Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТАНАЙД ӨНЖЬЕ: Өвлийн хүлэмжийг анх нэвтрүүлсэн Д.Амарсайханыд өнжлөө DNN.mn

Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Өлзийт хороолол, Шувуун фабрикт байрлах ахан дүүсийн газар тариалангийн аж ахуйд өнжлөө.

Баянхонгор аймгийн ахмад барилгын инженер П.Дэлгэрийн хүүхдүүд хамтран газар тариалангийн аж ахуй эрхэлж байна. Түүний охин Д.Амарсайхан барилгын техникч мэргэжилтэй, 2003 онд отгон хүүгээ төрүүлэх үед хашаандаа ногоо тарих Францын хүмүүнлэгийн төсөлд хамрагджээ. Тэр үед нэг багш 10 сурагчид хичээл заадаг байж. Төсөл, өөрийн зүтгэлийн үр дүнд ногоо нь сайн ургаж жилийн дараагаас өөрөө сургагч багш болсон байна. Гурван жил орчим сургагч багшаар ажиллаж, НҮБ-ын төсөлд хамрагджээ. НҮБ-ын төсөл дуусахад Чингис бондын Өвлийн хүлэмжийн зээлд хамрагдахаар материалаа бүрдүүлж 2014 оны аравдугаар сард зээл батлагдаж гарчээ. Хүйтний улирал эхэлж байсан учир эхний хүлэмжийнхээ суурийг тавьж, амьдрах байраа барьж эхлүүлээд худгийнхаа хажууд гэртэй болсон байна.

Ирэх хавар нь хүлэмжээ гүйцээн барьж, нэг жил тоггүй өвөлжиж, халаалтаа тавиад анхны үрсэлгээгээ нэгдүгээр сарын 10-даар суулгаж байжээ. Ингэснээр Монголын анхны өвлийн хүлэмжүүдийн хоёрыг амжилттай туршжээ. Нэг хүлэмжиндээ үрсэлгээ, нэгд нь дан навч тарьсан аж. Өвлийн хүйтэнд 90 хоногт, зундаа 30 хоногт ногоо гардаг юм байна. Иймээс идэр есийн хүйтэнд ч шинэ ургац хэрэглэх боломжийг нээсэн аж.

Өдгөө тэдний бизнес өрхөөс ахан дүүсийнх болж, цаашилбал газар тариалангийн аж ахуй болон өргөжиж байна. Аав П.Дэлгэр, дүү Д.Амарсанаа болон бусад ах, дүү нартайгаа хамтран ажилладаг. “Биднийг зээл авах үед хүнсний ногооны үнэ хямд учир хичнээн сайн үйлдвэрлэсэн ч зээлээ төлөх боломж муу байсан. Хүү, дүү нар, аав маань байнга ажилладаг. Зээлтэй учраас гэр бүлийн хүн маань үндсэн ажлаа хийдэг. Манай гол хөрөнгө оруулагч дүү Амарсанаа маань” хэмээв.

Түүний гэр бүлийн хүнийг Б.Батбаяр гэдэг, барилгын инженер мэргэжилтэй. Тэд Б.Далайжаргал, Б.Түвшинжаргал хэмээх хоёр хүүтэй. Ууган хүү Б.Далайжаргал нь Хөдөө аж ахуйн их сургуулийг ландшафтын архитектурч мэргэжлээр төгсөн мэргэжлээрээ ажилладаг. Харин отгон хүү Б.Түвшинжаргал нь Шинжлэх ухаан технологийн их сургуулийн оюутан, зуны амралтаараа бизнестээ туслан талбайдаа ажиллаж байлаа.

Ил 2,5 га талбайд тариалж байна. Намрын хураалт, зэрлэг авалтад нэмэлт ажилчид авдаг. Тогтвортой гурван хүн, ногоо түгээгч, сэлбэг хариуцсан хүн гээд арын албанд цөөнгүй хүн ажиллаж байлаа. Биднийг очих үед аав П.Дэлгэр, дүү Д.Амарсанаа нар хот руу хүргэлтээ хийгээд талбайдаа ирж байсан юм. Эднийх гол төлөв хувь хэрэглэгчид буюу айлд, хоёр дэлгүүрт бүтээгдэхүүнээ нийлүүлдэг.

“Үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнүүд маань хэрэглэгчийнхээ гар дээр шууд очдог. “Энх шим” фэйсбүүк хуудсаар хүмүүс холбогдож захиалга өгдөг. Өнгөрсөн өвөл гэхэд 50 гаруй хэрэглэгчтэй гэрээ хийж, намрын үнээрээ бүтээгдэхүүнээ нийлүүлсэн. Анх 2014 онд 1000 м.кв хоёр өвлийн хүлэмжээр эхэлсэн юм. Чингис бондын сүүлийн зээлд хамрагдсан байх. Гурван жилийн хугацаанд зээлээ төлж дийлэхгүй орон байраа багасгасан. Эрэлт хэрэгцээ байсан ч талбай бага болохоор зээлээ төлөхөд хүндрэлтэй байсан. Хүлэмжээ нэмнэ, хүнээ цалинжуулна гээд асуудал олон. Үр, сорт маш чухал юм билээ. Гурван жил бид үр, сортоо сонгож чадахгүй ургац маш их хэмжээгээр алдсан. Судалж байгаад хүмүүс Голландаас Хятадаар дамжуулж авч болдгийг мэдсэн. Одоо төмс хүнсний ногоон дээр хөдөө аж ахуйн зохистой байдлыг нэвтрүүлсэн байх ёстойг шаарддаг болсон. Өрхийн жижиг тариалан байсан ч хүнсний ногоо зах зээлд нийлүүлж байгаа бол эрүүл хүнс гэдгээ нэвтрүүлэх, нэвтрүүлснээ баталгаажуулсан, зохих хаяг шошготой байвал дэлгүүрт зарж болдог. Төрөөс маш сайн арга хэмжээ авдаг ч бусад ажилтайгаа уялддаггүй учир хүмүүст ач тус нь бага хүрдэг. Ямар ч байсан бид өөрсдийн чармайлт, ХААИС-ийн багш нар, Хөдөө аж ахуйн ургамал хамгааллын газрын судлаачид, Монгол ногоо төсөл гээд олон хүмүүсийн дэмжлэг, зөвлөгөөгөөр маш сайхан ургацаа авч байна” хэмээн Д.Амарсайхан ярьсан юм.

Ил талбайд арваад төрлийн ногоо тарьдаг. Байцаа гэхэд хүрэн, ногоон, цэцэгт брокколи гээд дөрвөн төрлийг тарьж байна. Гоньд, наранцэцэг, булцуут цэцэг, лууван, манжин, гүзээлзгэнэ, чацаргана, хайлаас, улиас, үхрийн нүд, интоор, амтат гуа ч тарина. Хүлэмжүүддээ нарийн навчит ногоонуудаа тарьдаг, нийт есөн хүлэмжтэй. Өвлийн хүлэмжинд өвлийн тариалалтдаа бэлтгэж байсан юм. Захиалгын дагуу хоёр хоногт нэг удаа хот руу ногоо нийлүүлдэг аж.

Хэрэглэгчиддээ зориулан 50, 80 мянган төгрөгийн багц гаргаж, багцаа хүргэдэг. Тухайлбал, 50 мянган төгрөгийн багцад 3кг төмс, 1кг сонгино, 2кг лууван, 1кг огурцы, лооль, салат навч, юуцай, бууцай 300-400гр багтдаг. Энэ талаар Д.Амарсанаа “2014 онд хүлэмж эхэлж байхад хэрэглэгчид нарийн ногоог төдийлөн хэрэглэдэггүй байлаа. Одоо хэрэглээ, эрэлт нэмэгдсэн” гэв.

Гүзээлзгэнэ тариад 4-5 жил болж байна. Мөн ХААИС-ийн багш доктор Ж.Оюунгэрэл аж ахуйд 5-6 төрлийн лооль туршжээ. Солонгос элит сорт Монголд нутагшуулж байгаа аж. Энэ жил анх удаа энэ талбайд тарьжээ. Вишни сорт үрээ гаргаж байгаа. Тэгэхээр манай улсад найдвартай сайн үр гаргаад эхэлсэн гэсэн үг юм байна.

Тэд үрэн дээр маш их алддаг. Монголд нутагшсан үр тарихад ургацаа хангалттай сайн авч байна. Ургамал хамгааллын хүрээлэнгийн докторууд маш их зөвлөгөө өгдөг. Тиймээс бүтээгдэхүүн маань чанаржиж, хэрэглэгчид мэддэг, ногоогоо ялгадаг болсон талаар ч хэлж байсан юм.

Хэрэглэгчидтэйгээ зургаан сарын хугацаатай гэрээ хийж, 7-10 хоногт нэг удаа хүргэдэг. Зургаан сард нийт 12 удаа ногоо хүргэнэ. Ногооны үнэ хэд дахин өссөн ч гэрээний үеийн үнээрээ авдаг. Ойролцоогоор 50 өрхтэй гэрээ байгуулж, гэрээгүй хувиараа 30 гаруй өрх ногоо захиалдаг гэнэ. Мөн албан байгууллагууд ч ногоо захиалж авдаг. Тухайлбал, Эх хүүхдийн эрүүл мэндийн төв, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төв гэх мэт.

Дүү Д.Амарсанаа “Бид алдаж болох ч алдаатай бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэх эрхгүй. Гадны оронд аялсан бол гутлынхаа улыг хүртэл угааж орж ирэх ёстой. Энэ хэсэг газраа маш их хайрлаж, хамгаалдаг. Хашаа руугаа орох машиныг хүртэл хаагуур явсныг нь асууж, дугуйг нь угааж оруулах шахдаг. Учир нь Монголын хилээс цааш ямар аймшигтай вирус, бактери байгааг мэдэхгүй шүү дээ. Зарим хүмүүс дотооддоо үйлдвэрлэж байж Хятадаас ирж байгаа ногооноос үнэтэй байна гэж хэлдэг. Энэ тал дээр нэгдүгээрт, Хятадын хаанаас ирж байгаа гэдгийг бодох ёстой. Хоёрдугаарт, Хятадад яаж тарьж байгааг манай монголчууд битгий хэл хятадууд өөрсдөө хянаж дийлэхгүй байна. Зах зээл нь маш том учраас хянаж дийлдэггүй” гэж ярьж байлаа.

Бага багаар бүх зүйлээ боловсронгуй болгож, ариун цэврийн өрөөнийхөө бохир усыг ч соруулдаг болгохоор бэлтгэж байсан юм.

Мөн ургамал өвчилдөг, түүнийг технологийн дагуу мэргэжлийн хүнээр эмчлүүлэх, бүтээгдэхүүн хэрэглэх ёстой байдаг. Хэрэглэсэн гэдгээ ч шударгаар бичих хэрэгтэй аж. Огурцы, лооль, навчнуудыг өвөл ургуулсан олон жилийн туршлагатай болжээ. Өнгөрсөн жил чинжүү нь өвөлжсөн байна. Наймдугаар сард чинжүүгээ буулгажээ. Жилийн дөрвөн улирал тасралтгүй ногоогоо тарьдаг. Ногоочид эв нэгдэлтэй байж гол, гол газруудтай гэрээ хийж нэгнийгээ нөхөж нийлүүлээд ногоогоо тасалдуулахгүй байвал импортын ногооны хэрэггүй гэдгийг хэлж байв.

Төрөөс гаргаж буй бодлого, хуулийг мөрдөөд нэгдэж чадвал хийж чадах ажил. Нэгдэхгүйдээ хийж чадахгүй байгаа юм. Өвлийн хүлэмжийг өвөл ажиллуулах амаргүй. Барилга байгууламж, халаалт, нүүрс гээд. Гэхдээ бид эвлэлдэн нэгдэж гаднаас жимс, ногоо оруулж ирэхгүй байх боломжтой. Хүлэмжийн ногоогоор дотоодын хэрэгцээгээ хангаж, монгол ногоогоо экспортлох боломжтойг ч П.Дэлгэрийнхэн хэлж байсан юм.

Энэ хугацаанд түүхий нүүрсээр өвлийн хүлэмжээ шийдсэний дараа огцом сайжруулсан түлшээр солигдоход нэг жилийн ургацаа алдсан нь хэцүү байсан. Өөрөөр хичээх л юм бол болохгүй, бүтэхгүй зүйл байгаагүй гэв.

Тэдний ажил өглөө нар мандахаас эхэлж орой нар жаргахад л дуусдаг. Дээхнэ үед услуур бариад усалдаг байсан бол одоо хөдөө аж ахуйн техник технологи хөгжжээ. Намираа, дуслын усалгаа гэж системүүд бий болсон байна. Гүний худгаар цаг агаарын байдал, ногооны онцлогоос шалтгаалан усалгаагаа хийж байгаа аж.

Эцэст нь Д.Амарсайхан Ногоочид хөдөө аж ахуйн зохистой байдлаа нэвтрүүлээсэй, нэвтрүүлсэн гэдгээ баталгаажуулаасай. Ногооны стандарттай болохоор экспортод гарах боломж нээгдэнэ. Ганц ганцаараа биш, бид нэгдэж дотоодын хэрэгцээгээ тасралтгүй хангаж байж цаашилна гээд монгол ногоочдын төлөө олон ажил хийж байгаа “Монгол ногоо” төслийн удирдагч Т.Төрмандах, төслийн IV бүрэлдэхүүн хэсгийн зохицуулагч Л.Алтанцэцэг, ХААИС, Хөдөө аж ахуйн ургамал хамгааллын газрын эрдэмтэд, эрүүл хүнс сонгож, эрүүл мэнддээ анхаардаг хэрэглэгчиддээ талархал илэрхийлснийг энэ дашрамд уламжилъя.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *