Согоо бол монголчуудын хувьд эмэгтэй хүний гоо төгс бие хааг зүйрлэдэг нэг амьтан билээ. Сайхан эмэгтэйг “Согоо шиг сайхан”, “Манай ангийн согоо”, “Сургуулийн согоо байлаа” гэж зүйрлэж ярьдаг. Эрчүүд аятайхан эмэгтэй байвал “Согоо, согоо. Ярих юмгүй сайхан амьтан” гэлцдэг. Согоотой зүйрлэгдэж буй эмэгтэйчүүд нь ихэвчлэн урт гуалаг хөлтэй, зэгзгэрдүү, тэгш бие хаатай, хөнгөн алхаатай, том алаг нүдтэй байх нь бий. Тэгвэл согоо гэж яг ямар амьтан бэ. Яагаад олон амьтдаас эм буга ийнхүү сайхан эмэгтэйн бэлгэ тэмдэг болов?
Согоог ариун амьтан хэмээн шүтдэг
Зарим улс оронд бугыг шүтдэг ард түмнүүд бий. Тэр дундаа согоог ариун савтай (умай) амьтан гэж шүтдэг. Алтайн нүүдэлчин овог аймгууд бугыг ариун шүтээн амьтан гэж хүндэтгэдэг бөгөөд тэнгэрт бугын сүрэг амьдардаг. Тэнгэр дэх тэдгээр бугын сүргээс дэлхий дээрх амьдрал үүссэн гэж үзэж, хүн нас барахаар сүнс нь тэнгэр рүү, бугын сүрэг рүү очиж нийлдэг гэж домог болгон ярьдаг юм байна. Согоог тэнгэрийн гоо үзэсгэлэнг газарт, дэлхий дээр харуулах гэж дөрвөн туурайгаараа зөөлхөн гишгэдэг хэмээн магтдаг аж. Эвэртэй гоо үзэсгэлэнг агнахыг ахмад анчид нь хойч залуу үедээ хатуу хориглодог бөгөөд “Хэрэв хоёроос дээш тооны Алтайн бугыг алах аваас тэнгэр ниргэнэ” гэж сургадаг юм байна.
Эм бугыг Doe, Hind, Cow гэх нэршлүүдээр ангилж ялгадаг
Эм бугыг ерөнхийд нь Doe, Hind, Cow гэх гурван нэршлээр ангилж ялгах нь бий. Эм буга төрөл, хэмжээ, газарзүйн байршил зэргээсээ хамаарч өөр өөр. Дое гэдэг нэршлийг ихэвчлэн нас биед хүрсэн эм бугад хэрэглэдэг бөгөөд хамгийн түгээмэл нэр юм. Hind гэдэг нь том зүйлийн эмэгчинд хэрэглэгддэг нэр. Ихэвчлэн сика согоог ингэж нэрлэх нь бий. Харин cow гэдэг нь хандгай, эсвэл цаа буга зэрэг том бугуудын эмэгчингийнх нь нэр. Зарим төрлийн эм буганы эврийн оронд бөөгнөрсөн үс гэмээр овойсон ноос байдаг бол Хятадын усан бугын эрэгчин, эмэгчин аль аль нь эвэргүй боловч соёотой байдаг. Гэхдээ эмэгчний соёо эрэгчингээсээ бага. Зарим төрлийн эм буганд эвэр ургадаг. Ховор тохиолдолд согооны тестостерон (эрэгчний бие махбодыг зохицуулдаг гол даавар)-ы түвшин өндөр байвал эвэр ургадаг гэнэ.
Согооны биеийн жин 120-130 кг
Бие гүйцсэн эр бугын биеийн урт 213-247 см бол согооных 193-232 см. Согооны биеийн жин дунджаар 120-130 кг юм байна. Дайрын биеийн жин 250-345 кг сэрвээний өндөр дайрт 142-165 см, согоонд 124-152 см байна. Зөвхөн эр нь эвэртэй. Эврийн урт нь 1.5 метр, далайц 1.3 метр хүрнэ. Нас ахих тутам эвэр уртсаж, хүчирхэг болно. Эврийн хөгжил 5-6 настайд гүйцэх бөгөөд 10-12 насны дайр хамгийн хүчирхэг эвэртэй байх ба үүнээс хойш хөгшрөлтийн шинж илэрнэ. Эврээ хавар 3-4 сард гээж, намар дуудлагын өмнө шинэ эвэр ургаж гүйцнэ. Ховор тохиолдолд 18 салаа эвэртэй буга тааралдана.
Тархацын хувьд Монгол орны ой модтой бүх нутгийн хэмжээнд буюу Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтий, Хянганы салбар уулсын тайга, ойт хээр, мөн хээрийн бүсийн зарим нутгийг хамарч, бараг 500 мян.ам дөрвөлжин км нутгийн хүрээнд буюу 14 аймгийн 140 гаруй сумын дэвсгэр нутагт аль нэг хэмжээгээр тархан нутагладаг. Зуны улиралд өвслөг, өвөл хаврын улиралд модлог, бутлаг ургамал, намар төрөл бүрийн жимс жимсгэнэ, мөөг зэргээр хооллоно. Ороо хөцөө 9-10 дугаар сард болно. Бугын дуудлага нь согооны орооны хугацааг жигдрүүлэх, байршлаа мэдэгдэх, өрсөлдөгчөө тодорхойлох гэх мэт олон талын үүрэгтэй. Хээлээ тээх хугацаа 230-258 хоног. Согоо 5-7 дугаар сард голчлон нэг илий гаргана. Ихэрлэх нь ховор.
Бугын тоо толгой зохистой үедээ ойн экосистемд ач тустай байдаг. Жишээ нь, туурайгаараа газар гишгэлснээр хөрсийг ил гаргаж, шотланд нарс гэх мэт ургамлын үр соёолох нөхцөл бүрдүүлдэг. Өвс ургамал идсэнээрээ ургамлын зүйлийн олон янз байдал баяжихад тустай байдаг. Буга ойтой газар төдийгүй ил задгай газрын байгаль орчинд бас чухал үүрэгтэй.
Согоо ба монголчууд
Бугыг нас урттай хэмээн эртнээс нааш гарал үүслийн онгон сүлдээ болгон шүтэж ирсэн заншил монголчуудад бий. Тийм учраас агнаж устгасан хүний амь насанд цөвтэй хэмээдэг нь эхэнд дурдсан Алтайчуудтай төстэй юм. Хурдан морины цол дуудахад “…Согоо сайхан чихтэй” гэдэг нь энэ амьтан ямар соргог, болгоомжтой сонор чихтэйг нь магтсан хэрэг юм. Согоо буюу маралтай холбоотой домог түүх, дуу хуур монголчуудад элбэг. Хамгийн түгээмэл мэддэг сурвалж бол “Монголын нууц товчоо”. “Монголын нууц товчоо”…Дээд тэнгэрээс заяат төрсөн Бөртэ чоно гэргий Гуа маралын хамт тэнгис далайг гаталж ирээд Онон мөрний эх Бурхан халдун ууланд нутаглаж Батцагаан хэмээн нэгэн хөвгүүнийг төрүүлжээ…хэмээн эхэлдэг. Үүнээс үзэхэд буга, согоо гэдэг амьтан яалт ч үгүй тэнгэр үзэлтэй уялдаж байгаа бөгөөд монголчууд эрт үеэс гоо, гуа, гуалаг бүхний охийг согоотой адилтган зүйрлэж ирсэн нь зүгээр ч нэг амны зугаа төдий биш бололтой.