Categories
мэдээ цаг-үе

Т.Эрдэнэбат: Монгол техникчид “Камминс”-д ажиллаж эхэлсэн нь дотоод шаталтат хөдөлгүүр үйлдвэрлэх суурь тавигдлаа гэсэн үг

“Камминс Монголиа инвестмент” ХХК-ийн борлуулалт хариуцсан мэргэжилтэн Т.Эрдэнэбаттай ярилцлаа.

-Дизель хөдөлгүүр үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг “Камминс”-ын хөдөлгүүртэй монгол автобуснууд нийслэлээр давхилдаж эхэлнэ гэдэг бол маш таатай мэдээ. Танай хөдөлгүүрийг дэлхийн машин үйлдвэрлэлийн аваргууд хэрэглэдэг байх аа?

-“Камминс” хөдөлгүүрийг хэрэглэх боломжгүй газар гэж байхгүй. Хятадын тухайд гэхэд л машин үйлдвэрлэж байгаа “Хово”-гоос эхлээд бүх төрлийн машин үйлдвэрлэл нь “камминс”-ийг сонгодог. Солонгосын “Хьюнда”, Японы “Комацү”, “Хитачи” манайхаас хөдөлгүүрээ авдаг. Инженерингийн төвшинд хамтарч ажилладаг. Загвар дизайнаа цуг гаргадаг. Дэлхий даяар хэрэглэгдсэн энэ туршлагыг Монголд “Экобус”-ын инженерүүдтэй хамтарч нэвтрүүлэх гэж байна. Дэлхий даяар 100 жил хэвшсэн технологийг хэрэглэх гээд байгаа юм. Хөдөлгүүр бол машины зүрх нь.

-Тэгэхээр монголчууд “Тоёото” шиг дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн машин үйлдвэрлэх сууриа “Камминс”-тай хамт тавьчихжээ…?

-Тэгж ойлгож болно. Автобус үйлдвэрлээд эхэлнэ, “Камминс”-тай хамтраад явна гэдэг чинь машин үйлдвэрлэлийн суурь тавигдлаа гэсэн үг. Магадгүй 20, 30 жилийн дараа “Экобус” гэдэг камминс хөдөлгүүртэй автобусыг Хятад, Оросод хэрэглэж байхыг үгүйсгэх аргагүй.

-“Экобус” автобусаа үйлдвэрлээд эхлэхээр эд ангийг нь хийх хэдэн мянган үйлдвэр дагалдаад хөгжинө гэж байсан. Автобус үйлдвэрлэхэд яг хэчнээн эд анги ордог юм бэ?

-Манайх Монголд “Ecobus” гэдэг компанитай сүүлийн хоёр жил хамтарч ажиллаж байна. Таны хэлсэнчлэн автобус үйлдвэрлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа компани л даа. Улаанбаатар хотын нийтийн тээврийг шинэчлэх, байгальд ээлтэй, иргэдэд аюулгүй нийтийн тээврээр үйлчлэх зорилготой ажилладаг хүмүүс. Тэд үйлдвэрлэх автобусандаа манай “камминс” хөдөлгүүрийг тавихаар ярьж байгаа. Бидний энэ хамтын ажиллагаа Монголд бусад үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд маш том нэмэр болно л доо. Автобусыг дотооддоо үйлдвэрлээд эхлэхээр дагалдаад өчнөөн үйлдвэр ажиллаж эхлэх нь гарцаагүй зүйл. Автобусанд 6000-7000 төрлийн эд анги байдаг. Монголд хийж болохыг нь хийгээд эхэлчихсэн. Автобус үйлдвэрлэнгүүт эд ангийг нь хийдэг үйлдвэрүүд нэмэгдээд ирнэ.

-“Камминс” гэж дэлхийн брэнд Монголд дизель хөдөлгүүр үйлдвэрлэх салбар үйлдвэрээ байгуулчихлаа. Тэгэхээр “Камминс” гэж хэн бэ, үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнүүд нь ямар давуу талтай юм бол гэх мэт асуулт олны сонирхлыг татаж таарна…?

-“Камминс” том машинуудын дизель хөдөлгүүрийн үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг. Хөдөлгүүрийн хувьд дизель юмуу, байгалийн хий, газаар ажилладаг хоёр сонголттой үйлдвэрлэдэг юм. Дизель хөдөлгүүрийн давуу тал нь мушгих хүч өндөртэй. ”Horse power” буюу морины хүч нь арай бага. Хүнд нөхцөлд их юм чирч явна гэсэн үг. Морины хүч ихсэхээр засмал зам дээр илүү хурдтай давхих боломж нэмэгддэг. Дизель хөдөлгүүр бол бензин хөдөлгүүр шиг хурдтай давхиж чадахгүй. Арай удаан давхина. Хүнд даацын машин техникүүдэд илүү ашигладаг. “Камминс” дизель хөдөлгүүр үйлдвэрлэлээрээ дэлхийд номер нэг. 19 литрээс доошхи, 2.8 литрийн багтаамжтай хөдөлгүүрийг жижиг дунд гэж ярьдаг. 2015 онд яг ийм хөдөлгүүрийг нэг сая 200 мянгыг үйлдвэрлэсэн байх жишээтэй. Эхний аравт орсон компаниудыг харахаар хоёрт “Хино” гээд “Тоёото” орж байгаа юм. Дараагийн компаниудыг харахаар сая давсан тооны хөдөлгүүр үйлдвэрлэдэг компани дэлхий дээр нэг ч байхгүй. Гэтэл “Камминс” зөвхөн 19-2.8 литрийн багтаамжтай гэхэд сая гараад явчихдаг. 19 литрээс дээшээ гээд ярихаар 95 литрийн багтаамжтай хөдөлгүүр хүртэл бий. Ийм багтаамжтай хөдөлгүүрүүд дизель генератор, цахилгаан үүсгүүр, усан онгоц, Америкт шинээр тавигдаж байгаа хурдны галт тэргүүдэд суурилагддаг. “Камминс”-ийн ажиллаж эхэлсэн хугацаа гэвэл өнгөрсөн зууны эхэн үе. 1919 онд АНУ-д байгуулагдсан компани. Өнөөдрийн байдлаар 190 гаруй улсад үйл ажиллагаа явуулдаг. Дэлхийн таван тивд үйлдвэрлэл явуулдаг. Дэлхий даяар 55 мянган ажилтантай аварга компани.

-190 гаруй орон гэхээр бараг л бүх улсад хүрч ажилладаг байх нь?

-Ер нь бол тийм. Үйл ажиллагаа явуулж болдоггүй орнууд гэхээр Хойд Солонгос, Иран гэх мэт онцлогтой улсууд байдаг юм. Учир нь “Камминс”-ын хөдөлгүүрийг зэвсэг техникт ашиглах боломжтой байдаг. Ийм онцлогтой, өндөр нууцлалтай технологи учраас гаргаж болохгүй улсууд гэж бий.

-Манай улсад нээсэн үйлдвэрийнх нь онцлогийг сонирхуулаач?

-“Камминс” үйлдвэрлэлийнхээ хувьд шинэ, дахин гэсэн хоёр хэсэгтэй. Шинэ үйлдвэрлэл гэдэг нь төмрөө цутгахаас эхлээд бүгдийг өөрсдөө хийж бүтээгдэхүүнээ гаргахыг хэлээд байгаа юм. “Камминс” –ын Монголд барьсан үйлдвэр нь дахин үйлдвэрлэл гэдэгт орно. Хуучин хөдөлгүүрийг үйлдвэртээ оруулж ирээд шинэ болгож гаргана гэсэн үг. Үйлдвэрээс бүтээгдэхүүн ямар стандартаар гардаг, хэр баталгаат хугацаа өгдөг яг л тэр жишгээр ажилладаг төв баригдсан гэж ойлгож болно. Уул уурхайн өндөр хүчин чадалтай хөдөлгүүрүүдийг дахин үйлдвэрлэх төв юм л даа. Монголд 19 литрээс 78 литрийн багтаамжтай “камминс” хөдөлгүүрүүд 440 орчим байдаг юм. Стратегийн ач холбогдолтой уурхайнуудаас эхлээд жижиг алтны уурхай хүртэл уул уурхайн бүх тоног төхөөрөмж “камминс” хөдөлгүүртэй. Тэр хөдөлгүүрт их засвар, дунд засвар хийх үйлдвэр ажиллаад эхэлсэн гэж ойлгож болно.

-Өмнө нь уул уурхайн компаниуд дизель хөдөлгүүрүүдээ яаж засуулдаг байсан юм бол?

-Оюу толгойгоор жишээлье. Ард нь “Рио тинто” гэдэг компани бий. “Рио тинто”, “Комацү”, “Камминс” гурав дэлхий даяар биенээ дэмжих гэрээтэй ажилладаг. Жишээ нь “Оюу толгой” дээр байгаа “камминс” хөдөлгүүрт “Камминс” өөрсдөө зардлыг нь засвар үйлчилгээ хийдэг. Өмнө нь бүх хөдөлгүүрийг Улаанбаатарт авчраад, хотоос Бээжин рүү явуулдаг байсан юм. Маш өндөр зардал гардаг байсан. Гэхдээ бид тэр ачааг хэрэглэгчдэдээ үүрүүлээгүй. “Камминс” өөрсдөө дааж байсан л даа. Монголд их засвар хийх үйлдвэр байхгүй нь бидний буруу гэдэг үүднээс хандахаас аргагүй. Хэрэглэгчдийн хувьд хүлээх асуудал л байсан. Харин одоо Монголдоо өөрсдөө хийх боломжтой болчихлоо. Эдийн засагт өгөөжөө үзүүлэхээр шийдвэр болсон. Манай үйлдвэрийн техникчид гэхэд л монгол залуус. Хөдөлгүүрийн их засвар хийсэн мөнгө Хятад руу явахаа больж, Монголд үлдэнэ гээд давуу тал их бий.

-Ер нь дизель хөдөлгүүрт их засвар хийхэд хэр хэмжээний мөнгө ордог вэ?

-Хөдөлгүүрийн өртгийн 50-70 хувь нь гээд ойлгочихож болно. Маш өндөр өртөгтэй гэсэн үг. Тэр тусмаа уул уурхайн том хөдөлгүүрүүд маань их өндөр өртөгтэй байдаг. Нэг удаа их засвар хийсэн хөдөлгүүр 2-3 жил зогсохгүйгээр 24 цаг ажилладаг. Бидний унадаг машины мотор шиг өдөрт ганц, хоёр цаг явдаг эд биш л дээ. Хүнд нөхцөлд 24 цаг ямар ч зогсолтгүйгээр явдаг онцлогтой.

-Танайх Монголд хэчнээн ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд байна?

-2011-2016 он хүртэл сүүлийн тав орчим жил найман сая ам.долларын хөрөнгө оруулалт хийчихээд байна. Монгол улсад, монгол хүнд хийсэн хөрөнгө оруулалт гэсэн үг. Манай цехэд ажиллаж байгаа техникчид гэхэд л Бээжингийн үйлдвэрт сурцгаасан. Бүтэн жил тэнд амьдарч, ажиллаж дадлагажсан. Манай нэг онцлог гэвэл Америкийн стандартыг хангасан. Монгол стандартаар хийчихэд л болчихно гэдэг газар биш. Жишээ нь ус дахин цэвэрлэж ашиглах хэсэг манай үйлдвэрт бий. Америк стандартаар бол усаа хэрэглэчихээд бараг ундны устай дүйцэхээр цэвэрлэж байж бохирын хоолойд холбодог. Хөдөлгүүр цэвэрлэсэн бохир, тостой усаа шууд гаргаж болохгүй. Монголд ийм стандарт байхгүй ч “Камминс” барьдаг стандартаа л мөрдөнө. Сонирхсон компаниудад ус цэвэршүүлэх технологийнхоо талаар туршлага солилцоход бэлэн. Манай компанийн хийж байгаа бас нэг шинэ санаа сэдэл гэвэл цаасаа огт хаяхгүй байгаа. Монголд цаас боловсруулах төв баригдахад нийлүүлнэ гэсэн бодлоготойгоор цаасаа хадгалж байна. Манай компанийн ажилчид жилд хамгийн багадаа 16 цаг нийгмийн ажил хийх үүрэгтэй. Өнгөрсөн жилүүдэд гэхэд л бид Богд ууланд мод тарьсан. Асрамжийн төвийн байрыг засч, янзалж тохижуулсан. Мод тарих бол манай компанийн маш том ажлын нэг. Жил бүр мод тарина гэж байгаа.

-“Камминс” төсөвт хэдэн төгрөгийг татвар хэлбэрээр оруулсан бэ?

-Сүүлийн хоёр жил гэхэд л 8.6 тэрбум төгрөгийг татварт төлсөн байгаа. Дизельт хөдөлгүүрийн төв нээгдсэн учраас өмнө төлдгөөсөө илүүг төлж таарах байх.

-Та түрүүн монгол залуус “Камминс”-т техникч хийж байгаа нь том давуу тал гэж онцолж байсан. Монголд дотоод шаталтат хөдөлгүүр үйлдвэрлэх суурь, хүний нөөц нь бүрджээ гэсэн утгаар хэлсэн үү?

-Гадаадад дахин үйлдвэрлэгдээд ирэх ёстой хөдөлгүүрүүдийг бүгдийг Монголд үйлдвэрлэнэ гэдэг манай улсын хувьд том давуу тал. Монгол техникчид ажиллана гэдэг үйлдвэрлэл хөгжих таатай боломж. Хувийнхаа бодлыг хэлье. Монгол техникчид “Камминс”-д ажиллаж эхэлсэн нь Монголд ирээдүйд дотоод шаталтат хөдөлгүүр үйлдвэрлэх суурь тавигдаж байгаа гэж ойлгож болно. Үйл ажиллагаа нь өргөжих хэрээр илүү олон техникч ажиллуулна. Тэгэхээр монгол техникчид маань хөдөлгүүр дахин үйлдвэрлэх биш илүү том ажил хийж болно. Монгол Улс гангаа хайлуулж цутгаад дотоод шаталтат хөдөлгүүр үйлдвэрлээд эхэлвэл хүний нөөц талаасаа асуудалгүй болно гэдэг маш том давуу тал.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *