Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Т.Наран: Ийм өргөн боломжийг алдана гэдэг бол үр хойчийнхоо өмнө хийж байгаа том нүгэл

Тавантолгойн хө­рөнгө оруулагчтай хийх хэлэлцээний ажлын хэс­гийн гишүүн Монгол нүүрс ассоциацийн тэргүүн Т.Наран­тай ярилцлаа.

-Тавантолгойн гэрээ хэлэлцээний үйл явцын та­лаар ажлын хэсгийн ги­шүүний хувьд Та хариулт өгнө үү? Сүүлийн үеийн мэдээллүүдийг харахад Зас­гийн газраас тавьсан нөхцлүүдийг хүмүүс март­сан бололтой байна?

-Дэлхий дахинд өнөөдөр уул уурхайн бизнес саарчихсан үе. Ашигт малтмалын үнэ уначихсан үед манай Засгийн газар Тавантолгойд хөрөнгө оруулагчдад хүнд нөхцөл тавьж, тендерт орол­цохыг урьсан. Энэ сонгон шалгаруулалт бол өмнөх тен­дерийн үргэлжлэл, гол ялгаа нь Монголын үндэсний компанитай хамтарч оролцох, хувь эзэмшлийн 51 хувь нь Монголын талд байх, мөн лицензээ шилжүүлэхгүй гэсэн нөхцөл тавьсан. Энэ бол прак­тикт ховор тохиолддог маш хүнд нөхцөл. Хөрөнгө оруулагчдаас Америкийн Pea­body дангаар, Хятадын Шэньхуа Энержи, Японы Су­ми­томо компаниуд Мон­голын Энержи Ресурс компани­тай консорциум хэлбэрээр өрсөлдсөн л дөө. Хамгийн өндөр оноог хамтарсан консор­циум авч, хөрөнгө оруулалтын хэлэлцээ эхлүүлсэн юм.

Хөрөнгө оруулалтын бодит тоон утгыг тендерийн нөхцөлд төрөөс тодорхой зааж өгсөн. Үүнд: 2.5 жилийн дотор баяжуулах үйлдвэрийн хүчин чадлыг 30 сая тоннд хүргэх, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд 270 км төмөр зам өөрсдийн хөрөнгөөр тавиад тодорхой хугацааны дараа Монголын засгийн газарт үнэ төлбөргүй шилжүүлэх, Чалкод тө­лөх ёстой өрийг дарах, урьдчилгаа мөнгө төлөх гээд хүнд болзлуудыг тулгасан. Консорциум засгийн газраас тавьж байгаа саналуудыг бүгдийг хүлээн авч хөрөнгө оруулъя л гэсэн. Гуравдагч орны зах зээлд гаргах шаард­лагыг ч хангахаар санал өгсөн. Ажлын хэсэг тээнэгэлзээд, оноо балл тавихдаа эргэлзээд байхаар юм огт байгаагүй.

Дэлхийн уул уурхайн салбарт тэргүүлэгч асар том компани BHP Тавантолгойд хөрөнгө оруулахад ашиггүй юм байна гээд гараад явсныг хүмүүс тэр бүр мэддэггүй.

Олон жилийн турш дэл­хийн нүүрсний гол зах зээл бол Хятадын зах зээл, Хя­тадын хэрэглэгчид л бай­сан, байсаар ч байна. BHP гэж дэлхийн асар том уул уурхайн компани бий. Тэд Монголын Тавантолгойн лицензийг эзэмшиж байсан юм шүү дээ. Гэхдээ хөрөнгө оруулалт хийхэд ашиггүй, дэд бүтэцгүй, тээвэрлэлтийн зардал өндөр гээд гараад яв­сан. Гэтэл 2009, 2010 оны үед Австралид байгалийн гам­шиг болоод, нүүрсний уурхай­нууд нь үерт автчихсан. Дэлхийн нүүрсний зах зээлийн талыг нийлүүлэгч энэ улс нийлүү­лэлтээ хийж чадахаа болингуут нүүрсний зах зээлд бөөн бужиг­наан үүссэн. Тухайн үед Монголын Энержи Ресурс ком­пани Хонконгийн хөрөнгийн биржид гарч, нүүрсний эрэлт ихтэй тэр цаг үеийг ашиглаж чадсан. Үйлдвэрлэлийн дэд бүтцээсээ гадна нийгмийн дэд бүтцийг гадныхан шагширтал байгуулсныг Монголчууд бид мэднэ. Тийм ч учраас тэднийг дэлхийн хоёр том компани сонгоод, хамтарч ажиллая гээд ороод ирсэн юм. Ажлын хэсэг, хөрөнгө оруулагчид өдөр шөнөгүй сууж хэлэлцээгээ эцэс­лэхэд бэлэн болгоод байна. Мэргэжлийн хүмүүс бид нар маш урт хугацааны, өргөн хүрээтэй хэлэлцээр байгуулах учраас олон зүйл заалтыг нарийн чам­бай судалж ажилласан. Бодит байдлаа харах ёстой. Өнөөдөр нүүрсний салбар маань эл­гээрээ хэвтчихсэн байгаа. Мон­гол улсын хил дээр дундын худалдаачдад зарагддаг, одоо бүр байдал хүндрээд уурхайн аман дээрээсээ нэг юм зарж байна. Энэ байдлыг халж, дэл­хийд Монголын нүүрсний салбар том тоглогч болж гарч ирэхийн төлөө энэ хэлэлцээг хоёр талаас хийж байна.

-Таны яриаг сонсоод байх­нээ, Баабарын нилээд хэдэн жилийн өмнө бичиж байсан “Нүүрс үнс болохын цагт нэг ойлгоноо” гэдэг үг санаанд орчихлоо.

-Саадгүй сайхан яваад, овоо босч ирж байсан нүүрсний салбарыг төмөр зам ярьж 6 жил хөгжлөөс хоцроосон. Улс төржилт, хий хоосон популизм, сэтгэлийн хөөрөл үндсэндээ нүүрсний салбарыг өнөөдрийн хавцлын ирмэгт аваад ирчихсэн юм. Эцсийн бүлэгтээ хорлон сүйтгэгч бүлгийнхэн хожиж, Монголын ард түмэн л хохирч байгааг ойлгох хэрэгтэй. Энэ бол ганц нэг нүүрс олборлодог компанийн асуудал биш, энэ бол улс орондоо ажил олгож, татвар төлж, тэрнээс нь төсвийнхөн, халамжийнхан тэтгэвэр тэтгэмжээ авдаг гэж үзвэл улс орноо бүхэлд нь хорлож байгаа хэрэг. Нүүрснээс багахан ашиг олж, амтыг нь дөнгөж зах зухаас нь авахын даваан дээр унагаасны гор өнөөдөр гарч байна. Хөрөнгө оруулагчдын хувьд дэлхийн зах зээл дээр нүүрс хэрэггүй болохоор Монгол дагаад л хэрэггүй болчихож байгааг ойлгох хэрэгтэй.

-Гэхдээ энэ үеийг боломж гэж харах хэсэг байгаа…

-Монголын экспортын хам­гийн боломжтой, нөөц ихтэй бүтээгдэхүүн бол нүүрс. Нүүрс борлогдохоо болихын цагт бус­дыг царай алддаг юм байна. Жинхэнэ бодит байдал, хөрсөн дээрээ буугаад, бужигнаан халуурал биш үед хүмүүс арай эрүүл саруулаар хандах сайн тал байдаг л даа. Хөрөнгө оруулагчид дандаа Монголыг гуйгаад байхгүй, өөрсдөө нүүр­сээ зарах гэж зовдгийг ойлгож байгаа гэдэгт найдаж байна. Тавантолгойн хэлэлцээ амжилттай явбал эдийн засаг хүндэрсэн энэ үед том түшиг болно. Хөрөнгө оруулагчдынхаа да­вуу талуудыг ч бодох ёстой. Зөвхөн Шэньхуа Энержи л гэхэд Хя­тадын компани гэхээсээ дэлхийн аварга том компани гэдгийг ойлгох ёстой. Өөрөө төмөр замтай, Тавантолгойн нүүрсийг олон улсын зах зээлд хүргэх бүрэн чадалтай компани. Хятадын нутаг дэвсгэр дээгүүр бид нар нүүрсээ тээвэрлэхийн тулд 1-2 жилийн өмнө захиалга өгч, жаахан тээвэрлэлт хийх квот олдог байсныг халж чадна. Дундын зуучлагчгүйгээр Сумитомо гуравдагч орны зах зээл дээр борлуулна, Энержи ресурс дэлхийн хэмжээний үйлдвэрлэл, тээвэрлэлт хийнэ. Энэ төслийг дагаад орж ирэх хөрөнгө оруулалт Монголын эдийн засгийг хүчтэй болгоно, долларын ханшийн өсөлтийг шууд сааруулна.

-УИХ-ын гишүүд хэлэлцээ хийж байгаа ажлын хэсэгт итгэхгүй байх шиг. Та ямар тайлбар хийх вэ?

-Бүгд ч биш л дээ. Монгол улсад урт удаан хугацаанд ажиллаж, нүүрсний баялгийг ашиглах гэж байгаа үйл явцыг хүмүүс сонирхож болно. Ойлгох­гүй байгаа зүйлээ асуух нь хүн бүрт нээлттэй. Мэдээлэл олж чаддаг хүн гэж байна, өөрт нь зориулаад тайлбарлаж өгөхгүй бол ойлгож өгдөггүй хүн гэж байна. Энэ бол харьцангуй асуудал. Мэдээлэл хаалттай, нууц болоод байгаа юм ерөөсөө байх­гүй. Их хурал, Засгийн газар тен­дерийн нөхцлүүдээ тавьсан, Ажлын хэсэгт хүрэх цэгийг тогтоогоод өгчихсөн. Хөрөнгө оруулагчид бүх болзлуудыг хүлээж аваад, хөрөнгөө хийж хамтарч ажиллая л гэсэн. Энд ямар ч ойлгомжгүй юм байхгүй, улс орныхоо эрх ашгийн эсрэг ямар ч үйлдэл хийсэн зүйл заалт энд байхгүй. Эдийн засгийн ийм хүнд үед гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд итгэл олох нь хамгийн чухал байна. Олон улсын дүрмээр тоглож сурахгүй, бөөн хардалт, хий хоосон сүржигнэл, өөрсдийнхөө дүрмээр ингээд яваад байх юм бол хөшиг шууд хаагдана. Хөшигний цаана хэдүүлээ зодолдоод үлдвэл энэ улс орон чинь цаашаа яаж хөгжих юм бэ?

-Хөрөнгө оруулагчдад бас ашиг сонирхол гэж байгаа байх?

-Шэньхуа Энержи орж ирс­нээ­рээ Тавантолгой ор­дын өрсөлдөх чадвар мэдэг­дэхүйц нэмэгдэнэ. Бид тө­мөр замгүйгээсээ болоод шахагдсан зах зээлээ эргүүлэн олж авна. Японууд үргэлж олон эх үүсвэрээс худалдан авах стратеги барьдаг. Манай нүүрсний чанар тэдэнд тохирч байгаа учраас дан ганц Авст­рали­чууд ноёлдог байдал ааж­маар саарахыг тэд ч хүсч байгаа. Азийн том зах зээл дээр Монголын Тавантолгойн нүүрсийг гаргаж ашиг олох боломжийг сонирхогч талууд харсан учраас нэгдсэн. Бид аар саархан, явуургүй улстөржилтөөс үүдэн маш их цаг хугацаа алдаж байна. Энэ хооронд тэр зах зээл чинь зүв зүгээр байгаад байдаг юм биш. Австрали, Индонезиос өөр нийлүүлэгчгүй байсан Хятадад өнөөдөр маш олон нийлүүлэгчид орж ирсэн. Бидэнд хамгийн хүчтэй өрсөлдөгч бол Орос. 2010-12 онд Оросын нүүрс гэж ямар ч сураг байгаагүй юм шүү дээ. Гэтэл өнөөдөр Оросын засгийн газар хязгаар нутгуудад байгаа нүүрсний ордууддаа асар их хөрөнгө оруулалт хийж, боомт барих ажлуудыг шуурхайлж байна. Харин биднийг хэрэлдүүлэх, хоног хугацаа алдуулж өөрсдийн бүтээн байгуулалтаа явуулах хүсэл тэдэнд байна. Тэдний хүслийг гүйцэлдүүлж байгаа хэсгийнхэн ч Монголын төрд шургалан орсон байгааг харж байгаа байлгүй дээ.

-Шийдлийн Засгийн газар бүх асуудлаа их хурлынхаа өмнө очиж тайлагнадаг болох нь дээ. Хэрвээ шийдвэр гар­лаа л бол Тавантолгой хөдлөх нь гэж ойлгосон?

-Гэрээ зурагдлаа л бол Таван­толгойгоос угаасан нүүрс шууд ачигдаад гарна. Учир нь Энержи ресурс бүх дэд бүтцийг бариад байгуулчихсан. Хэрвээ Энержи Ресурс үйлдвэр, станцаа бариагүй байсан бол бүх юм тэгээс эхлэх байсан. Ийм өргөн боломжийг өдөр сараар хойшлуулж, цаг алдаад байна гэдэг бол үр хойчийнхоо өмнө хийж байгаа хорлон сүйтгэх супер ажиллагаа л гэж хэлэх байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *