Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Бавуудорж: Сүүдрээсээ гэрэл нь том харагддагийн нууц нь дорно бүтэн болохоор тэр

Төрийн соёрхолт яруу найрагч Ц.Бавуудоржтой ярилцлаа.

Төрийн шагнал хүртсэнээсээ хойш та нам жим аж төрж байна аа даа. Ер нь ч чимээгүй хүн л дээ…

-Зохиолчид ер нь их чимээгүй улс шүү дээ. Юугаа ч хашгичаад байх юм. Тэртэй тэргүй энэ орчлон чинь орилоон хашгираанаар дүүрэн байна шүү дээ. Энэ бөмбөрцөг дээр чинь буун дуу тасралтгүй хашгираад л, ядуус өлсгөлөн хашгиралдаад, газар хөдөлж хашгиралдаад л, далайн хилэн хөдөлж хашгиралдаад л, нэг нь нэгнээ цөмийн бөмбөгөөр айлгаж хашгиралдаад л ер хашгираанаас бүтсэн юм шиг л байна шүү дээ, дэлхий минь. Хаа газрын зохиолчид өөртөө аглаг бүтээж түүн дотроо бясалган суудаг улс. Ажлын байр нь тийм юм чинь. /инээв/ Өөрөө өөртэйгөө ярилцах сэдэв баян байдаг болохоор тэр. Чимээгүй байна гэдэг дотогшоо яваад л байна гэсэн үг гэж ойлгож болох байх аа.

-“Хулан хатан” дууль найраглалын ном, “Дотоод сансар” шүлгийн номуудыг тань үзлээ. Уншигч бүр өөрийнхөөрөө дүгнэж харж буй биз ээ. Ном бүхэн өөрийн хувь зохиолтой гэдэг. Харин зохиолчтой нь уулзаж байгаагийнх зарим номын хувь зохиолын талаар амнаас нь сонсмоор байна?

-Их аятайхан асуулт байна. Тийм шүү. Ном бүхэн өөрийн хувь зохиолтой байдаг байх аа. “Хулан хатан” дууль найраглалын номоо бүтээхэд ерөнхийд нь сэтгэлдээ цэгцэлж төвлөрүүлчихээд ер нь дээдсийн таалал яадаг юм бол гэж бодоод Бурхан Халдун руу уран бүтээлч нөхдийн хамт явсан. Дотроо бол их хатны тухай ийм нэг ном бүтээх эрх олгох нь уу, үгүй юу гээд очиж байгаа хэрэг л дээ. Намар мөртлөө нүд нүүргүй цас шуурч исгэрээд дээш гаргахгүй нэлээд зүдрээж байж хүлээж авсан. Би ч Хулан хатнаа бодоостой. За ер нь ч хүлээн авахгүй байна даа гэх эмээнгүй бодолтой л явлаа. Оройдоо бууж ирэв. Бүрэнхий нөмрөөд ирсэн байсан. Үүд мод руу орж явтал харин нэг том цагаан чоно өмнүүр гүйдэг юм. Зам хөндлөн гаруут зогтусаад биднийг ширтээд хэсэг зогссон. Хамт явсан орчуулагч Г.Аким ах “За, бид ч болоод явчихлаа. Үзэгддэггүй, нөгөө домогшоод байдаг Үүд модны цагаан чоно чинь энэбайна шүү дээ” гэлээ. Үнэндээ тийм чоно байдаг тухай сонсч ч яваагүй бид ихэд бэлгэшээж дээдэстээ баярлан их таалал олов хэмээн баяртай буцацгаасан. Би хувьдаа Хулан хатны тухай бичих зөвшөөрлийг тов тодорхой өглөө гэж машид урамшсан. Тэгээд ирэнгүүт суусан. Бүхэл бүтэн найраглалын номыг хүн итгэмгүй богино хугацаанд биччихсэн шүү. Сайн ч бичлээ гэж өөртөө урамшсан. Ер нь тэгээд их хаад, хатадтай холбоотой, том сахиус, хутагт гэгээдтэй холбоотой ч юм уу бас бус хамаагүй аван саван бариад авч болдоггүй сэдэв олон шүү дээ. Зохиолч бидэн чинь зөн совингоо чагнана. Тэмдэг дохио хайна. Их маяг жаяг болж байж нэг юм барьж авдаг хүмүүс.

“Хүннү туульс” минь харин их удаан хугацаанд намайг дагуулж бэдэрсэн найраглал байгаа юм. Анх 1998 онд ерөөсөө Хүн гүрний “Нууц товчоо”-г бичье гэж гэнэхэн, тэмүүлэмтгий амьтан өөртөө хэлэхгүй юу даа. Өөрийгөө хөөргөөд л. Тэгээд л анхны шан татсан шүлэг нь “Хүрэл чоно” шүлэг байгаа юм. Дараахан нь “Хүннү хатан” гэдэг бэсрэг найраглал бичсэн. Түүнээс хойно “Хүннү” дуурийн цомнол бичсэн. Ийн салаа мөчрүүд нь ургасаар арваад жилийн бэдрээн болж бүтсэн хэрэг. Том хэмжээний туульсын бүтээл, найраглал бичнэ гэдэг хэл сайтай байхыг эрхгүй шахдаг юм байна. Тийм учраас ямартай ч монгол хэлнийхээ эрдэнэсийн санг шүтдэг уншигчдадаа, хойч үеийнхэндээ хэлний дархлаанд нь хувь нэмэр оруулж байна гэж бодох юм. Тэдний минь таалал мэднэ дээ. За тэгээд хэн гэдгээ олж харах, судсаар нь ямархан гал гүйж явааг, зүрхэнд нь бас тархинд нь ямархан гал улалзаж байгааг сануулж, сэрээж чадаж байвал энэ номуудын минь хэрэг зорилго бүтэх нь тэр. “Дотоод сансар” номын минь хувьд шинэ шүлгүүд бас нэг найраглалаас бүрдсэн.

Өнгөрөгч, одоо, ирээдүй цаг үеийг та өөртөө хэрхэн төсөөлж байна. Уран бүтээлчийн хувьд ч, иргэний хувьд ч. Их л ерөнхий асуучихлаа?

-Хүн гэдэг чинь өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагаас бүтэж бүрэлдэж байдаг амьтан юм уу даа. Өнгөрсөн цаг нь байхгүй бол зүрхгүй болчихдог. Одоо цаг нь байхгүй бол биегүй болчихдог. Ирээдүй цаг нь байхгүй бол толгойгүй болчихдог. Гурвуулаа байж гэмээнэ бүтэн болдог ийм нандин шүтэлцээний зангилаа гэмээр юм уу даа. Аль нэг цагийг нь илүүтэй мөрлөөд явахаар оршихуйн тэнцвэр нь алдагдаад ирдэг юм шиг байгаа юм.

Өөрийг тань их мөрөөдөмтгий хүн гэж боддог. Энэ үнэнд дөхөх үү?

-Мөрөөсөх мэдрэмж эхийн хэвлийгээс унахад л хамт төрдөг нандин зүйл байх. Эхэндээ жинхэнэ зөн мэдрэмжийн аясаар нисч байдаг. Сүүлдээ ухаан суугаад ирэнгүүт залууртай, жолоотой болоод явчихдаг хөдөлгүүр юм уу даа. Ёстой л нөгөө “Дотоод шаталтын хөдөлгүүр” гэмээр. Би мөрөөднө шүү. Гэхдээ сайн нөхдийн буянаар үзсэн Өмнөд Энэтхэгийн цул алтан дээвэртэй шилтгээн, эсвэл нөгөө Унгарын алдартай баян, эрхэм Хубагийнд уусан шиг олон жил дарсан дарс зэргийг ямар мөрөөдөөд суух биш. Толстойн нэг үг байдаг даа. “Бүх хүн ертөнцийг өөрчлөх тухай боддог. Харин өөрийгөө өөрчлөх тухай хэзээ ч боддоггүй” гэж. Ихэнх зохиолчид дэлхийг биш өөрийгөө өөрчлөх гэж, хүн төрөлхтний өөрчлөлтийг өөрөөсөө эхлэх гэж мөрөөсөн адгадаг гэж итгэх юм. Дэлхий ертөнцөө гаднаас нь, өөрийгөө дотроос нь нэвт харах мөрөөдөл зохиолч бүхний эрхэм гол мөрөөдөл.

Таныхаар боловсрол гэж юу вэ. Та үүнд хэрхэн ханддаг вэ?

-Миний хувьд ганцхан л зүйлээс боловсрол авсан юм уу даа. Гэр бүлээсээ л боловсрол авсан гэж хэлмээр шиг. Аав минь их олон хүнд цусаа өгч амь амьдрал бэлэглэсэн буянтай хүн байдаг. Өөрийнхөө цээжинд буцалж байгаа ариухан халуун цуснаас тасдаад бусдын цээжинд юүлээд өгнө гээд бод доо. Хэн нэгэнд хэдхэн агшны дотор амьдрал бэлэглэж байна гээд төсөөлөхөөр. Юутай зүйрлэх буян бэ. Ертөнц дээр үүнтэй тэнцэх буян гэж байдаггүй байх. Ээж минь их олон шавьтай. Тэднийхээ төлөө өглөө, оройгүй залбирч тарниа тоолж, сүү өргөж суудаг хүн. Бусдын төлөө өөрт байгаа аль нандин бүхнээ зориулж амьдарсан ийм хоёр буурлын дундаас төрөөд, ийм халуун дулаан амьдрал дунд өссөн надад хүн болохын дээдийн дээд боловсрол эрхбиш нимгэхэн ч гэсэн сууж таарна аа даа. Миний боловсрол ердөө энэ л юм. Бусад олдмол мэдлэг, энээ тэрээ яахав ээ. Боловсрол гэж хэлэмгүй санагдаж байна. Яахав биеийг чимж яваа чимэг л юм биз дээ. Тэгэхээр миний ойлголт танилтаар бол монгол хүн гэр бүлээсээ, бас байгалиас ийм хоёр сувгаар л төрөлх боловсролоо авдаг байх.

Та уран бүтээлчийн хувьд жинхэнэ ид жагсах нас дээрээ байгаа нэгэн. Идэрхэн байхад төрсөн сэтгэгдэл, догдлол бүр шүлэг болж буудаг бол нас нэмээд ирэхийн хэрээр эргэцүүлэл бас бясалгал болдог шиг. Дотоод билэг авьяасаа, ертөнцийн тухай үзлээ хэрхэн хөглөж байна вэ?

-Тийм ээ. Шүлэг гэдэг эд хэдий богино хугацаанд бичигдэнэ вэ. Тэр чанараараа амьдлаг, увдислаг бүтээл болдог шиг санагддаг. Энэ бол онгодын хэрэг явдал. Гэхдээ бас онгодоо хүлээгээд л эвшээгээд суугаад байлгүй үсэг хөдөлгөх, утга галиглуулах юм зөндөө шүү дээ. Аль аль гарцаар нь л орж гарахыг хичээх юм. Сэтгэл оюунд ямар өтөл нас гэж байх биш. Хамгийн гол нь сэтгэлээ ариун байлгах нь чухал. Ингэхийн тулд ямар нэг хэмжээгээр бясалгал хэрэг болж байна. Өөрт тохирсон бясалгал гэмээр юм уу даа, өөрийгөө төвхнүүлээд байх арга чарга бас хэрэглэнэ шүү дээ.

Та бас багагүй аяламтгай хүн шүү дээ. Ойрд хол ойр явав уу. Таны уран бүтээлийн нэг хөг айзам, дүр аялгуу болдог энэтхэг бүсгүй Дэвиг хааяа санагалзах юм уу?

-Зохиолч нөхдийнхөө ижил дэлхий ертөнцөө ерөнхийд нь ойлгоод авчих юмсан гэж хүсэлгүй яахав ээ. Жаахан жаахан явсаан. Харин одоо Монголоороо л жаахан явах юмсан гэж хичээж байна. Саяхан МЗЭ, Ховд аймгийн Засаг даргын тамгын газартай хамтраад аймгийнхаа хэмжээнд номын өдрүүдийг зохион байгуулсан юм. Бидний хэсэг зохиолчид Ховд нутгаар хөндлөн гулд яваад ирсэн. Бүх сумдаар орлоо. 9000 дөхүү хүүхэд, залуустай уулзсан тоо сонсогдож байна лээ. Эх хэл, бичиг соёлын үнэ цэнэ, ёс уламжлалаа дээдлэхийн учир гээд уулзалт ярилцлага зохиож шүлэг зохиолоо уншицгааж гарын үсгээ тарааж яваад ирсэн. “Сайхан үг сарын хүнс” гэсэн үг бий. Сарын хүнс болохоо байг гэхэд тав, гурван өдрийн хүнс болчих үг бэлэглэсэн бол болоод явчихаж байгаа нь тэр. Монголчуудын дотоод үнэ цэнэ энэ нутаг оронд бүтнээрээ байгааг мэдрэхэд сайхан байлаа.

Хамгийн сүүлд дотнын уран бүтээлч нөхдийн хамт Тайванийн Чилан уулан дахь Чингис хааны модонд очсоноос хойш гадагш явсангүй. Аа, Дэви юу. Их сайхан бүсгүй. Энэтхэг гүрний гоо сайхныг ойлгоход жим болсон бүсгүй л дээ. /инээв/ Тухайн ард түмний дотоод гоо сайхныг таньж мэдрэхэд бүсгүйчүүдийнх нь харц, тэдний жавхлан хоёроор төсөөлөөд авч болох юм шиг санагддаг шүү. Тэгээд л тийм нэг сэдэв гарч ирэхгүй юу. Хааяа дурсана шүү дээ. Цөөрмөөс лянхуа ургадаг л гэдэг. Гэвч сэтгэлийг бол ямагт долгисуулж л байхгүй бол цалгиа давалгаагүй сэтгэлээс юу төрөх вэ дээ.

Хүүхэд ахуй цагтаа тэр баруун хязгаараас МЗЭХ-д захиа бичиж, түүнийг нь Залуу зохиолчдын нэгдлийн дарга Дөнгөтийн Цоодол гуай хүлээн авч, хариу захиа бичээд сонинд өмнөтгөлтэй гаргаж байсан тухай гэгээн түүх танд байдаг. Тэр тухай эргэн дурсахгүй юу?

-Есдүгээр ангид орсон жилээ анх “Пионерийн үнэн” сонины “Сурагчийн үзгээр” буланд шүлгүүдээ илгээсэн чинь тус сонины бүтэн нүүр шахуу зайд шүлэг маань хэвлэгдсэн юм. Тэр хатуу горим дэгтэй цаг үед нүүр шахуу шүлэг нийтэлнэ гэдэг тэр сонины хувьд амаргүй ажил байсан юм байна лээ. Тэгэхэд Ц.Дашдондог зохиолч дэмжиж хэвлүүлж байсныг бүр саяхан амнаас нь сонссон.

Таны асуултын хувьд аравдугаар ангид орсон жил л дээ. Залуу зохиолчдод зөвлөгөө өгөх өдрүүд гэж болдог байлаа. Тэр өдрүүдийн үеэр захиа бичиж зөвлөгөө өгнө үү гээд шүлгүүдээсээ МЗЭХ-д илгээсэн юм. Залуу зохиолчдын нэгдлийн дарга нь Д.Цоодол найрагч байжээ. Надаас очсон захидлыг задлахад дэргэд нь Ш.Сүрэнжав найрагч бас байсан гэсэн. Миний шүлгүүдийг уншаад тэр хоёр Явуу багшийн нутгаас нэг авьяастай хүү төрөх нь гэж хөөрсөн гэнэ лээ. Тэгээд хэн нь захидал бичиж урам өгөх вэ. Цаашид хэн нь дэмжих вэ гэлцээд албан ширээтэйгээрээ чи ав гэж Д.Цоодол найрагчтай зөвлөлдсөн гэдэг. Төдөлгүй “Утга зохиол урлаг” сонины “Таны шинэ танил” буланд шүлгүүд минь хэвлэгдэж утга зохиолын хүрээнийхний анхааралд орсон байдаг. Энэ сайхан найрагчдаас байн байн захиа ирдэг байлаа. Ямар сургуульд орох вэ. Горькийн сургуульд ч дэмжиж болно гээд л. Сайхан шүү. Утга зохиолын залгамж холбоо гэдэг ямар нарийн нандин, үнэ цэнэтэй зүйл болохыг бүр хожуу л мэдэрсэн дээ, тэнэгхэн би. Явуугаа ч нүүрэндээ барьсангүй, энэ сайхан ах нарыг ч дагасангүй “зөрүүд илжиг” шиг өөрийнхөөрөө бэдрэн бэдэрсээр утга зохиолын ертөнцөд хорь хол гарсан он жилийг нэгэнт бүтээчихжээ. Энэ сайхан ах нарын ерөөл, сурагч байхад минь Завханд очиж байсан С.Пүрэв, Т.Галсан, Ц.Балдорж гээд зохиолч ах нарын хайрласан урмаар яруу найраг руу явах зам минь шуударсан юм байна гэж боддог. Утга зохиол руу ийн даялаагүй бол зураач болох зам руу явахад бэлэн байсан.

Зураач болох байсан гэнэ ээ. Тийм итгэл, сэтгэлийн гал танд байжээ дээ. Одоо хэр зурж байна даа?

-Ихэнх яруу найрагчдад байгаль эх бичихийн зэрэгцээ, зурах авьяас хайрласан байдаг. Манай найрагчид ихэнх нь зурна шүү дээ. Би бас багаасаа зурсаан. Талийгаачдын хөргөөс эхлээд. Тийшээ явах сонирхол их байсан. Уран зохиол руу татагдаж ирээд тэгсхийгээд л хаячихгүй юу.

Нийгмийн гэрэл гэгээ төдийлөн асч бамбарлахгүй байх шиг. Жишээ нь оюун санааг үнэлэх үнэлэмж, булчинг үнэлэх үнэлэмжээс ихээхэн дор байгааг хэлэх хүмүүс бий. Зүй нь төрийн шагналт яруу найрагч үндэсний бөхийн аваргаас илүү үгүй юм гэхэд дутуугүй үнэлэгддэг баймаар. Оюун санааны үнэлэмж хэдийд дээгүүрт орох бол. Ер нь энэ талаар таны бодлыг сонсмоор байна?

-За, товчхондоо нэгдүгээрт оюун санаа, хоёрдугаарт оюун санаа, гуравдугаарт оюун санаа л гэж хэлмээр байна. Сайтар дархлагдсан оюун санаан дээр л мандаж бадарч байсан түүх бэлхнээ байна шүү дээ. Нийгэм цаг үеийн жаахан будангуйрал мөдхөн сарнина биз дээ.

Цахим орчны хэл, үндэсний эх хэлийн зөрүү улам л нэмэгдээд байх шиг. Шинэ хувьсал өөрчлөлтөөр ингээд яваад байх юм уу, эсвэл эх хэлний соёлын дархлааг авч үлдэх ёстой юу?

-Эх хэлний дархлаа эмзэг байна. Зохиолчид минь их үүрэг гүйцэтгэж байгаа шүү дээ. Тэр дундаа XX зууны зохиолчид минь баялаг сан бүтээсэн. Гагцхүү энэ үнэ цэнэтэй зүйлийн амтыг хүүхэд залууст мэдрүүлэх аятайхан арга хэлбэрийн ажлууд л дутаад байна уу даа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Мөнх тэнгэрийн бичиг” бичиг соёлын хөтөлбөр өгөөжөө өгч байна. Саяхан төрөөс хэрэгжүүлсэн дунд сургуулийн номын санг баяжуулах хөтөлбөрт олон сайн зохиол цугларч байна лээ. Ийм сайхан хандлагууд байгаад талархаж байна. Нобелийн шагналт Томас Элиотийн нэг үг байдаг шүү дээ. “Эх хэлээрээ уран зохиол туурвин бүтээхгүй бол ард түмний оюун санаа мөхдөг” гэж. Эх хэлний дархлааг хамгаалан сахихад зохиолчдын минь үүрэг өндөр гэж ойлгож явдаг. Жинхэнэ монгол зохиолчдын шүү. Бүх телевиз, радио, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд утга зохиолын хяналт тавьдаг дөмөгхөн орон тоотой баймаар байна. Ядаж л хэвлэл мэдээллийн байгууллагууд минь нэг ч үг, үсгийн алдаагүй, найруулгын асуудалгүй байвал том дэмжлэг болно. Бизнес эрхлэгчид минь ч бас энэ салбарт санаа тавьж байгаад баярладаг. Арваад жилийн тэртээгээс Завхан аймагт Л.Лхагважав багшийнхаа нэрээр шавь нар нь анх үүсгэн санаачилсан эх хэлний олимпиад байна. Одоо бол эх хэлний боловсролыг дэмжих “Үлэмж эгшиглэн” сан нэртэй болж өргөжөөд үйл ажиллагаа явуулж байгаа. “Шинэ Ази” групп жил болгон хөрөнгө мөнгөөр ивээж бараг л улс орон даяар хамрах төлөвтэй өргөжиж байгаа энэ нэр хүндтэй олимпиадыг дэмжиж олон эрдэмтэд, олон зохиолчид нэгдэж байгаа нь сайхан санагддаг. Ийм санаачилга, нийгмийн хариуцлагын арга хэлбэрээс бизнес эрхлэгчид минь санаа аваасай. Үр хойчдоо оруулж байгаа том хөрөнгө оруулалт энэ шүү дээ.

Олон жилийн өмнө Хамарын хийдийн шамбалд та бичгийн хүнийхээ хувьд хийлгэсэн мөнгөн үзэг дээрээ суулгасан жижиг очир алмаазыг гээчихэж байсныг санаж байна. Та гээсэн үнэт чулуугаа тэгтэл үгүйлэхгүй бараг тэрхүү шамбалд гээсэндээ бэлгэшээгээд байгаа юм шиг харагдаж байсан л даа. Одоо тэр үзгээрээ бичиж байгаа юу?

-Бичилгүй яахав. Тэр үзгэн дээр минь нэг багшийн минь хайрласан зургаан ширхэг алмаазыг урлуулан суулгуулсан юм л даа. Тэгээд Хамарын хийдийн салхиар аравнайлуулах санаатай авч очоод тэр Шамбалын зүрхэн хэсгийн хүрэн хайргатай хэсэгхэн газарт нэгийг нь унагаж орхисон хэрэг. Тэгээд л

Архиа хуваагаагүй ч ноён гэгээнтэнтэй

Алмаазаа хувааж сэтгэл халамцав… гэж бичээд буцсан. Бид чинь бэлэг дэмбэрэл, ерөөл бодож явдаг улс. Тэнд үлдээсэн ширхэг алмаазаараа дамжуулж ноён гэгээнтний адис жанлавыг байнга авч байдаг энэ ээ тэрээ гэж өөртөө бол их хөөрцөглөнө шүү дээ.

Одоо та хэнийг уншиж байна. Ер нь энэ дашрамд уншигчдад сонголтын тухайд зөвлөөч…

-Яг одоо бол судлаач, бясалгагч Друнвало Мельхиседекийн “Амьдралын цэцгийн эртний нууц” хоёр ботийг эргүүлж сууна. Сонин сайхан ном юм. Ер нь жаахан зав гарвал орчуулагч Б.Батаагийн орчуулсан “Зэн буддизм” хоёр дэвтрийг харж суух дуртай. Уншигчдадаа хандаж зөвлөхөд XX зууны зохиолчдын бүтээлийг унш. Тэнд эх хэл минь бүтэн байгаа. XXI зууны зохиолчдын бүтээлийг унш. Тэнд оюун санааны хил чинь байгаа гэж хэлье.

Ингэхэд та хэнийг их сонсдог вэ. Уран бүтээл, амьдралын замдаа…

-Дотоод хүнээ чагнадаг. Зөн совингоо юу айлтгахыг л их чагнадаг.

Та бол ойр дөт байдаггүй хүнд бол ихэнхдээ бодлогоширсон, магадгүй дүнсгэр ч гэмээр нэгэн харагддаг. Таны инээмсэглэлийг хэрхвэл олж үзэх бол?

-Өөрийнхөөрөө л намбайгаад алхаж яваа гэж бодох юм. Тэгж харагддаг юм байх даа. Олдмол дүр төрхөнд угаасаа дургүй. Тэнгэр бурхан анх л нэг хэвэнд цутгаж гаргасан. Өөтэй ч бай, өнгөтэй ч бай тэр хэв төрхөөрөө бөмбөрч яваа л гэж итгэх юм. Инээмсэглэлийн тухайд бол хамгийн сайхан инээмсэглэл минь хэдэн номон дотор минь байж магадгүй.

Аав тань олон хүнд амьдрал бэлэглэж ирсэн нэгэн гэж та дурдлаа. Ер нь удам судрынхаа талаар ярихгүй юу?

-Аавын минь тал гэвэл буурай аав минь товхийсэн дархан хүн байсан. Аавын минь удам сударт эрдэмтэй сайн маарамба, зураач бий. Харин ээжийн минь талд увдистай лам, шүлэгчид л бий. Ямар сайндаа өнөөдөр ч гэсэн нутгийнхан манайхныг “Буга унадагийнхан” гэж хочилж битүүхэндээ шоолсоор байх вэ дээ. Ээжийн минь талд их цэцэн худлаа ярьдаг хүн байж л дээ. Хангайн бугыг барьж авч унаад нутгаараа тойрч ан хийж элдэв дээд болсон гээд л олон дэгс хууч, домог үлдсэн байдаг. Унаж тустал худлаа ярьдаг. Тэгэхдээ их хурц тод дүрслэлтэй, бүр заримыг ньгайхмаар уран цэцэлж шүлэглэж хэлсэн байдаг. Энэ ч бас ер бусын л явдал шүү дээ. Би бол харин ч энэ нэрэнд дуртай байдаг. Би ч бас яаж зүгээр байхав. Бас “цэцэн залаад” л яваа хүн шүү дээ. (инээв) А.Гомбоо гэж нагац ах минь билиг авьяастай хүн байсан. Малчин хүн байсан л даа. Жаахан тордоод өгсөн бол сайн найрагч болох байсан. Зохиолч, яруу найрагчийн авьяас гурав дахь үе дээрээ гарч ирж уламжлагддаг гэдэг үг бий шүү дээ. Тэр цэцэн худалч өвгөөсөө л жаахан юм авч дээ гэж сүсэглэдэг дээ.

Таны яруу найргийн сэдэв бол дорно, түүний халуун амьсгаа байдаг…

-Дэлхий ертөнц минь магнай дундаа ганц билгийн мэлмийтэй энэ тэр гэж боддог. Тэр нь дорно гэж өөрөө өөртэйгээ хөөрнө. Дорно бол бидний оршихуйн тиг нь ч гэж бас боддог. Хүн төрөлхтний мөнх оршихуйн нууцыг хадгалагч ч гэж итгэдэг.

Дорно бол том сэтгэгч. Бүр нарийсган яргаж ч сэтгэдэг сэтгэгч. Бүр энгийн жишээ авбал мөхсөн ертөнц сарыг мөнгөн ордон болгож сэтгэнэ. Мөнгөн ордон дотроо туулай амьдруулж сэтгэнэ. Бүр туулайн зүрхэнд жаахан гуниг байгаагаар ч сэтгэнэ. Гоё байгаа биз дээ. Энэ оршихуйгаа яруусгаж, утга уянга оруулж л харахгүй юм бол ер бидний оршихуй юу байх байсан бол. Хүн төрөлхтөн ч гэсэн бие биенээсээ гэрэл гэгээ л олж харах гэж эрмэлзэж тэмүүлж байдаг шүү дээ. Дорнын томъёо үйлчилж байгаа нь л тэр юм. Энэ хорвоод сүүдрээсээ гэрэл нь том харагддагийн нууц нь дорно бүтэн байгаа болохоор тэр гэж итгэдэг шүү.

Ертөнцийн гоо сайхан нь юу юм бэ.Таны ойлголтоор…

-Ертөнцийн гоо сайхан нь хүмүүн л шүү дээ.Та бид л шүү дээ.

Ярилцсан Э.ЭНЭРЭЛ