Өнөөдөр /08.01/ Токиогийн Олимпийн чөлөөт бөхийн барилдаан эмэгтэй 76 кг-ийн жингээр эхэлж байна. Монгол улсын гавьяат тамирчин О.Бурмаа эхний тойрогт Японы Хироэ Минагаватай барилдахаар сугалсан.
Барилдааны турш Японы бөх манай тамирчны хөлд түлхүү орсоор 8 оноо авсан. Японы чөлөөт бөхийн тамирчид хөлийг хаанаас ч авдаг онцлогтой. Манай бөх идэвхтэй сөхөж дайрсан ч оноо авч чадсангүй. Ингээд барилдаан 0:8 гэсэн харьцаагаар өндөрлөв.
Одоо түүнийг хожсон япон бөх финалд шалгарвал О.Бурмаа дагаж барилдах эрхтэй болно. Минагавагийн хувьд шөвгийн наймд Эстонийн бөх, ДАШТ-ий хошой хүрэл медальт Э.Маэтай барилдах юм.
Хироэ Минагава 1989 онд төрсөн. 2018 оны ДАШТ-ий хүрэл, 2019 оны ДАШТ-ий мөнгөн медальт. Азийн гурван удаагийн аварга. Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт. 2018 оны Азийн наадмын мөнгөн медальт.
Япон бөх 33 насандаа анх удаа Олимпод оролцож байгаа бол О.Бурмаа 39 настайдаа гурав дахь Олимпдоо оролцож байна.