Categories
мэдээ улс-төр

Ц.Гарамжав: Барилга засварлахаар төсөвлөсөн 25 тэрбумыг нийгмийн даатгалын төсөвт оруулж болохгүй юм уу

Ц.Гарамжав зурган илэрцүүдУИХ-ын чуулганаар найман төрлийн татварыг нэмэх асуудлыг хэлэлцэж байна. Энэ талаар гишүүд санал, шүүмжлэлээ хэлэх үед УИХ-ын гишүүн М.Билэгт “Манай МАН-ын мөрийн хөтөлбөр ард түмэнд маш их таалагдаж, бид сонгуульд ялалт байгуулсан. Гэтэл өнөөдөр Засгийн газрын зарим нэг шийдвэр амлалтаа зөрчиж байна. Бид нэг ч татвар нэмэхгүй гэж амласан. Гэтэл 2.5 сая төгрөгөөс дээш орлоготой иргэд, 100 ам.метрээс дээш талбайтай орон сууцанд амьдарч байгаа иргэдээс татвар авах тухай ярьж байна. Үүнийхээ оронд төсвийн хуулийг зөрчсөн, замбараагүй алдагдалд оруулсан тухайн үед эрх барьж байсан албан тушаалтнуудаас нэхэж, хариуцлага тооцооч ээ” гэлээ.

Энэ асуултад Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Манай намын мөрийн хөтөлбөрт тусгагдсан байгаа. Эдийн засгийг сэргээнэ гэж. Ингэхийн тулд хоёр арга зам байгаа. Нэг нь татварын орлогыг нэмэгдүүлэх. Биднийг мөрийн хөтөлбөр боловсруулж байсан цаг үеийн мэдээллээс өнөөдөр Сангийн яамнаас авсан эдийн засгийн бодит мэдээлэл тэс өөр байна. Тиймээс ард түмэн ойлгох байх гэж бодож байна” гэх хариултыг өглөө.

Ц.Гарамжав “Нийгмийн даатгалын төсвөөс яагаад танаагүй юм бэ. 25 тэрбум төгрөгөөс танаж болохоор байна. Тухайлбал, 19 тэрбум төгрөгөөр цахим карт хэвлэх болон барилга байгууламжийг засварлах зэргээр 25 тэрбум төгрөгөө төсөвлөсөн байх юм. Үүнийгээ түр хойш тавиад нийгмийн даатгалдаа зарцуулж болдоггүй юм уу” гэх санал хэллээ.

Мөн тэрээр “Алтны рояалти өссөнөөс хойш алт тушаалт 2.5 тонноос 10 тонн болтлоо өссөн бөгөөд алт тушаалтын 60 хувь нь хувь иргэд байгаа. Өөрөөр хэлбэл, 40 хүрэхгүй хувь нь томоохон компаниуд байна. Энэ компаниуд чинь сүйрлээ шүү дээ. Ихэнх нь хувь нэрээр алтаа тушааж байна. Энэ жил Монголбанканд хэнчээн тонн алт тушаасан бэ” гэх асуултыг Сангийн сайдад тавилаа.

Эл асуултад Б.Чойжилсүрэн сайд “Энэ жил 6.8-7 тонн гаруй алт тушаагдсан байна. Харин хүлээгдэж байгаа гүйцэтгэлд 14 тонныг авахаар төлөвлөөд байгаа. Мөн нийгмийн даатгалын 25 тэрбумыг танах асуудлыг судална” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *