Categories
мэдээ цаг-үе

Т.Мягмарчулуун: Нэг га газрын өвсийг гурван литр бензинээр хадна

Т.Мягмарчулуун дархан-сийлбэрчин мэргэжилтэй. Эхнэр дөрвөн хүүхдийн хамт, Хөвсгөл аймагт авто засварын газар ажиллуулдаг. Тэрээр мотоциклиор өвс хадах төхөөрөмж хийсэн. Мөн япон машины рамыг засах арга нь Японы нэгэн компанийн анхаарлыг татаж, үйлдвэрт нь хоёр сар ажиллах урилга хүлээн авчээ.

-Мотоциклиор өвс хадах санаа хэзээ төрсөн бэ?

-Бага насаа өвөөгийндөө өнгөрөөсөн. Өвөөгийнх мал ихтэй ч бүл муутай. Намайг зургаан настайгаас хадланд дагуулж, хүмүүст цай зөөлгөхийн хажуугаар хадлан хадуулж сургасан. Надад зориулсан тусгай талбай байсан. Би тэр талбайн өвсийг хадах ёстой. Хожим нь өвөө өөд болоод аав хөдөө гарсан. Би дүүтэйгээ хадланг нь авч өгнө. Тэр үед л гараар биш мотоциклиор өвс хадах санаа төрсөн. Энэ төхөөрөмж бол 2009-2013 он хүртэл хийсэн миний ажлын үр дүн.

-Гурван жилийн хугацаанд энэ төхөөрөмжийг хэн хэн ашиглав?

-Аав гурван жил өвсөө авсан. Энэ хугацаанд нэлээд зүйлийг сайжруулсан. Санхүүжилт байхгүй учраас ганц ширхгийг хийсэн юм.

-Аав чинь хэр их өвс, ямар хугацаанд авдаг вэ?

-Аав жилд дөрвөн машин өвс авдаг. Нэг га газрын өвсийг мотоциклиор гурван цагт хадна. Сайн өвстэй нэг га газраас ЗИЛ 130 машинаар тооцвол бүтэн хагас, бараг хоёр машин өвс гардаг. Нэг га газрын өвсийг хадахад гурван литр бензин зарцуулна.

-Өмнө нь ийм хадуур, тармуур байгаагүй юм уу?

-Байгаагүй гэдгийг хотод ирээд мэдсэн. 2013 онд Улаанбаатарт Монголын үндэсний телевизээс “Залуу зохион бүтээгч” гэдэг олон улсын уралдаан зохион байгуулсан. Энэ тэмцээнд оролцоод гуравдугаар байрт орохдоо манайд байхгүй гэдгийн мэдсэн.

-Чиний мотоцикльд угсарсан хадуур, тармуурын давуу тал нь юу вэ?

-Нойтон өвсийг ямарч асуудалгүй хадна. Мотоциклийн мотор халахгүй. Яагаад гэвэл хадуур, тармууранд сэнс холбосон. Ганц ирээр биш хоёр ирээр өвс хадна. Ингэснээрээ мотоцикльд ямар нэгэн чичиргээ байхгүй, эвдрэл гарахгүй. Мотоциклийн мотор халах нь хөдөөгийнхөнд хэцүү асуудал байдаг.

-Олноор үйлдвэрлэхэд ямар хэмжээний санхүүжилт хэрэгтэй вэ?

– Эхний ээлжинд 50 ширхгийг үйлдвэрлэх тооцоо хийж үзсэн. 150 сая төгрөг шаардлагатай. Би өөрөө Хөвсгөлд үйлдвэрийн байртай. Энэ мөнгөний ихэнх нь тоног төхөөрөмжинд зарцуулагдана. Цаашдаа үнэ буурах юм.

-Эхний 50 ширхэг хадуур, тармуур ямар үнээр зарагдах вэ?

– 1.6 сая төгрөг гэж тооцсон, жаахан нэмэгдэж магадгүй.

-Том хэмжээгээр, жишээлбэл хүчтэй трактороор их хэмжээгээр өвс хадах төхөөрөмж хийж чадах уу?

– Одоо бол чадна. Багасгаад хашааны, гудамж, талбайн өвсийг хадах зориулалттай ч болгож болно.

-Хятад руу яваад ямар үр дүнд хүрэв?

-Монголдоо патентаа авчихаад Хятад руу очсон. Хятадууд хуулбарлахдаа их чадамгай учраас би өөрийнхөө бүтээлийг Хятадад бас баталгаажуулаад патент авсан.

-Телевизээр гарсны дараа захиалга ирээгүй юу?

-Маш их ирсэн. Ялангуяа их хадлан авдаг газруудаас. Хөвсгөл аймгийн ХАА-н газрын зөвлөгөөн дээр танилцуулга, фланшанд хийсэн дүрс бичлэгүүдээ тараасан. Бас нэг улстөрч хамтарч ажиллана гэчихээд бултчихсан.

– Ямар дүн гарсан бэ?

– Санхүүжилтгүй болохоор захиалгаа авч чадаагүй.

-Арав хоногийн өмнө утсаар ярихад Япон явах тухай яриагүй. Гэнэт явах болсон уу?

-Тантай утсаар ярьсны дараа нэг танил маань ирж машиныхаа рамыг засуулсан. Түүний ах, дүү хамаатнууд ч надаар машинаа засуулдаг. Танил маань Японд машин засварын компанид ажилладаг байсан. Тэгээд тэр компани руугаа яриад “Их өвөрмөц аргаар машины рамыг засдаг хүн байна” гэж дуулгасан юм билээ. Гэтэл нөгөө Японы тал нь нарийн тайлбарлуулж аваад “Наад хүнээ бидэнтэй хамтарч ажиллах санал тавь. Эхний ээлжинд хоёр сар ажиллуулъя. Бүх зардлыг манай талаас гаргана” гээд маргааш нь л урилга ирүүлсэн. Миний зүгээс гадаад паспортоо бэлэн болгоод л болох юм байна. Долоо хоногийн дотор л бүх юм шийдэгдсэн. Ирэх баасан гаригт явна.

-Цаашид эхнэр, хүүхдийг чинь татаад, удаан хугацаагаар ажиллах гэрээний санал тавибал яах вэ?

-Ёстой хэлж мэдэхгүй байна. Би Японд бүү хэл нийслэлд удаан тогтдоггүй хүн шүү дээ. Зав гарвал хөдөө морь унаж давхих л дуртай.

-Эхнэр чинь юу хийдэг вэ?

-Хүүхдүүд, гэрээ л авч явна. Би ажлаа хийгээд явдаг. Ар талдаа санаа зовдоггүй.

Х.Баттөгс

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *