Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Төрийн шагналт, түүхч Оохнойн Батсайхан: Дархан Монголын эзэд даржин байж боломгүй DNN.mn

Дэлхийн талыг тамгалж, Их Монгол Улсыг байгуулж мандан бадарч явсан Монгол үндэстэн Юань гүрний дараах үед туйлдаа тултал доройтсон байдаг. Гаднын зарим эх сурвалжид “ мөхөж буй үндэстэн” хэмээн тэмдэглүүлтлээ доройтсон Монгол түмэн сэрж, сэхээрч тусгаар тогтнолоо зарласан нь 1911 он. Ингээд уншигч та бүхэндээ өнөөгийн Монгол Улсын Үндэсний эрх чөлөөний түүхэн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Төрийн шагналт, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Оохнойн Батсайхантай ярилцсанаа хүргэж байна.


-1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал явагдах тэр цаг мөчид Монголын нийгэм яг ямар байсан бэ. Хэдэн зуун мянган хүн амьтай байсан талаар эхлээд та товч ярихгүй юу?

-ХХ зууны эхээр амьдарч байсан монголчуудын тоог нарийн гаргасан судалгаа байдаггүй юм. Гадаадын хүмүүсийн барагцаа тоогоор гурван сая монгол байсан гэж бичсэн бий. Үүнд өвөрмонголчуудыг оруулсан хэрэг. Таван зуун мянган хүн амтай монгол гэдэг тоо бол Майскийн номд орсон тоо. Майский 1918 оноос хойш хэд хэдэн удаа Монголд ирэхдээ Богд хааны зарлигаар Монгол даяар явуулсан Халхын дөрвөн аймгийн хүн ам, хөрөнгө, малын тоо бүртгэлийн баримтуудыг эхээр нь авч явжээ. Тэрхүү материалаа орчин үеийн Монгол гэдэг номдоо оруулсаныг хүн бүр мэднэ. Гэхдээ тэрхүү тоо нь Монгол Улсын бүх хүн амыг хамраагүй, зөвхөн Халхын Дөрвөн аймгийн хүн амын тоо гэдгийг дахин хэлье.

-1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал хийгдэх үндсэн шалтгаан нь яг юу байсан талаар хөөрөлдье. Манжийн төр яаж суларч байв. Хятадууд дотроо хагаралдаж , монголчуудад сиймхий гарч ирснийг Монголын үндэсний хувьсгалчид мэдэрч шууд тусгаар тогтнолоо зарласан гэсэн ерөнхий ойлголт байдаг. Тухайн цаг үеийг ингэж харж болох уу?

– XIX зууны дунд, сүүл үеэр дэгдсэн хоёр ч удаагийн хар тамхины дайны улмаас Манжийн Чин гүрний доройтол эргэлт буцалтгүй болсон байлаа. Монголчууд угаас эрх чөлөөг эрхэмлэгч талын язгууртан гаралтай учраас сэтгэлдээ тээсэн үндэсний эрх чөлөөний тэмцлийн очоо бадраах цаг болсоныг мэдэрсэн хэрэг. Иймээс ч Богд гэгээнтэн “Тэнгэрийн цаг болжээ. Эл цаг үед хөдөлж эрх чөлөө, тусгаар тогтнолоо олж, өөрийн газар нутагтаа эзэн суух хэрэгтэй” хэмээн 1909 онд зарлиг буулгасан байдаг. Мөн тэрээр “Миний эл зарлигийг бүх монголчуудад хүргэ” хэмээн даалгасан удаатай.

Үргэлжлүүлэн “Би мэдсэнээ эс хэлбээс та бүхэн миний найман дүрийг шүтсэний хэрэг юун” хэмээн айлдсан байдаг. Ингээд Монголын алтан ургийн ноёд, хутагт хувилгаад лам нар, Өвөр Монголын Хайсан түшмэл, Алмас Очир нар тэргүүлэн Богд гэгээнтнээ тойрч хүрээлэн нэгдэж, үндэсний тэмцэл өрнүүлсэн. Ийнхүү тэд амжилт олж, тусгаар тогтнол, төр улсаа сэргээн мандуулж чаджээ. Энэ бол бүх монголчуудын үндэсний эв нэгдлийн оргил нь байсан гэж хэлж болно.

-Тухайн үед Монголд Богд хаан шиг нэр нөлөөтэй, хөрөнгө чинээтэй хүн байгаагүй учраас халхын ноёд Богдоо өмнөө туг хийсэн үү. 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын гол удирдагч нь Богд хаан мөн үү?

-Тэгэлгүй яах вэ. Өнөөгийн бидэнд эрх чөлөө, тусгаар тогтнол авч ирсэн 1911 оны Монголын үндэсний хувьсгалын удирдагч нь Монголын бурханы шашны тэргүүн, наймдугаар Богд Жавзандамба хутагт гарцаагүй мөн. Энэ тухай тэр үеийн архивын сурвалж баримтууд ч тодорхой өгүүлдэг. 1912 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр Хүрээнд сууж байсан Оросын ерөнхий консул В.Люба Гадаад яамандаа илгээсэн цахилгаан мэдээндээ “Монголыг өнөөгийн эрх чөлөөнд хүргэсэн энэ үйл явдлын тэргүүн зэргийн роль ямар ч эргэлзээгүйгээр Хутагтад оногдоно. Хэзээ нэгэн цагт Монголын сүүлчийн жилүүдийн түүхийг бичих болбол түүхнээ хамгийн аймшиггүй ухаантан ч энэ тухай бодохыг зүрхлээгүй тийм зүйлийг хэрэгжүүлэгч VIII Богд гэгээний зоригтой, шийдвэртэй санаачилгыг талархалтайгаар тэмдэглэх болно” гэж бичиж үлдээсэн байдаг. Энэ бол эргэлзэхээргүй баримт. Түүгээр ч үл барам Богд хаан байгаагүй бол өдийд Хятад Монголыг залгисан байж мэднэ хэмээн Люба нэмж бичсэн байдаг. Богд хаан монголчуудын хувьд оюун санааны удирдагч төдийгүй алтан ургийн ноёд, ар, өвөр монголчуудын нэгдлийг хангаж чадсан, бүх монголчуудад хүлээн зөвшөөрөгдсөн лидер байсан. Иймээс л 1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Монгол Улсын эзэн хаанаар өргөмжлөгдсөн. 1924 оны тавдугаар сарын 20-ныг хүртэл хааны суудалд заларсан нь чухам үнэн.

Монголын ноёд, Богд хаан бүгд энэ цаг мөчийг алдвал хожим гэмшивч барахгүй хэрэг болно гэдгийг сайтар ухамсарлаж, нэгэн зорилгын төлөө нэгдэж чадсаны үр дүн бол Монголын тусгаар тогтнол юм шүү. Үүнийг өнөөгийн залуус, улстөрч хэн бүхэн сайтар тунгаан, цаг ямагт санаж явах учиртай гэж бодож байна.

-1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалд Өвөрмонгол ноёд ямар үүрэгтэй оролцсон бэ?

-ХХ зууны эхээр тусгаар тогтнолын цог анхлан ассан газар бол Хүрээ. Бүр 1900 онд Богд гэгээнтний зарлигаар Шанзав Бадамдорж, донир Цэрэн, Осор нарыг мөнгө зээлэх нэрийн дор Орос улсад нууцаар илгээж үндэсний тэмцэлдээ тусламж дэмжлэг эрж байсан байдаг. 1906 оны орчим Өвөр Монголын түшмэл Хайсан, Алмас Очир нар Их Хүрээнд Харбинаас Хиагтаар дамжин ирэх замдаа засагт ван Цэвэгдорж, орос түшмэл Хитрово нартай зөвлөлдөж байжээ. Улмаар Хүрээнд ирээд Богд гэгээнтэй уулзаж, ноёдын нууц зөвлөгөөн удаа дараа хийсэн нь тодорхой байна. Харин Хүрээнд ирсэн Алмас Очир буцаж, Харбин очоод 1910 оны орчим таалал болж, Хайсан түшмэл бүхий л сэтгэл, хүчээ Монголын тусгаар тогтнолыг сэргээхэд зориулж зүтгэсэн. Тиймээс түүний тухай оросуудын өгсөн тодорхойлолтод бичихдээ Монголын тусгаар тогтнолын төлөө Богд гэгээнийг зоригжуулагч хэмээн бичсэн байдаг. Энэ тодорхойлолтод Орос улсаас тусламж эрэхээр очсон Эрдэнэ дайчин ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд нарын тухай бас бий.

-1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал ялсны дараа ямар учраас Сайн ноён хан Намнансүрэнг Ерөнхий сайдаар томилсон байдаг юм бэ?

-1911 оны арванхоёрдугаар сарын 29-ний билигт сайн өдөр бүх монголчуудын нар гарч, тусгаар тогтнолоо сэргээн, эзэн Чингис хааны байгуулсан гал голомтоо сэргээн бадраасан билээ. Тиймээс Богд хааны зарлигаар Алтан ургийн халхын дөрвөн ханд Манжид дагаар орохоос өмнөх үеийнх нь цолыг эргүүлэн сэргээн олгосон байдаг. Тухайлбал, Түшээт хан Дашнямд “Очирбат сайн” цол, Сэцэн хан Навааннэрэнд “Махасамади далай сэцэн” цол, Засагт хан Содномравданд “Эрдэнэ бишрэлт” цол, Сайн ноён Намнансүрэнд “итгэмжит эетэй эрх дайчин” цол шагнал тус тус олгосон байна. Энэ бол Монголын төрийн тасарсаныг залгаж байгаа гэж хэн хүнд ойлгогдоно. Улмаар таван яамтай Засгийн газар байгуулсны дараа Хенры Вытоны Түмэн улсын албан болон ердийн цаазад заасаны дагуу Ерөнхий сайдын албан тушаал бий болгож, Сайн ноён хан Намнансүрэнг тохоон тавьсан. Богдын хатан Дондогдуламд таалагдсан учраас тавьсан гэж зарим хүмүүс бичсэн байдаг нь цуурхал төдий зүйл. Сайн ноён хан Намнансүрэн бол боловсролтой, засгийн тэргүүний үүргийг тэр бэрх цаг үед дааж чадах ноён болохоо харуулсан гэж бодож байна.

-Богд хаанаас дутуугүй яригддаг нэг нөлөө бүхий хүн нь Шанзав Бадамдорж гэдэг хүн байдаг. Энэ хүн 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалд ямар нөлөөтэй оролцсон бэ. Ер нь дийлэнх нь урвагч гэж үздэг. Гэтэл сүүлийн үеийн түүх шал өөрөөр тайлбарлаад байна шүү дээ?

-Шанзав Бадамдорж бол Богд гэгээнтний үнэнч шавь. Бүр 1900 онд Богд гэгээнтний зарлигаар Орос улсаас тусламж эрэхээр нууцаар явж байсан хүн. 1911 оны Үндэсний хувьсгалын үйл хэрэгт гар бие оролцсон хүн мөнөөс мөн. Хожим 1919 оны сүүлчээр Хятадад дагаар орох бичигт Ерөнхий сайдын хувиар гарын үсэг зурсан учраас тийнхүү түүхэнд бичиж иржээ. Тэрбээр зэгсэн сайн хятад хэлтэй байсан учраас хятад түшмэдтэй шууд нэвтрэлцэж байсан гэдэг.

-1911 оны хувьсгалын үеэр Манж, Хятадын талд урвасан урвагчид байдаг уу. Хувьсгал хийсэн л бол урвагчид байдаг л гэж бодож байна?

-ХХ зууны эхэн үе болоход монголчуудын үндэсний дархлаа сайн байжээ гэж боддог. Өвөр Монгол Манжид дагаар ороод 275 жилийн дараа, Халх Монгол Манжид дагаар ороод 220 жилийн дараа, Зүүнгар буюу ойрадууд Манжид хүчээр эзлэгдсэнээс хойш 155 жилийн дараа үндэснийхээ тусгаар тогтнолын төлөө нэгдэн тэмцэж чадна гэдэг бол ямар их эр зориг, тэвчээр, ухаан зарж чадаж вэ гэдгийн илэрхийлэл гэж бодож байна. Зөвлөлт Оросын нөлөөнд монголчууд 70 жил болсоны дараах өнөөгийн монголчуудын байдлыг аваад үзвэл тэр үеийн монголчуудын үндэсний дархлаа сайн байсан гэдэгт эргэлзэхгүй байж болохоор байна. Чухамдаа тэд хэн нь ч би хаан болно хэмээн өвөр зуураа хэмлэлдэн тэмцэлдсэнгүй. Монгол түмнээ хүлээн зөвшөөрөгдсөн Бурханы шашны тэргүүн Богдыгоо тойрон нэгдэж чадсан байна. Мэдээж урвагч хүмүүс гарч байсан. Түүхэн сурвалжид улсаас урвасан Бээжин одсон ван Доржпаламд ял оноосон баримт хүртэл бий.

-1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын дараа өвөрмонголчуудаа яагаад гээсэн бэ. 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал бүх Монголоо нэгтгэчих боломж байгаагүй юу хэмээн олон ч Монгол халагладаг шүү дээ?

-1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр улсын цолыг Монгол хэмээн тунхаглан зарласан нь нийт монголчуудад хүлээн зөвшөөрөгдсөн Эзэн Чингис хааны байгуулсан улсынхаа цолыг сэргээн авсан хэрэг. Энэ бол бүх монголчуудаа нэгтгэх зорилго агуулж байсаны нэг илрэл юм. Түүнээс гадна Богд хаан зарлиг буулган нийт монголчууддаа нэгдэхийг уриалсан байдаг. Ингээд Өвөрмонголын 49 хошууны 38 нь Богдын соёлд дагаар орохоо илэрхийлсэн баримт архивт байна. Улмаар Богд хааны зарлигаар тэдгээр хошуудын ноёдод тамга шийтгэн олгосон баримт хүртэл бий. Барга газар нутаг хүн амтайгаа Монгол Улсад дагаар орж буйгаа илэрхийлсэн байдаг. Үүнийг Хятад, Орос, Японы зүгээс хүлээн зөвшөөрөөгүй. Үүний улмаас одоогийн Монгол Улсын хилээр өнөөгийн Монгол Улсын газар нутгийг хязгаарласан.

-1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг хийсэн ноёд яагаад бүгд цаг бусаар нас барсан юм бол?

-1911 оны Үндэсний хувьсгалыг хийсэн ноёд цаг бусаар нас барсанд Богдыг хардаж хүртэл бичсэн нь бий. Тухайн үеийн нөхцөл байдлыг авч үзвэл Богд хаанд ханилсан нөхдөө хорлох ямар ч шалтгаан байгаагүй. Энэ бол гаднаас зохион байгуулалттайгаар тухай үедээ монголчуудын дунд шидсэн чулуу. Энэ чулуу зуун дамжин үүргээ гүйцэтгэж, монголчуудыг хагаралдуулсаар байна. Ноёдын үхэлд гадны нөлөө байсан гэдэгт эргэлзэхгүй байна.

-Тэд хэрвээ арван жил амьдраад 1921 оны хувьсгалтай золгосон бол Сайн ноён хан Намнансүрэн, Чин ван Ханддорж нарын оролцоо ямар байх байсан бол. Бодоо, Данзан нарын оронд зогсож байх байсан уу?

-Түүхэнд ингэж үзэхийг хориглосон байдаг. Өөрөөр хэлбэл, таамагаар болоогүй үйл явдалд хандаж болохгүй гэсэн үг.

-1911 оны хувьсгал, 1921 оны хувьсгал хоорондоо ямар сэжмээр холбогдох вэ. 1911 оны хувьсгал 1921 оны хувьсгалын оршил болсон уу. Зарим түүхчид ингэж бичсэн байх юм байна шүү дээ?

-Ингэж бичиж байгаа. Би ч бас ингэж бичиж байсан удаатай. Сүүлийн үед судалгаанд орж буй Орос, Монгол болон бусад орны Монголын түүхэнд холбогдох архивын баримтуудыг үзвэл 1921 оны хувьсгал 1911 оны үргэлжлэл байсан гэж үзэж хэлэх боломжгүй байна. 1921 оны хувьсгал бол Зөвлөлт Оросоос сайтар найруулсан, Зөвлөлтийн Октябрийн эргэлтийн Монголд хийсэн экспорт байсан гэж үзэж байна. Монголчууд өвөр зуураа тусгаар тогтнолын төлөө гэсэн сэтгэл өвөрлөж байсан гэдэгтэй маргахгүй байгаа.

-1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын түүхэн дэх гол үнэ цэнэ юу вэ?

-Өнөөгийн Монгол Улсын үндэс суурь 1911 оны Үндэсний хувьсгалын үр дүнд тавигдсан билээ. Сэргэн мандсан Монгол Улсын хил хязгаар, газар нутаг бол орчин үеийн Монголын эхлэл. Орчин үеийн Монголын түүх 1911 оноос эхтэй. Чухам ийм учраас Монгол Улсын Их хурлаас жил бүрийн арванхоёрдугаар сарын 29-ний өдрийг үндэсний баяр болгон тэмдэглэх шийдвэр гаргаж, үе үеийн Ерөнхийлөгч нар зарлиг гарган тэмдэглэж байгаа юм. Тусгаар тогтнолын баяр бол монголчуудын хувьд эрхмийн дээд баяр байх учиртай. Яг энэ өдрүүдэд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 112 жилийн ой тохиож байна. Харин бид энэхүү ойн өдрийг мэдэхгүйн улмаас тэмдэглэхгүй мартаж, шинэ жилийн баярыг дэндүү их тэмдэглэж байгаа нь үнэн шүү дээ. Тусгаар тогтнол бол Монгол үндэстний хувьд эрх чөлөө юм. Монгол хүн бүрийн хувьд эрх чөлөө юм. Тиймээс л биднийг хилийн чанад дахь монголчууд Дархан Монгол хэмээн харж, хүндэлж байдаг юм билээ. Дархан Монголын эзэд даржин байж боломгүй байгаа юм.

Р.ХИШИГЖАРГАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *