Categories
мэдээ цаг-үе

Таван толгойн нүүрсний экспорт Хятадын компаниудад л ашигтай байна

-НҮҮРС ТЭЭВРИЙН ТАРИФ ХОЁРХОН ЖИЛИЙН ДОТОР 170 ЮАНИАР ӨСЧЭЭ-

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.МЯГМАРСҮРЭН

Засгийн газар ирэх жил 43 сая тонн нүүрс экспортолно гэсэн аварга тоо төсвийн төсөлд тавьчихсан суугаа энэ үед хэлэхгүй өнгөрөх учиргүй нэг асуудал байна. Нүүрснээс ирэх ёстой боломжуудыг тээврээс болж алдаад яваа талаар ярих дуугарах цаг иржээ. Сангийн сайд саявтар Таван толгойн нүүрсний экспортын хэмжээ уурхайгаас ачиж байгаатайгаар таарахаа болилоо, тээврийн компаниудтайгаа нийлж “но” үүсгэсэн байхыг үгүйсгэхгүй, уурхайн амнаас ачсан нүүрс, экспортолсон нүүрсний хэмжээг нарийн тулгадаг болно, зөрүү гаргуулахгүйгээр нарийн хяналттай ажиллана гэсэн агуулгатай мэдэгдэл хийсэн нь ч цаанаа нарийн шалтгаантай байх. Сангийн яам 2019 оны төсөвт нүүрсний үнийг 75 доллар 95 центээр төсөөлөөд буй. Олон улсын санхүү судалгааны байгууллагуудын хамгийн бага таамаг нь 75 ам.доллар. Тодруулж хэлбэл Дэлхийн банк ийм тоо хэлж байгаа. Хуульд зааснаар хамгийн бага таамгаар нь ирэх оны нүүрсний үнийг баримжаалах ёстой учраас 75 доллар 95 цент гэсэн тоог сонгож авсан хэрэг. Нүүрсний үнэ үүнээс ч өсөх боломжтойг баталсан тоонууд ч цөөнгүй бий. Хамгийн дээд талдаа 110 ам.долларт хүрнэ гэсэн таамаг гарчихсан.

Таван толгойн нүүрсний өнөөгийн үнийн харахад ч ирэх жил дажгүй байх зураг харагдаж буй. Өнгөрсөн сарын сүүлчийн байдлаар Таван толгойн бүсэд нүүрсний үнэ ханш ямар байсныг сонирхъё. Зүүн цанхийн нүүрс буюу Чалкод өгдөг нь 61 ам.доллар байна. Баруун цанхийн нүүрсний хувьд гурван янзын тоо дуулдлаа. “Донхон” гэх худалдан авагчид 68 ам.доллараар өгдөг аж. Үүнээс гадна таван компанид 69 ам.доллар, 17 компанид 70.1 ам.доллараар өгдөг гэсэн ханш байна. “эрдэнэс Таван толгойн нүүрсээ зарж буй ханшийг харахад ийм байгаа бол “энержи ресурс”-ийн хилийн үнэ 130 ам.доллар байжээ. Орон нутгийн Таван толгойн уурхайн амны үнэ 55-60 орчим ам.доллар. Сүүлийн хоёр гурван жилд Таван толгойн нүүрсний үнэ чанараасаа хамаарч 59-өөс 60 болсон, 68-аас 69 болсон гэх мэт 50 цент, нэг доллар орчмоор нэмэгдэж иржээ. Чалкогийн үнийн хувьд хөдөлшгүй 60 дээрээ байгаа. Нэмэгдүүлэх яриа хэлэлцээр хийж байгаа гэсэн мэдээлэл өгдөг ч яг таг тодорхой болсон мэдээлэл алга. Төрийн өмчийн компани, өөрийн гэсэн баяжуулах үйлдвэргүй, нүүрсээ түүхийгээр нь гаргадаг гэх мэт шалтгаанууд бий. Энэ өнцгөөс харахаар нүүрсний үнээ буулгаагүй, ядаж л ганц доллараар ч болтугай өсгөснийг нь чамлахад бас хэцүү. “Энержи ресурс”-ийн үнэ энэ хугацаанд 90-ээс 100, 110, 120 гэхчлэн өссөөр өнөөдөр 130 орчим ам.доллар хүрчээ. Үнэ өсөх бодит боломж байгааг эндээс харчихаж болно. Ирэх жил нүүрсний ханш оргил таамаг гэгдэж буй 110 ам.долларт дөхвөл “Эрдэнэс Таван толгой” ч үнээ өсгөж таарах байх.

Таван толгойн уурхайн амны үнэ яст мэлхийн хурдаар өгсөж буй энэ үед Хятадын зууч, тээвэрлэгч компаниудын зардал хэр хэмжээгээр өсч ирсэнийг харъя. Зүй нь тээврийн зардал буурч байж уурхайн амны үнэ буюу монголчуудад ирж буй бодит экспортын орлого өсөх боломжтой. Зах зээлийн энгийн дүрэм мэддэг хэн ч бодоод олчих гаргалгаа. Сүүлийн гурван жилийн хугацаанд тээвэрлэгч, дундын зууч компаниудын уурхайн амнаас – Ганцмод хүртэл тээвэрлэдэг тариф 100 орчим юаниас 225-230 юань болтлоо өсчээ. 2015-2016 онд энэ тариф бүр 50-60 юань байсан юм.

Хятадын “винсвэй” компани Монголын Таван толгойд тээвэр, зууч хийдэг болсноос хойш асар богино хугацаанд өндөр ашигтай ажиллагаанд хүрч, захирал нь Хятадын тэрбумтнуудын жагсаалтад бичигдэх болсон тухай мэдээлэл хангалттай хөвөрсөн. Бодит байдлыг харахад, өнөөгийн Таван толгойн экспорт явагдаж буй байдлыг анзаарахад Хятадын тээвэрлэгч компаниудад л ашигтай байна.

Хятадын зууч, тээвэрлэгчдэд монгол жолооч нарт нийгмийн даатгал төлөх, Авто тээврийн үндэсний төвд бүртгэлтэй тээврийн хэрэгсэлтэй байх, даатгалд хамрагдах ямар ч сонирхол байдаггүй гэж Таван толгойн нүүрс тээвэрлэгчдийн холбооныхон ярьж байна. Аль болох олон машин замбараагүй тээвэрлэлт хийж, уурхайн амнаас ачих явц хяналтгүй байх тусам Хятадын тээвэрлэгч компаниудад ашигтай гэсэн хардлага ч дуулддаг. Таван толгойн тээврийн там шиг зургийн цаана Хятадын зууч, тээвэрлэгч компаниуд, тэдэнтэй нийлж тонн тутамд мөнгө унагах наймаа хийж гаршсан төрийн томчууд бий гэсэн хардлага төдийгөөс өдий хүртэл дуулдсаар ирсэн нь бас үнэ. Энэ хардлага ортой эсэхийг Сангийн сайд хэлж ярьсан шигээ тогтоож, хяналт тавьж чадвал Таван толгойгоос монголчуудад ирэх өгөөж нэмэгдэх нь тов тодорхой асуудал. Таван толгойн тээвэр хэцүүджээ гэж халаглаж, шуугьж суухын оронд 200 гаруйхан км газарт хүн, машинаа цэгцэлж, Ч.Хүрэлбаатар сайдын хэлсэн шиг нарийн хяналт тогтоох уг нь тийм ч түвөгтэй ажил биш л дээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *