-С.Мягмар гуайнх театртаа гүйлс цэцэглэсний баяраа тэмдэглэж урлагийнхныг бөөнөөр нь цуглууллаа-
Ингэхэд бид айлд өнжчихөв үү, театрт өнжив үү гэдгээ ялгахаа байчихаад байна. “Танайд өнжье” сурвалжлагаа бэлтгэхээр найруулагч, зураач С.Мягмар гуайн гэрийг нь өнгөрсөн баасан гаригт зорьсон юм. Эднийх Монголын үндэсний радио, телевизийн баруун урд, Эх нялхсын үндэсний төвийн хойно байдаг. Хашааных нь хаалгаар ормогц нарс, гацуур, гүйлс гэхчлэн төрөл төрлийн модот бяцхан цэцэрлэгт хүрээлэн, гадна хаяг, пасад сэлт нь хар, улаан өнгөний зохицол бүхий “Black box” орчин үеийн театрын хоёр давхар барилга, мансардтай цав цагаан сууц угтав. Цагаан сууц нь эдний гэр-урлан, эндээ аж төрж, уран бүтээлээ хийдэг юм байна. Гүйлс цэцэглэж, өмнөх хэдэн өдрийн цас, борооны дараа ч балжингарам тэргүүт цэцэгс мөн өндийн ургаж эхэлж байна. С.Мягмар гуайн гэргий Чойсүрэнгийн Одончимэг театр судлаач юм. Тэрбээр цэцэг, мод, төрөл бүрийн ургамал тарих хоббитой, тэднээ хүүхэд шиг энхрийлэн арчилдаг нь илэрхий. Манай хоёр энэ өдөр “Гүйлс цэцэглэсний баяр” хийхээр найз нөхдөө урьчихаад хүлээж байхад нь бид яваад орчихсон хэрэг. Гүйлс цэцэглэсний баяр үдэш 18.00 цагт эхэлнэ гэв. Баяраа цэцэрлэгтээ хийхээр шийдээд байсан ч ширүүн бороо орсоор тул зочдоо театртаа хүлээж авахаар болов. Орой болохоос өмнө бид гэр бүлийн хоёртой залуу нас, хайр дурлал, гэр бүл болсон үүх түүх, аж амьдрал, уран бүтээлийнх нь сонин сайхнаас хуваалцаж амжлаа. С.Мягмар, Ч.Одончимэг хоёр Оросын Москва орчмын Ярославскийн галт тэргэнд танилцжээ. “Буудалд учирсан хоёр” хэмээх Оросын уран сайхны киноны нэр санаанд бууж байна.
Дээд давхрын ажлын өрөөнд байх дурсгалын зүйлс дотор ачаатай тэмээ, жижигхэн цэнхэр саарал илжиг хоёрыг зэрэгцүүлэн тавьжээ. Арабын Эмиратаас авчирсан дурсгал гэнэ. “Цай цүй, алт эрдэнэсийн авдар сэлтээ ачаад явж байгаа тэмээ нь Мягмар, илжиг нь би” гэж Одончимэг гуай хошигнов. Энд номын сангийн хэсэг, төгөлдөр хуур, Одончимэг гуайн ажлын ширээ компьютер, буйдан ор байхын хамт янз бүрийн гар урлалын зүйлс, гар хийцийн машины цуглуулга, бэлэг дурсгалын зүйлс дүүрэн. Доод давхарт “Боролдой” студийн техник хэрэгсэл, компьютерүүд, зураг авалтын хэсэг, бас гал тогоо байна. Дотоод засал нь нэн этгээд. Ханын цаас, гял цал тавилга мэтийн нийтлэг шийдэл эднийд үгүй. Мягмар найруулагч бүгдийг өөрийн мэдрэмж таашаалд нийцүүлсэн гэж байв. Одоо бидний яриа гал тогооны хэсэгт байх хоолны ширээний ард өрнөж байна. “Залуу техникчдийн үзэсгэлэн Москвад болдог байлаа. Би Багшийн дээдийг төгсчихсөн, Залуу техникчдийн ордонд ажиллаж байв. Монголын залуучуудын шинжлэх ухаан, техникийн бүтээлүүдийн үзэсгэлэнг Москвад гаргах ёстой. Би зураачаар нь, хоёулхнаа ачаагаа ачаад, Москва орох галт тэргэнд явж байлаа. Москвад хүрэх замд Ярославль гээд нэг газар байдаг юм. Тэндэхийн буудал дээр галт тэрэг зогсч, нэг эмэгтэй ороод ирэв. Коридорт суугаад байна. Би дуучин Ц.Ерөө эгчтэй цуг нэг купенд явж байсан юм. Ерөө эгч “Эмэгтэй хүн гадаа суугаад байхад оруулж ирээч” гэж байна. Очлоо, зөндөө юм ярилаа. Би урлагийн тухай л яриад байсан. Яг буухынхаа өмнө чи аль сургуульд сурдаг вэ гэж асуусанд нөгөө эмэгтэй чинь Театр урлагийн дээд сургуульд сурдаг гэхгүй юу. Би ч баахан урлагийн тухай цуурч цуурчихсандаа ихэд ичиж билээ. Тэгж бид хоёр танилцаж, богинохон хугацаанд бие биедээ хайртай болж, дараа жил нь гэрлэсэн дээ. Заяаны хань минь зам дээр тэгж таарсан” гэж Мягмар гуай дурсамжаа сөхсөн юм. Энэ үед Одончимэг гуай хорин тавтай, театр урлагийн дээд сургуулийн төгсөх курсийн оюутан, Мягмар гуай хорин долоотой байжээ. Ингэж Ярославлийн галт тэрэгний буудалд учирсан хос амьдралаа зохиож, хоёр хүү, дөрвөн ачтай болжээ. Энэ гэр бүлийн гол онцлог нь бүгдээрээ мэргэжлийн театр, киноны уран бүтээлчид юм. Одончимэг гуайтай цуг Москвагийн театр урлагийн дээд сургуулийг Лхасүрэн, И.Нямгаваа, Б.Мөнхдорж найруулагч нар, бүжиг дэглээч С.Сүхбаатар нар цуг сурч төгсчээ. Тэгээд уулзахаар очиход нөгөө хэдэн харцуул нь Одончимэгээ харамлаад, нэг нэгээрээ гарч ирэн элдвийг асууж шалгаагаад байдаг байж. Одончимэг гуай өмнө нь Хөгжим бүжгийн дунд сургуулийг хийлчээр төгсч Дуурийн театрт ажиллаж байгаад Москва руу театрын сургуульд явсан юм билээ. Уг нь Свердловскийн Консерваторийн хөгжим судлаачийн ангид сурахаар очсон ч театрын сургуулиар сольсон гэнэ. Сургуулиа төгсөөд Хүүхэд, залуучуудын театрт ирж Сугар найруулагчтай, дараа нь Лхасүрэн, Нямгаваа нартай ажиллажээ. Сүүлд наян хэдэн онд Драмын театрт орж Доржсамбуу, Мөнхдорж, Найдандорж гээд бараг бүх найруулагчтай ажилласан гэж байв. Хэдийгээр дандаа реалист жүжгүүд тавьж байсан ч гэлээ маш цэгцтэй, замбараатай бүтээл гаргадаг байсан. Өнөөгийн тайзны урлагийн амьдралыг харахад хэн дуртай нь дурын юмаа хийдэг, урын сангийн бодлого алдагдчихсан, дээрээс нь элдэв янзын хошин шог мэтийн хүнд юу өгөх, юу хэлэх гээд байгаа нь мэдэгдэхгүй их эмх замбараагүй болж гэлээ. Өнөөдөр оюунлаг цөөнхийн цуглардаг газар болоод байгаа “Black box” театрыг дан ганц Мягмар гуайн “бүтээл” гэж бодож байсан минь бяцхан эндүүрэл байж. Наяас ерээд оны Хүүхэд, залуучуудын болон Драмын театруудын урын сангийн бодлогын гол судсыг нь барилцаж байсан театрын утга зохиолын ажилтан, судлаач Ч.Одончимэг гуай яалт ч үгүй “Black box”-ын ард байгаа олон нийтэд бол “нууц хатагтай” ажээ. Мэргэжил, хүсэл сонирхлоороо нэгдмэл нөхөр, эхнэр хоёрын хамгийн том мөрөөдөл нь хувийн театртай болох. Хүсэл мөрөөдлөө биелүүлж театрынхаа үндэс суурийг хэзээ хэрхэн тавьсан тухайгаа ярьж өгөв. Тэр хоёр мөрөөдлөөрөө амьдралаа босгох гэж, мөрөөдлөө бодитой болгох гэж явсаар өдий хүрчээ. Гэр бүл болсны дараа гэргий нь нөхрөө хойшоо сургуульд явахыг зөвлөж, нөхөр ч Багшийн дээд төгсөөд ажиллаж байсан хэрнээ явахаар шийджээ. Эргэн тойрны найз нөхөд нь тухайн үеийнхээ маш өндөр соёл боловсролтой улс байсан гэнэ. Зураач Ц.Энхжин, Ц.Мөнхжин гээд л. Энхжин гуай тэр үед Германд сургууль төгсөөд ирчихсэн, жинхэнэ хийсвэр урлаг, гайхамшигтай уран зургууд, цоо шинэ Европ стилиэрээ социалист реалист амьдрал дундуур гэрэл гэгээ болон орж ирж байсан үе гэв. Гэргий нь театр, урлаг судлаач боловч нэг л урсгал чиглэлийг барьж байсан учир нэг их судлаад сүйд болох юм байгаагүй гэнэ. “Бусад урсгал орж ирэх хориотой. Барууны үзэл сурталд автлаа гэдэг нэрийн дор тэр зүгийн ололтыг оруулж ирэх хориотой үед урлаг судлаач, театр судлаач байна гэдэг хэцүү. Тэгээд ч цөөхөн хүн амтай, цөөхөн найруулагчтай нөхцөлд судлаад л ухаад төнхөөд байх юм байхгүй. Гэвч гэргий минь гол нь театрын урын сангийн бодлого руу орсон. Тэр үеийн залуу жүжигчид манай хүнийг “ерөөсөө л гадаад эгч ороод ирсэн” гэж одоо ч ярьдаг юм. Гадаад эгч гэдэг нь тэр өндөр боловсрол, өндөр соёл, мэдлэг, Москвагийн номын санг ухсан агуу их туршлага чинь л театрт урын сангийн бодлого болж орж ирж байгаа юм л даа. Гэхдээ социалист реалист жаазан дотроо” гэж Мягмар найруулагч тайлбарлаж байна. Тэгээд гэргийнхээ зөвлөснөөр Москвагийн Бүх холбоотын кино урлагийн дээд сургуульд явж, хүүхэлдэйн киноны найруулагч, зураачаар төгсч иржээ. Хэн хэнийх нь сурсан сургууль, эзэмшсэн мэргэжил нэгэн том мөрөөдлийг бий болгосон нь хувийн театртай болох байв. Эхнэр нь театрт, өөрөө Теле кино үйлдвэрт хүүхэлдэйн кинонд ажиллаж эхэлсэн. байна. Монголдоо бие дааж хийсэн анхны хүүхэлдэйн кинонуудыг С.Мягмар гуай хийсэн гэнэ. Анхны зураг авдаг төхөөрөмжөө тавьж, “Өвгөн, арслан хоёр”, “Арван хоёр жил” гэхчлэн хүүхэлдэйн кинонуудаа хийжээ. “Арван хоёр жил”-ийг оросуудтай, Тэмүүжингийн тухай, монгол хүүхдийн тухай “Анхны ав” нэртэй хүүхэлдэйн киногоо америкчуудтай хамтарч хийсэн байна. Ингэж Монголд хүүхэлдэйн кино бий болжээ. Дараа нь зах зээлийн бужигнаан эхлэхэд PR-ийн чиглэлийг барьж авч. Тэр хооронд Хүүхэд, залуучуудын театрт зураачаар бас ажиллаж байсан гэнэ. Тэрбээр “Нямгаваа бид хоёр Хүүхэд, залуучуудын театрт, Доржсамбуу, зураач Төмөрхуяг хоёр Драмын театрт хоорондоо өрсөлддөг байлаа” гэсэн юм. Эдний гэр бүлийн орчинд театр, кино хэмээх урлагийн хоёр том чиглэл байна. Гэргий Одончимэгийнх нь өвөө Жамьян ардын хувьсгал ялсны дараахан Ховдод хувийн гэрийн театртай байжээ. Дуу, хөгжмөөс гадна, жүжиг ч тоглодог байсан тухай сонирхуулав. Одоо Ховдын театрыг түүний хүү, нэрт удирдаач Ж.Чулууны нэрэмжит гэдгээр нь манайхан мэдэх биз ээ. Энэ нь тэртээх мянга есөн зуун хорин хэдэн оны театрын уламжлал юм. Нэрт удирдаач Ж.Чулуун түүний үеэл бол Ч.Жамсранжав удирдаач түүний төрсөн ах нь юм.
“Бид хоёрын хамгийн том мөрөөдөл болсон хувийн театраа эдийн засаг хүнд үед зах юм уу, дэлгүүр болгочихоод түрээсийг нь аваад амьдраад байж болох л байсан байх. Гэвч өөрийн театртай байгаад, өөрсдөө жүжиг хийж үзээд, мөрөөдлөө биелүүлж, тэр их уншсан мэдсэнийхээ үр дүнг үзэхийн төлөө явж байгаад энэ театраа барьсан юм. Нэг мэдсэн чинь л театраа бариад эхэлсэн. 2002 онд театраа барьсан. Тав зургаан жил болж байна даа” гэж Мягмар гуай ярилаа. Түүнийг хүмүүс голдуу “Боролдой”-н Мягмар гэж студийнх нь нэрээр тодотгодог. Гэтэл бага хүүгийнх нь нэр Боролдой аж. Хүүдээ яагаад Боролдой гэж нэр өгсний учир нь “Боролдойн цаг” хүүхдийн нэвтрүүлэг хийж эхэлсэнтэй холбоотой гэнэ. Эхнэр нь хүүгээ төрүүлээд амаржих газраас гэртээ гарч ирэхэд аав нь хүүдээ энэ нэрийг өгчихсөн байсан гэнэ. Эрэгтэй хүн эмэгтэй хүнээс маш их хайр халамж шаарддаг гэж Одончимэг гуай ярилаа. “Хэрвээ эр хүний дэргэд хань ижил нь сайн байж хийморь лундааг нь өргөж явах юм бол сайхан амьдардаг. Эр хүний сүр сүлдийг нь муутгаад ирэх юм бол архичны амьдрал руу орчихдог юм байна гэж би боддог юм. Дөрөв дөрвөн жил тутамд болж байгаа энэ олон сонгуулийг дагаад хүний амьдрал ч бас доргидог. Анх манайх юун дээр боссон бэ гэхээр, телевизийн хашаан дотор нэг уурын зуух байдаг байв. Одоо ч бий. Тэр уурын зуухыг Мягмар маань бүтэн сар цэвэрлээд, орой нь уурын зуухны галч шиг болчихсон орж ирдэг байсан. Тэгж байж анхны хүүхэлдэйн киноны студиэ бий болгож байсан юм. Бадар-Уугантай цуг телевизээс хөөгдөж ч үзсэн. Зах зээлд шилжихэд юугаа ч мэдэхгүй явж байхдаа, арайхийж бий болгосон студийн төхөөрөмжөө бүгдийг нь хураалгачихаад монгол эсгий гэрт ч байрлаж үзжээ. Хичнээн олон сайхан уран бүтээлчид тэр үед хөл алдаж архинд орж, зарим нь чадал нь барагдаж, насаа ч алдаж байсан. Тийм үед унаж тусахгүйгээр амьдралаа авч явж, урагшлах тоолондоо ахиц гаргаж ирсэнд нь би нөхөртөө маш их баярлаж явдаг. Манай хүн их дураараа, зоргоороо хүн. Зоргоороо ч байж мөрөөдлөө биелүүлэх гэж цуцалтгүй зүтгэж, хажууд нь би түшиг тулгуур нь байж, ингэж л бид хоёр мөрөөдөлдөө хүрсэн” гэсэн юм. Эдний том хүү Ангараг нь англи, герман, франц, орос, япон хэлтэй. Бага нь англи, орос, хятад хэлтэй гэнэ. Хэл гэдэг боловсрол олж авах хамгийн том суурь гэж хоёул үздэг гэнэ. Том хүү нь Германд урлагийн дээд сургууль төгссөн, зураглаач мэргэжилтэй юм байна. Дараа нь Японд төрийн удирдлагын чиглэлээр сурч төгсчээ. Одоо төрийн байгууллагад ажилладаг бол бага хүү Боролдой нь БНХАУ-ын Драмын урлагийн академийг төгсчээ. “Найруулагч болох болов уу, их нарийн мэдрэмжтэй, хөгжмийн маш нарийн мэдрэмжтэй, сэтгэлгээ нь их өвөрмөц” гэж Мягмар гуай бага хүүгээ магтав. Найруулагчийн өөрийнх нь тодорхойлсноор эднийх жинхэнэ пост модернист гэр бүл аж. Театр нь ч пост модернист жүжгүүд тавьдаг. Дандаа хурц хурц, сонгомол жүжгүүдийн эмхэтгэл хийж байгаа юм хэмээн гэрийн эзэн хошигносон нь энэ гэр бүлийн тун оновчтой тодотгол. “Пост модернист нийт арван зургаан жүжиг нийслэлийнхэндээ үзүүлчих санаатай, эхний долоон жүжгээ үзүүлчихээд байна. Театр гэдэг маань их том нүсэр юм байдаггүй юм аа. Театр чинь ерөөсөө эргээд цөөн үзэгчдэдээ ойрхон байж, хоорондын ярилцлага болж хувирч байж, нэгнээ мэдэрч байж амилдаг юм аа. Хуучны, театр анх бий болж байсан тэр хэлбэр рүү бид орж байна. Оросын том баячууд хувийн том театртай, тэндээ ном уншдаг, Достоевскийн романыг хэдэн өдөр дараалан цуглаж сууж сонсдог, жүжигчид нь тоглодог, том том заалуудтай, урлагийн меценатууд нь тэгж урлагийг дэмжиж явсан. Тэр хэлбэр рүү л орж байгаа юм” гэв. Эдгээр жүжиг нь Соёлын яам, Олон нийтийн телевизийн дэмжлэгтэйгээр хийгдэж байгаа юм байна. Олон удаа тоглодоггүй, нэг жүжгийг сайндаа л мянга гаруй, хоёр мянга орчим хүн үзэж байгаа болов уу гэж байв. Ер нь энэ хэдэн жилд оюуны их хомсдолд орчихлоо гэж театрын, гэрийн эзэн хэллээ. Хоолны мөнгөө олох гээд завгүй ажиллаж байгаа хүмүүс амрахаараа хошин шог үзэж стрессээ тайлдаг, эсвэл нэг их уйлдаг жүжиг, үгүй бол солонгос кино үзвэл сайхан байх жишээтэй болчихлоо хэмээн ихэд санаа зовниж байна. Ийм үед нийгэмд оюуны тэжээл болгож, театртаа тавьж байгаа сонгомол жүжгүүдээ телевизээр үзүүлэхээр зорьж байгаа аж. Театр бол энэ хоёрын мөрөөдөл. Мөрөөдлөө биелүүлсэн нь атаархмаар. Атаархмаар төдийгүй арай өөрөөр сэтгэхийг хүссэн үзэгчдийн ч мөрөөдлийг давхар биелүүлж байгаа нь гайхамшиг юм. Энэ хооронд олон ч уран бүтээлч эдний дэргэдээс төрж, “Hero еntertianment”-аас эхлээд өөрийн бяцхан вант улсыг ч байгуулж авцгаагаад буй. Эдний театр дэлхийн сонгомол реалист, авангард жүжгүүдээ өнгөрсөн арваннэгдүгээр сард тавьж эхэлсэн. Үүгээр С.Мягмар гуайн театр манай театр урлагт одоо хэр хоосон байсаар байгаа орон зайг хийсвэр сэтгэлгээний жүжгүүд, туурвил зүйн болон тайзны авангард тавилтуудаараа нөхөж гарч ирсэн. Энэ нь хэдхэн сарын дотор хэдийнэ нийгмийн оюунлаг хэсгийн сонголт болж чаджээ. Харин өмнө нь “арт фильм” буюу жинхэнэ кино урлагийг нийтэд үзүүлж, олон улсын кино өдрүүдийг зохион явуулж байв.
“Ерэн оноос монголчууд бид улс төрийн, эдийн засгийн эрх чөлөөгөө олж аваад эргээд нэг харсан чинь оюуны эрх чөлөө гэж байхгүй, социалист реализм өөрийн инерциэрээ хориод жил явчихсан, одоо хүртэл үзэл суртал бүхий киног хүмүүс телевизээр үзэж байгаа нь харамсалтай. Гэтэл хүний оюун ухаан бодит, реалист байхаас гадна хийсвэрлэн бодохуй гэж агуу их орон зай байдаг. Хийсвэрлэж бодож байгаа тэр газар л урлаг, уран бүтээл илүү эрх чөлөөтэй болж эхэлдэг. Энэ орон зай руу бид орж байна. Эхлээд бид жүжгээр орж байгаа, дараа нь киногоор энэ орон зайд хандана” гэж тэрбээр театрынхаа урын сангийн бодлого, байр суурь, ирээдүйг товчхон танилцууллаа. Энэ чиглэлээр хүү Боролдой нь нэг кино хийгээд байгаа гэнэ. Арт фильм болж чадсан гэж аав нь үзэж байгаа юм байна. Ер нь оюуны хийсвэрлэлээр уран бүтээлийн эрх чөлөөнд хүрэх нь энэ гэр бүлийн зорилго аж. Ийм чиглэлээр манайхан бүтээл хийх бололцоо тун хомс байгааг мөн найруулагч онцолно лээ. Бүх урлагийн суурь нь уран зохиол. Уран зохиолын хөгжил дэвшлээс үүдэж, түүний сэтгэлгээний хэлбэр, хэв маягаас үүдэж урлаг тэлж хөгжиж байдаг. Үүнээс үүдэж хөгжим, театр, кино, хүүхэлдэйн кино буй болдог. Тэгэхээр зохиолчид маань их эрэл хайгуул хийгээсэй гэсэн чин хүсэлтэй явдаг гэнэ. Одоо юу ч хамаагүй бичиж ном хэвлүүлээд арилжиж, арилжааны уран зохиол хийгээд байгаа нь бусад урлагийн зохион туурвигчдад таатай санагдахгүй байгааг онцолж байв. Ер нь ч жинхэнэ уран бүтээл хийдэг хүмүүс баян цатгалан явсан түүх үгүй гэж тэрбээр зохиолч, уран бүтээлчдэд хандан хэлэв. Мягмар найруулагч манайд оюуны тэсрэлт хийсэн хоёр гурван үзэгдэл бий, агуу их Д.Нацагдорж, хойшлоод Д.Урианхай гуай, ерээд оныхны нэг Уриадайн Шигүүргэ гэж тоймлож буй аж. Харин эртний уран зохиолд Агваанхайдав, хуульч Сандаг нарын бүтээлүүдийг сэтгэлгээний гайхамшигтай зохиол гэж үздэгээ хэлэв. Хуульч Сандагийн “Салхинд хийссэн хамхуулын үг”, Агваанхайдав гуайн “Бие, сэтгэл, бодгаль гурав ярилцсан нь” зэргийг жишээ татсан. Түүний яриа хөөрөөг сонсч суухад уран бүтээлчийнхээ хувьд үнэхээр сонин фигур юм. Гэргий Одончимэг нь театрынхаа ажлыг хогоо шүүрдэж, хоолоо хийхээс эхлээд жүжигчидтэйгээ ажиллах хүртэл бүгдийг хийдэг байна. Тэрбээр театрынхаа утга зохиолын ажилтан нь ч юм шиг, эсвэл олон хүүхдийн ээж ч юм шиг болчихсон гэж байв. Одоо эдний театр арав гаруй жүжигчинтэй хамтарч ажилладаг юм байна. Орон тооных бус, жүжигт тоглох сонирхолтой, тус тусын алба ажилтай, олонх нь СУИС төгссөн залуучууд гэнэ. Анх ирэхдээ яаж жүжигт тоглоно оо, яаж уран бүтээл гаргана даа гэж эргэлзэхээр байсан залуучууд хэдхэн сарын дотор мэргэжилдээ маш их өссөн гэж байв. Биднийг очиход хоёулхнаа гэр урландаа байсан хос маань үдэш арван найман цаг дөхмөгц Гүйлс цэцэглэсний баяраа найзуудтайгаа тэмдэглэхээр “Black box” театр руугаа орцгоов. Бид ч мөн адил. Зочид эхнээсээ цувсаар оройн арван есөн цагийн орчимд театр дүүрэн хүн цугласан нь дандаа зураачид, төгөлдөр хуурчид, хийлчид, хуучин Хүүхэд залуучуудын театрт хамт ажиллаж байсан жүжигчид, Драмын театраа төлөөлөн дэд захирал Н.Сувд, жүжигчин Өлзийхүү, найруулагч Ц.Хүсэлбаатар гэхчлэн дандаа уран бүтээлчид цуглав. Эдний гэр бүлийн амьдралын хөгжилтэй бөгөөд өдөр тутмын агшнуудыг буулгасан видео эвлүүлэг, Одончимэг гуайн тарьсан цэцэгс хэрхэн дэлбээлж буйг хөдөлгөөн бүрээр нь буулгаж үлдээсэн видео эвлүүлгүүдийг үзэж сонирхсны дараа оройн зоог барьцгаав. Энэ гэр бүлийн ойр дотнын нөхөд, ах дүү хамаатан садан нь гээд дандаа урлагийнхан энэ үдшийг хамтдаа өнгөрүүлсэн. Тэр хоёр мөрөөдлөө биелүүлж, Монголд маань цоо шинэ театр орон зайгаа эзэлжээ.
Н.Пагма
Гэрэл зургуудыг
Ц.Мягмарсүрэн