Таныг өмнүүрээ дайрч байгаа машинд зам тавьж өгөхийг бид уриалдаг. Үүнд та тийм ч дуртай биш байдаг байх гэж заримдаа бид боддог. “Яагаад би үүнд зам тавьж өгөх ёстой юм бэ. Харин ч эсрэгээрээ энэ муу надад зам тавьж өгөх ёстой” гэсэн бодол харван орж ирж байгаа нь мэдээж. Тийм ээ үүнийг бичигч надад ч тийм бодол төрдөг. Тэгвэл яагаад “нэг машин өнгөрөөвөл нэг ажил чинь бүтдэг” гээд уриалаад байдаг юм бэ. Хамгийн гол нь таныг өөрийгөө хүндэлдэг байх аа л гэж бодсоноос ийм уриалгыг бид гаргаад байгаа юм. Та мэдээж аз жаргалгүй, зовлон гуниг, уур унтуу, хэрүүл шуугиан дунд байхыг хүсдэггүй байлгүй. Энэ бүх муу муухай зүйлээс хол байг гэсэндээ л бид ингэж уриалж байдаг юм. Урдуураа ухасхийсэн нэг машин өнгөрөөж байна гэдэг нь та тэр машиныг уучлан өршөөж байна л гэсэн үг. Энэ нь тэр ухасхийгч уучлуулах ерөөлтэй гэсэн үг биш. Түүнийг уучилснаараа та өөрийнхөө хувь заяаг өршөөл уучлал, амар амгалангийн агуу ертөнцтэй л учруулж байгаа хэрэг шүү дээ. Та өөрийгөө хайрладаг, өөртөө хайртай, өөрийгөө хүндэлдэг учраас л тэр ухасхийгчийг уучлан өршөөж өмнүүрээ гаргаж байна. Таны энэ бяцхан өгөөмөр зан таныг маш их гай барьцадаас хамгаалан авч үлддэг. Түүнтэй тэмцэлдэх, түүний өмнүүр өрсөлдөн дайрах ад мөрийн хүсэл нь таныг аз жаргалгүй болгоно. Нэг удаа өрсөөд сайхан эз дийлсэн мэт санагдах ч энэ ямар ч хэрэггүй. Эцсийн дүндээ та дэв давхийсэн, дийлж дарангуйлсан, босчихсон гөрөөс шиг айж цочсон, бас зам дээр түгжирч гацсан, түүндээ уурлаж бухимдсан азгүй амьтан л болно шүү дээ. Та өөртөө хайртай л бол бусдыг уучилж сур гэсэн санаанаас л бид тэгж уриалдаг билээ.
Ж.САНДАГДОРЖ