Төв аймгийн Жаргалант сум Тал булгийн хөндийд ургац, тариалалтын их ажил ундарчээ. Тал булгийн бригадынхан техник сэлбэлт, үр таталт, талбайн борной гээд ар араасаа ундрах их ажилд дарагдаж амсхийх завгүй байцгаана. Дээр нь энэ хаврын ааш олдохгүй бас хур дусахгүй байгаа нь тариаланчдыг түгшээж эхэлсэн бололтой. Өдрөөс өдөрт хуурайшиж байгаа хөрсний чийгийг алхам тутамдаа хэмжиж, цаг минут тутамд цаг уурын талаар ярилцаж тэнгэр ширтсэн хүмүүс тэнд олон байна. Тэдний хамгийн их анзаарч сонсч байгаа мэдээ гэвэл цаг агаар, хур тунадасын буулт. Тавдугаар сар эхний арав хоногтоо борооших биш шорооших маягтай байгаа ч цаг уурчдын гаргасан мэдээгээр олон жилийн дунджаас ахиу хуртай гэснийг сонсоод горьдлого өндөртэй байгаа аж. Үүний зэрэгцээ бас нэг таатай мэдээлэл тархсан нь хөрсний чийг хангалттай гэдгийг мөн судалж тогтоосон бололтой. “Өнөө маргаашгүй орно гэдэг мэдээлэл гарсан л бол ордогсон. Үүл үзэгдэж харагдалгүй гэнэт ирдэг юм” гэж уулзсан хүн бүр учиртай хэлнэ. Гэхдээ цаг уурчид “бүх зүйл ок” гэж тэдэнд бас дуулгаагүй ажээ. Тавдугаар сар олон жилийн дунджаас илүү хүйтэрнэ, гэнэтийн хүйтрэлт ихтэй гэсэн нь иргэдийн эргэлзээг нэмжээ. Уулын ар, салхины цохилт ихтэй газарт талбайтай нөхөд тариалалтаа түр хойшлуулсан гэдэг мэдээлэл ч байна. Тариалалтын их ажил ийнхүү эхэлж Тал булгийн хөндий нүргээнтэй байна.
Уржигдар буюу энэ сарын 9-ний өдөр Тал булгийн хөндийд Болдоо хоёр нөхрийн хамт талбайгаа бэлдэж байлаа. Гурван найз, гурван трактороор найман га талбайг хагалаад эхэлжээ. Төмс тарьж, намар мөнгөжих төлөвлөгөөтэй дайралтаа эхлүүлсэн нь энэ гэнэ. Нэг га газраас 10 гаруй, зуншлага сайтай жил 20 гаруй тонн төмс хураадаг бөгөөд Барс захад тонн тутмыг нь 400-500 мянган төгрөгөөр арилждаг байна. Талбайгаа хагалахаас эхлээд төмсөө хураах хүртэл бүх ажлаа өөрсдөө хийчихдэг учраас боловсон хүчин, ажиллах хүчний доголдолд орж байсан удаагүй. Харин техник хэрэгсэл нь жил ирэх тусам доройтож байгаа бөгөөд сэлбэх, шинэчлэх тал дээр учир дутагдалтай байгаа юм байна. Шинэ, илүү хүчин чадалтай, боловсронгуй, ухаалаг болсон техник хэрэгслүүд тариалангийн бүс нутагт олноор ирж, орчин үеийн газар тариалангийн чиг хандлага, хөгжлийг тодорхойлж эхэлсэн ч хувь хүмүүс хоцрогдолтой яваа нь энэ.
Салбар яамнаас нь хөдөө аж ахуйн техник хэрэгсэл таван жилийн хугацаатай зээлээр олгодог ч хувиараа газар тариалан эрхэлж буй хүмүүст огт хүртдэггүйн дээр төрөөс хэрэгжүүлдэг төсөл бүхэн холуур тойрдог гэнэ. Энэ жилээс зээл тусламжийн төсөл арга хэмжээ бүр дуулдахаа ч байлаа гэдгийг бас ярьцгааж байна. Үүний зэрэгцээ шатахууны зээл, хөнгөлөлт, үр, үрсэлгээний зээл бүхэн тэдэнд хаалттай аж. Томоохон гэж өөрсдийгөө сурталчилдаг компаниудтай л төр түншилдэг бөгөөд хувийн хүмүүст бүр халгаатай гэж болохуйц бодлого тодорхойлдог гэсэн мэдээлэл сонстож байлаа. Тодруулбал, өчнөөн хөрөнгө зарж, хөдөлмөрлөж бий болгосон бүтээгдэхүүнд нь бага үнэ тогтоохоос эхлээд төр оролцож эхэлдэг нь нэмэр бус нэрмээс болдог байна.
Энэ хавийнхны яриагаар хүмүүс эрт ургацын тариалалтаас ерөнхийдөө татгалзах хандлага ажиглагдаж эхэлсэн бололтой. Учир нь эрт ургацын төмс, хүнсний ногоо наймдугаар сарын 10 гэхэд боловсорч гүйцэх бөгөөд хөрснөөс гаргаснаас хойш наранд хагас өдөр байлгахад л мөнгө бус хог болдог аж. Тэгэхээр томоохон компаниуд эрт ургацын ногоо тарьж, бичил тариаланчид ердийн тариалалт хийх болжээ. Энэ нь газар тариалан эрхэлж байгаа л бол компаничилсан байдлаар хангалттай хүн хүч, техник технологитой бай гэсэн шаардлагыг өөрийн эрхгүй тавих болсон бөгөөд сайн дурынхан буюу бага талбайд хувиараа тариалан эрхлэгчид шахагдаж эхэлжээ. Монголчууд энэ онд 485 мянган га талбайд тариалалт хийж 498 мянган тонн үр тариа, 166 мянган тонн төмс, 102 мянган тонн хүнсний ногоо, дөрвөн мянган тонн жимс хураахаар төлөвлөсний 90 гаруй хувийг аж ахуйн нэгжүүд бэлтгэн нийлүүлнэ гэсэн мэдээ бий.
Болдоогийн зэргэлдээ урдах талбай Батбаярынх, түүний урдах нь Нэргүйнх гэх мэтээр газрын үндсэн нэршил устаж талбай бүр эздээрээ нэрлэгдэх болжээ. Тал булгийн хөндийн хойд хэсгийн гурван мянган га талбай “Хөх баян булаг” компанийнх. Тус компанийнхан өнөө жил уг талбайгаа амрааж буй бөгөөд Харанхуй, Мухарын хоолой тийш буудайгаа тариалахаар хөдөлжээ. Харин Батболд энэ жил нийт 200 га талбайд төмс тариалах бөгөөд хоёр ард, таван цэрэг хөлслөн авсан байхтай таарлаа. Нэг тоннын багтаамжтай сийлк чирсэн МТЗ-80 тракторыг энгийн ажилчид нь ажиллуулж цэргүүд үр ачих, талбай манах гэх мэтээр туслах ажил хийнэ. Төв аймгийн Батсүмбэр сумын С.Нямлхагва, Завхан аймгийн Шилүүстэй сумын Д.Бүрнээбаатар нар нэг жилийн албаа хаагаад гэрээт цэргээр үлджээ. Төмс тарьж үзээгүй, гэртээ хоёр жил хариагүй тэд хавар болсоор гурав дахь талбайдаа ажиллаж байгаа нь энэ гэнэ. Тэдний үүрэг үрийн төмс талбай руу татах, буулгах, сийлк рүү хийх гэсэн дэс дараалалтай. Бас үхэр хөөж, талбайн тор хийх ажээ. Мөн энэ хавийнхан үхэр малд өстэй, үхэр, адуу ургац ногоонд дуртай гэцгээнэ.
Тал булгийн урд биеийн тариалангийн талбайн өнгө төрх нэг ийм байна. Хаашаа л харна хүрз, зээтүү барьсан хүмүүс хөлхөж, талбай бүрт хар утаа суунаглуулж их тоос босгосон трактор бараг мөлхөх шахам урагшилна. Хүрз, зээтүү барьсан хүмүүсийн нэг бол Б.Жамц. Тэрээр тариа тарихаар Баянчандмань сумаас иржээ. Өөрийн талбайгүй учраас хүмүүстэй нийлж нэг га бүрийг 200 мянга төгрөгөөр түрээсэлсэн байна. Үүний зэрэгцээ сийлк га газарт 60 мянга, дан трактор 40 мянган төгрөг гэх мэтээр түрээсийг төлдөг байна. Түүнээс цөөн асуултад хариулт авлаа.
-Энэ жил хур тунадас хэр орох бол. Нэг гагаас хэр их ургац авна гэж тооцоолж байна вэ?
-Зургаан сард бороо орохгүй бол ургац авна гэж найдах хэрэггүй байдаг. Цаг агаарын мэдээ үзэхэд гайгүй юм дуулдаж байна лээ. Хамгийн хэрэгтэй үед чийг өгөөд цаашаа зуншлага сайн байвал га газраас 15, түүнээс дээш центнер ургац хураана гэж тооцдог юм.
-Чийг ямар байна?
-Өнгөрсөн жилийг арай гүйцэхгүй. Гэхдээ сүүлийн хэдэн жилийг бодвол нэлээн сайн байна. Хэмждэг багаж бий. Түүнийгээ өнөөдөр гэртээ орхичихсон учраас сүүлийн өдрүүдэд яаж өөрчлөгдсөнийг мэдэх боломжгүй байна.
-Өнөө жил үрээ хаанаас авч байгаа вэ. Сүүлийн үеийн улаанбуудайн чанар ямар байгаа вэ?
-Чанар нь сайн муу гээд л яам нь тариаланчидтайгаа хэрэлдээд байдаг юм. Ер нь чанар нь муу үр гэж Монголд байхгүй болсон л гэж би үздэг. Манайх өнгөрсөн жил авсан ургацаасаа багахныг нөөцөлж одоо тарих гэж байгаа юм.
-Бензин шатахуунаа яаж шийдсэн бэ. Ихэнх тариаланчид яамнаас зээлдэг гэсэн?
-Яамны зээл бидэн шиг хүмүүст нэг их олдоод байдаггүй. Нутгийнхаа нэг компанитай хоршиж шатахууны зээл авахаар болсон. Урьдчилгаа 30 хувиа төлөөд үлдсэнийг нь намар мөнгөөр юм уу тариагаараа төлдөг. Ингэж дэмжихгүй бол бас хэцүү шүү. Мөн хор, бордоог яг ижил нөхцөлөөр яамнаас олгодог.
-Тариалангийн техник хэрэгсэл өдрөөс өдөрт шинэчлэгдэж байна. Шинээр боловсон хүчин бэлтгэгдэж байгаа юу?
-Ер нь нэгдэл, хоршооллын үеийн боловсон хүчин өнөөдрийг хүртэл явж байна. Шинэ технологиуд орж ирэхэд тэд л ном, зааврыг нь уншиж байгаад ажиллуулдаг юм билээ. ТМС-үүдэд трактор компанийн жолооч бэлддэг ч ихэнх нь уул уурхай руу урвадаг гэсэн.
Ер нь том талбайтай томоохон аж ахуйн нэгжүүд бүгд орчин үеийн техник технологи ашиглах болжээ. Жаргалант сумаас хойш Харанхуй, Мухарын хоолойд тариалалт хийж буй “Хөх баян булаг” компанийн талбайгаар ороход ажлаа эхлээд гурав хонож байв. Тэднийх Америкаас есөн жилийн өмнө оруулж ирсэн таван Челленжер трактор, сийлк ашиглаж байна. Үүнийг монголчууд “цанат” хэмээн нэрлэх болжээ. Лам нарын хооронд нь хавсарч чимээ гаргадаг цантай төстэй үрлүүртэй учраас ийм нэр өгсөн бололтой. Челленжер тракторын хувьд хойд дугуй нь хоёр давхраас эхлээд давуу тал, шинэлэг, ололт ихтэй юм байна. Мотор, кроп нь энгийн трактортой төстэй ч халуун, хүйтэн кондейшн, хөгжим, ажилласан талбай, зарцуулсан түлш, гаргасан үрийн хэмжээгээ хянах самбар гэх мэтээр орчин үеийн газар тариалангийн техникт байх ёстой бүхий л зүйл суурилагдсан аж. Гол давуу тал нь хуучны 5-6 трактор хийдэг ажлыг ганц челленжерээр гүйцэтгэдэг юм байна. Энэ бас хуучирсан технологи болж байгаа гэх мэдээллийг ч зарим хүмүүс өгч байна. Дөрвөн үйлдлээр хийдэг байсан хавах, бүхэл шороог бутлах, нягтшуулахыг нэг үйлдлээр хийдэг тракторыг сүүлийн үед монголчууд ашиглаж эхэлсэн байна. Сэлэнгийн томоохон тариалан эрхлэгчдийн техник хэрэгсэл ихээхэн шинэчлэгдсэн гэнэ лээ гэдэг мэдээлэл Жаргалант суманд яригдсаар гурван хаврыг үдэж байгаа гэх. Бүр өгсөн хэмжээгээр үрийг газар руу буудаж суулгадаг болсон тухай ч сонин болгон ярьцгаалаа. Үүний зэрэгцээ орчин үеийн бүхий л техник хэрэгслийн шатахуун зарцуулалт 8-10 дахин бага байдаг ажээ.
Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН