Categories
мэдээ цаг-үе

Тод манлай уяач Д.Онон: Хакухо аваргад төрийн наадмын аман хүзүү хавчиг зээрд үрээгээ өглөө

Д.Онон манлай их аваргад зээрд үрээгээ бэлэглэхээр алхаж буй нь.

Төв аймаг Зуунмод хотын цэнгэлдэх. 2015.07.29-ний өдөрМонгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, японы мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга Хакухо Шёо М.Даваажаргалын төрийн дээд шагналдаа хүндэтгэл үзүүлэх бэсрэг наадам уржигдар Төв аймгийн Зуунмод хотноо болсон. Энэ үеэр Монгол Улсын тод манлай уяач, гавьяат малчин Д.Ононтой уулзаж хөөрөлдлөө.

-Энэ жил та аль хэр наадав. Морь их хурдлав уу?

-Улсын наадмаас манай “Түмний эх” галаас нэг түрүү, таван айраг авсан. Өндөр гэгээний наадамд нэг түрүү, долоон айраг авлаа. Морь мал маань тэнэгэр сайхан уралдлаа. Энэ маань уяач бидний бүхэл бүтэн жилийн хөдөлмөр юм даа. Морь, хүү­хэд эндэлгүй сайхан уралдах шиг энх жаргал хаа байх вэ. Энэ жил төрийн их баяр наадмын хурдан азарганы уралдаанд “Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн уяач Ононгийн Батболдын хээр азарга аман хүзүүдэж, Төв аймгийн Сэргэлэн сумын уяач Ононгийн Батбилэгийн “Янзага” зээрд гуравт хурдал­лаа” гэхийг миний дүү сонсоогүй юу. (инээв. сур) Эрлийз дунд насанд миний хүү, Монгол Улсын манлай уяач О.Батбилэгийн маань үзмэн бор түрүүлсэн.

-Төрийнхөө их баяр наадамд олон жил айраг, түрүү авсан болохоор наад­маар сэтгэл их догдолно биз?

-Морь уралдуулж түрүү­лүүлнэ гэж бүгдээрээ л нэг ижил сэтгэлтэй явж байж болж бүтдэг зүйл шүү дээ. Тэрнээс биш захын хүн бүхний санаагаар ч болдог эд биш. Заримдаа сайхан давхина, заримдаа мод ч үгүй давхихыг алийг тэр гэх вэ. Наадам гэдэг наргиантай, ээлж дугараатай эд шүү дээ. Заавал ч үгүй түрүүлэх гээд зүтгээд бай­хын ч хэрэг байхгүй. Ээлж дугараатай энэ сайхан цэн­гэлээр чинь наадаж наргиж л яваа болохоос тэмцэлдээд тэрсэлдээд байхаар алаан хядааны юм биш. Олон түмнээ сайхан цэнгүүлж, төр түмнээ хүндэтгэж явбал болох нь тэр. Тэгэхэд зарим улс нэг нэгэндээ атаа жөтөө санаж, элдэв янзын юм яриад бие биенийхээ морийг хасуулах гээд давхиад байдаг. Энэ чинь маш буруу зүйл шүү.

-Таны морийг эрлийз энэ тэр гэж энэ жил хассан юм уу?

-Сая Халхын анхдугаар богд, Өндөр гэгээн Зана­базарын мэлмий гийсний 380 жилийн ойд зориулсан бат оршил өргөх даншиг, “Төвийн бүсийн их хурд-2015” наадам Монголын эртний нийслэл Хархорин, Орхоны хөндийн Харганын дэнж хотойтол өргөн дэлгэр сайхан боллоо. Энэ наадамд аваачсан миний уяаны морьдыг тамгаар нь ялгаж бариад авна лээ. Тэгэхээр нь зарим морьдоо зурхайд гаргасангүй.

-Унаач хүүхдүүдийн тухайд та ямар бодол санаатай байна?

-Монголын унаач хүүхдүүд хар багаасаа л морь малаа унаж, монгол ахуйдаа ойрхон өсдөг. Даяаршиж дэлхийшиж буй энэ цаг үед монгол ахуйгаа хадгалж байж л монгол хэвээрээ үлдэнэ. Ер нь хотын хүн хэзээ ч хөдөөний хүн болж чаддаггүй. Хөдөөний хүн бол хот газар ирээд суурин иргэншилд дасан зохицож чаддаг. Хөдөөний хүн америк, англи хаа ч амьдарч, хаанахын ч хүн болж болно. Унаач хүүхдүүд багаасаа амьдрал ахуй эрхэлж, мал сүргээ өсгө­хөд гар бие оролцож сур­­даг. Хүн гэдэг чинь хэлээд байхад ойлгодоггүй, биеэрээ үзэж байж ухаардаг. Тиймээс биеэрээ үзэж байж л юмыг мэдэрч авна шүү дээ. Ийм хүмүүжлийг жинхэнэ амьдралын гүнээс монгол ахуйгаасаа олж авдаг юм. Энэ хүүхдүүдийг чинь тэсвэр тэвчээртэй, юм ойлгодог болгохын тулд морь малтай ойрхон байлгаж, сургавал шал өөр хүн болдог юм даа.

-Хүүхдүүдэд насны хяз­гаар зааж эхэлсэн. Үүнийг юу гэж бодож байна даа?

-Уг нь унаач хүүхдүүд гурав дөрвөн наснаас эхлээд морь унахад долоон настай болоход нэлээд туршлага суугаад, морь сайн унах дадал зуршилтай болно оо доо. Багаасаа л хурдан хүлгийн нуруунаа дарцаг шиг дэрвэж өсвөл тэр л хүүхдийн хийморь цог улам сэргэнэ ээ дээ. Дээхнэ, биднийг хүүхэд байх үед ч юм уу таван настай хүүхдээр хурдан морь унуулдаг байсан. Таван настай хүүхэд ч юмны учрыг арай л сайн мэдэхгүй байдаг байсан юм. Гэхдээ тэр үеийн тавтай хүүхдүүд одооны балчруудтай огт адилгүй байсан шүү. Би өөрийн хоёр хүүгээ таван настайгаас нь хурдан морь унуулаад, төрийнхөө их баяр наадамд уралдуулж л байсан. Энэ жил хоёрт давхидаг хээр азаргыг маань арван настай Гүндэгмаагийн Отгонбаяр, янзага зээрдийг минь Отгон­баяр хүүтэй нас чацуу миний ач хүү, Батбилэгийн Буяндэлгэр унаж хурд­лууллаа. Унаач хүүх­дүүддээ баярлаж л байна.

-Та Хакухо аваргад унаган хүрэн морио бэлэглэлээ. Ямар ямар амжилт үзүүлж байсан морь билээ?

-Ноднин улсад соёолон насандаа аман хүзүүдэж байсан үрээ. Бага насандаа улсад арав хорийн дотор давхиад байсан л адуу шүү. Бүдүүрээд ирэхээрээ сайн давхилтай л морь болох шинжийн адуу. Хакухо их аварга дүүдээ нутгийнхаа ард түмнийг, Төв аймгийнхнаа төлөөлөөд өгч байгаа юм. Би ганцаараа ч өгч байгаа хурдан буян юм биш шүү.

-Их аварга удахгүй нэг наадамд сойно гэж ярьж байсан?

-Тийм шүү. Ирэх найм­дугаар сарын 7-нд Уяачдын холбооны 20 жилийн ой болох юм. Тэр наадамд уралдуулна. Сая төрийнхөө их баяр наадамд уралдуултал эхний гурав дөрөв дээр өнгөлөн давхиж байсан. Гэдэс нь жаахан эвгүйтээд байх шиг болохоор нь татуулаад авчих­сан. Хүрэн морь минь энэ жил хавчиг юм шүү дээ. Дөнгөж нялх амьтан. Миний энэ хурдан буянг хүн болгон мэднэ дээ, угаасаа сайн эхсийн удмын адуу гэдгийг.

-Одоо танд энэ жилдээ уралдах өөр наадам юу байгаа билээ?

-Монголын морин, спорт уяачдын холбооны ойд зориулсан наадам л байна даа. Түүнээс хойш ч намар, өвлийнхөө ажлыг бодохгүй бол болохгүй. Энэ жил мичин жил болно гээд байна. Манайхны хувьд өвсөө хадуулдаг хүмүүс байдаг юм. Тэдэнд захиалгаа өгөөд байж байна.

-Өмнөх жилүүдээс хатуу­хан өвөл болж магад гэж Ерөнхийлөгч хүртэл сануулаад байсан байх шүү?

-Мичин жил гэхээр хатуу­хан болдог давтамжууд байдаг. Тиймээс хатуухан хайрхан болж мэдэх л юм. Үүнийг малтай хүн болгон л бодож байгаа. Дотроо бодолтой, доороо суурьтай байхгүй бол болохгүй. Одоо ургасан энэ сармигар жаахан өвс чинь хатангуутаа л малын хөлөөр хугараад алга болно шүү дээ. Одоо өвлөө л бодох хэрэгтэй болоод байна.

-Та “Морийг уяхаасаа тавих нь чухал ” гэж нэгэнтээ хэлж байсан. Энэ ер нь ямар учиртай үг юм бэ?

-Уясан морьдыг, тэр тусмаа их насны морийг наадмын дараа хорон хөлсийг авч, булчинг нь гүйцэд суллаж, мулталж тавихгүй бол тэр жилдээ биеэ тавьж өгдөггүй агдайчихдаг. Байнга бэлтгэл хийсээр зангидсан гар шиг болчихсон булчинг чинь хариу уяа хийж зөөллөөд тавихгүй бол болдоггүй юм. Хойтонгийн уяаны ажил бол ерөөсөө тэр. “Уяхаасаа тавих нь чухал ” гэдэг үгний утга учир ч тэр. Ер нь морийг зөв сайхан эдэлж сурсан хүн л морь уяна даа. Их насны морь жилдээ нэг л буруу эдэлсэн бол тэр жилдээ засал авдаггүй. Уяач хүн наадмын маргаашнаас л дараа жилийнхээ наадамд бэлддэг юм шүү дээ.

-Цаг улирал урьдынхаас огт өөр болж байна. Адуу малын иддэг өвс ургамал ч их өөрчлөгдсөн байх. Үүнийг дагаад уяа засал ч их өөрчлөгдөв үү?

-Одооны морьдын хүч тамирыг хадгалаад хашаанд байлгаж байгаад тэжээгээд байна гэж ойлгож бас болох­гүй. Бараг зургадугаар сарын 20 гарч байж ногоо идэж бай­гаа энэ үед хашаанд байлгаж хүч тамирыг нь хадгалах нь буруу биш. Идэш хоолыг нь тэнцүүлээд гамнаад байхад бараг зогсож байгаад уяа нь болчих адуу ч байдаг. Манайхны бага насны адуу­нууд бараг л тийм. Улсууд мориндоо ажил хийгээд л байхад манайхны морьд зогсч л байдаг.

-Монгол Улсын тод манлай уяач хэмээх алдарт хүргэсэн замналаасаа та жаахан хуучлаач?

-Би Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул хүн. Хөдөөний хүүхдүүд хэрхэн бага насаа өнгөрүүлдэг вэ түүний л адилаар морь мал дагаж бага нас минь өнгөрсөн. Одоо миний амьдарч байгаа Гавжийн шанд чинь манай сумын л нутаг байгаа юм. Би айлын ганц хүү. Аав, ээжийн талаас хурдан буян унаж, уяж явсан хүмүүс байсангүй. Хурдан буянд дурлах болсон түүх минь долдугаар ангиас эхлэлтэй. Сургуулиа төгсч мал дээр нэг хэсэг гарсан. Үүний дараагаар цэрэгт явж ирээд жинхэнэ малчин болж, хурдан морины үнэхээрийн хорхойтон болсон. Ер нь сургуульд сурахаас эхлээд л явган явж үзээгүй шүү. Төв аймгийн урд талд тавдугаар хороо гэж байсан. Тэнд амьдардаг ажаа маань өвөл болохоор морио тэжээнэ. Намайг эрхлүүлж байгаа нь тэр. Цэрэгт явтлаа сумынхаа Гомбожав, Дожоо нарын сайн адуучдын малд их явдаг байлаа. Ингэж явсаар цэрэгт явсан.

-Цэргээс ирээд нэгдлийн суурь адууг арваад жил дагасан гэл үү?

-Тийм ээ. Арав гаруй жил адуу маллаж байтал мал хувьч­лал ч таарсан. Хуу­чин цагийн сайн адуучид бүгд манай суманд байлаа. Уяачийн эрдэм, соёлоор ма­най нутаг чинь бусад аймгаас ер нь л илүү. Тухайн үед сум, аймгийн наадам гэж бол­дог­гүй, байнга л улсын наадамд хурдан хүлгээ сойдог байсан.

-Таныг төрийн баяр наадамд олон амжилт гаргаж явсныг тань түмэн олон мэднэ. Тэр дундаас одоо болтол мартагддаггүй ямар наадам байна?

-Том хүү Батбилэг маань улсын баяр наадамд аман хүзүүдсэн 1989 оны баяр наадам л сэтгэлд үргэлж хадаатай явдаг даа. Шинэхэн уяачийн хувьд баяр наадмын түрүү хүртэх эхлэл минь байсан бол эцэг хүний хувьд хүү минь барианы зурхайд орж ирж байгаа дүр зураг сэтгэлээс минь одоо ч гардаггүй юм шүү. Одоо ач хүү маань аавынхаа уясан морийг унаж хурдлуулж байна. Хүний амьдрал гэдэг чинь ингээд л баяр хөөрөөр ээлжлэн эргэж байдаг юм байна даа.

-Батбилэг хүү тань хэдэн наснаасаа хурдны морь унаж эхэлсэн юм бэ?

-Таван наснаасаа л хурдан буян унаж эхэлсэн. Нэгдлийн ажил гээд түмэн завгүй. Тухайн үед морь бугуйлддаг эрлийз халтар морь байсан юм. Хүү минь унаад явж бай­даг. Агт ялгаад сууж байтал дунд сунгаа болдог юм байна. Хашааны хойгуур морь дав­хилаа. Тэгсэн манай хүү “Ааваа би уралдмаар байна” гээд болдоггүй. Тэгэхээр нь Сугар дүүдээ “Дүүгээ эргүүлж өгөөд, тоос багасахаар нь тавьж өгчихөөд хүрээд ир” гээд явууллаа. Удалгүй санаа зовоод араас нь мотоцикльтой давхиад очтол гараанаас гарчихаж. Араас нь дагатал ерөөсөө уралддаггүй морь маань сунгааны морьдыг гүйцээд түрүүлж байна. Ингэж л хүү минь унаач болж, одоо надтай хамт морь уях ажилд шамдаж явна даа. Тэр жилийн наадмаас хойш төрийн наадмын дөч гаруй түрүү, ная гаруй айраг хүртлээ дээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *