Гурвуулаа хоршиж дуулахаар анзаарагдахгүй. Арван жилийн хугацаанд дуулалт сайжирсан.
-Дуучин Намуунаа кинонд тоглосон байна лээ. Гол дүрд тоглох хүсэл бий юу?
-Тэгсэн ш дээ. Хүрлээ ахын кинон дээр хоёрхон хэсэгт гарсан. Кинонд тоглоно гэдэг хэцүү юм билээ. Гол дүрийн санал ирвэл бодож үзнэ. Зохиолоосоо шалтгаална. Үнэхээр авьяас байдаг бол яагаад болохгүй гэж.
-Таны удам сударт нэртэй төртэй Монголын түүхэнд үлдсэн хүмүүс бий. Удам судрынхаа үүх түүхийг сонирхож судалж байв уу?
-Манай өвөөгийн аав Монгол Улсын баатар Данзанваанчиг гэж хүн байсан. Би өвөөгийнхөө ааваар маш их бахархдаг. Бас ийм гэр бүлд төрсөндөө баяртай байдаг. Сайншанд руу очоод ирэх замд өвөөгийн маш том хөшөө байдаг. Тэнд очиж өвөөгийнхөө хөшөөнд мөргөчихөөд ирсэн. Монгол Улсынхаа төлөө тулалдаж, тав шархадсан баатар мундаг хүн байж. Өвөөгөөрөө би бахархдаг. Өвөөгийн амин охин. Эмээ маань эдийн засагч хүн. Тэтгэвэртээ гарсан ч Монголын ахмадын холбоонд үргэлжлүүлж ажиллаад хэзээ ч зүгээр суудаггүй хүн. Би өвөө эмээ дээрээ хүмүүжсэндээ баяртай байдаг. Гол нөлөө үзүүлсэн хүн эмээ маань. Бас их дуу цөөтэй, мэдлэгтэй, даруухан, урлагт их хайртай хүн. Сонгодог хөгжим байнга сонсдог. Дуурийн театрын алтан медальтай үзэгч хүртэл болж байсан. Ээж маань хэлний хүн байдаг. Москвад дунд сургууль, их сургууль магистраа төгсөөд, Парисийн Сорбоны их сургууль төгссөн боловсролтой эмэгтэй.
-Таныг маш их авьяастай гялалзсан эмэгтэй болоход мэдээж эцэг эхийн нөлөө бий. Аавынхаа тухай яриач?
-Аавтайгаа холбоотой байдаг. Манай аав Кабо Верде улсын парламентад ажилладаг. Өндөр боловсролтой, олон хэлтэй хүн байдаг. Маш их бахархдаг. Миний бүх CD, DVD байдаг. Манай аав бүгдийг цуглуулсан байдаг гэв. “Киви” хамтлагийн продюсер Б.Ангирмаа “Үнэхээр чанартай сайн цомог болсон. Дууны үг надад их таалагдсан. Ганцаараа дуулж байгаа болохоор хоолойн цар хүрээ их өөрчлөгдсөн. Дуугаралтын хувьд онцгой содон. Наяад он үнэртээд байх шиг орчин цаг ч ханхлах шиг. Таван дуугаа клипжүүлэх бодолтой байна. “Арвайн үндэс” биднийг дэмжиж ажилладаг. Цомогтоо зориулж мини тоглолт хийнэ. Удахгүй Ука минь ирнэ” хэмээн ярилаа. Цомоггүй үлдсэн “Киви”-гийн ганц гишүүн Аги харин бие даасан цомог гаргах бодолгүй яваа гэнэ. “Чиний цомог хэзээ гарах юм бэ гэсэн чинь манай Агий “Багш аа би цомог хийхгүй” гэж хэлсэн, амар хүн шүү гэж Б.Ангирмаа инээж байлаа.
Б.ЯНЖМАА
Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН