Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Атрын IV аян-Эх орны эрүүл хүнс” уриатайгаар “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Газар тариалан” үндэсний чуулган “Үр тарианы үйлдвэрлэл эрхлэгчдийн улсын зөвлөгөөн”-өөр өчигдөр (2022.04.13) эхэллээ.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан зөвлөгөөнийг нээж, үр тарианы үйлдвэрлэл эрхлэгчдийн ололт амжилт, тулгамдаж буй асуудал, сорилтууд, тэдгээрийг шийдвэрлэхийн тулд төрөөс ямар бодлого хэрэгжүүлэн ажиллаж буйгаа танилцуулав. Үргэлжлүүлэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун “Газар тариалангийн салбарын бодлого, зорилт тулгамдаж буй асуудлууд, хэрэгжүүлэх арга зам” сэдвээр, тус яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, доктор Д.Есөн-Эрдэнэ “Таримал ургамлын үр сортын салбарын эрх зүйн шинэчлэл” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ. Мөн Хөдөө аж ахуйг дэмжих сангийн Гүйцэтгэх захирал О.Сумъяасүрэн, Монголын тариаланчдын үндэсний холбооны ерөнхийлөгч Ц.Рэнчинсэнгээ, Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирал, доктор Г.Сарантуяа, Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ЭША, доктор, дэд профессор Т.Дэжидмаа, Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн захирал, доктор Н.Баярсүх нар илтгэл танилцуулж, мэдээлэл хүргэв.
Энэ үеэр ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуунтай ярилцлаа.
-Энэ жилийн “Атрын IV аян” өнгөрсөн жилүүдээс ямар онцлогтой вэ?
-Жил бүр хаврын тариалалтын өмнө тариаланчдын зөвлөгөөнийг хийдэг. Сүүлийн хоёр жил цар тахлын улмаас зөвлөгөөнгүй, тариалалтаа хийсэн. Гэсэн хэдий ч хүнд нөхцөлд тариаланчид маань өнгөрсөн жил ургац арвинтай байсан. “Атрын IV аян”-ыг 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлж байна. Саяхан“Атрын IV аян”-ыг “Эх орны эрүүл хүнс” гэсэн уриан дор явуулах Засгийн газрын тогтоол гарсан. Энэ жилийн тухайд хаврын тариаланчдын үндэсний чуулганыг өнгөр хүрээтэй хийж байна.
Учир нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хүнсний хангамж, аюулгүй байдал, газар тариалан гэсэн сэдвийн хүрээнд цуврал зөвлөгөөн зохион байгуулж байна. Өчигдөр өглөө үр тариа эрхлэгчдийн чуулган, үдээс хойш агрономичдын зөвлөгөөн болсон. Агрономичдын улсын анхдугаар зөвлөгөөн 1969 онд болж байсан, хоёрдугаар зөвлөгөөн өчигдөр боллоо. Өнөөдөр төмс, хүнсний ногоо, хүлэмжийн тариалан, зоорийн аж ахуй болон жимс, жимсгэний тариалан эрхлэгчдийн зөвлөгөөн болж байна. Маргааш буюу дөрөвдүгээр сарын 15-ны өдөр Төрийн ордонд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй нэгдсэн чуулганаа зохион байгуулна. Ингээд л хаврын ажилдаа гарна даа.
-Тариалалт хэзээнэээс эхлэх вэ?
-Тавдугаар сарын эхний долоо хоногоос тариалалт эхэлдэг. ААН-үүд талбайн чийгний хэмжээ, цаг уурын нөхцөл байдалтай уялдуулан өөрсдийн онцлог, технологитойгоо уялдуулан тариалалтаа хийнэ.
-Энэ жил хэр хэмжээний тариалалт хийх вэ?
-Нийт 500 гаруй мянган га газарт тариалалт хийхээр төлөвлөж байна.
-Үр тариагаа яаж экспортлох вэ?
-Үр тарианы үйлдвэрлэл эрхлэгчдэд зөвхөн дотоод нөөцөө хангаад зогсохгүй экспортын чиг баримжаатай ажиллах. Тухайлбал, БНХАУ руу нэр бүхий 13 гурилын үйлдвэр бүтээгдэхүүн экспортлох эрх авсан. Тариаланчид маань өмнө нь дотоодын хангамжийг бүрдүүлэх чиглэлээр үйлдвэрлэл явуулдаг байсан. Харин одоо дотоодын хангамжаас гадна экспортлох боломж нээгдэж байгаа учраас тариалангийн үйлдвэрлэл явуулж байгаа аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэлээ хангалттай хэмжээнд явуулах боломж бий болж байна.
-Үр тариагаа экспортлоход техникийн шинэчлэл чухал уу?
-Техникийн шинэчлэл байнга хийгддэг. Энэ тал дээр яам техникийн шинэчлэл хийнэ гэсэн ойлголт байхгүй. Үйлдвэрлэгч орны бүтээгдэхүүн нийлүүлэгч дотоодын (дилер) компаниуд техникийн шинэчлэлийг хийх ёстой. Яамны оролцоо техникийн шинэчлэл дээр хөдөө аж ахуйн зориулалттай тоног төхөөрөмжийг НӨАТ-ын албан татвараас чөлөөлөх ч юмуу бодлого, эрх зүйн орчныг бүрдүүлдэг.
-Улаанбуудайн борлуулалтад хэрхэн анхаарч байна?
-Дотоодын гурилын үйлдвэрийнхээ хангамжийг зохицуулж, цаашлаад экспортлох боломж байгаа. Борлуулалт дээр зовох асуудал байхгүй гэж харж байна.
-Хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэхийн тулд ямар арга хэмжээ авах ёстой вэ?
-Манай улсын хэмжээнд нийт 100 гаруй га хүлэмж байгаа. Үүнээс 30 га орчим нь өвлийн, 70 гаруй га нь зуны хүлэмж байна. Хүлэмжийн тариалалтын үндсэн дөрвөн төрлийн таримал байдаг, лооль, хэмх, чинжүү, навчит байцаа. Бид хүлэмжинд тарьдаг тарималынхаа 3/4 импортоор авдаг. Ингээд хэрэгцээгээ тооцохоор улсын хэмжээнд 50 га хүлэмж зайлшгүй шаардлагатай. Өвлийн хүлэмж байгуулъя гэхэд хөрөнгө оруулалтын зардал өндөртэй. Барьсны дараа ашиглалтын хөрөнгө ч өндөр байдаг. ААН-үүдийн хөрөнгө оруулалтаар шийдэгдэхгүй. Тиймээс төр засгийн юм уу, олон улсын урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл шаардлагатай. Бид энэ талаар судлаж, эхний ээлжинд 20 га өвлийн хүлэмж барихаар зорьж байна.
-Энэ жилдээ хийгдэх ажил уу?
-Техник, эдийн засгийн үндэслэлээ боловсруулчихсан, хөрөнгө оруулалтын ажил яригдаж байна.
-Үр тарианы үйлдвэр эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлуудыг яаж шийдвэрлэхээр төлөвлөсөн бэ?
-Тэдэнд үзүүлэх дэмжлэгүүд, эрх зүйн талаас зайлшгүй шаардлагатай нөхцөл байдлуудыг бүрдүүлсэн. Тийм учраас шаардлагатай хөнгөлөлттэй зээлийг ч гаргаж өгсөн. Тариалангийн орцууд нь импортоос хамааралтай учир тээвэр ложистиктой холбоотой асуудал ч байна. Тэр бүгд хүндрэлүүдийг гаргахгүйн тулд урьдчилсан байдлаар хөнгөлөлттэй зээлийн асуудлыг шийдэх, хаврын тариалалтыг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэхээр олон арга хэмжээг авч ажиллаж байна.
-Хөнгөлөлттэй зээлийн талаар?
-Нийт газар тариалангийн үйлдвэрлэлийн хаврын тариалалт хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд 190 тэрбум төгрөгийн жилийн гурван хувийн хүүтэй, хоёр жилийн хугацаатай зээлийн эх үүсвэрийг шийдэж байна. Энэ тал дээр Засгийн газраас хүүгийн хөнгөлөлтийг Монголбанкны бодлогын хүүгээр тооцож олгож байгаа. Үр тарианы үйлдвэрлэл эрхлэгчид 100 тэрбум төгрөг, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгчдэд анх удаа 50 тэрбум төгрөг, гурилын үйлдвэрүүдэд 40 тэрбум төгрөгийн зээл олгохоор шийдвэрлэсэн. Зээлийн эх үүсвэр нь банк, тэгэхээр банк шаардлагаа тавина, эргэн төлөлтөө хариуцна, төрийн оролцоогүй. Тэгэхээр банкны шалгуурыг л давах хэрэгтэй.