Categories
мэдээ улс-төр

Ц.Элбэгдорж : Монголын үндэсний эрх ашиг хөгжлөөр хэмжигдэнэ

-Хөгжлийг баялаг бүтээгчид бий болгодог. Харин баялаг хэрхэн бүтдэг вэ гэвэл бусадтай хуваалцсанаар, бусадтай хамтран ажилласнаар, бусдад үнэлүүлснээр бий болдог юм-

Монголын бизнесийн дээд хэмжээний уулзалт өнгөрөгч баасан гаригт Их тэнгэр цогцолборт болсон билээ. Уг дээд хэмжээний уулзалтыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлсэн юм. Төрийн тэргүүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Тэрээр хэлсэн үгэндээ “Энд Хүрэлцэн ирсэн та бүхний амар амгаланг айлтгая. Монголчууд “Сүүлчийн тэмээний ачаа хүнд” гэж хэлдэг. Өнөөдөр миний хувьд “Эхний тэмээний ачаа хүнд” болж байна. Аливаа арга хэмжээ, уулзалт нээнэ гэдэг бол хариуцлагатай ажил юм.

Хариуцлагатай энэ уулзалт хоёр дахь жилдээ болж байна. Энд бидний урилгыг авч хүрэлцэн ирсэн эрхмүүдэд туйлын их талархаж байна. Ингээд талархлын хэдэн үг хэлье. Энэ уулзалт “Хувийн хэвшлийн дээд хэмжээний уулзалт” гэсэн нэртэй байгаа. Хувийн хэвшлийнхэндээ үргэлж талархаж явах ёстой.

Би бол “Хувийн хэвшил гэдэг бол ард түмэн шүү дээ” гэж хэлдэг. Монголын ард түмний бүтээж бий болгож байгаа үнэт зүйлийн ихэнх хувийг хувийн хэвшил бүтээж бий болгож байгаа. Үүгээрээ манай хувийн хэвшил Монгол Улсад маш их чухал үүрэг гүйцэтгэдэг. Бизнес гэдэг ойлголтыг “Завгүй хүмүүс, завгүй үйл ажиллагаа, хөдөлмөрч, завгүй хүмүүс” гэж орчуулж ойлгож болохоор байгаа. Тэдний үйл ажиллагаа өргөжөөд, ажил нь нэмэгдээд байх тусам тухайн улс орны хөгжил, ард түмний амьдралд сайн сайхан боломжууд ирж байдаг гэж хэлж болно.

Нэг үгээр хэлбэл бизнес хийж, хувийн хэвшилд ажиллаж байгаа хүмүүс бол буянтай үйлс хийж байгаа, улс орондоо сайн үйлс бүтээж байгаа хүмүүс юм гэж хэлэх ёстой. Тийм учраас энэ санаачилгыг гаргаж, энд хүрэлцэн ирсэн хувийн хэвшлийнхэн, тэдэнтэй хамтран ажиллаж байгаа бусад улс орноос ирсэн хувийн хэвшлийнхэнд гүн талархал илэрхийлэх ёстой.

Хоёр дахь талархал бол бидний хамтран ажилладаг түншүүдэд очих ёстой. Монголчууд “Хүний сайныг ханилан байж мэднэ. Хүлгийн сайныг унан байж мэднэ” гэж ярьдаг. Энэ 25 жилийн туршид, Монгол Улс анх зах зээлийн эдийн засаг руу орж байхад бидэнд итгэж, Монгол Улс, Монголын ард түмэнтэй хамтарч ажиллаж болно. Монголд бизнес хийж хамтын түнш байж болно гэж итгэж ирсэн, одоо болтол хамтарч ажиллаж байгаа хувийн хэвшлийнхэн, бизнесийн түншүүддээ талархал илэрхийлэх ёстой. Бид 25 жилийн дараа тодорхой үе шатаа, хэцүү үе шатаа туулсан. Мэдээж хүнд хэцүү зүйл байгаа. Цаашаа урам зоригтой, итгэлтэй явах боломж нөхцөл Монголд бүрэлдсэн. Одоо давгүй гэдгийг энд хэлье.

Гурав дахь зүйл бол сайн санаачилга, сайн идэвх зүтгэл байгаа юм. Бизнес, хувийн хэвшлийн уулзалтыг санаачилж хэрэгжүүлж байгаа Монголын эдийн засгийн чуулган, Бизнесийн зөвлөл гэж байдаг. Энэ хүмүүст бас талархал илэрхийлэх ёстой.

Ийм байдлаар жилд нэг удаа цугларч, ярилцаж, өнгөрсөн жилд юу болов. Өмнө нь ярьсан зүйл яаж хэрэгжив. Ямар сорилт бий болов. Ямар боломжууд гарч ирж байна вэ гэдгийг ярих сайхан боомж гарч ирж байгаа юм.

Дараагийн талархал бол Засгийн газрын үйл ажиллагаа. Манай Засгийн газрын үйл ажиллагаа давгүй явж байгаа гэж ойлгож байна. Бидний дараагийн 25 жилд гарч ирж байгаа залгаас, дараагийн гарч ирж байгаа үе бол Монгол Улсын хувь заяаг шийдээд аваад явах боломжтой баг, бүрэлдэхүүн гарч ирж байна. Ялангуяа Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хийж хэрэгжүүлэх гэж байгаа, анх ажил авч байхдаа УИХ-ын индэр дээрээс гаргаж тавьсан зорилтууд, тэр үйл ажиллагаандаа үнэнч, шийдэмгий зүтгэж байгаа бүтээлч, шийдэмгий байдал нь үнэхээр талархал хүлээхээс өөр аргагүй.

Ер нь одоо асуудлыг шийдэх цаг болсон. Удаан ярих шаардлагагүй. Тухайн цаг үедээ шаардлагатай асуудлаа шийдээд урагшаа, цаашаа явах шаардлагатай. Томоохон төслүүдийг хөдөлгөхийн төлөө явуулж байгаа үйл ажиллагаа нь амаргүй байгаа. Гэхдээ үүнийг хийх шаардлагатай. Бид нар үүнийг амаргүй гээд дахин дахин ярилцаад, дахин дахин гомдоллоод суугаад байх шаардлагагүй. Магадгүй бид алдаж болно. Гэхдээ бид засах боломжийг бас гаргаж өгч байгаа. Үүгээрээ Монголын давуу тал байгаа. Ер нь алдсан нь зөв болдог юм уу, зассан нь зөв болдог юм уу. Хэнд нь зөв үлдэж байна гэдгийг бодох ёстой. Тийм учраас үүнд буруу гэх юм уу, тийм хандлагаар хандах шаардлагагүй. Асуудлыг зөвөөр харж урагшлуулахын төлөө явах ёстой. Ийм уур амьсгал, ийм чиглэл нийгэмд, ялангуяа нийгмийн бүтээлч хэсгийн дотор давамгайлж бий болж байгаа нь сайн зүйл юм.

Дараагийн талархах гэж байгаа зүйл бол бидний түншүүд байгаа юм. Өнгөрсөн жилийн хугацаанд бид нэлээд эрчимтэй үйл ажиллагааг түншүүдтэйгээ хийсэн. Хамгийн ойрхоноос, хөршөөсөө эхэлж ярья. Өнгөрсөн жил БНХАУ-ын дарга Си Зиньпин Монгол Улсад төрийн айлчлал хийсэн. Үнэхээр түүхэн шинжтэй, олон жил хүлээгдсэн, олон асуудлыг урагшлуулсан, урашлах эх үүсвэр, боломжуудыг тавьсан ийм айлчлал болсныг та бүхэн мэдэж байгаа. Түүнээс товчхон ганц хоёр зүйлийг яривал Монгол Улсад хамгийн чухал далайд гарах, буцаж ирэх, дамжин өнгөрөх тээвэртэй холбогдсон Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулсан. Үүнийг цаашид нарийвчилж хийх шаардлагатай яриа, хэлцлүүд одоо маш идэвхтэй үргэлжилж байна. Мөн эдийн засгийн хамтын ажиллагааны чиглэлээр гэрээ, хэлэлцээрүүд байгуулагдаж, үйл ажиллагаа үргэлжлэх ийм бололцоо, улам өргөн боломжууд нээгдэж байна. Мөн бүтээгдэхүүний экспорт, уул уурхай, эрчим хүч, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, түүнийг Монголдоо давуу байдлаар, илүү өртөг шингээж боловсруулах гэсэн ийм чиглэлүүдийг ярьж тохиролцсон.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин Монголд мөн айлчилсан. Энэ үеэр бид олон жил хүлээгдсэн тодорхой асуудлуудыг шийдэж чадсан. Ялангуяа дэд бүтэц, түүний дотор төмөр замаа яаж шинэчлэх юм. Яаж цахилгаанжуулах юм. Яаж хос болгох вэ. Монголоор дамжин өнгөрдөг дэд бүтцийн асуудлуудыг цаашид хэрхэн хэлэлцэх вэ гэсэн суурь асуудлуудыг ярилцаж тодорхой ойлголцолд хүрсэн. Энэ үйл ажиллагаа үргэлжлэн яригдаж байгаа.

Манай Ерөнхий сайд Санкт-Петербургт болдог Эдийн засгийн чуулганд оролцоод явж байна. Евро-Азийн эдийн засгийн холбоо гэж байдаг. Энэ үеэр энэ холбоотой хамтран худалдаа, бусад чиглэлээр ажиллах ажиллах яриа хэлцэл хийж, тодорхой баримт бичигт гарын үсэг зурсан. Энэ үйл ажиллагаанууд ингэж маш их идэвхтэй явж байгаа. ОХУ, Монгол Улсын иргэд хоорондоо 30 хоногийн дотор харилцан визгүй зорчдог болсон. ОХУ-ын зах зээлд Монголоос гардаг байсан уламжлалт бүтээгдэхүүнийг гаргах, цаашаа тариф, бусад хүнд суртлыг багасгах чиглэлээр бид хамтарч ажиллахаар болж байгаа. Ерөнхий сайдын хийж байгаа айлчлал, явж байгаа уулзалтууд ч гэсэн үүнд чиглэж байгаа.

Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хувьд Монголын талын санааилгаар түүхэндээ анх удаа гурван улсын Төрийн тэргүүнүүдийн уулзалтыг зохион байгуулсан. Энэ бас чухал алхам болсон. Зөвхөн гурван улсын Ерөнхийлөгч нэг ширээн дээр уулзаж хамтарсан гурван талт асуудлаа яриад зогсоогүй ер нь ингэж ажилладаг байнгын механизм бий болгоё. Гадаад хэргийн дэд сайдуудын хүрээнд байнга уулздаг байя гэсэн. Энэ уулзалт дөрөв дэх удаагаа болсон. Дөнгөж өчигдөр, уржигдар хоёр хоног мөн цаашаа Уфа хотод уулзахүеэр ямар асуудал хэлэлцэх вэ. Ямар баримт бичиг дээр зөвшилцөж, ярилцаж тохиролцох вэ гэдэг талаар ярилцсан.

ОХУ-ын зүгээс “Газрын зураг” гэсэн санал гаргаж ярилцаж байгаа. БНХАУ эдийн засгийн коридорын тухай асуудал гаргаж тавьж байгаа. Монгол Улсын зүгээс дэд бүтэц, ялангуяа төмөр замын хөгжил, дээрээс нь дамжин өнгөрөх тээвэртэй холбоотой санал гаргаж байгаа. Энэ бүхнийг нийлүүлж ярилцъя. Гурван улсын Ерөнхийлөгчийн дараагийн уулзалтаар энэ сэдвүүдийг авч хэлэлцье гэсэн иймэрхүү зүйлүүдийг бид ярьж байна. Хоёр хөршийн хүрээнд бидний хийж байгаа үйл ажиллагааг товчхон хэлэхэд ийм байна.

Япон Улстай Эдийн засгийн хамтын ажиллагааны гэрээ байгуулагдсан. Сая Японы парламент хамгийн сүүлчийн байдлаар дэмжлээ. Хоёр талын Засгийн газраас ноот солилцоод, одоо ойрын өдрүүд, ойрын саруудад энэ хэлэлцээр бүрэн хүчин чадлаараа үйлчлэх боломж бүрдэж байна. Монгол Улсын хувьд гаднын улс оронтой байгуулж байгаа анхны чөлөөт худалдааны гэж хэлж болох энэ хэлэлцээрээр Японы талаас 9000 орчим бараа бүтээгдэхүүн, Монголын талаас 6000 орчим бараа бүтээгдэхүүн чөлөөтэй нийлүүлэгдэх боломж гарч ирж байна.

Ирэх 10 жилд энэ хооронд байдаг тариф, татвартай холбоотой асуудал 96 хувиар тэглэгдэх, хөнгөлөгдөх боломж бүрдэж байгаа юм. Үүнийг дагаад бизнесийн хамтын ажиллагааны олон салбарын үйл ажиллагаа хөгжих сайн мэдээ гарч ирж байгаа.

АНУ-тай бид нар олон жил ярьсан Ил тод байдлын гэрээг баталж манай парламент дэмжсэнд туйлын талархалтай байна. Мөн Мянганы сорилын сангийн хоёр дахь багц дэмжигдэж, энэ үйл ажиллагаа цаашдаа амжилттай үргэлжлэх нөхцөл бүрдэж байгаад баяртай байна. Мөн олон жил яригдаж байсан Эдийн засгийн дугуй ширээний яриа хэлэлцээ өнгөрсөн сард амжилттай болж, эдийн засаг, хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын талаар их сайн ярилцаж, үндсэн ойлголцолд хүрсэн нь их зөв юм.

Саяхан би Евро парламентад айлчлаад ирсэн. Тэнд 28 орныг төлөөлсөн 751 гишүүнтэй бүрэлдэхүүн байдаг. Тэнд Монгол Улсын бодлого, бидний хийж хэрэгжүүлж ирсэн ажил, цаашдын хамтын ажиллагаа, сорилт, боломжийн талаар ярьсан. Европын холбоотой бид эдийн засгийн хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Үүнээс гишүүн орнуудын 18 гэрээг өнөөдөр парламентаараа баталсан байгаа. Бусад орон нь идэвхтэй хурдан баталж Монгол Улстай хамтарч ажиллах боломж, нөхцөл бүрдэж байна. Сайн болж байна. Монгол Улс цаашдаа идэвхтэй түнш байна. Үргэлжлүүлж бид ажиллана гэдэг ийм итгэл, сэтгэл дээр нэгдж чадсан гэдгийг энд хэлэх нь зүйтэй. Европын холбоотой бид Худалдааны хөнгөлөлтийн ерөнхий системтэй. 7000 бараа, бүтээгдэхүүний тухай олон жил ярьсан. Одоо энэ үйл ажиллагаа бодитой цаашаа явах хэмжээнд солилцоо хийх, хамтарч ажиллах боломж эрх зүйн хувьд бүрэлдэж гарч ирж байгаа. Цаашдаа эдийн засгийн утга агуулгыг нь бид бүрдүүлэхийн төлөө ажиллах ёстой.

Энэтхэг Улсын Ерөнхий сайд сар гаруйхны өмнө Монгол Улсад түүхэн анхны айлчлалаа хийсэн. Бид БНЭУ-ыг оюун санааны том түншээ гэж үздэг. Олон зуу, олон мянган жил харилцаж ирсэн ийм улс. Одоо эдийн засгийн хувьд, бусад бүх салбарт ажиллах ийм том түнш болж орж ирж байна. Ерөнхий сайд Моди стратегийн чухал байршил бүхий Монгол Улстай хамтарч ажиллах олон салбар, боломж байна гэдгийг өөрийн биеэр ирж үзээд, манай албаны хүмүүстэй уулзаад, ярилцаад, гэрээ хэлцэл байгуулаад явсан нь түүхэн чухал үйл явдал гэж хэлж болно. Зөвхөн эдийн засгийн салбарт л гэхэд Энэтхэгийн нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг дэмжсэн шугам, чиглэлийг нээсэн. Энэ бол Монголын эдийн засгийн хамтын ажиллагаанд гарсан, хувийн салбарынхны хамтын ажиллагаан дээр гарч ирж байгаа сайн шинэ мэдээ гэдгийг энд хэлэх нь зөв байх.

Бидний хуучин андууд эргэж ирж байна. Өнгөрсөн хоёр сарын хугацаанд Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч, Бүгд Найрамдах Унгар Улсын Ерөнхийлөгч нар Монголд айлчлаад буцлаа. Бүгд Найрамдах Унгар Улс Монгол Улсад Элчин сайдын яамаа бүрэн хэмжээгээр нээлээ. Энэ бол эргээд Европын холбооны улсууд, бидний өмнө нь хамтарч ажиллаж, өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулж байсан улсууд Монгол Улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулах ийм чиглэлийг өрнүүлж, эхлүүлж байгаа нь сайн зүйл юм.

Шинэ харилцааны хувьд ирэх долоо хоногт Мъянмарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад айлчлах гэж байна. Бид Мъянмар Улсыг чөлөөт эдийн засаг, ардчиллын чиглэлд ажиллахад нь өөрийн орны хуримтлуулсан туршлага, явж ирсэн сургамжаа хуваалцахад бэлэн байгаа. Хуваалцаад явж байгаа. Тэндээс төрийн албаны хүмүүс, хэвлэл мэдээллийнхэн, Ерөнхийлөгчийн зөвлөхүүд Монголд ирж ажилласан. Одоо Ерөнхийлөгч нь ирэх гэж байна. Киргиз гэж парламентын засаглалынхаа чиглэлээр бидэнтэй алдаа оноогоо хуваалцдаг улс орон байна.

Бид Хойд Солонгостой эдийн засаг, аюулгүй байдлын асуудлаар ярилцдаг. Монголын залуус Афганистан болон дэлхийн бусад халуун цэгүүдэд үүргээ амжилттай гүйцэтгэж, олон орны хүмүүстэй хамтран ажиллаж байна. Энэ үйл ажиллагаа идэвхтэй үргэлжилж байгааг хэлэхэд, зөвхөн дурдахад таатай байна.

За яг одоо Монголд ямар ажил хийж, Улаанбаатар хотод юу болж байгаа тухай хоёр гурван зүйлийг хэлье. Нэгдүгээрт, бид хөрөнгө оруулалтын орчноо сайжруулах ажилд анхаарч ажиллах ажиллагаа үргэлжилнэ. Хөрөнгө оруулалтын орчин гэдгийг нэгдмэл байдлаар ойлгох хэрэгтэй. Хөрөнгө оруулалт гэж ярихаар бид зөвхөн гадныханд зориулсан орчин гэж ойлгоод байдаг. Энэ нь гадныханд зориулсан гэхээсээ хүнд зориулсан орчин юм. Монгол хүнд зориулсан орчин, бидэнтэй хамтран ажиллаж байгаа хүнд зориулсан орчин. Амьсгалах агаараас авахуулаад нийтийн үйлчилгээ, эмнэлэг, сургууль цэцэрлэг гэх мэт үйл ажиллагааг багцаар нь бид харах ёстой. Ерөөсөө Монголд ажиллаж амьдрах, бизнес хийх, хамтарч ажиллахад зориулсан орчин гэдэг өргөн утгаар нь хардаг, өргөн утгаар нь ойлгодог болж байгаа нь туйлын дэвшил юм.

Нэг сайн мэдээ дуулгая. Сүүлийн нэг жилийн дотор Монголд бий болсон бизнесийн бараг 95 хувь нь уул уурхайн бус салбарт бий болсон байгаа. Энэ нь бидний эрмэлзэж байгаа уул уурхайгаас хэт хамааралтай байгаа байдлаас ангижиръя гэсэн чиглэлд гарч ирж байгаа сайн дэвшил юм. Шинээр үүссэн бизнесийн бараг 80 хувь нь мэдээлэл, технологийн салбарт гарч ирж байна. Монгол Улсын газар зүйн байршил бол өвөрмөц. Гэвч 25 жилд гарч ирсэн, хүн төрөлхтний бий болгосон хөгжил дэвшлийн сайн үр дүнг монголчууд ашиглаж чаддаг, үүнийгээ бизнес, баялаг болгож чаддаг үйл ажиллагаа эхэлж байгаа нь үнэхээр сайшаалтай хэрэг юм. Энэ бол монголчуудын явах зам юм гэж харж байгаа.

Японд 1000 инженер бэлтгэх тухай гэрээнд бид гарын үсэг зураад эхний ээлжийн хүмүүс бэлтгэлээ хангаад явж байна. Энэтхэгт Улстай мэдээллийн технологийн салбарт маш идэвхтэй үйл ажиллагаа явуулахаар болж байна. Монголд хамтарсан сургууль хөгжүүлэх, энэ чиглэд хамтарч ажиллахаар явж байгаа. Энэ бол бидний сайн хамтын ажиллагааны нэгэн хэлбэр юм.

Нэг үе боловсон хүчин, хүний асуудал яригддаг байсан. Одоо бидэнд өөрийн гэсэн инженер, өөрийн гэсэн боловсон хүчин, ажиллах боломжтой залуу үе, бүхэл бүтэн нэг үе болж гарч ирж байгаа нь их чухал юм. Уул уурхайн салбар бол аливаа улс орны амьдралд гүн гүнзгий ул мөр үлдээдэг салбар юм. Иймээс энэ нь сайн ул мөр болж үлдээсэй гэж бодож байна. Хариуцлагатай, нээлттэй, оролцоотой уул уурхайг бид хүсч байна. Уул уурхай хариуцлагатай, нээлттэй, оролцоог дэмжих юм бол, технологинй дэвшлийг гаргаж чадвал бидний хамтын ажиллагаа цаашид үргэлжилнэ.

Уул уурхайн салбар зөвхөн авдаг биш, бас бий болгодог салбар байх ёстой. Хажуудаа үйлдвэр үйлчилгээний кластер, цогцуудыг, өөр бусад үйлдвэрлэлийг бий болгодог байх ёстой. Монголд үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчийг авдаг, хамтран ажилладаг, бусад салбарын хөгжлийг дэмждэг ийм уул уурхай Монголд хэрэгтэй. Энэ чиглэлд ажиллах боломжтой. Цаашид гүнзгий боловсруулалт хийдэг, нэмүү өртөг шингээдэг, өндөр технологи, өндөр ур чадвар, сайн соёл авчирдаг уул уурхай бидэнд хэрэгтэй. Үйлчилгээ, ханган нийлүүлэлт дотоодоосоо байдаг, хамтарч ажилладаг боломжууд өнөөдөр Монголд маш сайн бий болж байгаа.

Манай шийдвэр гаргагчид дотоодын худалдан авалтаа дэмжихгүй байна шүү гэж манай үйлдвэрлэгчид ярьж байна. Амарчлаад гадна ойрхон байгаа зүйлийг авах гэж гүйлдэж байна. Дотооддоо хийж, дотооддоо нийлүүлж болох зүйлээ дотоодоосоо авч, мөнгө хөрөнгөө түүнд зарцуулаач. Ингэж хамтдаа босч бүтээе гэсэн чиглэл, уур амьсгал бий болж байгааг би зөв чиглэл гэж үзэж дэмжиж байгаа.

Ирэх долдугаар сард Монголд анхны ардчилсан сонгууль явуулсны 25 жилийн ойгоо бид тэмдэглэх гэж байна. Энэ үеэр бид сүүлийн 25 жилд алдаж оносон зүйлээ ярилцана, хэлэлцэнэ гэсэн бодолтой байгаа. Тэгэхээр бүтээгчдээ дэмжие, бүтээж, ажил хийж байгаа хүмүүсээ дэмжие гэсэн чиглэлээр УИХ-ын бодлого гаргадаг түвшинд ярилцаж, Засгийн газрын түвшинд шинэ бүтцүүд гарч идэвхтэй ажиллаж байна. Үйлдвэрлэлийн бодлого гэх мэт ажлыг идэвхтэй ярьж, хууль дүрмээ гаргаж байна. Энэ бол сайн зүйл. Удахгүй бидний санаачилсан Ирээдүйн өв сангийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэх гэж байна. Өр бий болгодог биш, хуримтлал үлдээдэг ийм эдийн засаг руу бид орж байгаа.

Маргааш та бүхэн Эрдэнэт үйлдвэрийн шинэ бүтээн байгуулалттай танилцана гэж сонссон. Зөвхөн Эрдэнэт үйлдвэр гэхэд л 37 жилийн түүхэндээ анх удаа үйлдвэрлэлийнхээ үйл ажиллагаа, бүтээгдэхүүн, хүчин чадлыг 20-25 хувиар нэмэгдүүлж чадлаа. Энэхүү өргөтгөлийн нээлтийн ажиллагаа маргааш болох юм. Тус үйлдвэр 26 сая тонн хүдэр боловсруулдаг байсан бол өргөтгөл хийснээр хүчин чадал нь дахиад зургаан саяар нэмэгдэж 32 сая тонн болох юм. Зэсийн баяжмал 517 мянган тонн байсан бол өргөтгөл хийснээр 113 мянган тонноор нэмэгдэх юм. Үйлдвэрийн өөрийн орлого 1.3 их наяд төгрөг байсан бол 250 тэрбум төгрөгөөр нэмэгдэх боломж гарч ирж байна.

Шарын голын нүүрсний уурхайд шинэ угаах үйлдвэр байгуулагдсан гэж сая ярьсан. Ингэснээр тус үйлдвэр Солонгосоор дамжуулан гуравдагч зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах тухай гэрээ хэлэлцээ хийж, эхний бүтээгдэхүүн ачигдах байна. Намайг Япон Улсад айлчилж байхад Ерөнхий сайд Шинзо Абе “Монгол нүүрсээ нэмүү өртөг шингээж боловсруулж чадвал Монголын нүүрс тэврэн нойрсож байгаа энэ толгод эрдэнэсийн сан болж хувирна” гэж хэлж байсан.

Эрдэнэсийн сан болж хувирах боломжтой. Энэ чиглэлээр Япон бидэнтэй маш идэвхтэй хамтран ажиллах хөтөлбөр, үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа. Шинэ цахилгаан станц, түүн дотроо усан цахилгаан станц байгуулах тухай, энэ боломжоо Монгол Улс ашиглах тухай бид ярьж байна. Аль юм болгон бид эрчим хүчний төлбөрт тэрбумаар нь гадагшаа төлж байх вэ дээ. Энэ эх үүсвэрээ бид дотооддоо бий болгох хэрэгтэй. Шинэ зам, онгоцны буудал, зочид буудал, эмнэлэг, сургууль олноороо бий болно. Шинэ спортын цогцолборууд баригдах үйл ажиллагаа, төсөл, хөтөлбөрүүд яригдаж, хэрэгжих шатандаа эрчимтэй орж байна.

Бид одоо улс төр эрх зүйн шинэчлэлийн асуудлаа ярилцана гэж бодож байна. Ардчилал маань 25 жил боллоо. Ардчилал өөрөө ёс зүйтэй, хариуцлагатай байх ёстой. Энэ хариуцлагатай байх гэдгээ орхигдуулсан, үүн дээр хангалттай анхаарал хандуулаагүй дутагдал бий. Үүнийг засч, энэ тал дээр анхаарах чиглэл рүү орж байгаа. Бас ахиц дэвшил гаргаж байна. Бид Шилэн дансны тухай хуулийг баталсан. Одоо шийдвэр гаргаж, төсвөөс мөнгө авч байгаа хүн бүхэн Шилэн дансны хуультай шүү. Биднийг хардаг, гаргасан шийдвэр, зарцуулж байгаа мөнгөө нээлттэй олон нийтэд мэдээлдэг чиглэлд бүгд орж байна.

Нэг алхам, нэг шийдвэр, нэг хууль ч гэсэн нийгэмд эерэг зүйл авчрах алхам болж, үр дүн нь эерэг болж байна. Үүний араас Нийтийн сонсголын тухай хуулийг УИХ дээр ярьж байгаа. Аливаа асуудлыг зөвхөн УИХ-ын түвшинд биш, аймаг сумдын Хурлын түвшинд ч гэсэн нийтээрээ сонсдог системийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байна.

Захиргааны ерөнхий хууль. Төрийн захиргаа өмнөх социализмын үеийн бүтцээрээ л явж байгаа. Одоо чухам ямар хариуцлагатай байх ёстой, яаж шийдвэр гаргах ёстой, яаж хариуцлага тооцох ёстой юм гэсэн цоо шинэ орчин бүрдээд энэ чиглэлийн шүүх байгуулагдаад ажилдаа ороод явж байна. Улс төрийн намын тухай хууль байна. Бид улс төрөө засъя гэвэл намын орчны тухай ярих хэрэгтэй. Улс төрийн намын тухай хуулийг ойрын өдрүүдэд нээлттэй хэлэлцүүлэг хийж өргөн барих хэрэгтэй.

Төрийн алба. Олон жил олон талд ярьсан. Олон концепц явсан. Бас үүнийг нэгтгээд, хэлэлцүүлэг хийгээд өргөн барихаар бэлдэж байна. Сонгуулийн хууль байна. Бид Засгийн газрын үйл ажиллагаа, гүйцэтгэх засаглалын хүрээний үйл ажиллагааг хариуцлагатай, жигд, шуурхай болгох чиглэлд ажлыг нь явуулдаг ийм механизм бүрдүүлэх шаардлагатай байгаа. Парламент нь баахан томилгоо хийдэг, мөнгөний асуудал ярьдаг. УИХ мөнгө, томилгооны хойноос хөөцөлддөг, нөгөө талдаа бодлого, хуулиа гаргадаг, ерөнхий бодлогоо авч явдаг энэ ажлаа илүү анхаарал татахгүй болгож хувирсан. Зөвхөн мөнгө, томилгоо хийдэг, мөнгө, томилгоо сонирхдог ийм сонгуулийн чиглэл рүү явдаг болсон. Одоо үүнийг багасгаж өгнө. Шаардлагатай бол бүр томоохон хуульд шаардлагатай өөрчлөлт хийх зүйлийг бид бодож байгаа.

Тэгэхээр нээлттэй нийгэмд ярилцаж хэлэлцсээр байгаад асуудлаа шийддэг ийм нийгэм Монголд бий боллоо. Удирдагч нь унахаар улс нь унаад өгдөг биш, тэр удирдагч нь, Ерөнхийлөгч нь улсынхаа нэг л иргэн нь байдаг, ийм чиглэлд рүү бид явж байгаа.

Монголын давуу тал бол бидний сайн муу нээлттэй байдагт оршдог гэж би үргэлж хэлдэг. Бид хамтдаа суралцдаг, хамдаа урагшилдаг. Бусад газар бол магадгүй, зөвхөн удирдагч нь тухайн асуудлыг мэддэг, ард түмнээсээ нуудаг байж магадгүй. Монголд ийм зүйл байхгүй. Бид хамтдаа суралцдаг, хамдаа дүгнэлт хийдэг. Хамдаа урагшлахын төлөө явдаг. Үүгээрээ Монгол давуу байдлаа ашиглаж, асуудлаа шийдэх боломж байгаа гэдгийг хэлэхэд таатай байна.

Шүүх, хууль эрх зүйн чигэлийн шинэтгэл үргэлжилж байна. Эрүү, Иргэний хэргийг шийдвэрлэх тухай хуулиудын төсөл УИХ-аар яригдаж илүү сайн, хариуцлагатай хэлбэр рүү, хүний эрхийг хүндэлж дээдэлсэн алхмууд руу шилжиж байгаа.

Эцэст нь хэлэхэд Монголын үндэсний эрх ашиг бол хөгжлөөр хэмжигдэнэ. Энэ хөгжлийг дэмжиж, бий болгоход хүчин зүтгэж байгаа хувь нэмрийг үндэсний хөгжлийн эрх ашгийн төлөө хүчин зүтгэл гэж үзэх ёстой. Хөгжлийг баялаг бүтээгчид бий болгодог. Баялаг хэрхэн бүтдэг вэ гэвэл бусадтай хуваалцсанаар, бусадтай хамтран ажилласнаар, бусдад үнэлүүлснээр бий болдог юм. Ийм учраас хөгжил ингэж цаашаа явах ёстой гэж харах ёстой.

Бид нэг зүйлийг хатуу ойлгох хэрэгтэй. Монгол Улс хожоогүй бол хэн ч хожоогүй гэж ойлгох хэрэгтэй. Монгол Улс хожоогүй бол улс төр хожоогүй, Монгол Улс хожоогүй бол аль нэг нам хожоогүй, аль нэг бүлэглэл хожоогүй гэж ойлгох ёстой. Энэ ойлголт улам нэмэгдэж, энэ талаар хүмүс ярилцдаг болсон байгаа. Энэ бол зөв хэлбэр. Энэ чиглэлээр бид цаашаа явах ёстой. Монголын улс төр хаврын тэнгэр шиг олон ааштай, тогтворгүй гэж хүмүүс шүүмжилдэг. “Хаврын тэнгэр жилээ даадаг” гэж ярьдаг. “A spring day worth a year” гэж ярьдаг. Гадаадын хүмүүс маань “хаврын тэнгэр олон ааштай” гэхээр “blow hot and cold”, “as changeable as the moon” гэх мэтээр ярилцдаг.

Тэгэхээр Монголын улс төр бас заримдаа ийм янз бүр байхаас өөр арга байдаггүй. Монгол орны газар зүйн байршил бас их онцлогтой. Гэхдээ бидний энэ үнэт зүйлдээ итгэсэн итгэл, замнаж буй замнал, өөрийн гаргасан алдаа, авч байгаа сургамж, урагшлах боломж бүхэн нээлттэй юм. Заримдаа янз бүрийн ааштай байхаас аргагүй үе бий шүү. Монголд Ерөнхийлөгчийн ажлыг энэ ажлыг хийж үзсэн хүн л мэдэх байх. Энд сууж байгаа улсуудаас олон хүн хийж үзэж мэдэх байлгүй дээ гэж бодож байна. Тэгэхээр хамгийн гол ололт бол шинэ үе бий болж байна. Эрчтэй, бүтээлч, чадвартай англиар бол “dynamic, entrepreneur” ийм шинэ үе гарч ирж байна. Энэ бол бидний хамгийн том баялаг. Сүүлийн 25 жилд бий болсон хамгийн том баялаг, үүнийг хэн ч буцааж чадахгүй. Хэн ч алга болгож чадахгүй. Энэ үеийн төлөөлөл энд сууж байна. Тэгээд энэ хямралаас хүртэл бид шинэ үеэ дэмжиж гаръя. Шинээр бий болж байгаа бизнесээ, технологийн салбараа дэмжиж гаръя. Шинэ бизнес, шинэ санаачлагуудаа дэмжиж гаръя. Тулгамдсан асуудлаа ингэж шийдвэрлэе гэж ингэж харж байгаа.

Монголын ирээдүй өнгөтэй гэрэлтэй байна. Ирээдүйг ийм өнгөтэй гэрэлтэй байлгахын тулд хамтран ажилласан та бүхэнд их талархаж байна. Цаашид бас хамтран ажиллая. Энэ чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье. Баярлалаа” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *