Categories
мэдээ нийгэм

Сяньбигийн үеийн түүхэн олдвор илрүүлжээ

Нийтийн тооллын 93 онд Хүннүгийн эзэнт гүрэн мөхсөн хэмээн үздэг. Үүний дараа зарим хүннүчүүд Хятадын хойд хэсэг, Өвөр Монголд очиж нутагласан. Чухам энэ үеэс хойш 200 жилийн түүхийг гэрчлэх археологийн олдвор өнөөг хүртэл олдоогүй юм. Тэгвэл Шинжлэх ухааны академийн түүх археологийн хүрээлэнгийнхэн өнгөрсөн жилийн судалгаа, шинжилгээний ажлын хүрээнд энэ 200 жилийн хугацаатай холбогдох түүхэн олдворыг илрүүлжээ. 2015 оны 6-7 дугаар сарын хооронд Монгол, Францын хамтарсан судалгааны анги Баян Өлгий аймгийн Ногоон нуур сумын нутагт Сяньбигийн үе буюу нийтийн тооллын өмнөх 2-4 дүгээр зуунд холбогдох бүтэн оршуулгын газар, цөөн тооны эд зүйлс олжээ. Булшны хадгалалт сайн байсан учраас Хүннүгийн ясан дээр хийх бүх судалгаа боломжтой хэмээн тэд дүгнэжээ. Гол нь Хүннүгийн үеийн судалгааны нуугдмал байсан энэ үед холбогдох олдворыг илрүүлснээр бид эх түүхээ судлах тодорхой хэрэглэгдэхүүнтэй болж буйгаараа онцлог юм байна.

Шинжлэх ухааны академийн түүх археологийн хүрээлэнгийнхэн өнгөрсөн 2015 онд чамлахааргүй түүхэн амжилттай ажиллажээ. Өнгөрсөн жил Монгол Улс гадаадын есөн улстай хамтарч 15 аймгийн 33 суманд судалгаа явуулсан байна. Энэ хүрээнд 100 орчим түүхэн дурсгал, 1000 гаруй эх хэрэглэгдэхүүнийг илрүүлжээ. Тухайлбал, өнгөрсөн жил Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг дахь Чингис хааны анхны нийслэл Аваргын балгасанд цэргийн зэр зэвсэг үйлдвэрлэдэг дархны зуух, алт мөнгөний бүрэн хэрэгслийг анх удаа илрүүлсэн байна. Мөн хүннүгийн үеийн шавар ваар сав, урлагийн шинэ олдворыг илрүүлсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *