Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Трамп твиттерээ нээлгэж, та бид цахимаа хаалгасан хууль батлууллаа DNN.mn

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралын санаачилсан Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг Их хурлаар хэлэлцэж түргэн шуурхай баталсан. Уг хууль хоёрхон хоногийн дараа буюу хоёрдугаар сарын 1-нээс шууд хэрэгжиж эхлэхээр байгаа. Хүний эрхийг хамгаалах нэртэй, Учралын гэгдэх цахим хууль яг ямар учиртай хууль вэ гээд аваад үзэхээр юун хүний эрхийг хамгаалах, харин ч эсрэгээрээ олон нийтийн сүлжээнд хүний үзэл бодлыг хязгаарласан, ардчилал, хүний эрх, эрх чөлөөний үнэт зүйлээс ухарсан хууль юм. Үндсэндээ нийгмийг тэр чигт нь хянаж, хувь хүн, тодорхой бүлэг этгээд рүү дайрсан, үнэнийг нь илчилсэн бүхнийг таслан зогсоох ийм л хатуу харгис хууль.

Уг хуулийн хоёрдугаар бүлгийн “Зөрчилтэй контент” буюу зургадугаар зүйл тэр чигтээ олон нийтийн цахим сүлжээний амыг барихад зориулагдсан байна. “Зөрчилтэй контент” гэдэгт олон нийтэд түгээх зорилгоор нийтэлсэн текст, зураг, дуу, хөдөлгөөнт дүрс болон бусад хэлбэр бүхий дараахь мэдээллийг хамруулна гэжээ. Үүнд эрхэм та “Монгол Улсын төрийн бэлгэ тэмдэг, үндэсний өв, соёл, зан заншил болон түүх, соёлын үнэт зүйлийг гутаан доромжилсон бол, хүнийг заналхийлэх бие махбодод гэмтэл учруулахыг уриалсан сурталчилсан бол, үндэсний эв нэгдлийг бусниулах, төрийн болон албаны нууцыг задруулах, үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн шинжийг агуулсан, гэмт хэрэг үйлдэхэд өдөөн турхирсан уриалсан бол, хувь хүн болон тодорхой бүлгийг дайсагнуулах, эвдрэлцүүлэх, салан тусгаарлахыг ухуулсан уриалсан бол энэхүү хуулиар шууд хориглож байгаа.

Иргэн та цагаан сартай, наадамтай, эс бөгөөс улс орны түүх соёлтой, сайд дарга нар, эрх мэдэлтэн албан тушаалтнуудын явуулж байгаа төсөл хөтөлбөр, ер юуны ч тухай өөрийн санал бодлоо олон нийтийн цахим сүлжээгээр хэлэхэд үндэсний соёлыг гутаан доромжилсон, эсвэл хувь хүн болон тодорхой бүлгийг дайсагнуулах эвдрэлцүүлэхэд уриалсан гэдэг зүйлээр хуулийн дагуу хариуцлага хүлээхээр байгаа. Мөн аль нэгэн албан тушаалтны үнэнийг илчилснийхээ төлөө хүнийг заналхийлэх, бие махбодод гэмтэл учруулахыг уриалсан, эсвэл төрийн албаны нууцыг задруулах гэдэг ч юм уу, ямар нэгэн байдлаар буруутан болж эцэстээ төрийн эсрэг гэмт хэрэгтэн болох аюултай.

Эдгээр заалтуудаас гадна нэрээ нууцалж болохгүй, нууц нэрээр дарга сайдуудыг шүүмжилж, луйвар булхайг нь нийтэд дэлгэхийг хатуу чинад хориглосон. Уг хуулийн гол чиг шугам үүнд зориулагдаж байгаа. Нэрээ нууцлахыг “Хүн хог” гэж залуу сайд Н.Учрал шүдээ зууж байгаад зэвүүтэйгээр хэлнэ билээ. Тэгвэл “Шаардлагатай бол эрхэм та нэрээ нуух бүрэн эрхтэй” гэж НҮБ-аас зөвшөөрсөн байдаг. Тодруулбал, шаардлагатай тохиолдолд иргэн та цахим орчин, олон нийтийн сүлжээнд нэрээ нууцлах эрхтэй гэж НҮБ үзсэн. Ер нь хүний эрхийн хуульч, олон улсын судлаачдын үзэж буйгаар цахим орчинд тухайн иргэн нэрээ нууцлах нь нэрээ нуугаагүйгээсээ илүү ашиг тустай гэж үздэг.

Судалгаанаас үзэхэд, нийтийн сүлжээнд өөрийнхөө нэрээр бичсэн иргэний контент буюу нийгэмд өгч буй мэдээлэл нь үнэний зарчмыг хадгалахдаа маш бага, хэлэх гэсэн үгээ бүрэн хэлж чадаагүй байдаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэдэг нь ойлгомжтой. Нийтийн сүлжээнд хүн өөрийнхөө нэрээр бичихдээ шударга үнэнийг шууд илчилж чаддаггүй. Танилын нүүр халуун гэдэг шиг аль нэгэн этгээдийн буруу үйлдлийг, шударга бус зүйлийг нь мэдэж байгаа хэрнээ тойруулсан маягаар, мохоо байдлаар хүч муутайгаар хэлдэг. Ил цагаан үнэнийг хэлчихвэл би өөрөө буруутан болно,цагдаа шүүхэд дуудагдах гээд олон эрсдэл тулгарна гээд хэлэх гэсэн санаагаа хэлж чаддаггүй.

Харин нууц нэрээр бол хэн нэгний хууль бус үйлдлийг нийтэд ил цагаан шууд хэлдэг. Айж ичихгүйгээр, араа бодохгүйгээр хэлдэг. Тиймээс тухайн нийгэм эрүүл байхад, шударга бус зүйлтэй тэмцэхэд, эрх мэдэлтэн албан тушаалтнуудын хууль бус үйлдлийг хазаарлахад нэрээ нууцлах нь ихээхэн тус дэмтэй байдаг байна. Энэ ч үүднээс цахим орчинд нэрээ нууцлахыг НҮБ зөвшөөрдөг болов уу.

Харин эрх баригч МАН бүгдийг хянаж, нийгмийг гартаа атган дарангуйлах гэсэн хуучны хоцрогдсон үхширмэл үзлээсээ болж Монголын нийгмийг баллачих вий дээ гэх харамсал хүн бүхэнд төрж байна. Хуучны “главлит” нэртэй бүгдийг хянадаг харгис систем дахин сэргэж байна. Шүүмжлэлт сэтгэлгээгээр, олон ургальч үзлээр нийгэмд хандсан бүхэн энэхүү хуулийн дагуу гэмт хэрэгтэн болж, эцэстээ “МАН мандтугай”, “Хүрэлсүх Ерөнхийлөгч мандтугай”, “Сайд дарга нар монголчууд бидний авралын бурхан” гэж хэлэхдээ тулах юм биш биз дээ.

“Цахим орчинд хүний эрхийг хамгаалах тухай хууль нь хүүхэд хамгаална, зөрчилтэй контентыг хаана гэсэн хууль биш байна. Энэ хууль нь коммунист улс байгуулах гээд зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулж байгаагийн нэг хэсэг гэж үзэж байна. Жишээлбэл, бүх нийтийн эмх замбараагүй байдал үүсч болзошгүй нөхцөлд харилцаа холбооны сүлжээг бүхэлд нь хязгаарлах эрхийг Дотоод хэргийн сайдын саналыг үндэслэж шийдвэрлэнэ гэсэн байгаа. Харилцаа холбооны сүлжээ гэдэг нь интернэт, гар утасны сүлжээ, телевизийн суваг, шуудангийн илгээмж хүртэл орно. Мөн хүн үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх ардчиллыг устгаж байгаа үйл ажиллагааны нэг хэсэг нь энэ хууль. Яагаад ийм богино хугацаанд яаран батлав гэхээр УИХ-д ҮХНӨ оруулах зөвлөлдөх ажлын хэсэг ажиллаж байгаа. Ажлын хэсгийг Намбарын Энхбаяр гэдэг хүн ахалж цоо шинэ коммунист Үндсэн хуулийг оруулж ирэх гэж байна. Тэгэхээр Монгол Улсад ардчиллыг устгахад чиглэсэн зохион байгуулалттай цогц үйл ажиллагааны нэг хэсэг нь Цахим орчинд хүний эрхийг хамгаалах хууль гэж харж байна” хэмээн хуульч М.Чимэддорж хэлсэн.

Хэдэн жилийн өмнө “Фэйсбүүк” компанийг олон зуун сая хэрэглэгчийнхээ хувийн мэдээллийг Британийн “Cambridge Ana­lytica” фирмд хууль бусаар гаргаж өгсөн гэх мэдээлэл дэлхий нийтийн шуугиан болж байсан. “Фэйсбүүк”-ийн эзэн Марк Цукербергийг компаниараа дамжуулж цахим хэрэглэгчдийн үзэл бодлыг цензурдэх гэж байна хэмээн үзэж Конгресст Цукербергийг дуудаж “Чи хувийн компанийнхаа технологийг л ажиллуул. Энэ бол чиний эзэмшлийн компани. Харин иргэн хүний үзэл бодлыг чи захирах эрхгүй. Тийм эрх чамд байтугай Конгресст байхгүй” гэж хориглож байсан. Яг энэ байдал Монголд давтагдаж байна. Эрх баригч Ардын нам ард түмнийхээ үзэл бодлыг захирах гэж улайран зүтгэж байна. Ийм эрх Ардын намд байхгүй.

АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп хоёр жилийн өмнө Америкийн Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг эсэргүүцэж Капитолын ордон Конгресс руу дайрахыг олон нийтэд уриалж, жагсагчид цагдаа нартай тэмцэлдэн ордон руу нэвтэрч улмаар таван хүн амиа алдсан үймээн болсон. Үүний улмаас олныг өдөөн турхирсан хэмээн Трампын 90 сая дагагчтай твиттер хаягийг хаасан. Тэгвэл саяхан Трампын устгасан хаягийг Илон Маск нээх шийдвэр гаргасан юм. АНУ-ын хууль тогтоох дээд байгууллага Конгресс руу дайрч, таван хүний аминд хүрсэн өдөөн турхиралтыг явуулсан Трамп хаягийг ийнхүү нээж байхад та бид дарга нарыг шүүмжилснийхээ төлөө цахимаа хаалгана гэдэг арай хэтэрсэн асуудал мөн.

Энэхүү хуульд Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавилаа гээд шуугиад байна. “Fasebook”-ийн Азийг хариуцсан захирал хүртэл “Үг хэлэх эрх чөлөө яллаа, Монголын Ерөнхийлөгчид баярлалаа” гээд алгаа ташаад байгаа. Гэхдээ Ерөнхийлөгч хориг тавилаа гээд хууль буцчих асуудал биш. Их хурал хүлээж авахгүй бол тэгээд уг хууль хүчин төгөлдөр хэрэгжээд явчихна. Ямар ч байсан ардчиллын үнэт зүйлээс ухарсан, хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх үндсэн эрхийг нухчин дарсан хуулийг эрх баригч Ардын нам баталсан. Одоо Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхийг харах үлдлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *