Засгийн газар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлгийн явцад буцаан татжээ. Ямар учраас буцаан татах болсноо Сангийн сайд Б.Чойжилсүрэн тайлбар өгсөн юм.
Тэрээр “Хуулийн төслийг өргөн мэдүүлэхдээ үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор дөрвөн салбарт татварын 90 хувийн хөнгөлөлт үзүүлэх зорилго тавьсан ч УИХ-аар хэлэлцэх шатанд салбарууд нэмэгдэж, төсвийн орлого төвлөрүүлэлт буурах нөхцөл байдал үүссэн учраас төслийг буцаан татсан” гэсэн юм.
Уг нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах хүрээнд жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй хөдөө аж ахуй, газар тариалан, барилгын үйлдвэрлэл, оёдол нэхмэл гэсэн дөрвөн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжийн ААНОАТ-ыг 90 хувиар хөнгөлөхөөр заасан байсан ажээ.