Дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид Ж.Пуччинигийн “Тоска” дуурийг 34 дэх жилдээ тоглож байна.
Гурван бүлэг, гурван үзэгдэлт тус дуурийн цомнолыг Ж.Жакоза, Л.Иллика нар зохиож, анх 1900 оны нэгдүгээр сарын 14-нд Ром хотын “Костанци” театрт тоглосон тухай түүхэнд тэмдэглэсэн байдаг. Харин манай дуурийн тайзнаа “Тоска” 1982 оны нэгдүгээр сарын 9-нд анх тоглогдож, Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган найруулж, ардын зураач Ч.Гунгаасүх, удирдаач Ч.Жамсранжав ажиллаж байжээ. 1994 онд “Тоска” дуурийг хоёр дахь тавилтаар тоглоход нь урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Бүрэнбэх удирдаж, энэ найруулгаараа одоо хэр нь үзэгчдэд хүрч байгаа юм.
Үйл явдлаас дурьдвал, Ром хотын төв дэх нэгэн сүмд зураач Каварадосси өөрийн зурсан Магдалена эх дагинын хөргийг харж, хайрт бүсгүй Тоскатайгаа зүйрлүүлэн бодлогоширно. Римийн эрх чөлөөний төлөө тэмцсэний улмаас шоронд хоригдож байгаад оргож гарсан Чезаре Анжелотти энэ сүмд нуугдсан байжээ. Каварадосси Анжелоттитай уулзаж түүнд туслахад бэлэн байгаагаа хэлнэ. Гэтэл алсад их бууны дуу нүргэлж, хоригдол оргосныг зарлана. Каварадосси, Анжелотти хоёр яаравчлан гарах гэтэл хаалга тогшиж, Тоска орж ирнэ.
Үйл явдал цааш хэрхэн өрнөхийг ирэх сарын 3-нд буюу ирэх амралтын өдөр 17.00 цагаас УДБЭТ-ын тайзнаас тольдох боломжтой.