Categories
мэдээ цаг-үе

Т.Ганди: Унгар улс Ази руу хандсан эдийн засгийн бодлогынхоо хүрээнд Монголд ач холбогдол өгч байна

Өнгөрсөн хавар Унгар улсын Ерөнхийлөгч манай улсад айлчилсан. Хоёр, гуравхан хоногийн өмнө тус улсын Ерөнхий сайд айлчлаад буцлаа. Манай хоёр улсын дипломат найрамдалт харилцаа сүүлийн жилүүдэд сэргэж, шинэ шатанд хөгжиж буйг айлчлалын хүрээнд болсон үйл явдлуудаас тод харж болно.

Айлчлалын талаар Монгол Улсаас Унгар улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Гандитай ярилцлаа. Тэрээр УИХын сонгуульд дөрвөн удаа ялж, Эрүүл мэнд болон Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдаар гурвантаа томилогдон ажиллаж байсныг манайхан мэдэх юм.

-Унгар улсын Ерөнхий сайдын айлчлал Монгол улсад амжилттай болж өнгөрлөө. Засгийн газрын таван гишүүн, 60-аад ажил хэрэгч хүн, бизнесийн төлөөллийг багтаасан энэ айлчлалын ач холбогдлыг та юу гэж үзэж байна вэ?

-Монгол, Унгар улс эртний түүхэн холбоотой ард түмнүүд юм. Бидний хөгжлийн түүх, туулсан замналд маань адил төстэй зүйл олон бий. Улс төр, эдийн засгийн харилцааны хувьд социалист интегралчлалд багтаж, бие биедээ тусалж дэмжиж явсан үе байдаг. Түүхийн явцад улс төр, эдийн засгийн ардчилсан өөрчлөлтүүдийг хийж, шинэ тогтолцоонд шилжсэн он жилүүд маань бас ойролцоо байна.

Далайд гарцгүй, том гүрнүүдийн улс төр, эдийн засгийн бодлогын хамааралтай хөгжлийн явц зэрэг үнэхээр олон талаар бид ойролцоо түүх замналыг туулсан улс аа. Монгол, Унгар улсын хооронд дипломат харилцаа тогтсоны 66 жилийн ой болж байна. Социалист лагерийн орнуудын эдийн засгийн хуваарийн дагуу Монгол Улсад Унгар улсын Засгийн газар, ард түмний оруулсан хувь нэмэр, бүтээн байгуулалт тодорхой байдаг юм.

-Тухайлбал, нэрлэж болох уу?

-Сонгинын Биокомбинат, Дарханы махкомбинат, Оёдлын нэгдлийн үйлдвэр зэрэг улс орны шинэ тутам хөгжиж ирсэн аж үйлдвэр, хөнгөн үйлдвэрийн салбарын үндсэн суурийг Монгол Улсад бий болгох, бэлчээрийг усжуулах, худаг ус гаргах, хайгуул шинжилгээ хийх, орчин цагийн өндөр мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэхэд Унгарын ард түмний оруулсан хувь нэмэр их юм.

-Тодорхой хөгжлийн шилжилтийн зааг үед хоёр орны харилцаа саарсан үе байсан?

-Хоёр орны төр засгийн түвшинд өндөр дээд түвшний айлчлал тэнцвэртэй бус байв. Бид аль аль нь нийгмийн өөрчлөлтөнд өөрсдөө дасан зохицох, шинэ тогтолцооны үндэс суурийг тавих, шинэ шинэ холбоотон анд нөхөд эрж байсан үе бий. Чухам энэ харилцааны хувьд зогсонги ч гэмээр он жилүүдэд Унгар Монголын дипломат харилцаа тогтвортой тасралтгүй явж ирсэн нь олзуурхууштай санагддаг. Тодорхой хэлэх юм бол төв Европын түвшинд төв Ази Монголын нүүдлийн соёл иргэншил судлал амжилттай хөгжиж, судалгаа шинжилгээнүүд тогтвортой үргэлжлэн хийгдэж ирсэн байдаг нь бахархалтай. Сүүлийн жилүүдэд манай хоёр орны харилцаа хамтын хүчин чармайлтаар илтэд өргөжин хөгжиж байна.

-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2014 онд Унгар улсад, тус улсын Ерөнхийлөгч Адер Янош 2015 онд манай улсад харилцан албан ёсны айлчлал хийсэн. Унгар улсын Гадаад хэрэг, Гадаад худалдааны сайд Петр Сияяарто 2015 онд манай улсад айлчлан Элчин сайдын яамаа сэргээн нээсэн. Энэ нь манай улстай харилцах холбоонд өндөр ач холбогдол өгч байна гэж ойлгож болох уу?

-Унгар улсын Засгийн газар Ази Дорно дахин руу хандсан нээлттэй эдийн засгийн бодлогынхоо хүрээнд Монгол Улстай харилцах харилцаандаа өндөр ач холбогдол өгч байна. Мөн өнгөрсөн онд Унгарын Худалдааны ордон Улаанбаатар хотноо үйл ажиллагаагаа эхэлсэн. Энэ удаагийн Унгар улсын Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд В.Орбаны манай улсад хийсэн албан ёсны айлчлал аль ч талаараа түүхэн ач холбогдолтой, үр дүнтэй айлчлал боллоо.

-Ажиглагчид ам сайтай байна, олон сайхан зүйл хийхээр яригдлаа. Айлчлалыг дүгнэж хэлээч?

-Унгарын Засгийн газрын тэргүүн Ерөнхий сайдын түвшинд Монгол Улсад хийж буй анхны айлчлал болсон. Урьд өмнө Ерөнхий сайдын айлчлал хийгдэж байгаагүй юм билээ. Мөн уламжлалт найрсаг харилцаатай хоёр орны хувьд улс төр, гадаад харилцааны бодлогоо эдийн засгийн цоо шинэ агуулгаар баяжуулж харилцан ашигтай хөрөнгө оруулалтыг дэмжих, тогтвортой үйл ажиллагаа, хамтрагч байх хүсэл эрмэлзлээ тодорхойлсон энэ айлчлал цоо шинэ дүр төрхийг агуулж байна. Унгар улсын Засгийн газрын тэргүүний Монгол Улсад хийж буй энэхүү айлчлалын бас нэг онцлог зүйл хоёр орны харилцаа зөвхөн талуудын тогтвортой хамтын ажиллагааг бий болгох. Ази болон Евро бүсийн түвшинд итгэл бүхий сайн түнш, ирээдүйд чиглэсэн үр дүнтэй хамтын үйл ажиллагааны эхлэл суурь болж буйгаараа онцлог.

-Унгар улсын Засгийн газрын нэн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд биокомбинатыг шинэчлэх үйл ажиллагаа эхэллээ гэж ойлгож болох уу?

-Ерөнхий сайд В.Орбаны манай улсад хийсэн албан ёсны айлчлалын бас нэг томоохон үр дүн бол Сонгино дахь Биокомбинатын ТӨҮГ-ын техник тоног төхөөрөмжийг бүрэн шинэчлэх төслийг гараанаас гаргах асуудал байлаа. Засгийн газар дамжигдан яригдсан олон удаагийн гэрээ, санамж ойлголцлын бичиг зурагдсан байдаг юм. Ажлын олон ч хэсэг ажилласан байдаг юм байна лээ. Дээрх хөрөнгө оруулалтын төслийн хувьд Унгарын өнөөгийн Засгийн газар ач холбогдол өгч, шаргуу ажиллаж ирсний үр дүн энэхүү айлчлалаар гарч байна. Манай улсын эдийн засгийн голлох тулгуур салбарын нэг болох МАА-н салбарыг эрчимжүүлэх, мал эрүүлжүүлэх, улмаар малын гаралтай мах, сүү, хүнсний бүтээгдэхүүн экспортлоход Биокомбинат стратегийн ач холбогдолтой газар юм.

-Анх Унгарын буцалтгүй тусламжаар баригдсан гэдэг байх аа?

-Тийм, түүнээс хойш 40 гаруй жил техник эдийн засгийн шинэчлэл хийгдээгүй явсаар өнөөдрийг хүрсэн Сонгино дахь Биокомбинатыг Унгар улсын нэн хөнгөлөлттэй зээлийн тусламжаар дахин иж бүрэн шинэчлэх төслийг хэрэгжүүлье гэсэн манай саналыг дэмжиж төслийн хүрээнд 25 сая ам. долларын санхүүжилтийг гаргах асуудал дээр талууд тохиролцож чадлаа. Биокомбинатын иж бүрэн шинэчлэн хэрэгжүүлэх дээрх 25 сая долларын өртгөөс гадна ТЭЗҮ боловсруулахад шаардагдах тодорхой санхүүжилтийг гуравдагч эх үүсвэрээс гаргах боломж нөхцөл байгаа. Энэ талаар Унгарын Гадаад хэргийн сайд манай гадаад хэргийн сайдтай хийсэн уулзалтын үеэр илэрхийлж байлаа. Энэ нь Биокомбинатын шинэчлэлийн төсөлд Унгарын Засгийн газрын чармайлт үнэхээр их байгааг нотлон харуулж буй сайн мэдээний нэг гэж үзэж болно.

-Унгар улсад манай улсаас суралцагсдын тоо нэмэгдэж буй сайхан мэдээ бас бий?

-Энэ бол үнэхээр сайхан мэдээнүүдийн нэг яах аргагүй мөн юм аа. Унгар улсад Монгол Улсаас оюутан сургаж эхлээд 40 гаруй жил болж байна. Энэ хугацаанд манай орноос анагаах ухаан, эмзүй, хөнгөн үйлдвэрийн технологи инженер, зам гүүрийн инженер, хэл согог судлалын багш, заах арга зүйч чиглэлээр 400 гаруй оюутан сурч төгссөн нь өнөөдөр Монгол Улсынхаа хөгжилд бодитой хувь нэмрээ оруулсан, нийгэмд байр сууриа эзэлсэн тэргүүлэх сэхээтнүүд болж, нэртэй төртэй ажиллаж байна. Хоёр Засгийн газрын боловсролын салбар хооронд байгуулагдсан хэлэлцээр өнгөрсөн онд шинэчлэн байгуулагдсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Унгар улсад хийсэн ажлын айлчлал, Унгар улсын Ерөнхийлөгч Янош Адерийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын өндөр түвшний яриа хэлэлцээний үеэр яригдсан. Унгар улсын Засгийн газрын тэтгэлгээр Монгол Улсаас суралцагсдын тоог 100 болгон нэмэгдүүлэх асуудал ийнхүү үр дүнд хүрч 2015-2016 оны хичээлийн жилд Монгол Улсаас 100 оюутан суралцаж эхлээд байна. Энэ нь урьд өмнө тэтгэлгээр суралцаж байсан таван оюутны тоог эрс нэмэгдүүлсэн сайхан шийдвэр байлаа. Хоёр орны Ерөнхий сайд нарын уулзалт хэлэлцээрийн үед Унгарын тал Монгол Улсаас Унгар улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулж буй оюутныхаа тоог нэг дахин буюу 200 хүртэл нэмэгдүүлэх боломжийг бас илэрхийлсэн нь манай улсад оруулж буй томоохон оюуны хөрөнгө оруулалт болох юм. Боловсролд, хүнд хөрөнгө оруулалт хийж буй нь дахин сэргээгдэж, баяжигдаж байдгаараа давуу талтай.

-Шинэ тутам хөгжиж буй хөгжлийн салбарын нэн чухал мэргэжилтнүүдийг зөв сонгон шалгаруулан суралцуулах нь манай талд гарах нь?

-Тэгж хэлж болно. Унгар улс эрхзүй, шинжлэх ухаан боловсролын салбарын хувьд олон зуун жилийн өмнөөс бий болсон өөрийн гэсэн соёл, арга барил дээр нь Европ, олон улсын стандартад нийцсэн нэр хүндтэй олон арван их, дээд сургуультай.Тэнд сурах арга барилд суралцсан, шалгуурыг нь давах оюутнуудаа илгээх ажилд манай зохих байгууллагууд анхаарах байхаа. Унгарын нэр хүндтэй анагаахын сургуулийн диплом хилийн чанадад 7-8 оронд хүлээн зөвшөөрөгддөг гэдэг утгаараа зөвхөн хөгжиж буй орнуудаас гадна Солонгос, Япон, АНУ-аас ч олон оюутан суралцаж буй нь ажиглагддаг. Төв Европын нэр хүндтэй сургуулиудад суралцан тухайн орон, бүс нутгийн хөгжил соёлоос суралцан эх орондоо ирнэ гэдэг нь Монголын залуучуудад томоохон боломж юм. Унгар улсад суралцаж буй оюутны тоо нэмэгдэж буй нь сайшаалтай.

-Монгол Унгарын харилцааны гол бэлгэдэл яах аргагүй Биокомбинат буюу малын вакцины үйлдвэр гэж үздэг. Энэ үйлдвэрийн шинэчлэл эхэлж үр дүнд хүрэх нь ээ. Унгар Монголын эдийн засаг, хөрөнгө оруулалт, худалдааны бодлого харилцааны өөр ямар шинэ төлөв, шинэ боломж байна гэж та үзэж байна вэ?

-Түрүүн би хэлсэн. Унгар улс гадаад харилцаагаа эдийн засагжуулах, хуучин уламжлалт харилцаатай улс орон, Ази, Дорно дахины орнуудтай харилцан ашигтай худалдаа эдийн засаг, шинэ боломж гарцуудыг нээх бодлогыг хэрэгжүүлж эхлээд байна. Энэ бодлогын хүрээнд Унгар-Монгол улсын эдийн засгийн хамтын ажиллагааны гол талбар бол яах аргагүй ХАА, МАА-н салбар. Манай улсын ХАА-г эрчимжүүлэх шаардлагатай техник, технологи, стандарт, мэдлэгийн импорт хийх санал, боломж айлын талд байна. Бид энэ боломжийг зөв ашиглах хэрэгтэй байна. Мөн уул уурхай, усны салбарт хамтран ажиллаж ирсэн туршлага бидэнд бий. Олон удаагийн өндөр дээд хэмжээний айлчлалын яриа хэлэлцүүлгүүдийн түвшинд яригдаж ирсэн тодорхой салбар төслүүд ч байна. Наад захын жишээ хэлэхэд хот төлөвлөлт, бохир ус зайлуулах, үерийн хамгаалалт, саарал ус дахин цэвэршүүлэх, байгаль орчны нөхөн сэргээлт, гүний болон гадаргын усны нөөц тодорхойлох эрэл хайгуул хийх зэрэг ажил эрэлт хэрэгцээ манайд бий. Туршлага, стандарт, технологи нь Унгарт байна. Дээрх салбаруудын хүрээнд хамтран ажиллах талуудын санал байгаа зэрэг нь бидний цаашдын хамтын ажиллагааны зорилтыг тодорхой болгож буй хэрэг.

-Ерөнхий сайд В.Орбаны албан ёсны айлчлалаар олон гэрээ хэлэлцээрүүдэд гарын үсэг зурагдлаа?

-Манай улсын нутаг дэвсгэрт газрын ховор металийн эрэл хайгуулын судалгааны ажил, геологийн эрэл, зураглал хийх, Улаанбаатар Будапешт хоороны хамтын ажиллагааг хөгжүүлэх Эко-автобус үйлдвэрлэл, ухаалаг бизнес болон үзвэр үйлчилгээний төв байгуулах. Мөн Туул голын үерийн менежмэнт, барилгын материал үйлдвэрлэх, ХАА, хүнсний үйлдвэрийн чиглэлд хамтран ажиллах зэрэг салбар хоороны олон гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурагдсан. Худалдаа аж үйлдвэр танхим хооронд, барилгын компани хооронд, хүнсний үйлдвэрлэл эрхлэгч бизнесүүдийн хооронд хамтын ажиллагааны санамж ойлголцлын бичгүүдэд гарын үсэг зурагдлаа.

-Унгарын 48 томоохон компанийн 60 гаруй төлөөлөл, Монголын 170 гаруй бизнесийн төлөөлөл оролцсон бизнес форум хэр үр дүнтэй болов?

-Хуучин анд нөхдийн шинэ орчин нөхцөлд хамтран ажиллах боломж гарц, түншээ эрсэн уулзалт боллоо гэж үзэж байна. Манай хоёр орны эдийн засгийн харилцаа 1990 оноос хойших хугацаанд нийтдээ хоёр сая орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн нь чамлалттай үзүүлэлт юм. 2014 онд худалдааны нийт эргэлт 11.9 сая ам.доллар, экспорт 187 мянган ам.доллар, импорт 11.8 сая ам.доллар байна. Худалдааны эргэлтийг сайжруулахад төрөөс хөрөнгө оруулагчдадаа дэмжлэг үзүүлэх шаардлага харагдаж байна. Манай хоёр орны худалдааны бүтэц цөөн төрөл эмнэлгийн зориулалттай радио долгионы ба рентгений хоолой бусад хэрэгсэл, тун хэлбэрт савлагдсан эм, шоколад, какао, хүнсний бүтээгдэхүүн, вино зэрэг байгаа. Сүүлийн жилүүд Европийн хүнсний ногоо, жимс оруулах сонирхол өсөж байгаа нь харагдаж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *