Хүрэн диван дээр биднийг суулгалаа. Ихэд айцгаав. Биднийг сүртэй загнасангүй. “Улсын ажлыг ингэж болохгүй. Цаг нартай уралдаж, сахилга баттай бай” гэлээ. Бид гарцгаахад хөлийн булчингаа шүргэсэн нэг их гоё урт хар салаа гэзэг хараанд нь өртсөн гэдгийг Ванган маань сүүлд ярьж билээ.
Тэр нь би байхгүй юу. “Ямар гуалиг бие, тэгш хөлтэй охин шатаар дээш гүйсэн гээч” гэж алдарт зураач, гуравдугаар арван жилийн дунд сургуулиас үерхсэн Л.Гаваа найздаа ярьж байжээ.
-Ч.Чимид гуай бас шадар найз нь биз дээ?
-Амгалангийн Чойжилын хүү гээд л хар багаасаа л нөхөрлөсөн. Хамтарч жүжиг ч бичсэн. Л.Гаваа нь өнчин, Л.Ванган маань даргын хүүхэд болохоор арай хангалуун, найзыгаа гэртээ байнга аваачдаг байж. “Бүжигчин л болов уу” гэхэд Л.Гаваа намайг “хайсан” байгаа юм. Тэгсэн нөгөө урт гэзэгт чинь бүжгийн танхимаас дэгдчихсэн “тууж” явна гэнэ. Тэгээд Вангандаа хэлсэн байдаг юм. Нэг өдөр Уран сайхны удирдагч дуудаж байна гэхэд өмнө нь орж загнуулж байснаа мартчихсан “Тийм ямар хүн байдаг юм бэ” гэж асууж байсан гээч (инээв). Үүнээс хойш намайг байнга гэрт хүргэж өгдөг болсон доо. Танилцаад хоёр сар хэртэй болсны дараа шинэ жилийн өмнөхөн цирк рүү намайг дагуулж оров. Хичээнгүй даргын өрөө рүү орлоо. Олон циркчин цуглачихсан байсан. Он солигдох мөчид шампанскаа буудуулахын өмнө Ванган маань “Өнөөдөр би гэрлэхээр боллоо. Хань маань энэ байна” гэж намайг танилцуулдаг юм байна.
-Үүнээс өмнө тантай амьдралаа холбоно гэж ярьсан биз дээ?
-Чи бид хоёр цугтаа их зам, хугацааг туулна даа л гэж байсан. Аавтайгаа хамт амьдарч байсан байшинд нь гал голомтоо бадраав. Манай хүний гал тогоог барьж байсан ааваас нь шанага, тогоо, галын хайчийг нь хүлээн авч билээ. Мухрын өрөө нь Ванганых. Өндөр, том гэрэл зургийн хэрэгсэл, хальсаа угаадаг сав суулга нь дийлэнх юм. Манай хүн чинь сүрхий зураг авдаг, “Зорький” гэдэг аппараттай. Москвад байсан оюутнууд дотор зураг авдаггүй хүн гэж байгаагүй гэдэг шүү. Ванган маань хүний дээд гэвээс зохих гайхамшигтай хүн. Давтагдахгүй авьяасаас гадна хүмүүжил, ёс зүйн дээд үлгэрлэл юм даа. Л.Цогзолмаа, Л.Жамсранжав, Д.Пүрэвдорж, Ц.Гантөмөр нар түүнд өчүүхэн ч хир халдаадаггүй юм. Дэндүү хүнд ойрхон, дэндүү ихээр хүнд уусдаг, өөртөө уусгадаг хүн. Маш хурдан сэтгэдэг. Өөрт нь хандсан зохиолч нөхдөд ямар элгэмсгээр зөвлөнө гээч. Зууралдаад л байна. Нөгөөдүүл нь төвөггүй ойлгож мэдэрдэг нь Ванганы маань хурц, түргэн ухааны ач. Хүнээс ер залхахгүй, өөрийгөө огт харамладаггүй. Өөрөөсөө илүү хүн гаргах гэж урдуураа л гишгүүлэх гэж зүтгэнэ. Олон зохиолч, жүжигчин Монголд гараасай билээ гээд л байна. Болд сайд, Л.Ванган хоёрын үед найруулагч, жүжигчин бэлтгэх анги байгуулагдсан юм шүү дээ. Гар нийлж гайхамшгийг бүтээсэн, бие биенээ жолоодон түлхүүрдэж олон уран бүтээлч төрүүлж бойжуулсан хоёр доо.
-Л.Ванган гуай бол нэртэй найруулагч, том зохиолчоос гадна Монголын хөдөө орон нутаг дахь театр урлаг, соёлын байгууллагуудыг үүсч хөгжихөд, театрын үндсийг тавихад голлох үүрэг гүйцэтгэсэн гэдгийг үүх түүхээс нэлээд уншиж байлаа. Ховд аймагт театр урлагийн үйл ажиллагаа явуулсны дараа тухайн аймгаас Л.Ванган гуайд талархсан сэтгэлийн илэрхийлэл болгож бэлэг дурсгал гардуулж л дээ. Түүн дотор ирсэн үйтэн хуараар танд дээл хийлгэсэн, та түүнийгээ 40 жил тасралтгүй өмссөн гэж сонссон юм байна?
-Тийм, тийм. Тэр дээл чинь Л.Ванганы маань хөдөлмөр хөлс, их ухааны шим шингэсэн сэтгэлийн бэлэг байхгүй юу даа. Олон ястны өлгий, Их нууруудын хотгор бол ховдчуудын бахархал. Тэдний сэтгэл бас шингэсэн. 1959 онд хятад оронд хоёр сар 20 хоногийн хугацаагаар аялан тоглолт хийлээ. Бээжин, Шанхай, Кантон, Гуаньжоу гээд л хорь гаруй хотод зуугаад хүний бүрэлдэхүүнтэйгээр тоглолтоо хүргэсэн юм. Мао Зэдунтэй гар барьсан хүн дээ. Хамгийн сүүлд Хөх хотод хаалтаа хийж билээ. Үүний дараах жил Соёлын сайд Л.Ванганд “Ховдод, олон ястны нутагт театр соёлын ажил явуул. Багаа өөрөө бүрдүүл” гэсэн юм. Ийнхүү 18 аймаг нийслэл хотод урлаг соёлын арав хоногийн үйл ажиллагаа явуулах үйлсээ Ховд аймгаас эхэлсэн юм даа. Хоёр, хоёр жилийн хугацаатай явуулсан энэ үйл ажиллагааны долоон аймгийнхыг нь миний хань удирдсан даа.
-Багийн бүрэлдэхүүнд нь хэн, хэн ажиллаж байв?
-Маш хүчирхэг бүрэлдэхүүн энэ том ажлыг нугалсан. Туслах найруулагчаар С.Галсанжав, дууны багш нь дэнхэр Д.Лувсаншарав, хөгжмийн багш нь “мөнгөн шүд” Чимиддорж, зураачаар найз Л.Гаваа нь гээд бод доо. Оёдлын мастераар нь Б.Балжмаа гуай ажиллаж байсан.
-Ямар аймгуудад ажилласан юм бэ?
-1954 онд Ховдод, 1955 онд Баян-Өлгийд, 1957 онд Булганд, 1959 онд Хөвсгөлд, 1961 онд Өвөрхангайд, 1963 онд Архангайд, 1965 онд Сүхбаатарт. Харин 1967 онд Москвад болсон олон улсын кино фестивальд шүүгчээр ажилласан юм. Зөвлөлтийн аугаа их найруулагч Бондарчук “Хүндэт жюригээр Монголын алдарт найруулагч Л.Ванганг гэргийн хамт урьж байна” гэсэн урилга ирүүлсэн юм. Тэр фестиваль 14 хоног үргэлжилж, Итали, Франц, Герман гээд олон орны кино үзэж нүд алдан биширч билээ. “Россия” зочид буудлын 26 дахь давхарт байрлаад л. Монголоос “Тус биш ус” кино оролцсон доо. Энэ кинонд Лхасүрэн маань тоглосон юм.
-Ямар орны кино таалагдаж байв?
-Орос киног бол сайн ойлгочихно. Бусад нь хэл мэдэхгүй ч их сонирхолтой. Италийн нэг киноны жүжигчин хүүхнийг үнэхээр биширсэн, Монголын маань Ө.Эрэнцэнноров, Л.Цогзолмаа юм даа гэж бодоод л.
-Нэрийг нь санаж байна уу?
-“Монте Кристо” киноны гэргийн дүрд нь тоглодог юм л даа. Сайхан ч бүсгүй дээ. Модиляни.. хэн билээ дээ. Италийн гайхамшигт жүжигчин хүн. Бас Францын Марилени гээд гайхамшиг байна. Нөгөө Чингиз Айтматов тэнд байсан. Ванганы найз юм билээ. Тэд зайгүй ярилцаж хөхрөлдөөд л. Тэр үед ханийнхаа өгсөн том шар, цэнхэр хээтэй үйтэн хуар дээлээрээ гоёчихсон алхаж явлаа шүү дээ. Дөчин жил өөрийгөө чимж явлаа. Монгол кино үйлдвэр зэрэг байгууллагуудын хүндэт самбарт энэ дээлтэй зургаа л тавина шүү дээ.
-Тэр дээл одоо байгаа юу?
-Швейцарьт байгаа охиндоо өгсөн юм. Тэр маань өмссөөр байгаад хамаг хаваас, оёдол нь сэмрээд өмсөх аргагүй болсон байна лээ.
Завхан аймгийн Л.Ванганы нэрэмжит ХЖТ-т тавьсан “Асарын өндөр” түүхэн аялгуут жүжгийн нээлтийн үеэр. (Зүүнээс: Зохиолч Б.Цогнэмэх, Т.Пялзай, найруулагч Н.Наранбаатар)
-Л.Ванган гуайн “Сэрэлт”, “Түмний нэг”, “Хүний мөр”, “Тэмцэл”, “Талын цуурай” гээд олон киног бид мэднэ. Жүжиг гэхэд л “Тожоо жолооч”, “Эмч нар”, “Арвай хээрийн талд” гээд л цуврана шүү дээ?
-“Арвай хээрийн талд” жүжиг бичсэн түүх гэхэд л сонирхолтой шүү. Л.Ванганыг Өвөрхангайд ажиллаж байхад хэдэн зохиолч гэртээ урьж л дээ. Очсон айлын гэрийн эзэн нь Жанчив гэдэг хүн байж. Манай хүн Жанчиваас “Танай Арвайхээрийнхэн чинь ямар сонин хувцасладаг юм бэ. Өмссөн дээлийн хормой нь өвдөгнөөсөө нэлээн дээгүүр, шуугаад өмсчихсөн болохоор бүсээ дарчихсан, дээлийн хоёр ханцуй нь гутлын түрийдээ хүрсэн нударгатай байх юм. Дэгжин ч юм уу, нэг л сонин юм. Нэг нь мориныхоо дэлэн дээр хөлөө ачих шахам, нөгөө нь эмээл дээрээ хөндлөн “тухалчихсан”, ханцуйн дотроо гараа барилцчихсан нь Юндэн, Нансалмаа ч юм шиг” гэж ярьсныг Жанчив хүүдээ өгүүлсэн юм билээ. Халзан Тавхайн дүр эндээс л ургасан хэрэг. “Арвайхээрийн тал” жүжгийг газар бүрд тоглож чадаагүй нь Г.Гомбосүрэнтэй холбоотой шүү дээ.
-Яагаад?
-Түүн шиг Халзан Тавхайн дүрийг давтал нь тоглох жүжигчин ахиж гараагүй юм.
-Жүжиг, киноны зохиол бичих үедээ тантай санал хуваалцдаг байсан уу?
-Надаас зөвлөгөө авна гэж юу байх вэ. Харин “ингэнэ, тэгнэ” гэдгээ хэлж сонирхуулна. “Сэрэлт” киног бичиж байхдаа надад “Бумаа гэдэг эмэгтэйн дүрд Т.Цэвээнжав гуайг тоглуулна даа. Яг мөөн. Ламын дүрд З.Цэндээхүү гуай яг тохирно. Тэр “лавлаа” Даш чинь Ц.Цэгмид шүү дээ” гээд найруулагчийн хувьд урьдчилан оноочихсоноо сонирхуулна шүү. Түүний бичих хурд, сэтгэх чадвар асар өндөр.
-Би Монгол түмний хайртай, хүлээлттэй жүжиг болсон, одоо удахгүй шинэ тавилттайгаар үзэгчдэд хүрэх гэж буй “Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжгийн Модуны дүрд Н.Наранбаатарыг тоглоно гэж бодож бичсэн юм. Гэтэл найруулах болчихдог юм даа.
-Ээ дээ, монголчуудыг бадраасан ийм түүхэн том жүжгийг Н.Наранбаатараас өөр хэн найруулах вэ. Байхгүй. Та хоёрын өнгөрсөн жилийн зун манай Л.Ванганы нэрэмжит Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрт тавьсан “Асарын өндөр” түүхэн жүжгийг үзээд үнэхээр буурай нь огшлоо шүү дээ. Хүннүгийн тухай ийм лут жүжгүүд ахиад гарахад бэрх дээ. Харин нэг зүйлийг х элэхэд эдүгээ үед жүжгийн зохиолч тун ховор байна. Та нар маань олон болоосой.СУИС гэхэд л зүтгүүлээд байхад л зохиолч төрөхгүй юм. Л.Ванган, Э.Оюуны үед ч ийм байсан. Ямар сайндаа л манай хүн жүжгийн зохиолч төрүүлэх гэж гэрээ дугуйлангийн байр болгох вэ дээ. Сэтгэл нь тэр юм. Хань минь арай урт насалсан бол Монголын театр урлагт олон уран бүтээл, өв үлдээх байсан даа гэж харамсдаг.
-Нэгэн үед ид туурвиж байсан жүжгийн зохиолч Д.Намдаг гуайтай Л.Ванган гуай хэр харилцаатай байсан бэ. Нийлж зохиол бичиж байсан уу?
-Манай хүн Намдагийг их хүндэлнэ. Жүжгийн хувьд үгүй. Харин киноны хувьд байсан байх. Д.Намдаг гуайн жүжгүүдийг манай хүн найруулж тавина. Зарим тавигдахгүй, болохгүй шүүмжлэлд өртсөн жүжгүүдийг нь Л.Ванган засаад л тайзнаа амьдруулчихна. Ийм учраас л манай хүнийг “Гацаа гаргагч” гэж театрынхан хэлдэг л дээ.
-Тухайлбал?
-Д.Намдаг гуайн “Ээдрээ” жүжиг найман удаа хянагдаад батлагдаагүй юм. Л.Ванганыг Ч.Лодойдамба гуай дуудахад нь очоод л зохиолын ялихгүй хэсгийг нь хөдөлгөөд л батлуулчихаж байгаа юм.
-Ч.Чимид гуайтай хамтарч жүжиг бичиж байсан байх аа?
-Жүжиг ч бий. Гэхдээ кино нь олон байх. “Тэмцэл” кино байна. Бусад бүтээлдээ санал солилцох нь олонтаа шүү.
-Зохиолч, найрагчидтай их дотно байсан юм байна лээ?
-Бурхан бөөнөөр нь Монголд заяаж төрүүлсэн гайхамшгууд байна. Ц.Гайтав, Б.Явуухулан, “Хүрэн морь”-ны Ч.Лхамсүрэн, Д.Пүрэвдорж, П.Хорлоо, Д.Сэнгээ, Ш.Гаадамба гээд л… Алийг нь нэрлэж барах вэ. Манай хүн Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн нартай их нөхөрлөсөн дөө. Тэднийд байнга очно.
Ярилцсан
Битогтохын ЦОГНЭМЭХ