Categories
мэдээ цаг-үе

Ц.Батдорж: Монополь импортлогчдод хамаг лангуугаа өгөөд, үйлдвэрлэгчдээ цөөхөн лангуун дээр зодолдуулаад байж болохгүй

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Батдоржтой ярилцлаа.

-Танай холбоо байгуулагдсанаасаа хойш баялаг бүтээгчид рүү чиглэсэн яг ямар бодитой ажил хийсэн бэ?

-Манай холбоо өнгөрсөн оны зургадугаар сард байгуулагдсанаасаа хойш баялаг бүтээгчдийг дэмжиж ажиллаж байна. Гишүүдийн маань тоо 30 мянга давчихсан. Холбооны хувьд иргэдэд үндэсний бүтээгдэхүүнээ дэмжсэн сэтгэлгээг суулгах зорилготой. Жижиг дунд бизнес эрхлэгчдийг төр засгаас бодлого шийдвэрээр дэмжиж ажиллана гэдэг. Энэ амлалт, уриаг ажил болгоход анхаарлаа хандуулаад эхэлчихсэн. Он солигдох мөчид Засгийн газар нэг тогтоол гаргасан. Сум хөгжүүлэх санд орон нутгийн долоон гишүүн бий. Түүнд нь засаг захиргаанаас гадна иргэдийн төлөөлөл гэж гурван хүн байдаг юм билээ. Тухайн орон нутгийн захиргаанд голлох нөлөөтэй улс төрийн намын бодлогоор л асуудал шийдэгдээд явдаг байсан бол Засгийн газрын тогтоол гарснаар байдал эрс өөрчлөгдсөн. Баялаг бүтээгчдийг сангийн хөрөнгийг захиран зарцуулах эрхэд квотоор оруулж өгөхөөр болсон. Энэ бол маш том бодлого. Баялаг бүтээгчид сум хөгжүүлэх санд орчихоор жинхэнэ юм хийдэг хүмүүс нь төрийн бодлогоор дэмжиж байгаа хүү багатай зээлд хамрагдах боломжтой болсон гэсэн үг. Хяналтын зөвлөлд нь ч баялаг бүтээгчдийн төлөөлөл багтсан. Тухайн жилд төсөвлөсөн мөнгийг хэрхэн зарцуулж байгаад баялаг бүтээгчид хяналт тавьдаг болсон нь олзуурхмаар тал. Баялаг бүтээгчдээ ингэж бодитоор дэмжээд явбал импортын барааны урсгал аажимдаа багасна.

-“Мишээл экспо”-той холбоотой гомдол танд байгаа гэл үү?

-Би “Элгэн сэтгэл” гэдэг компанийн захирал, “Коко десерт” хүнсний үйлдвэрийн гадаад худалдааа, харилцааг нь хариуцдаг хүн. “Мишээл экспо”-д болж байгаа цагаан сарын үзэсгэлэнд оролцож байгаа юм. Метр квадрат нь 50-55 мянган төгрөг байгаа нь өндөр үнэ. “Мишээл экспо”-гийн хувьд төр засаг, бизнес эрхлэгчдийн дэмжлэгээр хэрэглэгч олонтой болсон. Тэгээд эцэст нь талбайнхаа үнийг өндрөөр тогтоож, талбай түрээслэхээр гэрээ хийсэн хүмүүстээ шударга бусаар хандаж байна.

-Үзэсгэлэн худалдаанд орж байгаа компаниудын хувьд бүтээгдэхүүнээ зараад ашиг олж байгаа. “Мишээл экспо” ч хөрөнгө зарж барьсан барилгынхаа талбайг дажгүй үнээр түрээслэх нь зүйн хэрэг биш үү?

-Шууд түрээс үйлчилгээний хөлс ярилаа гэж ойлгож болохгүй л дээ. Цаана нь бодлогын шинжтэй зүйл бий учраас яриад байгаа юм. Хүнс, хөдөө аж ахуйн яам өнгөрсөн жил “Монголд үйлдвэрлэв, миний хэрэглээ” гэсэн цагаан сарын үзэсгэлэн яармагийг “Мишээл экспо” дээр зохион байгуулсан юм. Тэр арга хэмжээний түрээсийн мөнгийг “Мишээл экспо”-д төрөөс зуун хувь өгсөн. “Мишээл экспо” төрөөс мөнгө авчихаад буцаагаад том компанид давхар түрээсэлсэн баримт, нотолгоо нь надад байгаа. Төрөөс ийм дэм авчихаад том компаниудад зай талбайгаа харамгүй өгдөг хэрнээ яг баялаг бүтээж байгаа жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг ойшоохгүй тал анзаарагддаг. Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө гээч л болоод байна. Ямар байхад нь хэн дэмжлэг үзүүлж, үйлчлүүлэгч олонтой болголоо гэдгийг бодолцох учиртай. Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо энэ онд гадаад, дотоодод зохиогдох үзэсгэлэн яармаг худалдаанд оролцох, зохион байгуулах ажлын хэсэг гэж байгуулсан юм. Ажлын хэсгийн ахлагч нь би. Тийм учраас энэ сэдвийг хөндөхөөс өөр арга байсангүй. Миний хувьд ажлынхаа үүргийн дагуу “Хүннү молл”, “Дүнжингарав” гэх мэт худалдааны төвүүдэд нийтдээ 67 павильон ажиллуулж байна. Гэтэл “Мишээл экспо” дээр өнөөдөр (өчигдөр) том маргаан гарлаа. “Мишээл экспо” дээр “Коко десерт” компани гэхэд л лангуугаа аваад түрээсээ төлчихсөн. Өглөө яваад очтол компанийн хаягийг хуулаад хаячихсан, хойд хөршөөс “Алейка” гурилыг импортоор оруулж ирдэг компанид өгчихсөн байх жишээтэй. Өөр компанитай давхар гэрээ байгуулсан гэсэн үг. Мэдээж лангуу түрээслэх өчнөөн хүсэлт ирэх нь тодорхой. Уг нь үзэсгэлэнд байнга оролцсоор ирсэн компаниуд давуу эрхтэй гэсэн зарлал “Мишээл экспо”-гийн хаалганы гадна байна лээ. Тэр дагуу нь “Коко десерт” талбай түрээсэлсэн хэрэг л дээ. Азаар өөр нэг компани лангуугаа ашиглахааргүй болж асуудал эерэгээр шийдэгдсэн. Гэхдээ нэгэнт гэрээгээ хийчихсэн үндэсний үйлдвэрлэгчтэйгээ ингэж харилцана гэдэг таагүй хандлага. Ганц “Коко десерт” ч биш хэд хэдэн компани дээр ийм асуудал гарсан.

-Монголд үйлдвэрлэсэн зарим бүтээгдэхүүний чанар ярих юмгүй сайн. Гэхдээ ааруул нь чихэр орлуулагч, гурилтай, эсгий углааш, оймс төдийгөөс хэтрэхгүй байна гээд сул тал ч ихтэй. Энэ тал дээр танай холбооноос анхаарч ажиллаж байгаа юу?

-Ийм шүүмжлэл байгааг үгүйсгэхгүй. Манай холбооноос “Монголд үйлдвэрлэв” гэсэн шошготой бүтээгдэхүүнийг чанартай болгох тал дээр анхаараад эхэлсэн. Наад захын жишээ гэхэд л ETV телевизээр тусгай нэвтрүүлгүүд бэлтгэн цацаж байгаа. Үйлдвэрлэл явуулдаг хүмүүсийн ажлыг газар дээрээс нь сурвалжилж байна.

-Сурталчлах бол нэг хэрэг. Чанарыг нь сайжруулахын тулд яг ямар ажил хийж байна?

-Өрсөлдөөн ихэсч байж чанар сайжирна. Ааруулыг гурилтай, чихэр оруулагчтай хийж байгаа жишээ бий. Арваад жилийн өмнө бол ааруул дан гурил байсан. Харин одоо бол ихэнх ааруул гурилгүй болсон. Учир нь ааруул хийдэг хүмүүс олширсон. Өрсөлдөгчид нь олшроод ирэхээр хэн ч гэсэн зах зээлээ алдахгүйг бодоод бүтээгдэхүүнээ чанаржуулна. Манай холбооны хувьд өрсөлдөөнийг ихэсгэх, шинээр бизнес эрхлэх сонирхолтой, чанартай төсөлтэй хүмүүсийг дэмжих бодлого барьж байна. Бодлого хэрэгжээд эхлэхээр бүтээгдэхүүний чанар, нэр төрлийн хувьд аажимдаа сайжраад ирнэ. Төр, холбоодын зүгээс бодитой ажлууд хийгээд тодорхой хугацаа өнгөрөхөд шийдэгдэх асуудал. Жишээ нь томоохон худалдааны төвүүдэд ирэх жил болох үзэсгэлэн худалдааг манай холбооны зүгээс бүтэн жилээр нь авах төлөвлөгөөтай ажиллаж байна. Тэгж байж сонголт, өрсөлдөөн гэдэг юм гарч ирнэ. Хулхи, чанаргүй бараа бүтээгдэхүүн хийдэг нь аяндаа шахагдана. Холбооны зүгээс ч гэсэн үзэсгэлэн худалдааныхаа нэр хүндийг унагахгүйн тулд оролцож байгаа компаниудынхаа бүтээгдэхүүнд тавих хяналт босгоо өндөрсгөх нь ойлгомжтой. Ер нь хүнсний салбарын хувьд харьцангуй сайн хөгжсөн. Нарийн боовны нэг жижиг компани гэхэд л 47 төрлийн бүтээгдэхүүн хийж байна шүү дээ. Санхүүжилт талаас нь бага хүүтэй зээлээр төрөөс дэмжээд өгвөл экспорт хийх боломж ч байна.

-Гурилаар бүтээгдэхүүн хийдэг компаниуд экспортод бүтээгдэхүүн гаргана гэхээр нарийн боов, жигнэмэг лав биш байх. Монголын гэсэн онцлогтой, брэнд болчихоор шинэ бүтээгдэхүүн гаргах боломжтой гэсэн үг үү?

-Боломж бий. Жишээ нь арвайн гурил байна. Уламжлалт анагаах ухаанд өргөн хэрэглэдэг байсан юм билээ. Нацагдорж хамба гэхэд л уламжлалт анагаахын эмч нартай хамтарч ажиллаад бүтээгдэхүүн гаргаж ирэх хэрэгтэй гэж зөвлөж байна. Арвайн гурилаар бүтээгдэхүүн хийж экспортлох санаа нь бол гарсан, судалгаа нь үргэлжилж байгаа. Брэнд гэж яригдахаар бүтээгдэхүүн байж чадна. Гэтэл арвайн гурилыг өнөөдөр бор еэвэнд л хэрэглэж байна.

-Жижиг, дунд үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдийн өмнө тулгараад байгаа хамгийн хэцүү асуудал гэвэл та юуг онцлох вэ?

-Бизнес эрхлэгчид зээлээр амьдардаг. Зээлийн хүү хорин хувь аль хэдийнэ давчихсан. Юм хийж бүтээхээр зориглосон хүмүүсийг сөхрөөж байгаа гол зовлон энэ. Хөнгөлөлттэй зээл гэж алга.

-Жижиг дунд үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээл олдох боломж харин ч өндөр биш үү?

-Харин ч хэцүү гэдгийг “Коко десерт”-ээр жишээлье. Хоёр жил дараалан материалаа өгсөн. Хоёр жил дараалан хасагдаад байна.

-Ямар шалтгаанаар…?

-Хамгийн доод талдаа тавин сая төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэй, тавин хүнийг ажлын байраар хангасан, өр зээлгүй, ажлын байр нь заавал өөрийн байх, экспортод бүтээгдэхүүн гаргадаг гэх мэт шалгууртай. Ихэнх компанийн хувьд өр, зээлтэй байдгаас эхлээд бүдрэх босго олон л доо. Гэхдээ “Коко десерт”-ын хувьд бүх шаардлагыг нь хангачихаж байгаа юм. Танайх түрээсийн байранд байгаа юм байна гэсэн шалтаг хэлээд хасах жишээний. Гэтэл манай компани шинэ байр бариулж байгаа. Хөнгөлөлттэй зээл ийм үл ялиг шалтгаануудаас болж үйлдвэрлэгчдэд хүрдэггүй зовлон бий.

-Танай холбооны гишүүдийн гол зовлон зээлийн өндөр хүү юү?

-Тийм ээ, гол асуудал нь өндөр хүүтэй зээл болоод байна. Үйлдвэрлэгчдийн хэн нь ч засгаас зүгээр мөнгө авъя гэж ярьдаггүй. Хөнгөлөлттэй зээлээр дэмжээд өгөөч л гэж хүсдэг. Зээлийн баталгаан дээр бас дэмжлэг хүсдэг. Танил талтай, хөрөнгө мөнгөтэй нь дажгүй нөхцөлтэй зээл аваад явчихдаг. Танил талгүй нь хэцүүхэн дээ. Өрхийнхөө хүрээнд л эргэлдээд байна. Энэ хэсгийг дэмжихийн тулд холбооныхоо дэргэд бизнес эрхлэгчдийг дэмжих сан байгуулахаар ажиллаж байгаа. Үзэсгэлэн худалдаануудыг сайн зохион байгуулбал энэ сангийн санхүүжилтийн том эх үүсвэр болох юм. Үндэсний үйлдвэрлэгчдээ “Мишээл экспо” гэх мэт хувийн хэвшлийнхэн ч дэмжих ёстой. Цөөн хэдэн томоохон монополь импортлогчид хамаг лангуугаа өгөөд, бусдыг нь цөөхөн лангуун дээр зодолдуулаад байж болохгүй л дээ. Хэнд ч мөнгө хэрэгтэй. Гэхдээ улсынхаа ирээдүйн хөгжлийн төлөө хийж бүтээж байгаа бизнесүүдээ дэмжих л учиртай. Боловсролын яам гэхэд л “Коко десерт”-эд “Танайх туршлагатай газар. Бид Үдийн цай хөтөлбөрөө Үдийн хоол болголоо. Сонгон шалгаруулалтад оролцоорой” гэсэн урилга ирүүлэх жишээний. Иймэрхүү хандлагын дэмжлэг л үндэсний үйлдвэрлэгчдэд хэрэгтэй байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *