Categories
мэдээ цаг-үе

Т.Ням-Очир: Их, дээд сургуулиудад сургалтын төлбөрийг эмэгдүүлэхгүй байх чиглэл өгсөн

– ЭРҮҮЛ АХУЙН ШААРДЛАГА ХАНГАЖ БАЙГАА ТОХИОЛДОЛД ӨДӨР ӨНЖҮҮЛЭХ АЖИЛЛУУЛАХ БОЛОМЖТОЙ –

БШУЯ-ны бага дунд боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир өчигдөр хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын талаар танилцуулсан билээ. Нийслэлийн есөн дүүрэг, арвангурван аймгийн 19,900 багш өндөржүүлсэн бэлэн байдлын үед хичээл сургалтыг хэрхэн зохион байгуулах талаар сургалтад хамрагдаж байгаа. Энэ хичээлийн жилд нийслэл болон зургаан аймгийн нийт 377 сургууль нэгдүгээр ангийн элсэлтийг цахимаар зохион байгуулж байгаагаас одоогийн байдлаар нэгдүгээр ангийн элсэлт хөдөө орон нутагт 54, нийслэлд 60 хувьтай үргэлжилж байна. Нэгдүгээр ангийн элсэлтийг наймдугаар сарын 28-н хүртэл авч, элсэлтийн ажил дуусч, эцсийн дүн мэдээ гарна. Харин тоон мэдээллээр 3069 багшийн сул орон тоо байгаа бөгөөд сонгон шалгаруулалт хийгдэж байна. Хамгийн эрэлттэй нь, бага ангийн багш бол математик, гадаад хэл, хөгжим, хими, биологийн багшийн орон тоо удаалж байгаа. Мөн улсын хэмжээнд давхардсан тоогоор 66 компани 140 цэгээр дамжуулан дүрэмт хувцасны борлуулалт хийж байна. Дүрэмт хувцасны үнэ нэмэгдээгүй. Хүүхдэд ялгаатай байдал үүсгэхгүйгээр дүрэмт хувцсаараа жигдэрнэ. Харин сурах бичгийн нөхөн хангалт хийгдсэн, сургуулиудад хуваарилах ажил 75 хувийн гүйцэтгэлтэй байна. Үүнээс гадна Ерөнхий боловсролын сургуулиудад нийт 2160 гар угаалтуурыг нэмж байршуулсан бол нэг угаалтуурт ногдох хүүхдийн тоо 46 байна. Цаашид гар угаалтуурын тоог нэмэгдүүлэх талаар ярьж байгаа. Хорио цээрийн дэглэмтэй холбоотойгоор нийт сургуулиудын 89 хувь нь нэгээс хоёр удаагийн ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийсэн. Есдүгээр сарын нэгэн гэхэд гурав дахь удаагийн халдваргүйжүүлэлтийг хийж, хичээл эхлэх бэлэн байдлыг хангана” гэсэн юм. Мөн тэрээр “Есдүгээр сарын 1-ний өглөөнөөс хичээл сургалтын үйл ажиллагаа эхэлнэ. Харин хичээл эхлэхээс өмнө тухайн сургууль хичээлийн жилийн онцлог, шинэ багш нарын талаар, эсвэл ахмад багш нарынхаа сургаалыг видео хэлбэрээр бэлтгэж хүргэж болно” гэсэн юм.

Бид БШУЯ-ны бага дунд боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очироос хувийн дунд сургуулиудын төлбөр, өдөр өнжүүлэх газрууд ажиллуулах эсэх талаар тодрууллаа.


-Энэ жил төрийн бус өмчийн хэдэн сургууль үйл ажиллагаа явуулахаар эрхээ авсан бэ?

-2019-2020 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 158 төрийн бус өмчийн сургууль үйл ажиллагаа явуулсан. Эдгээр сургуулиудад 47011 хүүхэд суралцсан. Энэ бол нийт хүүхдүүдийн 7.3 хувийг эзэлж байгаа юм. Сүүлийн арав гаруй жилд төрийн бус өмчийн сургууль огцом нэмэгдээгүй. Хүүхдийн тоо хэвийн хэмжээнд байгаа.

-Хувийн дунд сургуулиудын төлбөр 6-120 сая төгрөгний үнэтэй байна гэсэн мэдээлэл байна. Төрөөс хувийн сургуулийн үнийг тогтоох боломжгүй ч гэсэн тодорхой хэмжээний зохицуулалт хийж болдоггүй юм уу?

-Нэгдүгээрт, хувьсах зардлын хувь хэмжээгээр арга хэмжээ авч байна. Хоёрдугаарт, цар тахлаас шалтгаалж эцэг эхчүүдийн санхүүгийн боломж худалдан авах чадвар муудсантай холбоотой сургалтын төлбөрийг сайдуудын хамтарсан тушаал дээр сар, улирлаар нь уян хатан зохицуулаач ээ гэдэг заалт оруулсан. Тэгэхээр эцэг эхчүүд хичээлийн жилийн эхэнд сургуультайгаа байгуулж буй гэрээндээ төлбөр мөнгөний асуудлаа нарийн сайн тусгаж өгөх ёстой. Цаашдаа цар тахлын нөхцөл байдал хүндэрвэл сургууль тасалдалгүй хичээл сургуулийн үйл ажиллагаагаа явуулах ямар боломж байгаа юм. Сургууль хүүхдэд ямар давуу тал боломжийг олгох юм, төлбөрөө яаж төлөх гэх мэт нарийвчилсан байдлаар гаргаад өгвөл маргаан гарахгүй. Өнгөрсөн хичээлийн жилд ийм нарийн зохицуулалт бага байсантай холбогдуулаад маргаан их гарсан. Бид ирсэн санал хүсэлтийг тухай бүрд нь сургууль руу шилжүүлсэн.

-Дунд сургуулийн сонгоны анги төлбөртэй юу?

-303 дугаар тушаал гэж бий. Гүнзгийрүүлсэн болон түргэвчилсэн сургалтыг зохион байгуулахтай холбогдуулаад нийт хувьсах зардлын 50 хувиас түргэвчилсэн сургалтын төлбөр илүү гарахгүйгээр зохицуулсан байдаг. Тэгэхээр сургууль болон сургуулийн зөвлөлөөрөө хэлэлцээд энэ төлбөр мөнгөө тогтоодог. Ингээд хүүхдүүдэд стандартаас давж олгож байгаа сургалтын үйл ажиллагаагаар дамжуулж төлбөрийн хураамж авах зохицуулалтууд төрийн өмчийн сургуулиудад бий.

-Хувийн сургуулийн төлбөр нэмэгдэж байгаа тохиолдолд нэг хүүхдэд олгох хувьсах зардал ч мөн өөрчлөгдөх байх?

– 2016 оноос эхлээд өндөр төлбөртэй сургуулиудад хувьсах зардлын санхүүжилтийг тодорхой хувиар олгодог зохицуулалтыг хийж өгсөн. Хэт өндөр төлбөртэй байвал нийт хувьсах зардлын 30 хувь, дундаж өндөртэй бол хувьсах зардлын 50-80 хувь, бага төлбөртэй буюу ашгийн бус сургуулиудад хувьсах зардлыг нь 100 хувь олгоод явах ийм зохицуулалт хийсэн.

-Өдөр өнжүүлэх төвүүд ажиллах уу?

-Одоогоор өдөр өнжүүлэх төвүүдийг ажиллуулна, ажилуулахгүй гэсэн тодорхой чиглэлийг БШУЯ-наас гаргаагүй. Гэхдээ өдөр өнжүүлэх төвүүдэд тавигддаг нийтлэг шаардлага, ажиллуулахтай холбоотой хяналт тавих ажлуудыг аймаг дүүргийн хүүхдийн төлөө зөвлөл тодорхой ажлын хэсэг гаргаж хянаад явна. Хэрвээ тухайн аймаг дүүрэг эрүүл ахуйн шаардлагыг хангаж байна гэж үзвэл өндөр өнжүүлэх газруудыг ажиллуулж болно. Хориглосон зүйл байхгүй.

Хичээлийн шинэ жилийн нээлТийн арга хэмжээ зохион байгуулахгүй гэв

Мөн бид Их дээд сургуулийн сургалтын төлбөр нэмэгдэж хасагдсан талаар БШУЯ-ны дээд боловсролын газраас тодруулахад “Монгол Улсын хэмжээнд 2020-2021 оны хичээлийн жилд 93 Их, дээд сургууль, коллеж сургалтын үйл ажиллагаа явуулж, нийт 150 мянган оюутан суралцахаар байна. Үүнээс бакалаврын түвшинд 120 мянга орчим оюутан суралцана. Их, дээд сургууль, коллежийн хичээл, сургалтын үйл ажиллагааг танхимын болон танхимын бус /цахим хичээл/ хосолсон хэлбэрээр зохион байгуулах бөгөөд лекцийг 2020 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс цахимаар эхлүүлж, семинар, лабораторийн хичээлийг 2020 оны аравдугаар сарын 5-ны өдрөөс танхимын сургалтаар эхлүүлнэ. БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын зөвлөмжийг сургуулиудад хүргүүлсэн бөгөөд хуучин уламжлалт нээлтийн арга хэмжээг зохион байгуулахгүй. Энэ жил сургалтын төлбөрийг нэмэгдүүлэхгүй байх чиглэл өгсөн. Мөн сургалтын төлбөрийг эцэг эх, асран хамгаалагчдад санхүүгийн дарамт үүсгэхгүйгээр улирлаар болон оюутан, суралцагчтай байгуулсан гэрээндээ зохицуулалт хийн уян хатан байдлаар төлөх талаар арга хэмжээ авахыг үүрэг болгосон. Их, дээд сургуулийн нэг кредитийн дундаж төлбөр 2019-2020 оны хичээлийн жилд 80 мянган төгрөг байсан. Тухайлбал, АШУҮС-ийн хувьд сургууль дотроо суралтын төлбөр харилцан адилгүй байдаг. Тус сургуулийн АУ-ны сургууль 99 мянга байхад сувилагчийн сургууль 85,6 мянга байна. Одоогоор бидэнд Их, дээд сургуулийн сургалтын төлбөр нэмэгдсэн, эсвэл хасагдсан гэсэн мэдээлэл ирээгүй. Үүнээс гадна төрийн өмчийн сургуулиуд 480 оноо, төрийн бус өмчийн Их дээд сургууль, коллежууд 410, хөдөө орон нутгийн их, дээд сургууль, коллежууд 400 оноогоор тус тус босго оноо тогтоосон” гэсэн мэдээлэл өгсөн юм. Мөн дотуур байрны хүртээмж, төлбөрийн талаар тодруулахад “Энэ хичээлийн жилд 51 оюутны дотуур байранд 12,8 мянган оюутан хүлээн авах боломжтой. Үүнээс нийслэлд 39 дотуур байранд 11,8 мянган оюутан, хөдөө, орон нутагт 12 дотуур байранд 1,1 мянган оюутан хүлээн авна. Оюутны дотуур байрын бүртгэл, төлбөр тооцоог цахимаар зохион байгуулж, Энэ сарын 5-ны өдрөөс оюутнуудыг хүлээж авна. Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө ариутгал, халдваргүйжүүлэлт хийх тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаар сургуулийн дотоод болон гадаад орчны халдваргүйжүүлэлтийг хийлгэнэ. Мөн тухайн оюутан дотуур байрын нийтийн эзэмшлийн талбай, номын сан, цайны газар, амрах өрөө, ариун цэврийн өрөөнд амны хаалтыг тогтмол зүүнэ. Сургууль, дотуур байранд 21цагаас хойш хөдөлгөөнийг хязгаарлана. Өрөө тасалгааны цэвэрлэгээ, агаар сэлгэлтийг тогтсон цагт хуваарийн дагуу хийж, хувийн ариун цэврийг сахиж, өрөөний эмх цэгц, байрын дотоод дэг журмыг баримтална. Байранд амьдардаг суралцагчид халуурах, ханиалгах, нус гоожих, толгой эргэх зэрэг өвчний шинж тэмдэг илэрсэн үед анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх түр тусгаарлах өрөөг бэлдсэн байна. Түүнчлэн тусгаарлах үед авах арга хэмжээний зааврыг бэлтгэн, хариуцах эзнийг тодорхой болгосон байна” гэсэн мэдээллийг өгсөн юм.

С.ЛХАМСҮРЭН

П.САЙНБАЯР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *