МХЕГ, НМХГ, ЗӨСҮТ, Нийслэлийн ОБГ, Нийслэлийн ЭМГ, Хан-Уул дүүргийн ОБХ, Эрүүл мэндийн төв, Цагдаагийн хоёрдугаар хэлтэс, Замын цагдаагийн тасаг, Гал унтраах аврах 30-р анги, “Цэц до” Өрхийн эрүүл мэндийн төв, “Гүн тэрэм” ХХК зэрэг 14 байгууллага хамтран “Тарваган тахал өвчний үед авах хариу арга хэмжээ” үзүүлэх сургуулилтийг хийлээ. Яармагийн авто тээврийн шалган бүртгэх товчоон дээр зохион байгуулсан уг арга хэмжээний үеэр суудлын авто машины тээшнээс тарваганы тулам илрүүлсэн, тарваган тахал өвчнөөр өвчилсөн байж болзошгүй иргэн нийслэлд илэрч байгаагаар цагийн байдал үүсгэн, ажилласан байна.
Мэргэжлийн хяналтын байгууллагаас нийслэл рүү нэвтрэх авто тээврийн шалгах бүртгэх товчоодод 24 цагаар байнгын хяналт тавьж ажиллаж байгаа бөгөөд 08.26-наас 09-03-ны хооронд гэхэд 17277 тээврийн хэрэгсэл шалгаж, зөвлөмж, сэрэмжлүүлэг тараажээ. Товчоодод хийгдэж буй хяналт шалгалтаар наймдугаар сард 30, есдүгээр сард 38 тарваганы тулам нийслэл хот руу нэвтрүүлэхээр завдсаныг илрүүлж, ЗӨСҮТ-д хүлээлгэн өгөөд байна.
ДЭМБ-ын мэдээгээр жил бүр 2000 орчим хүн тарваган тахал өвчнөөр өвчилж, 5-15 хувь нь нас бардаг. Төв Азийн тарваган тахлын байгалийн голомтын зонхилох хэсэг манай орны нутаг дэвсгэрт оршдог бөгөөд 17 аймгийн 137 сум байгалийн голомттой.