Categories
мэдээ нийгэм

Таван толгойн сайжруулсан түлшийг тавдугаар сараас иргэдэд худалдаж эхэлнэ

Засгийн газар энэ оны тавдугаар сарын 15-наас эхлэн Улаанбаатар хотод ахуйн хэрэгцээнд түүхий нүүрс оруулахгүй байх шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, хоёр сарын дараа гэр хорооллын иргэд түүхий нүүрс худалдаж авах боломжгүй болно. Нийслэлчүүдэд шахмал түлш худалдаалах үйлдвэрийн үйл ажиллагаатай УИХ-ын Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрийн ажлын хэсгийнхэн өчигдөр танилцлаа. Сонгинохайрхан дүүрэгт ажиллаж буй “Таван толгой түлш” компанийн шахмал түлшний үйлдвэрийн хөрөнгө оруулагч нь “Эрдэнэс Таван толгой” ХК аж. Тус үйлдвэр өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас шахмал түлшний үйлдвэрлэлээ эхэлжээ. Тэдний үйлдвэрлэсэн түлшийг гэр хороолын зарим айл өрх туршилтаар хэрэглэж байгаа гэнэ. Үйлдвэрийн 240 ажилтны 30 хувь нь эмэгтэйчүүд гэх мэдээллийг “Таван толгой түлш” компанийнхан УИХ-ын гишүүдэд өгөв.

Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрийн ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Улаанбаатар хотдоо 200 мянга орчим өрх айл утаа үйлдвэрлэж байна. Энэ асуудлыг урт хугацаанд шийдэх шийдэл бол мэдээж хашаандаа хаустай, халуун, хүйтэн устай, цэвэр, бохир устай, яндангүй, гадна жорлонгүй амьдрах боломжийг бүрдүүлэх явдал юм. Энэ ажилд нэлээд их төсөв, хөрөнгө оруулалт шаардлагатай. Гэхдээ ингэж хөгжихийг нь хүлээгээд 10, 20 жилийн дараа гээд алгуурлаад сууж болохгүй. Аль болох богино хугацаанд нэг, хоёр жилийн дотор утаагаа хоёр дахин бууруулах учиртай. Монгол Улсын Засгийн газар ийм зорилт тавин ажиллаж байна. 200 мянган яндан жилдээ сая тонн нүүрс хэрэглэдэг. Харин шахмал нүүрс хэрэглэвэл өөр тоо гарна. Жилдээ 500 мянган тонн шахмал нүүрс л хэрэглэнэ. Ингэхээр утаа хоёр дахин буурах боломж бүрдэнэ” гэж ярилаа. “Таван толгой” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэр жилдээ 300 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай юм байна. Шахмал түлшний үнийн хувьд нүүрс хэрэглэсэнтэй ялгаагүй зардал гарна гэсэн тооцоо хийжээ. Өөрөөр хэлбэл, гэр хорооллын айлууд түүхий нүүрс худалдаж авдаг мөнгөнөөсөө хэтрэхээргүй зардлаар шахмал түлш хэрэглэж эхлэх нь. Шахмал түлшний хэрэглээ жигдэрчихээр Улаанбаатарын утаа хоёр дахин буурна гэсэн үгийг ажлын хэсэгт багтсан хэд хэдэн гишүүн онцолж байсан юм.

Сайжруулсан шахмал түлшийг хийхийн тулд 18 төрлийн шат дамжлагатай үйлдвэрлэл явагдаж байна. Шахмал түлш хэрэглээнд нэвтэрснээр гэр хорооллынхны хаядаг үнсний хэмжээ 50 хувиар буурах юм байна. Гурван кг шахмал түлш 4-6 цагийн турш асах юм байна. Бүх төрлийн зууханд ашиглах боломжтой аж. Түүхий нүүрсийг шатаахад ялгардаг хорт хавдар үүсгэдэг бодис гэсэн асуудал алга болох нь.

“Таван толгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар “Манай компанийн үйлдвэрлэсэн шахмат түлш Налайх, Багануурын нүүрсийг бодвол илчлэг өндөртэй, хоол унд хийхэд тохиромжтой, ахуйн хэрэглээнд тохирсон гэдгээрээ онцлог. Түүхий нүүрс түлэх үед зуухны тагийг сөхөхөд үнс буржигнаж, оч дээш үсрэхээс гадна өмхий үнэртдэг. Харин сайжруулсан шахмал нүүрс түлбэл тийм асуудал гарахгүй. Тиймдээ ч иргэд ам сайтай байгаа. Бүх стандартын шаардлагыг хангасан. Одоо туршилтаар айлуудад таарагдаж байна” гэж онцолсон юм.

Тус үйлдвэрийн шахмал түлш тавдугаар сараас худалдаанд гарахаар болжээ. 2018-2019 онд Улаанбаатар хотыг сайжруулсан шахмал түлшээр бүрэн хангана гэж үйлдвэрийн удирдлага ярив.

Энэхүү үйлдвэрийн талаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Таван толгой Түлш” ХХК-ийн түлшний үйлдвэрт их найдлага тавьж байгаа. Яндантай айлуудын янданг буулгаад, газрыг нь чөлөөлж байшин барьчих бололцоо байхгүй учраас бид богино болоод дунд хугацааны шахмал түлшээр утааг бууруулах бодлого барина. Энэ хугацаанд инженерийн шугам сүлжээ очоогүй газруудад, 200-500-аад айлын дунд дэд бүтцийн төв барина. Жишээ нь, Чингэлтэй дүүргийн долдугаар хорооны 285 айлын дунд дэд бүтцийн төв барих шийдвэр гаргасан нь үр дүнгээ өгч эхэлж байна. Мөн БНХАУ-ын буцалтгүй тусламжийн хөрөнгийг энэ ажил руу чиглүүлж байгаа. Харин инженерийн шугам сүлжээ очсон газрууддаа газрыг нь чөлөөлөөд орон сууцжуулах ажлыг эхэлсэн. Үүнтэй уялдаж ипотекийн зээлд өөрчлөлт орж байна. Ямар ч байсан ирэх хоёр жилдээ утааг 50 хувь бууруулах зорилго тавьсан” гэж хэллээ.

М.САЙНЗАЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *