Categories
мэдээ цаг-үе

Суут Архимед

Сицилийн аралд байсан Сиракус хэмээх Грекийн тусгаар хот улсад нэгэн хөвүүн мэндэлжээ. Тэр хөвүүн бол хожмын суут математикч, агуу эрдэмтэн Архимед байсан юм. Эртний Грекийн агуу математикч, инженер, одон орон судлаач, зохион бүтээгч байсан түүний амьдрал ахуйн талаар мэдээлэл тун ч хомсхон. Гэвч тэрбээр механик болоод геометрийн шинжлэх ухааны салбарт хэзээ ч үл балрах суут нээлтүүдийг хийсэн домог билээ. Түүний тухайн үедээ хийж байсан машинууд буюу оньсон техникүүд цаг үеэсээ нэгэнт хол тасарсан байсан юм. Тэр үеийн Ромын түүхчид Архимедийг ихээхэн сонирхож намтар түүх болон амьдрал бүтээлийг нь бичиг туурвилдаа үлдээсэн нь сэргэн мандалтын үеийн эрдэмтэн мэргэдэд чухал түлхэц болохуйц нөлөөг үзүүлж байсан гэдэг. Архимед дэлхий дахины мэддэг теоремуудыг нээсэн бөгөөд түүгээрээ бүхий л цаг үед үл балрах нэрээ сийлэн үлдээсэн юм. Түүхийн судалгаагаар Архимед 75 орчим насалжээ. Эцэг нь мөн л тухайн үедээ гайгүйд тооцогдох Фидиас нэртэй астрономич байж. Мэдээж түүнийг шинжлэхүй ухаанд шимтэхэд эцгийнх нь мэдлэг мэргэжил ихээхэн нөлөө үзүүлсэн нь гарцаагүй. Грекийн зохиолч, гүн ухаантан, ёс зүйч Плутархын бичиж үлдээснээр бол Архимед Сиракусын хаан II Хереонтой хамаатан садны холбоотой байсан гэжээ.

Уг нь Архимедийн намтар түүхийг түүний дотнын найз Греклит их л нарийн бичиж үлдээсэн гэх боловч цагийн саалтад дийлэнх хэсэг нь устаж үгүй болсон нь харамсалтай. Харин түүний математикийн зарим бүтээлүүд нь Александрын номын сангийн эрхлэгчид захидал хэлбэрээр бичигдсэн байдаг ажээ. Греклитийн бичиж үлдээсэн намтар хэрэв бүрэн бүтэн байсансан бол Архимедийн гэр бүл, үр хүүхдийн талаарх мэдээлэл тодорхой үлдэх байсан биз. Тиймээс энэ суут эрдэмтэн үр хүүхэдтэй байсан уу, гэрлэсэн үү гэх мэт нь балархай хэвээр. Түүхэн сурвалжуудад л лав Архимедийн хүүхэд гэх мэдээлэл байдаггүй юм. Архимед бага балчир насаа эртний Египетийн Александр хотод боловсрол эзэмшихээр суралцаж өнгөрүүлсэн гэдэг.

Тэрбээр ертөнцийн жамаар нас бараагүй бөгөөд нийтийн тооллын өмнөх 212 оны хавьд Ромын цэрэгт алуулсан гэж сурвалжид бичжээ. Тодруулбал тухайн онд Ромын цэргийн удирдагч Маркус Клаудус Марселисийн цэргүүд Архимедийн төрөлх хот Сиразусыг эзлэхийн тулд бүхэл бүтэн хоёр жил бүсэлжээ. Тэр үед Архимедийг амь үрэгдсэн гэж үздэг. Энэхүү явдлын талаар Плутарх “Хотыг эзлэн авах үед Архимед математикийн диаграммын талаар их л анхаарч ажиллаж байсан ба тэр үед нэгэн цэрэг ирж түүнийг жанжин Марселистай уулзахыг тушаасан. Гэвч тэрбээр өөрийн хийж буй ажлаа дуусгах ёстой хэмээхэд цэрэг түүнийг алсан” гэж бичиж үлдээсэн байна. Суут Архимедийн сүүлчийн үг нь “Миний цагаригуудад бүү хүр, бүү эвд” хэмээн хэлсэн гэж эх сурвалжуудад өгүүлсэн нь бий. Архимедийн цаг бусын энэ үхэлд цэргийн жанжин Марселис ихэд хилэгнэсэн ч гэдэг. Мөн өөр нэгэн домогт Архимедийн зохион бүтээсэн оньст техникийн тусламжтайгаар төрөлх хот-улс нь жанжин Марселисийн армийг бараг л бут цохисон бөгөөд хэн нэгэн урвагч л хотын хаалгыг нээж өгснөөс хот нь эзлэгджээ. Тэр бүү хэл жанжин Марселис хүртэл “Одоо яахав дээ. Геометрийн эсрэг хийсэн дайнаа зогсоохоос доо” гэж хүртэл хэлсэн тухай домогтой. Бас л анд найз Плутарх нь “Архимед шинжлэх ухааны мэдлэгээрээ дэндүү бардам. Өөртөө их суу алдрыг авчирсан нээлтүүд, зохиол туурвилаа бичиж үлдээсэнгүй” гэснээс үзвэл түүний “Ер нь шинэ санаа оноог бичиж тэмдэглэж аваад байх шаардлага байхгүй. Зүгээр л хийчих хэрэгтэй” гэж хэлсэнтэй нь агуулга дүйдэг. Ромын цэргүүд ч Архимедийн оньсон төхөөрөмжүүдийн нууцыг эс олж чаджээ. Тухайн үед Ромчууд хүчирхэг болон гарч ирж өөрийн газар нутгаа тэлэх дайн байлдаан ихээхэн хийж байсан бөгөөд далай тэнгист хүртэл хяналтаа тогтоон, боомт хотуудаа байгуулахыг зорьж байж. Тархай бутархай хөгжил сулхан хот-улсууд, Грекүүд ч ялгаагүй сайтар зохион байгуулагдсан хүчирхэг армийн эсрэг зогсож чадахгүй байсан нь мэдээж. Харин Архимедийн төрөлх хот нь Ромчуудыг сөрөн зогссон ба тэр байгаагүй бол Сиракуз хот нь зүгээр л бууж өгөх байсан биз ээ. Дайсанд асар их хохирол учруулах мөнөөх оньсон төхөөрөмжүүдийн нэг нь “Шатаах толь” гэгч байж л дээ. “Шатаах толь” нь нарны гэрлийг буцаан ойлгох бөгөөд тухайлсан нэг цэг дээр гэрлийг цуглуулах хүнхэр хэлбэртэй том толь юм. Энэхүү “шатаах толь”-ны тусламжтайгаар дайсныхаа хөлөг онгоцуудыг өдрийн цагаар шатаачихаад байж. Бүхэл бүтэн хөлөг онгоцуудыг нь өлхөн шатаачихдаг энэ зэвсэг дайран ирж байгаа явган цэргүүдийг бол үнс болгочихож дөнгөнө. Шөнө үдэш болохоор усан доор байрлуулсан чулуун дүүгүүр маягийн төхөөрөмжөөр онгоцнуудыг нь хэмх, хэмх цохин живүүлж, эсвэл оньсон дэгээгээр онгоцыг нь дэгээдэн сүйрүүлж байсан гэдэг. Ийм л хөнөөлтэй зэвсэг Сиракуз хотынхонд байсан болохоор дээр өгүүлсэн Марселисийн аргаа барсан үг гарсан байж таарна. Бас “Төмөр савар” хэмээгдэх байлдааны зориулалт бүхий учир битүүлэг төхөөрөмжийн тухай түүхийн зарим эх сурвалжид дурдагддаг. Ямархуу хэлбэр загвартай, ямар зарчмаар ажилладаг байсан нь өнөөг хүртэл бүрхэг байгаа эл төхөөрөмж хөлөг онгоцуудын доод хэсгийг базаж цөмөлдөг, хөмөрдөг, эсвэл дээш нь өргөж өндрөөс шиддэг байсан бололтой.

Архимед цилиндрийн гадаргын талбай болон эзлэхүүний 2/3 нь бөмбөлгийн гадаргын талбай болон эзлэхүүний 2/3-тай тэнцүү гэдгийг баталсан юм. Түүний бунханд ч өндөр болон диаметр нь тэнцүү цилиндрт багтсан бөмбөрцөг байсан гэдэг. НТӨ 75 он буюу түүнийг үгүй болсноос даруй 170 гаруй жилийн дараа Ромын уран илтгэгч Цицерон Сиракус хот дахь бунханд нь очиж зарим нэгэн гар бичмэлийг нь уншиж болохуйцаар чулуун дээр сийлж сэргээсэн байдаг. Ер нь Архимед онолын механикийн судалгаан дээр ажиллаад зогсохгүй математикийн шинэ шинэ теоремыг нээхийн тулд механикийн ололт дэвшлүүдийг ашиглаж болохыг харуулсан юм. Одоогийн Санкт-Петербург хотноо тив хоорондын ачаа тээврийн аварга хөлөг онгоцыг усанд тавих ёслолын ажиллагааны үеэр инженер нь хөлгийн их бие дээрх улаан шугамыг зааж “Энэ бол хөлөг онгоцны далайд хөвөх үеийн усанд дүрэгдэх зааг юм” гэж хэлсэн байдаг. Тэгвэл тэрхүү усанд дүрэгдэх заагийг нарийн тооцоолж гаргах аргачлалыг суут Архимедийн хуульд үндэслэн гаргадаг юм. “Шингэн ба хий нь дотроо агуулагдсан биед эгц дээш чиглэлтэй бөгөөд биеийн живсэн хэсгийн эзлэхүүнтэй тэнцүү эзлэхүүн бүхий хүчээр үйлчилнэ” гэсэн хууль билээ.

Далайчид нэгэн удаа том хөлөг онгоцыг усанд түрж оруулах гэж их л тэвдэж байхыг харсан Архимед элдэв оньст техник ашиглан усанд төвөггүйхэн тавьсан бөгөөд энэ үеэс эхлэн “Надад тулах цэг өг. Би дэлхийг эргүүлье” гэх алдарт үг нь дэлхий даяар түгж эхэлсэн гэдэг. Хэдийгээр тулах цэг нь байлаа ч дэлхийг эргүүлэх боломжгүй ч гэлээ энэ үг өнөөг хүртэл хэлэгдэж ирсэн алдартай үгсийн нэг маргаангүй мөн шүү дээ.

Архимед хааныхаа зарлигаар титэм нь хольцтой эсэхийг шалгах үүрэг авч олон хоног бодолд автаж явсны эцэст хариуг нь мөн олоод гудамжаар гарч гүйхдээ “Эврика” буюу “Оллоо” хэмээсэн нь өнөөдөр ч мөн хэлэгдсээр л байна.


One reply on “Суут Архимед”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *