Categories
мэдээ нийгэм

Томуу, томуу төст өвчний тохиолдол нэмэгдсэн байна

Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тохиолдлын тоо нэмэгдэж байна гэж ХӨСҮТ-өөс мэдээллээ. Тодруулбал, энэ сарын 20-26-ны өдрүүдэд улсын хэмжээнд нийт 174.499 хүн амбулаториор үйлчлүүлсний 9.875 буюу 5.7 хувь нь томуу, томуу төст өвчинтэй гэж оношлогдсон байна. Иймд иргэдэд томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх зорилгоор хүйтэн, сэрүүний улирал эхэлж байгаа тул хувцсаа тохируулан өмсөх, даарч, хөрөхгүй байх, гэр, сургууль, цэцэрлэг, ажлын байрны өрөө тасалгаанд цаг тутамд 10-15 минут цэвэр агаар оруулж, өдөрт 2-оос доошгүй удаа чийгтэй цэвэрлэгээ хийх, илчлэг сайтай, амин дэмээр баялаг хоол хүнс, жимс, жимсгэнийн шүүс хэрэглэх, гараа тогтмол савандаж угаахыг зөвлөв.

Мөн хүүхдийг цэвэр агаарт салхилуулах, хамрын хөндийг байнга цэвэрлэж байх, томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх цэгчилсэн иллэг хийж хэвших, үзвэр, үйлчилгээ, олон нийтийн газраар сэлгүүцэхгүй байх, ханиах, найтаах үедээ ам, хамраа нусны алчуур, сальфеткаар таглах, цэр нус, шүлсээ ил задгай хаяхгүй байх, амны хаалт зүүх, томуугийн эсрэг вакциныг ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинет (101 тоот өрөө), 21 аймгийн Эрүүл мэндийн газрын дархлаажуулалтын кабинетэд хандан тариулах, томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрвэл гэртээ өөрийгөө тусгаарлах зэрэг арга хэмжээ авахыг зөвлөлөө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *