МАНЛАЙЛЛЫН СУРГАМЖ -1
Монголд буцалж буй нийгмийн бухимдлын олон шалтгааны углуурга нь улс төр. Юм мэдэх олон хүн ардчиллыг буруушааж, зарим нь “ардчилал шиг Монголд тээр болж буй юм алга” хэмээн шогшрох аж. Бусдыг ил нээлттэй шүүмжлэх, зарим талаар бахаа ханатал муулан гүжирдэх энэ “эрх чөлөөг” өөрийг нь чухам “ардчилал” гэдэг билээ.
Гэвч ардчилал нэрийн дор, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх малгайн дор бусдын нэр төр (заяамал), алдар хүнд (олдмол), эрхэмсэг оршихуйд хамгийн хүнлэг бусаар халдан довтлогчид эх оронд минь язганаж байна.
Цахим ертөнцөд үзэл бодлоо илэрхийлэгч олон ч хүн ардчиллыг үгүйсгэх, нэг хүний дангаар ноёрхлыг хүсэмжлэх, Монголыг хатуу гараар удирдах талаар хаа хамаагүй номлол ишлэх болов. Ердөө л мэдээллийн хүчирхийлэлд дулдуйдсан орчинд хэт туйлширмал явцуурхлыг хуурай өвсөнд тавьсан түймэр мэт газар авахуулахыг хүсэгчид олон болж.
“Жаргалтай газар хүн тогтдоггүй, өвстэй газар мал тогтдоггүй” гэж ардын үг бий. Зарим хүмүүсийн хүсдэгчлэн ардчиллыг хумиад, улс орныг хурдтай хөгжүүлэхийн төлөө нэг хүн, эсвэл нэг хэсэг бүлгийн хүчтэй нударганд Монголоо өгвөл одоо байгаагаасаа улам бүр доройтох хүний нийгмийн зүй тогтлыг ойлгоогүй хүн их байна. Мэддэг ч эс мэдэгчийн дүр эсгэх нь цөөнгүй аж.
“Монголчуудад хатуу гар хэрэгтэй, сахилга бат хэрэгтэй” гэж онолдох хүмүүс байхад, “зарим нэг муухай улстөрчдийг ил цагаан цаазалж байж улс орон цэвэршинэ” гэж хүчирхийлэлд уриалах хүн ч байна.
Монголд сахилга бат хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Тэр нь хуулийн засаглал. Ард түмний нүдэн дээр л дээрэмчид илт олшроод байхаар иргэдийн ундууцал хөдөлж, ямар нэгэн хүч хэрэглэсэн үйлдэл хийхээс буцахгүй болж буйг сайтар ойлгож байна. Гэлээ гээд “нуухаа авах гээд нүдээ сохлолтой биш”.
НЭГЭН ТҮҮХ ХУВААЛЦЪЯ
Өмнөд Америкийн испани хэлтэн орнуудын нэг болох Доминиканы Бүгд Найрамдах Улсад 1930 онд шинэ Ерөнхийлөгч тодров. Тэр бол Рафаэл Леонидас Трухио Молина (Rafael Leуnidas Trujillo Molina) гэгч Америкийн цэргийн флотод бэлтгэгдсэн доминикан офицер байв.
Трухио 1894 онд мэндэлсэн жирийн нэг ард гаралтай, ясны бэлтгэгдсэн цэрэг байлаа. Америкчуудын бусдыг эдийн засгийнхаа хараанд байлгах гэсэн сонирхол, бусад улсын төрийг алсаас удирдах уламжлалт бодлогын явуулгаар мань эр цэл залуугаараа төрийн эрх атгав.
1930-1938 оны хооронд найман жил, дараагаар нь 1942-1952 онуудад нэмж дөрвөн жил засгийн эрхийг барилаа. Харин түүнээс хойш ямар нэгэн хууль ёсгүйгээр шууд л дарангуйлагчийн замналаар 1961 оны хавар хүртэл өөрийн улсыг хараа хяналтдаа нэг мөр эзэмшсэн аж.
Түүний засаглалын жилүүдэд мэдээж нэг хүний хүчтэй гараар бүтдэг зам тээвэр, дэд бүтэц, үйлдвэржилт гээд босох ёстой бүхэн сүндэрлэв. Гэвч түүний далбаан дор цуст дарангуйлал улам бүр лавширч байлаа. Түүний жилүүдэд 50000 гаруй доминикан хүн хайрт удирдагчийнхаа гарт үрэгдэв.
Түүний өлмийг долоогсод Трухиог “Боссын босс” гэж магтан дуулж байхад, тэрний гарт ойр дотныхноо алдсан үзэн ядагсад нь зүгээр л “Ямаа” гэж хочилдог байж.
Ноён Ямааг (Ухна) засаглах жилүүдэд иргэдийн үзэл бодол, үг хэлэх, хэвлэн нийтлэх, эвлэлдэн нэгдэх эрх бүгд хумхын тоос мэт сарнин одов. Түүнийг гарч ирэхээс өмнө ард түмэн нь ардчилагчдыг хүчтэй шүүмжлэн нэг хүний дэглэм л Доминиканы хөгжлийн зам гэж ам уралдан онолддог байж.
Гэвч бодит байдал дээр тэд өөрсдийн сайн сайхныг хамгийн эмгэнэлт харгислал болгох замыг өөрсдөө бүтээснээ ухаарав. Хаа газрын дарангуйлагчид тийм л байдаг. Эхэндээ тэднээс илүү энэрэнгүй, найдвартай хүн гэж үгүй. Эрх мэдэлд хүрснийхээ дараахан тэд хоолойны өнгө, харцаа өөрчилдөг.
Дарангуйлагчдын гарч ирэх, олонд танигдах түлхүүр үгс нь “Ард түмэн”, “Та нарынхаа төлөө үхээд өгсөн ч яахав” хэмээх хайрын туйл, хайлан үгс юм.
Мань Трухиог засаглах жилүүдэд хөрш зэргэлдээх Куба, Некарагуа, Гутемала, Эл Сальвадор, Хондурас, Венесуэль, Колумб, Хайтгийн дарангуйлал юу ч биш байлаа.
Хамгийн сүүлд Трухиогийн төгсгөл маш логиктой өрнөсөн юм. Улс орондоо бүхнийг эзэн мэдэж, дураар аашлах нь өдөр тутмын дэглэм болов. Түүнийг албан тушаалд хүргэхэд хүчин хамтатгаж явсан нөхөд эргээд өөрсдөө Эзнийхээ гарт үрэгдэв.
Трухио бага насны охидыг шөнийн зугаа болгоно. Хүсвэл өөрийг нь шүүмжлэн нийтлэл бичсэн гадны орны судлаачийг хүртэл гэгээн цагаан өдрөөр хулгайлж авчраад өөрийн гараар буудаж хорооно. Түүнийг засаглахаас өмнөх Доминиканы ардчилал, эрх чөлөө яг л зүүд зэрэглээ шиг оргүй хоосон зүйл болсон байлаа. Анх дэмжиж гаргаж ирсэн АНУ хүртэл одоо тэрний эгнэгт дайсан нь болоод амжиж.
Тэр өөрийн дотоодын дайснуудыг нэг нэгээр нь устгаж дуусгаад дараа нь чин үнэнч албатууддаа ичгүүргүйгээр халдаж эхэллээ. Улс төрийн нөлөө бүхий зөвлөхийнхөө охиныг хүчээр эдэлж, хүмүүсийн хайр сэтгэлийн харилцааг өөрийн дураар эрхшээх болов. Хамтрагчийнхаа эхнэрийг нүдэн дээр нь зайдагнаж хэнийг доромжлохыг хүснэ, тэрийгээ санаан зоргоор гүйцэлдүүлдэг болов. Тэр бараг л бурхан болсон байлаа.
Энэ бүхэн түүнийг тойрон хүрээлэгчдэд таалагдсангүй. Түүгээр үл барам түүнийг устгах сэжим болов. Ядах юмгүй тэд Трухиог зайлуулсан юм. Бага насны залуу эмэгтэйг эзэмдэхээр шөнийн цагаар ордноосоо гарч явахад нь отож байгаад автоматаар шүршсэн байдаг.
Энэ бүхний тухай Перугийн зохиолч Марио Вергас Ллоса “Ямаа найр” (The Feast of the Goat) хэмээх түүхэн роман туурвисан нь түүнд Нобелийн шагнал авчирсан байдаг.
Нэг хүний хэмжээгүй ноёрхол ихэвчлэн хар түүх үлдээдэг. Гэгээн цагаан мөртэй ганцаар ноёрхлын жишээ хүний түүхэнд өдрийн од мэт цөөн. Ихэвчлэн хүмүүс аргаа барагдаад ирэхээр хүчээр асуудлыг шийдэх, хурдан шийдэхээ урьтал болгодог.
Харин тэр шийдвэр нь тэдний бүх насны аз жаргалыг үгүйрүүлэх хорлол тээж байдгийг тэр бүрий хүмүүс ухаардаггүй.
Хүмүүс ихэвчлэн амьдралыг хялбаршуулахыг хүсдэг. Харин хялбаршуулсны гор нь харамсал, эмгэнэл дагуулдаг. Тэд ихэвчлэн өөрийн лайг бусдаар үүрүүлэхийг хичээдэг. Харин чиний өмнөөс лайг чинь үүрэх хүн давхар амьдралын чинь баяр баяслыг булаагч байдаг. Тиймээс иргэд өөртөө л найдах ёстой тухай тус номын логик хүүрнэнэ. Тэд өөрийн эрхээ мэдэж, үүргээ хүлээж, хариуцлагатай байдлыг өөрсдөө эхлэх учиртай.
Трухиогийн ижил түүхүүд улс орон бүрт янз янзаар бичигддэг. Харин бид төдийгөөс өдий хүртэл сайлж муулаад ирсэн Монголынхоо ардчиллыг үзэн ядалт, өс хонзон, нийгмээрээ талцсан жөтөөрхөл болговол “Монгол Трухио” мөдхөн гараад ирэхэд гайхах зүйлгүй. Гэвч Монгол хүний саруул ухаан гэж байна даа. Тиймдээ тулахгүй гэж найдана.
Өнөөдрийн Та бидний ам уралдан муулж байдаг, ард түмэн өөрсдөө сонгосон хэдэн улстөрчид ямар хүлцэнгүй, ямар номхон улс байсныг дарангуйлагч гарсан үед л бид илүү ихээр ойлгох шинжтэй. Мэдээж энэ нь тэднийг хаацайлах шалтаг биш.
Ертөнцийн хамаг муу үгийг чулуудаад байхад л тэсээд, тэвчээд, махийгаад байдаг ийм нөхдүүд Монголоос өөр газар олдохгүй л дээ. Одоогийн улстөрчдийг өмөөрч байгаа юм алга.
Хариуцлагагүй, цаг үеэр мэдэрч шинэчлэгддэггүй, эрх мэдэлд дуртай, алсын хараагүй, харалган гээд олон сул талууд ихэнхэд нь бий. Гэхдээ тэдний хэн нь ч дарангуйлагчийн хэмжээний цуст хүсэл тээдэггүй гэж итгэдэг.
Бусдыг ул суурьгүйгээр, харалган зорилгоор муулан хорлож байгаа хүн бүр Монголоо л муухайгаар будаж буй бэртэгчин үйлдэлдээ гэмших ёстой.
Харин эрүүл шүүмжлэл, үндэслэл бүхий шаардлага, ажил хэрэгч санаачилга тэр орон зайд нь цэцэглэж чадвал их олон зүйл сайнаар эргэх юм.
Ашигласан эх сурвалж: The Feast of the Goat
Сүхбаатарын Эрдэнэболд