Categories
мэдээ цаг-үе

Сумынхаа эмээ, өвөөд аргал түүж өгсөн жаалууд

Хархорин сумын “Орхон” цогцолборын тавдугаар ангийнхан аргал түүх үедээ Үүрээ багшаараа энэ зургийг авахуулжээ. Саяхны нэг нартай өдөр хүүхдүүд сумынхаа хөгшчүүлд аргал дөхүүлж өгсөн гэнэ. Х.Үүрцайх багш “Тавын гурван бүлэг аргал түүх гэж уулын хяраар ёстой нэг явж өгсөн дөө. Гучаад шуудай аргал түүчихээд Дондог өвөө, Нямаа эмээгийнд очино гэж шуугилдаад жигтэйхэн юм болсон. Хүүхдүүдийнхээ айхавтрыг тэр үед илүү мэдэрсэн шүү. Аргал дөхүүлээд өгчих хүнгүй, ядарсан хөгшчүүлийг үнэхээр нарийн судалж олсон байсан. Сумын төвөөс өчнөөн зайтай айлыг хүртэл судалж мэдээд очиж тусалсанд нь сэтгэл хөдөлсөн гэж. Нэг эмээ бүр дэлгүүр рүү гүйж, ууттай чихэр тараагаад хөл газар хүрэхгүй баярласан. Чихэр нь дутчихсан чинь эмээ сандраад бөөн юм болсон. Хүүхэд их хөөрхөн. Буцаад дэлгүүр рүү гүйхэд нь чихрээ авах гэж хүлээгээд зогсоод байгаа юм даа” гэж хэлээд хөгжилтэй инээв. Х.Үүрцайх багш “Орхон” цогцолбор сургуулийн бага ангийн нийгмийн ажилтан, номын санч, “Ёс зүйт зөв хүүхдийн есөн дадал” хөтөлбөрийн гол зохицуулагч гээд өчнөөн албатай. “Ес зүйт хүүхдийн есөн дадал”-ыг 5-8 дугаар ангийн сурагчдад хэрэгжүүлсэн чинь итгэмээргүй олон өөрчлөлт гарсан гэнэ. Тэр өөрчлөлтийн нэг нь саяны явдал. Өмнө нь эмээ, өвөөдөө ус дөхүүлэхээс залхуурч тоглоом хөөдөг байсан тавдугаар ангийн багачууд сумынхаа хөгшчүүлд тусалдаг болтлоо өөрчлөгджээ. Эдний сургуульд мэндэлдэггүй хүүхэд байхгүй гэнэ. Зарим нь бүр мэндэлснийх нь хариуд дуугараагүй багш нараа захиралдаа хэлж байгаад мэндтэй устай болгосон гэж байгаа. Эхэндээ мэндлүүлж сургах гэж жүжиг тавихаас наагуур юм болж. Бие биеэсээ ичиж зугатаагаад, мэнд мэдэхдээ амаа дарж, инээдээ барьж ядаад хөгтэй агшнууд өчнөөн гэнэ.

Өвөрхангай аймгийн Хархорин сумын “Орхон” цогцолбор ёс зүйн загвар сургууль, аймгийн тэргүүний,улсын шилдэг гээд олон тодотголтой юм билээ. Хэрэгжүүлж байгаа “Ёс зүйт хүүхдийн есөн дадал” хөтөлбөрийг нь саяхнаасбусад сумынх нь сургуулиуд сонирхоод эхэлчихэж. Сурагчдынх нь сурлагаэрс сайжирсан учраас сонирхсон хэрэг. “Орхон” цогцолборынхон олимпиадад өмнөх жилээсээ амжилттай оролцсон, бага ангийнхан нь үг үсгийн алдаагүй жирийлгэдэг болцгоосон, өмнө нь эзгүй дүнсийдэг номын сангийн танхимөдөржин хүүхдээр дүүрэн өнжих болсон гээд өчнөөн гоё жишээг Үүрээ багшаас сонслоо. “Ёс зүйт хүүхдийн есөн дадал” хөтөлбөрийг “Соёлоор гийгүүлэхүй” төрийн бус байгууллагаас ивээн тэтгэж сумын хэмжээнд хэрэгжүүлжээ. Энэ жил хэрэгжиж дуусах гэнэ. “Соёлоор гийгүүлэхүй” төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүн О.Туяа “Манайхыг байгууллага гэхээр нэг их том газар гэж ойлгож магадгүй. Гэр бүлийн хүрээнд л ажиллуулдаг. Манай хүн байгууллагынхаа тэргүүн нь. Гол ажлаа нугалдаг хүн нь би. Эрдэнэзуу хийдийн хамба Х.Баасансүрэн бид найзууд. Найзын маань дэмжлэг их шүү. Сэтгэлийнхээ дуудлагаар эхлүүлсэн ажил байгаа юм. Эдийн засаг талаасаа тухайн үедээ мөнгө гараад өнгөрнө. Үүнээс илүү кайфыг хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдээсээ авдаг. Хүүхдэд нэг төрсөн тод мэдрэмж насан туршид нь хадгалагдаж үлддэг.Хархорины 300 хүүхдийн ядаж 30 нь ёс зүйн хувьд мундаг төлөвшинө гэж бодохоор сайхан санагддаг” гэж бодлоо хуваалцав. Гэр бүлийнхээ орлогоос илүүчилж хэрэгжүүлдэг хөтөлбөр нь “Орхон” цогцолборын дунд ангид бүрэн утгаараа хэрэгжжээ. Нийслэлийн зарим сургуулиас тодорхой ангиуд сонгон авч хэрэгжүүлдэг юм билээ.

“Ёс зүйт хүүхдийн есөн дадал” хөтөлбөр их энгийн юм. Зөв хувцаслалт, зөв хооллолт, зөв хөдөлмөр амралт, даалгавраа хийх, ном уншиж ойлгох, анхаарлаа төвлөрүүлэх, мэндлэх, хүндлэх, талархах, уучлах, ширүүн үг хэлэхгүй, худал хэлэхгүй, бусдад туслах гэсэн дадлуудыг жагсаасан өнгөтэй хүснэгт хүүхэд бүрд тараагаад өгчихдөг юм байна. Ард нь тус бүрд нь хүснэгтэлсэн долоо хоногийн гаригуудтай. Зөв хувцасласан өдрөө “би чадсан” гэсэн бичигтэй ногоон смайл наана. Арай амжаагүй бол шар өнгийн“би хичээсэн”, зөв хувцаслаагүй бол улаан өнгийн “би оролдсон” гэсэн бичигтэй смайлууд наана. Хүүхдүүд долоо хоногийн турш өөрийгөө үнэлсэн смайлуудыг наах даалгавартай. Хүснэгтний хамгийн сүүлийн нүдэнд аав, ээж нь хүүхдээ үнэлнэ. Аав, ээжүүдэд ийм даалгавар өгчихөөр өмнө нь хүүхдээ анхаардаггүй байсан томчуудын идэвх ч сэргээд ирсэн гэнэ. Тавын “б”-гийнхний өөрсдийгөө үнэлсэн хүснэгтийг сонирхлоо. “Би оролдсон”, “Би хичээсэн” гэсэн смайлууд өчнөөн. “Би чадсан” гэсэн смайл ч цөөнгүй харагдав. “Хүүхдүүд ийм үнэнч. Эхний долоо хоногуудын хүснэгтийг хар даа. Улаан, шар, ногоон өнгө алагласан байгаа биз. Дараа, дараагийн долоо хоногоос ногоон нь ихэссэн байгаа” хэмээн Х.Үүрцайх багш ярилаа. Ийм хөтөлбөр хэрэгжүүлсэнд нь багш нар аав ээжүүд их олзуурхаж байгаа гэнэ.

Тавын “б”-гийн М.Сувдаа охин хажуугийнхаа дэлгүүрийн бухимдангуй харилцдаг худалдагчид эхэндээ их дургүй байж. Хөтөлбөр хэрэгжих явцад ууртай эгчийг ойлгож харилцдаг болжээ. “Би тэр эгчтэй уучилж харилцдаг болсон. Тийм ачаалалтай ажилладаг юм чинь уурлахаас яахав дээ” гэж хэвлүүхэн гэгч нь ярьсныг Үүрээ багш өхөөрдөн ярина лээ. Сувдаагийн ангийн С.Зундуй-Ёндон “Би өмнө нь мэндэлж хүндэлдэггүй, малгайгаа авдаггүй их дэггүй байсан. Одоо зүгээр. Би өмнө нь бусадтай ярьж байхдаа их харааж зүхдэг байсан. Одоо бол тэгж аймаар хараадаг байдлаасаа арай дээрдсэн “ гэж ирээд сэтгэгдлээ бичээд явуулчихаж. Тавын “б”-гийн Б.Номин-Эрдэнэ “Би өмнө нь дүрэмт хувцас өмсөх дургүй, эрээн мяраан хувцас өмсдөг байсан. Харин одоо дүрэмт хувцсаа өмсдөг сурагч болсон” гэж ирээд өчнөөн урт сэтгэгдэл бичжээ. Г.Жавзанпагма охин “Би өмнө нь чипс, хийжүүлсэн ундаа зэргийг их иддэг байсан. Одоо бол эд нарыг идье ч гэж боддоггүй” гэжээ. Ер нь хүүхэд бүр л хийжүүлсэнундаа, бэлэн гоймон, чимпс идэхээ больсон гэж бичсэн байна лээ. Нэг хүү бүр “Өглөө хичээлд явахад аав, ээж босохоосоо залхуураад идэх юм хийж өгдөггүй. Юм идэхгүй гарч болохгүй гэдгийг ойлгосон болохоор буцалсан ус уугаад хичээлдээ явдаг” гэж бичсэн харагдав.

“Ес зүйт зөв хүүхдийн есөн дадал” хөтөлбөр хэрэгжсэн нь сургуулийн нийгмийн ажилтны ажлыг хөнгөвчилсөн гэнэ. Өмнө нь хүүхдүүдийг болохгүй юм хийх бүрд нь өрөөндөө авчирч шүүгч маягаар ажилладаг байсан нийгмийн ажилтан одоо тэгэхээ больжээ. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нийгмийн ажилтных нь оролцоо өндөр юм билээ. “Соёлоор гийгүүлэхүй” төрийн бус байгууллагын О.Туяа ирэх намраас нийгмийн ажилтнуудыг сургах аргаар сургуулиудад хөтөлбөрөө түгээх бодолтой байгаа гэсэн. Тэрээр “Бурханы шашин 2550 жилийн түүхтэй.Сэтгэл судлалын 2550 жилийн түүхтэй шашин. Та өөрөө өөрийнхөө аврал, хүний дотоод сэтгэлээс бүх юм шалтгаална ч гэдэг юм уу, үзэл онол зөв бодлоор төлөвшдөг, буруу үзэл төлөвшвөл үйлдэл буруу болно гэх мэт сэтгэл судлалын асар том үзэл баримтлал байгаа юм. Дан ганц шашин гэдэг талаас биш ухаанаас нь санаа авч хялбаршуулаад нийгмийн ажилтнуудад ойлгуулъя гэж бодож байгаа. Бясалгал гэхэд л асар их ач холбогдолтой. Анхаарал төвлөрүүлэх амьсгалын дасгал оюун ухааныг амраадаг гэж шинжлэх ухаан нотолчихсон” хэмээн ярилаа. Хархорины сурагчид хичээлийнхээ үеэр анхаарал төвлөрүүлэх амьсгалын дасгал хийдэг аж. Тогтож өгөхгүй гүйж харайдаг хүүхдүүдэд хүртэл өөрчлөлт гарч байгаа гэнэ.

О.Туяа “Анхаарал төвлөрүүлэх амьсгалын дасгал бол бясалгалын анхан шат. Уураг тархи өдөр, шөнөгүй ажилладаг. Унтсан ч оюун ухаан амардаггүй. Зөвхөн амьсгал дээр нь төвлөрүүлчихээр ямар ч бодол төрөхгүй, уураг тархи амардаг. Ийм дасгал хийгээд эхэлсэн хүүхдүүд өмнө нь анзаардаггүй байснаа анзаардаг болдог. Тусалъя гэж огт боддоггүй байсан нь тусалъя гэж бодож эхэлдэг” гэж ярилаа.“Орхон” цогцолборын Энхтуяа захирал сургуулийнхаа олон нийтийн арга хэмжээний үеэр сурагчидтайгаа хамт анхаарал төвлөрүүлэх амьсгалын дасгал хийдэг гэсэн. Энэ хөтөлбөрийг онцгойлж дэмждэг хүмүүсийн нэг аж.

О.Туяа санаачилж хэрэгжүүлж буй хөтөлбөрийнхөө өгөөжийг “Дээрэнгүй хандаж, хүнтэй мэндэлдэггүй, уучилж чадахгүй бол хэн ччамайг хүндэлж харилцахгүй гэхээр сайхан харилцах ёстой юм байна гэсэн бодол хүүхдэд төрдөг. Сайхан харилцаатай, бие чинь эрүүл байлаа ч мэдлэггүй бол юм хийж бүтээж чадахгүй гэдгийг тайлбарлаадөгчихөөр бие, хэл, сэтгэл гурав хүнийг бүрдүүлдэг цогц зүйл гэдгийг хүүхэд ойлгодог. Энэ талаас нь хялбарханаар хэлж өгсөн нь манай хөтөлбөрийн давуу тал” гэж энгийнээр тайлбарласан. Үүрцайх багштай өдрийн хугас яриа өрнүүлэхэд байсгээд л “Ёс зүйт зөв хүүхдийн есөн дадал” хөтөлбөрийг сургуулийнхаа бусад сургуулиудад түгээх “брэнд” хэмээн онцолж байлаа.

Ц.Баасансүрэн

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *