Categories
мэдээ спорт

Тэшүүрчин Б.Жалбаа Инсбрукт 56 жилийн дараа хурдаа сорьж аман хүзүүдэв

Австри улсын Инсбрук хотноо болсон Дэлхийн ахмадын өвлийн спортын III наадамд Монголын мастеруудын биеийн спортын хороо /ММБТСХ/-ны баг тамирчид амжилттай оролцоод ирсэн юм.

Тухайлбал, Монголын тэшүүрийн мастеруудын холбоо /МТМХ/-ны ахмад тамирчид Инсбрук хотноо 2020 оны нэгдүгээр сарын 10-19-нд болсон ахмад тамирчдын гүйлтийн тэшүүр, шорт трекийн төрөлд уралдаж, медалийн хур буулгасан байна.

Гүйлтийн тэшүүрийн тэмцээнд спортын мастер 78 настай тамирчин Б.Жалбаа 5000 метрийн зайд уралдаж мөнгөн медаль, ОУХМ Л. Алтанцэцэг 5000 м-т мөнгө, 1500 м-т хүрэл медаль тус тус хүртэв.

Мөн спортын мастер Р.Сарантуяа 5000 м-т мөнгөн медаль, ОУХМ Н.Эрдэнэтуяа 5000 м-т хүрэл медаль, ОУХМ Б.Базарсад 1500 м-т хүрэл медаль хүртэн, манай тэшүүрчид нийт 3 мөнгө, 3 хүрэл медаль хүртэж Монгол Улсынхаа Төрийн далбааг Инсбрук хотын тэнгэрт мандуулав. Анх удаагаа манай МТМХ-ны ахмад тамирчид шорт трекийн төрөлд багаараа амжилттай оролцсон байна.

Ташрамд сонирхуулахад, Одоогоос 56 жилийн өмнө Монгол Улсын баг тамирчид анх удаагаа олимпын наадамд оролцож байсан түүхтэй. Энэ бол “Инсбрук-1964” өвлийн IX олимпын наадам бөгөөд Монгол Улсаас тэшүүр, цанын спортын төрлөөр баг тамирчид хурдаа сорин өрсөлдөж байв.

“Инсбрук-1964” өвлийн олимпын наадамд Монголын тэшүүрийн шигшээ багийн тамирчнаар оролцсон өдгөө 78 настай Б.Жалбаа ийнхүү 56 жилийн дараа Инсбрук хотын мөсөн талбайд дахин уралдаж мөнгөн медаль хүртсэн нь ховорхон тохиох онцгой үйл явдал болж спортын түүхэнд бичигдэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *