2014-2015 оны хичээлийн жилд 206,636 хүүхдэд 1,171 цэцэрлэг ноогдож
байсан бол энэ хичээлийн жилд цэцэрлэгийн насны хүүхдийн тоо 11,464-өөр
нэмэгдэж, 54 цэцэрлэг шинээр ашиглалтад оржээ. Энэ нь хамран сургалтын
хувь өнгөрсөн оныхтой харьцуулахад 5,6 хувиар өссөн үзүүлэлт юм. Өөрөөр
хэлбэл цэцэрлэгт нэмж 6000 хүүхэд хамруулах боломж бүрдсэн гэсэн үг.
Хэдийгээр цэцэрлэгийн байр хангалтгүй, маш олон хүүхэд цоожтой хаалганы
цаана үлдэж байгаа хэдий ч салбарын яамнаас сүүлийн хоёр жилд зөвхөн
цэцэрлэгийн 158 барилга барьж, ашиглалтад оруулжээ. Мөн энэ ондоо
багтаан 47 цэцэрлэг ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа юм байна.
БСШУ-ны сайд Л.Гантөмөр өнгөрсөн долоо хоногт өгсөн мэдээлэлдээ “Хүн
амын өсөлтийн хурдыг барилга барих хурд нь гүйцэхгүй байгаа. Цэцэрлэгийн
барилгыг хангалттай хэмжээнд хүргэхэд төсөв хөрөнгө, газар гээд
тодорхой асуудлууд тулгарч байна. Гэхдээ бид бүтээн байгуулалтын тоог
улам нэмж ажиллана. Мөн удахгүй “Хүүхэд харах үйлчилгээний хууль”
хэрэгжээд эхэлхээр энэ асуудал нааштайгаар шийдэгдэнэ. Ирэх намар гэхэд
цэцэрлэгийн хүрэлцээний асуудал үндсэндээ шийдэгдэнэ гэж бодож байна”
гэсэн юм.