Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Батчулуун: Боксоор хичээллээд хуураа орхих дөхсөн DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС…


Морин хуурын чуулгын уран сайхны удирдагч, ардын жүжигчин Цэндийн Батчулуунтай уулзаж ярилцлаа.


-Та амьдралдаа хэдэн хуур сольсон бол. Хүмүүст их сонин байх?

-Гурван хуур сольсон байдаг юм. Хөгжимчин хүний гол зэмсэг сайн хөгжим гэдэг нь тодорхой. 1969 онд есдүгээр ангиа төгсөөд хуучнаар ЗХУын харьяанд байсан Узбекстанд Монгол Зөвлөлтийн залуучуудын гуравдугаар их наадамд оролцоор болсон. Тэгэхэд хөгжмийн нэрт мастер Бууран гуай 1000 төгрөгөөр хуур хийж өгсөн.

-Тухайн үеийн 1000 төгрөг гэдэг их мөнгө шүү?

-Тэгэлгүй яахав. Аав маань барилгын эдийн засагч, ээж оёдолчин. Тэр хоёр тухайн үед хүүдээ том хөрөнгө оруулалт хийсэн байгаа юм. 1967 онд морин хуур ширэн цартай болсон. Дараа нь ширэн цартай морин хуурыг Зөвлөлтийн хөгжмийн том мэргэжилтэн модон цар, хөглөгөөтэй болгосон. 1981 онд намайг сургуулиа төгсч Улсын ардын дуу бүжгийн чуулгад морин хуурчаар ороход Бууран гуай “Морин хуур чинь одоо чамд хуучдана” гээд дахин нэг хуур хийж өгсөн юм. Энэ хуураар би 1989 он хүртэл есөн жил хуурдсан. 1989 онд 100 морин хуурч цугласан наадмын өмнө гурав дахь хуураа хийлгэсэн. Тэгэхээр морин хууртай хувь заяагаа холбосноос хойш 40 гаруй жилийн хугацаанд гурван хуур сольжээ.

-Багадаа хуурч болно гэж боддог байв уу. Морин хуур хөгжимтэй хувь заяагаа холбосон тухайгаа ярихгүй юу?

-Манайх барилгачдын орон сууцанд аж төрдөг байв. Манай байранд нэрт жүжигчин С.Гэндэн гуай (“Үер” киноны Болд өвгөн), хөгжмийн зохиолч Ё.Сүхбаатар, тухайн үед их нэрд гарч байсан Ардын дуу бүжгийн чуулгын хөөмийч, Дэлхийн залуучууд оюутны анхдугаар наадмаас анхны алтан медалийг эх орондоо авчирч байсан Чимэддорж зэрэг хүмүүс байдаг байв.

-Таныг чинь бокс, чөлөөт, үндэсний бөхөөр багадаа хичээллэдэг байсан гэж сонссон юм байна?

-1964 онд Ардын хувьсгалын 43 жилийн ойгоор уран гимнастикийн тамирчин байж 45 хоног хичээллэн наадмын үзүүлбэрт оролцож байлаа. Энэ үед Баатархүү гэж манай дээд ангийн хүүхэд Хөгжим бүжгийн дунд сургууль гэж маш гоё сургууль байдаг гэж хэлсэн. Тэгээд л орчихсон.

-Анхны багш ямар хүн байв?

-”ХХ зууны шилдэг морин хуурч” Г.Жамьян багш. Тэрхүү авьяас билэгт хүнтэй таарсан минь хувь заяа юм даа.

-Чөлөөт бөх, боксоор хичээллэж байсан тухайгаа ярихгүй юу?

-Хүүхэд байхад янз янзын юм оролдоно. Хөгжим бүжгийн сургуульд биеийн тамирын багш гэж байхгүй байж байгаад 1967 онд Далхаагийн Ганболд гэж боксын олон улсын шүүгч, спортын мастер хүн ирлээ.

-Биеийн тамирын багшаар уу?

-Тийм ээ. Ингээд Хөгжим бүжгийн сургууль дээр боксоор хичээллэх хүүхдүүдийн дугуйлан нээгдэж, тухайн үедээ нэр алдартай байсан Алтанхуяг, Олзод, Батхуяг зэрэг боксын шилдэг тамирчид ирж манай сургуулийн спорт зааланд бэлтгэл хийдэг байсан. Би ч хамт бэлтгэл хийж 1969 онд Майн 80 жилийн баярт гуравдугаар байрт шалгарч байлаа.

-Хэдэн кг-ын жинд вэ?

-51 кг.

-Гуравдугаар байр эзэлнэ гэдэг бас шаггүй байж ээ?

-Үгүй яахав дээ. Тухайн үедээ гайгүй тоглочихдог байсан хэрэг л дээ.

-Цаашаагаа урамшаад боксоороо яаж дагначихаагүй юм бэ?

-Морин хуураасаа хөндийрчих шахсан юм байлгүй. Нэг өдөр Хөгжим бүжгийн сургуулийн багш Дарьзав гэж хүн Г.Жамьян багшид “Энэ Батчулуун гэдэг нөхөр чинь морин хуур тоглуулах биш, нохой хуцуулдаг болж” гэж хэлсэн байгаа юм. Тухайн үед Г.Жамьян багш дуурийн театрт хөгжимчнөөр оччихсон байсан. Энэ хоёр жилийн хугацаанд би боксын рингэн дээр ханхалзаж хуураа орхихоо алдахгүй юу.

-Чөлөөт, үндэсний бөхөөр хичээллэхдээ ямар амжилт үзүүлэв?

-Би чинь чөлөөтөөр ч тэр, үндсээр ч тэр барилдаад дөрөвдүгээр байраас дээш гарч үзээгүй. Хоршоолол нийгэмлэгийн чөлөөт бөхийн идэрчүүдийн улсын аваргад оролцоод дөрөвдүгээр байрт шалгарч байсан. Хөгжим бүжгийн сургуулийнхаа үндэсний бөхийн аваргад орж барилдаад шөвгийн дөрөвт үлдээд унасан. Харин шатар бол сайн тоглоно. Тавдугаар зэрэгтэй. Шатрын спортын мастер Пүрэвжав гэж багшийн шавь байлаа.

-Б.Бат-Эрдэнэ аваргатай дотно нөхөрлөдөг, хуурыг нь хөглөж өгдөг гэж сонссон?

-Энд нэг сонирхолтой түүх сөхөхөд 1991 онд Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор Б.Бат-Эрдэнэ аварга их шөвгийн дөрөвт үлдээд том П.Сүхбатад уначихдаг юм. Өмнө нь улсад гурав дараалан, Монголын нууц товчооны их ойг оролцуулаад дөрөв дараалан түрүүлчихсэн. Жинхэнэ босоо байсан үе. Ингээд аваргыг шөвгийн дөрөвт уначихсаны дараа гэрээр нь очлоо. Тийм юм чинь ёстой эвгүй юм билээ. Аваргад “Одтой сайхан барилдсанд баяр хүргэе” гээд хэлчихэж болдоггүй. Ямар “Залуу бөхөд сайхан уналаа. Одоо яая гэх вэ” гэлтэй нь биш. Аварга тоймтой үг дуугарахгүй. “Та айраг уу” л гэх. Аваргад юугаар тусалж, сэтгэлийг нь зөөллөж болох вэ гэдгээ бодсон. Надад чадах л юм хуурыг нь хөглөх. Ингээд дараа жил нь буюу 1992 оноос 2002 он хүртэлх хугацаанд аваргын хуурыг наадмын өмнө хөглөж өгч, аварга тухайн жилийн наадмуудад өнгөтэй сайхан барилдан дандаа түрүү авч байлаа. Гэхдээ хуурын сайхан аялгуугаар тэр хүний сэтгэл хөглөгдөж байсан болохоос биш хуурдуулаад түрүүлээд байсан гэвэл үнэмшилгүй хэрэг болно.

-Бид хоёр бөхийн тухай, спортын тухай багагүй ярилаа. Эргээд үндсэн яриандаа оръё. Манай чуулга хөгжмийн зэмсгээр хэр баялаг вэ?

-Хуучин бол хөгжмийн үйлдвэр гэж байлаа. Одоо тийм үйлдвэр байхгүй ч гэсэн морин хуураас бусад хөгжим болох лимбэ, бүрээ, бишгүүр зэргийг Монголдоо хийж байгаа.

-Гадаадаас хөгжим авдаг уу?

-Авна. Хөгжим хийдэг модыг нь хүртэл авна. Жинхэнэ сайн хөгжмүүдээ ихэвчлэн өөрийнхөө хөгжмийн мастеруудаар хийлгэдэг. Гадаадад бол маш чухал модоор хийсэн ховор хөгжмийн зэмсгээ харуул манаагаар мануулдаг юм билээ. Тэгэхээр хөгжим гэдэг маш үнэтэй. Их нарийн байгаа биз.

-Морин хуурын чуулгаа дэлхийн орнуудад удирдахад өөрөөрөө, эх орон, түүх соёлоороо бахархах сэтгэгдэл ямагт төрдөг байх?

-Тэгэлгүй яах вэ. Сэтгэл ихэд хөдөлнө, омогшино. Омогшихын зэрэгцээ бас атаархал төрнө.

-Юунд тэр вэ?

-Нуулгүй үнэнийг хэлэхэд, морин хуур юм уу, сонгодог хөгжим тоглуулах мэргэжлийн танхим манайд одоогоор алга. Бид дэлхийн олон орны тайзан дээр тоглож байлаа. Тийм өндөр зэрэглэлийн тайзан дээр гарахад шал өөр. Ширүүн ч алхаж болдоггүй. Хөгжимчдийн хөгжимдөө хандах хандлага хүртэл өөр болчихдог. Жаахан хөдөлбөл бүх юм дуугарчих гээд. Шумуул нисэхэд мэдрэгдмээр. Ийм үед чуулгаа удирдаад тоглуулж байхад ямар аз жаргалтай байдаг гэж санана.

-Олон орны тайзан дээр тоглож байсан. Барьц алдаж байсан тохиолдол бий юу?

-Байлгүй яахав. Японд Кюүшюү Шанхайн оркестрыг жинсэн өмд, пүүзэн гутал өмсчихсөн дохисон минь санаанаас гардаггүй. Том том цохиур хөгжмүүд өмнөөс данайгаад. Дээр нь энгийн хувцастайг хэлэх үү. Эхлээд нэг дохитол “Титаник” онгоц яаж сүрлэг дуугардаг билээ. Түүн шиг нүргэлээд явчихдаг юм. Би бараг хэсэг хугацаанд ухаан алдсан байх. Үнэхээр барьц алдаж мэргэжлийн том хүмүүсээс уучлалт гуйж байлаа. Харин маргааш нь тоглуулахад дээл хувцсаа өмсөөд өөр болчихсон. Ямар сайндаа манай Н.Жанцанноров “Чи чинь хоёр зүрхтэй юм уу. Өчигдөр нэг хачин юм байсан. Өнөөдөр шал өөр байна” гэж байхав дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *