Хууль бусаар хилээр гаргасан дал гаруй сая жилийн настай Тарбозавр Батаар үлэг гүрвэлийн олдворыг өнгөрсөн 2013 оны тавдугаар сарын 17-нд АНУ-аас Монголд авчирсан билээ. Зориулалтын байр, агуулах сав байхгүйгээс хэсэг хугацаанд Дархан-Уул аймагт хагас жил шахам байсан Т.Батаарыг өнөөдөр нийслэлд авчирч, Ленины музейд байрлууллаа. Үлэг гүрвэлийн төв музейн захирал Н.Жавзмаа “Т-Батаар болон түүний нөхдийг өнгөрсөн аравдугаар сараас эхлэн Дархан-Уул аймагт байрлуулж, нутгийн иргэдэд үзүүлж, сонирхуулсан. Нэгэнт шүүхээс Ленины музейг төрийн өмч болохыг тогтоосон тул Т.Батаар болон түүний нөхөд гэртээ ирж байна. Ардын хувьсгалын 93 жилийн ойн баяр наадмаас урьтаж иргэдийн хүртээл болгохоор зорьж ажиллана” гэлээ.