Их Британий тансаг ангиллын гар утас үйлдвэрлэгч “Vertu” компанийг дампуурлаас аврахын тулд 128 сая фунт стерлингийн өрнийх нь дөнгөж 1.9 саяыг төлснийхөө дараа эзэмшигч нь үйлдвэрлэлээ зогсоож байгаагаа зарлажээ. Ингэснээр тус компанийн 200 ажилтан ажлын байргүй болж байгаа юм. “Vertu” компани хэд хэдэн эзний гар дамжсаны дараа өнгөрсөн гуравдугаар сард Турк гаралтай бизнесмэн Мурат Хакан Узаны эзэмшилд очжээ. Парист амьдардаг Узан компаниа тараагаад “Vertu” брэнд, технологи, дизайны лицензүүдийг эзэмших гэнэ.
Тэрээр ирээдүйд компаниа дахин сэргээх төлөвлөгөөтэй байгааг эх сурвалжууд мэдээлсэн байна.
Гэвч “Vertu” компани дахин сэргэх магадлал маш бага хэмээн мэргэжилтнүү үзэж байгаа юм. Учир нь тус компанийн үйлдвэрлэлдээ Британи дахь тусгай ур чадвартай, мэргэшсэн ажилчид сайн чанарын савхи, үнэт металл, чулуу ашигладаг байсан.
“Vertu” нь хэдийгээр үнэтэй, чамин хийцтэй, зарим загварын үнэ нь $30,000 хүрдэг ч хуучирсан үйлдлийн систем, хуучин процессор ашигладаг гээд технологийн хөгжлөөр байнга хоцордог байж.
“Vertu” 1998 онд Финландын Нокиа фирмийн нэг хэсэг болж анх байгуулагдаж байв. 2012 онд тус компанийг EQT хөрөнгө оруулалтын компани худалдаж авснаа 2015 онд Хятадын Godin Holdings компанид зарсан юм. Эцэст нь Узан худалдаж авснаар уг брэндийн сүүлчийн эзэн болжээ.