Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН
Сонгодог урлагийн нэрт зүтгэлтэн, дуурийн дуучин, гавьяат багш Ц.Ерөөтэй ярилцлаа.
-Хулст нуурын цэнгэг усанд
Хунгийн сүрэг сэлэнхэн байна
Хүслийн далай тансаг хөдөөд
Хөгжил баяр хослонхон байна… “Баянбулагийнхан” ран сайхны киноны дуу ингэж эхэлдэг. Энэ сайхан дууг хэдэн настайдаа дуулж байсан юм бэ?
-Энэ дуу их санаандгүй төрж гарсан дуу. Энэ дууны тухай ярихаар Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн соёрхолт Г.Бирваа гуайг ярих шаардлагатай болно. Г.Бирваа гуай чинь цэргийн хөгжимд миний аавтай анд найз байсан. Манай аав “Монгол маршийн хаан” Навааны Цэрэнпил гэж хүн байсан. 100 гаруй марш, үлээвэр хөгжимд зөндөө их зохиол бичиж үлдээсэн хүн болохоор аавыгаа магталгүй яахав. Одоо хэр нь би ааваараа бахархдаг. Яагаад вэ гэхээр, одоо цэргийн анги болгоны үлээвэр хөгжмийнхөн миний аавын маршаар л амьдралаа залгуулж, цалингаа авч байгаа шүү дээ. Тэрэнд нь би бахархаж явдаг юм. Хүний хийсэн юм ингээд мөнхөрнө гэдэг сайхан. Зарим юм мартагддаг. Гэтэл аавын минь хэд хэдэн марш одоо ч эгшиглэсээр байна. Аав минь бурхан болоод 40 жил болчихлоо. Аав, Г.Бирваа ах хоёр үй зайгүй найзууд, цэргийн хөгжмийн дарга нар, дотны андууд байсан. Г.Бирваа ах маань хэсэгхэн хугацаанд манайд байхдаа намайг Хүүхэлдэйн театр руу дагуулж явдаг байлаа. Тэнд хөгжмийн багш хийж байсан юм. “Бөмбөөлэй” хүүхэлдэйн жүжгээ бичихэд нь түүнийг дагаад л хагас, бүтэн сайн өдөр Хүүхэлдэйн чаатар (театр) дотор л явж байдаг байлаа. Би чинь үлээвэр хөгжим дотор л өссөн болохоор урлагийн хүн болох зам маань нээгдсэн болов уу гэж боддог. Тэр утгаараа ч байсан юм уу Г.Бирваа ахын нэлээд олон, ихэнх дууг нь би дуулсан байдаг юм. Хар багаас минь намайг мэддэг байсан болоод ч тэгдэг байсан юм уу, эсвэл дуу бичихээрээ л “Энэ дуу Ерөөд таарна” гэж боддог ч байсан юм уу. Г.Бирваа ах маань сүүлд нь филармонид удирдаач байлаа. Хөгжмийн зохиолчдын холбооны дарга гээд л олон ажил хийж байсан шүү дээ. Үлээвэр хөгжмөөсөө гадна их олон киноны хөгжмийг бичсэн. Дөчөөс хойших насандаа Г.Бирваа ах маань голдуу киноны хөгжим, симфони найрал хөгжим, нийтийн дуу, бас дуурь бичсэн.
-“Дантэй” билүү?
-Тийм. “Дантэй”-г Баянхонгорт тоглосон. “Дантэй”-гийн ариг бид нар оюутнуудаараа дуулуулж сургалтдаа оруулсан. Манай Г.Бирваа ах авьяастай хүн байсан. Би Болгарт мэргэжил дээшлүүлээд 1981 онд ирчихсэн байсан юм. Тэгсэн чинь “Баянбулагийнхан” киноны саальчин Оюуны дүрд гавьяат жүжигчин Д.Хоролсүрэн маань тоглосон байсан. Тэр үед Д.Хоролсүрэн хөдөө гадаа бригадаар л явчихсан, эзгүй байсан байх даа. Б.Чимиддорж гэж сүүлд найруулагч болсон хүн байсан даа. Тэр хүн дөнгөж цэргээс халагдаад ирчихсэн, бакалынхаа түрүүг эргүүлээд өмсчихсөн нэг тийм залуу байлаа. Киноны туслах найруулагч ч юм уу нэг тийм ажилтай хүн байсан юм. Б.Чимиддорж хожим нь нэвтрүүлэгт орохдоо миний тухай их инээдэмтэй юм ярьсан байдаг юм.
-Ямар?
-“Оо, цагаан ороолт намируулчихсан, үнэртэй ус сэнгэнүүлсэн жигтэйхэн гоё хүүхэн ирсэн. Кино үйлдвэр дээр түүнийг ирсэн чинь хүмүүс мэндлээд гарыг нь үнсээд л байсан” гэж. Би чинь Болгараас дөнгөж ирчихсэн, амьхандаа бас гоёчихсон л явсан байх даа (инээв). “Баянбулагийнхан” киноны Оюуны дуулж байгаа дээр нь дуу бичье гэж кино дууссан хойно нь шийдэцгээсэн гэсэн. Тэгээд дуу бичье гэсэн чинь “Чи үгийг нь бич” гэснээр Б.Чимиддорж энэ “Баянбулагийнхан” киноны дууны шүлгийг бичсэн юм билээ. Шүлэгт нь Г.Бирваа ах ая хийсэн. Манай Г.Бирваа ах вальс их бичдэг хүн байсан шүү дээ. Нэлээд олон вальсыг нь дуулж байлаа. Д.Хоролсүрэн эзгүй байсан болохоор “Ерөөсөө Ерөөг дуудъя” гэсэн байгаа юм. Г.Бирваа ах энэ дуугаа өгөхөд нь би юуны ч учиртай дуу юм гэдгийг нь мэдээгүй. Дууг нь сурчихаад Кино үйлдвэрт бичлэгт орох гэтэл их олон хүн цуглачихсан байна. Үнэхээр ч хүн болгон мэндлээд л сайхан угтаж авлаа. Ц.Намсрайжав гуай Улсын филармонитойгоо оччихсон. Ц.Намсрайжав гуай манай аавын найз. Ер нь бүгд л таньдаг болохоор “Сайн байна уу, сайн явж ирсэн үү. Их юм сурав уу” гээд халуунаар угтсан. Ингээд л энэ дууг дуулсан. Дуулахдаа киног нь дэлгэцэн дээр гаргаж байгаад амыг нь тааруулах гээд их үзлээ. Ц.Намсрайжав гуай миний дуулж байгааг саальчин Оюуны амны хөдөлгөөнтэй тааруулах гэж янз янзаар үзлээ дээ. Өөр үгтэй, өөр дуу дуулчихсан болохоор хэдийгээр вальс ч гэсэн болдоггүй юм байна билээ.
Тэгээд яахав энэ дууг кинонд нь тохируулаад дууллаа. Ямар ч байсан тухайн үеийн өчнөөн хяналт болох дотоод, гадаад хяналт, яамны хяналт, Төв хорооны хяналт гээд бүгдийг даваад гараад ирсэн дээ. Ингэж л энэ дуу гарсан даа. Кино үзэгчдэд хүрсний дараа энэ дуу чинь ард түмний хайртай дуу болоод хэсэгтээ би чинь Г.Бирваа ахын энэ сайхан дууны буянаар Баянбулагийн Ерөө гэдэг нэртэй ч байж үзлээ шүү дээ (инээв). Энд тэнд очихоор “Баянбулагийнхан” киноны дуугаа дуулаад өгчих гэх жишээний. Ийм сайхан дуу ингэж л төрсөн юм.
-1950, 1960-аад оны үед дуурь, балетийн урлагийг гадны урлаг гэж үздэг байлаа. Та урлагийн олон төрөл байхад чухам яагаад дуурийн дуучин болсон юм бэ?
-Энэ чинь их учиртай. Би чинь багаасаа л үлээвэр хөгжим, цэргийн хөгжим дотор өслөө шүү дээ. Манай ээж Цэргийн төв сургууль гэж байхад Төв сургуулийн штабын бичээчээр ажилладаг байлаа. Аав маань хөгжмийн дарга. Тийм болохоор би чинь тэр Төв сургууль дотор л явж байдаг хүүхэд. Орой нь цэргийн орон дээр унтчихсан байхад аав, ээж маань тэврээд л аваад харина. Хагас, бүтэн сайн өдөр үдэшлэг болно. Улсууд бүжиглэж л байна. Би тэр зааланд л байдаг. Ийш тийш л явсан амьтан. Тэгж л өссөн. Х.Чойбалсангийн нэрэмжит Нэгдүгээр арван жилийн долдугаар ангийг төгслөө. Нэгдүгээр арван жилийн үлээвэр хөгжим чинь тэр үед хүчтэй байлаа шүү дээ. 1959 онд Монголын залуучуудын анхдугаар фестиваль гэж болоход манай хөгжим “Кармен”-ы увертюраг тоглож бүгдээрээ алтан медаль авч байлаа. Тэр үед үлээвэр хөгжмийн сургууль байдаггүй байсан болохоор аав маань арван жилийн сургуулиудад үлээвэр хөгжмийн дугуйлангуудыг их байгуулсан.
-Гуулин хөгжмийн дугуйлангүй сургууль гэж байхгүй. Гуулин хөгжмийн ангитай сургууль нэр хүндтэйд тооцогддог байсан шүү дээ?
-Тэгэлгүй яахав. Тэр дугуйлангуудаасаа жаахан хөөрхөн хүүхдүүдийг цэрэг болгоод авдаг байлаа. Тэрнээс чинь энэ хурандаа Гансүх, хурандаа Цэрэнсүх, Хаянхярваа гуай эд нар чинь гарч ирж хөгжимд хөл тавьсан байх жишээний. 1959 онд долдугаар анги төгссөн хүүхдийг төгөлдөр хуурын ангид явуулахдаа ч яахав дээ. Тэгээд их морин хуурч Жамьян гуайн охин Цэцгээ, би. Цэцгээ чинь “Камертон” хамтлагийн ахлагч, Төрийн соёрхолт Болдын ээж гэдгийг хүмүүс мэднэ. Чулуун багшийн төрсөн ахынх нь хүү мундаг удирдаач, урлагийн гавьяат зүтгэлтэн Жамсранжав, “Аман хуур”-т тоглосон Эрдэнэчимэг байна шүү дээ, бүлтгэр.
-Охиных нь дүрд тоглодог жүжигчин биз дээ?
-Тийм, бүлтгэр нүдтэй. Бид түүнийг “Бүлтүүш” гэдэг байсан юм. Ингээд бид дөрөв Москва явж байгаа юм, төгөлдөр хуурч болохоор. Тэр үеийн аравдугаар анги төгссөн улсууд гэдэг чинь хорь гарчихсан байдаг байлаа. Тэгтэл бид дөнгөж долдугаар анги төгссөн байдаг. Утаа баагиулсан вагонд суугаад долоо хоноод Москва орж байлаа. Хорь гарчихсан залуус чинь яахав чемодан саваа аваад гараад явчихлаа. Бид дөрөв гэж чемоданаа ч даахгүй юмнууд үлдэж. Тиймэрхүү байдалтай очсон. Биднийг яаж ч бодсон төгөлдөр хуурын ангид авах вэ дээ, зургаа, долоо настай хүүхдүүдийг авдаг ангид. Тэгэнгүүт биднийг чинь Монгол-Зөвлөлтийн найрамдал гээд буцаасангүй. Хормейстер буюу найрал дууны удирдаачийн ангид оруулж өгсөн юм. Тэр ангийг төгсч ирэхэд Хөгжим, бүжгийн коллеж дөнгөж байгуулагдаж байлаа. Дандаа орос багш нартай. Гавьяат жүжигчин М.Найдалмаа багш маань Улаан-Үдээс энд ирчихсэн байсан. Бас ассент багшаар ажиллаж байсан. Найрал дууны сургуульд сурч байхад төгөлдөр хуурын хичээл орно л доо. Бас дуулаачийг удирдах сургууль болохоор дууны хичээл ордог байсан юм. Би чинь дуулах дуртай. М.Найдалмаа багш дуулаачийн анги төгссөн дуучин. Бид хоёр нийлж хоёр хоолойгоор дуу дуулна. Хоёулаа Ленин клубт концертод ордог байлаа.
М.Найдалмаа нэг өдөр “Чамайг ерөөсөө дуурийн театрт аваачаад шалгуулна аа” гэж байна. “Лусын дагина” дуурийн Вангийн хатанд манай сумын уугуул, дуурийн нэртэй дуучин Даариймаа эгч дуулах байсан чинь хөл хүндтэй болчихсон учир оронд нь дуулах дуучин хэрэгтэй болсон тухай яриаг М.Найдалмаа сонсчихоод л тэгж байж. Тэгээд намайг дуурийн театрт дагуулж очоод шалгуулсан юм. Тэгсэн чинь Пүрэвдорж, Загдсүрэн, Пүрэвсүрэн гуай, бас жигтэйхэн мундаг том дуучид байна. Би сургийг нь сонсч байснаас биш дэргэдээс нь харж байгаагүй алдартай хүмүүс намайг чагнадаг юм боллоо. Одоо бодоход ямаршуу юм дуулсан бол доо. Тэгээд л болох юм байна гэж зөвшөөрцгөөгөөд “Лусын дагина” дуурийн Вангийн хатны дүрд дуулж дуурийн дуучны гараагаа эхлүүлсэн юм. Г.Хайдав багш Ван, би Вангийн хатан нь болж байлаа. 1964 онд телевиз гэж байсангүй. Тайз нь их гоё. Загасны хоргон дотор байгаа юм шиг засалтай. Тэр дуурийг их ч хүн үзсэн. Би яахав Вангийн хатанд дуулсан мундаг амьтан болж таардаг юм байгаа биз дээ. Сургуульдаа багшилчихаад л. Дуурьт тоглохоор бол гүйж оччихоод л явдаг байлаа. Г.Хайдав багш маань тэр үед Дуулаачийн студи гэж байгуулж байсан юм.
-Багшийн дээд сургуулийн харьяа студи байсан гэж сонсч байсан юм байна. Г.Хайдав гуай ч уг студийнхээ талаар бас ярьдаг?
-Багшийн дээдийн харьяа мөртлөө Дуурь бүжгийн театр дотор байрладаг байсан юм. Биднийг чинь “Коридорын курсынхан” гэж шоолно. Жижүүрийн дэргэдэх өрөөг анги болгоод тэнд нь бид хичээллэдэг байсан юм. Уртнасан, Баадайжав, Дашнамжил, Насанбуян, Аюушжав, Хоролжав, Базаррагчаа, Гэцэл, Насанхүү, Байгаль гээд зургаан эмэгтэй, зургаан эрэгтэй 12-уулаа тэр студийг төгссөн байхгүй юу. Бүгдээрээ л мэргэжлээрээ ажилласан даа.