Ойн цэвэрлэгээнд явах сургаар саахалтын хүүхдүүдтэй нийлэн бид хөөр баяр болон машины тэвшин дээр сууцгаалаа. Зун болгон болдог энэ ажил тун зугаатай.
Ойгоос түлээний унасан мод, мөчир түүхээс илүү төмсний улаан олж, доороос нь төмс шиг жижиг бөөрөнхий үндсийг нь ухаж идэх гэж уралдана. Хачин гоёмсог, ганган улаан цэцэг нов ногоон өвсөн дундаас юутай тод харагддаг гээч. Яагаад ч юм бид нэг, хоёроос илүү цэцэг түүхгүй. Угаасаа тэр үндэс нь гоц гоё амтгүй болоод ч тэр үү ганцыг идээд л сонирхол буурна. Улаан цэцгээ үсэндээ хатгаж аваад, цааш гүйж илүү гоё цэцэг хайна. Мод руу авирч тоглоно. Ингэж байтал томчуудын ууртай хашгирах дуунаар арга буюу ганц нэг унасан мөчир барьж ирэхэд аль хэдийнэ тэвш дүүрсэн байх бөгөөд бид арай гэж зай завсар олон тэвшин дээр шахалдаж суух ч бие биесээ харан тун хөгжил хөөртэй буцаж явав.
Гэртээ ирэхэд ээж янз муутай сууж байв. Уг нь машины тэвш дүүрэн хуурай мөчир буулгаж, бороо орсон ч түлээгүй гэж айхааргүй болсон байхад ээж яагаад уурладаг билээ. “Хойд амны айлын хүүхэд мориноосоо унаад гараа хугалж гэнэ. Та нар ойгоос хамаагүй цэцэг түүснээс болсон ч юм билүү” гэж ээжийг хэлэхэд би толгой дээрх улаан цэцгээ сэм авч хаялаа. “Тэр айлын хүүхэд аль өглөө мориноос унаж гэмтсэн байхад бид үдээс хойш цэцэг түүсэн шд” гэж бодсон ч ээжээс айгаад хэлж чадсангүй. Үйл явдал хоорондоо хамаагүй ч гэсэн тэр үед ээж албаар тэгж хэлсэн санагдана. Яагаад ч юм, тэр хүүхдийн өмнөөс нэг л гэмшмээр санагдаад байж билээ. Түүнээс хойш би дахиж Төмсний улаан тасдаагүй, үндсийг нь ухаж идсэнгүй. Төмсний улаан бишгүй тааравч ээжийн хэлсэн үг санаанд орж, тасдаад авчихвал хэн нэгэн гэмтчих юм шиг санагдаад байдаг. Ер нь хэчнээн гоё цэцэг байсан ч түүх дургүй болсон.
Одоо бодоход ээж надад маш том боловсрол олгожээ. “Мод бут хугалж болохгүй, цэцэг навч тасдаад үзээрэй” гэж ганц ч удаа хэлж байгаагүй хэрнээ хүүхдүүдээ яг л өөр шигээ болгож хүмүүжүүлжээ. Одоо ч ач, гучдаа үлгэрлэсээр яваа ээжийнхээ энэ их ухааныг хэзээ нэг гүйцэж очно доо.