Categories
гадаад мэдээ

Тэмцэгчдийн эсрэг байлдааны сум хэрэглэхийг анхааруулав

Хонконгийн цагдаа нар Политехникийн их сургуулийн хотхонд даваа гаригт шилжих шөнө тусгай ажиллагаа явуулж, 200 гаруй хүнийг саатуулжээ. “Associated Press” агентлагийн мэдээлснээр хэв журам сахиулагчид тэмцэгчдийн эсрэг нулимс асгаруулах хий, резинэн сум ашигласан байна.

Харин жагсагчид цагдаа нар руу тоосго болон Молотовын шингэн бүхий лонх шидэцгээжээ. Түүнчлэн Хонконгийн цагдаагийн газраас хэрэв тэмцэгчид асуудлыг түрэмгийлэл, хүчирхийллийн хэлбэрт шилжүүлбэл галт сум ашиглана хэмээн анхааруулав. Тодруулбал, тэмцэгчдийг нийтийн эзэмшлийн зам талбайг хааж, гудамж талбайд үймээн дэгдээх, танхайн сэдлээр дээрэм хийх, банк дэлгүүрийг түйвээвэл жагсагчдын эсрэг байлдааны сум ашиглана гэжээ. Харин Хонконгийн Мэргэжлийн багш нарын холбоо, Их сургуулийн ажилчдын холбооноос оюутнууд болон гадаадын иргэдийн аюулгүй байдалд “маш их санаа зовж байна” гэж мэдэгдсэн байна. Онцгой бүсэд өрнөөд буй нөхцөл байдлаас үүдэн гадаадын зарим оюутныг нутаг буцааж эхэлсэн талаар мэдээлжээ. Дашрамд хэлэхэд, Политехникийн их сургуулиас 50 метр зайд Хятадын Ардын чөлөөлөх армийн бааз байрладаг аж.

Хонконгт өрнөөд буй эсэргүүцлийн давалгаа өнгөрсөн зургадугаар сараас эхлэлтэй. Хотын иргэд гэмт хэрэгтэнг эх газрын Хятадад шилжүүлэн өгөх тухай хуулийн төслийг эсэргүүцэн жагссан. Эсэргүүцлийн давалгаа тав дахь сардаа үргэлжилж байна. Хонконгт эдийн засгийн хүндхэн асуудал тулгараад байгаа аж. Санхүүгийн байгууллагууд тэр дундаа 250 банк үүдээ хаахад хүрсэн. Мөн ахлах болон их сургуулиудыг түр хаажээ. Ямартаа ч эсэргүүцлийн хөдөлгөөнийг үл харгалзан орон нутгийн сонгуулийг арваннэгдүгээр сарын 24-нд явуулахаар төлөвлөж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *