Сурагчийн дүрэмт хувцасны үнэ 88-175 мянган төгрөгийн хооронд байна. Цар тахал, хил гаалийн нөхцөл байдлаас шалтгаалж дүрэмт хувцасны үнэ өссөн гэж үйлдвэрлэгчид тайлбарлаж байна.
Одоогоор “Торгон хийц”, “Бүтээлч үйлс”, “Шилмэл загвар”, “Бат зүү” компани сурагчийн дүрэмт хувцсыг үйлдвэрлэн худалдаалж эхлээд байгаа юм. Мөн сурагчийн дүрэмт хувцасны үнэ өнгөрсөн жилийнхээс нэмэгдсэн байна. Тодруулбал, өнгөрсөн жил бага ангийн эрэгтэй, эмэгтэй дүрэмт хувцас дунджаар 67-91 мянга, дунд ангийн дүрэмт хувцас 82-115 мянга, ахлах ангийн дүрэмт хувцас 125-153 мянган төгрөгийн хооронд худалдаалж байсан. Харин энэ жил бага ангийн эрэгтэй, эмэгтэй иж бүрэн дүрэмт хувцас 74-117 мянга, дунд ангийн эмэгтэй дүрэмт хувцас 108-138 мянга, эрэгтэй 108-138 мянга, ахлах ангийн эрэгтэй 167-173 мянга, эмэгтэй 151-173 мянган төгрөгөөр борлуулагдаж байна.
Харин “Бүтээлч Үйлс”, “Торгон хийц” компаниас гаргаж буй бага ангийн сурагчийн эрэгтэй хүрэм 52 мянга, өмд 36 мянга, зангиа дөрвөн мянга, эмэгтэй форм 59 мянган төгрөг. Мөн дунд ангийн эрэгтэй хүрэм 68 мянга, эмэгтэй хүрэм 65 мянга, охидын юбка 37 мянга, өмд 43 мянга, ахлах ангийн дүрэмт хувцасны хүрэм эрэгтэй 89 мянга, эмэгтэй 83 мянган төгрөг бол юбка 39 мянга, өмд 49 мянган төгрөг. Бага ангийн дүрэмт хувцасны цамц 25 мянган төгрөгөөр борлуулагдаж байгаа бол дунд ангийнх 27 мянга, ахлах ангийнх 29 мянган төгрөг байна.