Categories
мэдээ нийгэм

Сумогийн “Үлэмж биет” Ичиножёо зодог тайллаа DNN.mn

Токио хотод сэвшээ салхи сэвэлзэн үлээж, нар ээсэн дулаахан өдрүүдэд монголчууд бид модон луу жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгэн, цагаан сар, хотол түмнээрээ баярлан золгож буй шинийн дөрвөн буюу 2 дугаар сарын 11-нд Сумогийн ордноос ердөө л галт тэрэгний нэг өртөө зайд орших ихэнхдээ монгол сумо бөхчүүд хурим найр ёслолоо хийдэг нэгэн томоохон зочид буудалд дээд зиндаанд олон жил барилдан, ид хаваа үзүүлэн, түрүү бөхийн магнайд тодорч байсан Ичиножёо буюу сумо бөх Алтанхуягийн Ичинноровын зодог тайлах ёслол боллоо. Ёслол эхлэхийг мэдэгдэн, модон цохиурын товшилтоор хаалга нээгдэн, сумо бөхийн засалч, цагтаа сумогийн дэвжээг доргиож явсан “Үлэмж биет” Ичиножёог дагуулсаар танхимд орж ирэн, 400-гаад зочин алга ташин угтаж авав. Түүний ойр дотны найз нөхөд, одоо сумод барилдаж байгаа Озеки Киришима Б.Лхагвасүрэн, Чиёошима Г.Мөнхсайхан, Оошёоүма П.Дэлгэрбаяр, Дайшохо Ч.Шижирбаяр, Саданохикари Д.Наранцогт, Араүма Б.Төртогтох зэрэг бөхчүүд Оошима ояаката Н.Цэвэгням, Такасаго ояаката Б.Дашням, Отоваяма ояаката М.Ананд нар болон монголоос аав, ээж, дүү нар, хамаатан садан зэрэг 80-аад зочин хүрэлцэн иржээ. Ёслолын үйл ажиллагааг “Эн эйч кэй” телевизийн сумо башёг олон жил хөтөлж байсан ахмад нэвтрүүлэгч Огата Ёшихарү болон орчуулагчаар “Монгорү сэй” компанийн захирал Г.Заяасайхан нар хөтлөв. Үйл ажиллагааг түүнийг сумод анх оруулж байсан Тоттори мужийн Жёохокү ахлах сургуулийн сумогийн клубийн дасгалжуулагч багш Ишиура Токиёоши нээж үг хэлэв. “Тэр даруухан, зөөлөн сэтгэлтэй, томоотой хүү байв. Анх 110 кг байсан бол одоо 200 кг хүртлээ том болжээ. Өсөх ирээдүйтэй том бөх болно гэдэгт итгэж байсан. Тэр олон жил дээд зиндаанд амжилттай барилдлаа. Дараагийн шинэ амьдралын гараанд нь их амжилт хүсье!” гэлээ.

No description available. Ичиножёогийн сумо бөхийн нэр нь Ичин гэдэг нэр дээр гоц авьяас билэг гэсэн утгатай “но” хэмээх ханз оруулаад “Жёохокү” сургуулийнх нь “жёо”-г нэмжээ. Тэр яахын аргагүй өсөж, том болсон сургуультайгаа хувь заяагаа холбосон мэт сумод хөл тавиулсан багш нь энэ ёслолын гол хүндэтгэлт хүн байлаа. Мөн Монгол Улсаас Япон улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Б.Баярсайхан гэргийн хамт оролцож, нээлтийн хундага өргөн, ерөөл айлтгав. Бас Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн “Харангын Чука” хэмээгддэг Ц.Чулуунбат ая дуугаа өргөн, олныг хөгжөөсөн юм. Ёслолын цайллагад оролцон суугаа зарим хүндтэй зочидтой зурвасхан хуучилж амжив. Ичиножёогийн аав Архангай аймгийн Батцэнгэл сумын малчин Ш.Алтанхуяг “Башётой үед хөдөө мал хуйгаа эртхэн амжуулчихаад гэртээ зурагтаар тэмцээн болгоныг үздэг. Сонирхогчийн сумод медаль авч байсан бас ах нартайгаа үзүүр түрүүнд нэмэлт барилдаан хийж байсан нь санаанаас гардаггүй юм” хэмээн намуухан өгүүлэв. Бас энэхүү ёслолын нэгэн хүндтэй зочин болох Архангай аймгийн Батцэнгэл сумын уугуул, Улаанбаатар хотод 1992 оноос Архангайн бөхчүүдийн “Бөх билэг” дэвжээг үүсгэн байгуулагч, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тээвэрчин Ш.Норовсамбуу “Анх үндэсний бөхөөр 6 дугаар ангиасаа эхлэн барилдсан. Хоёр дахь жилээсээ амжилттай барилдаж мөнгөн медаль хүртэж байв. Манай сум бол үндэсний бөхийн өлгий нутаг л даа. Хамгийн олон алдар цуутнууд төрсөн. Хамгийн олон бөхтэй. Халхын анхны аварга Г.Вандан аварга, дархан аварга Г.Өсөхбаяр хоёр алдартан манай сумаас л төрж гарсан. Ичко маань хоёр талдаа бөхийн удамтай, Хүүхэд байхын их зөөлөн, тайван хүн шүү дээ. Сайхан намбайгаад л алхаж байдаг. Бид мөн ч олон жил Ичиножёогоороо омогшиж, бахархаж, гайхуулж явлаа. Тэр байгалиасаа заяасан их авьяастай. Цаашид ч олон жил барилдах боломжтой байсан. Даанч ингээд больчихлоо. Хакухо аваргатай үзүүр түрүүний барилдаан мөн ч сайхан хиймортой байсан шүү” хэмээн дурсан ярив. Сумогийн ах нарын нэг нь болох сумо бөх байсан Сакигакэ Я.Баттүшиг “Тогтсон барилдаантай, яг хүч тулан барилдахад хөдөлшгүй хүчтэй, нэг л зуурсан бол тавихгүй, өөрийн мэдэлгүй бууж өгч байлаа. Түүний дэндүү өр зөөлөн чанар нь ийм эрт зодог тайлахад нөлөөлсөн ч байж болзошгүй” хэмээн өгүүлэв. Хамт нэг онгоцоор ирж, нэг сургуульд мөр зэрэгцэн сурч байсан үеийнх нь бөх одоо жүрёо зиндаанд барилдаж буй Миторюү Б.Төрболд “Түрүүн хамт зураг авахуулахад тэр “Найзынхаа үсийг хайчлахдаа гоё үг хэлээрэй!” гэв. Би үгээ бодоод л байна. Цаашид ч барилдах байсан. Ийм гэнэт юм болчихлоо. Тун харамсалтай байна” гэлээ. Ээж Н.Болортуяагийн төрсөн дүү, Улсын харцага Нинжээгийн Алтансүх “Шийрэв багшаас хүүхэд сумод сонгон шалгаруулж байна гэж дуулаад анх дагуулж очиж байлаа. Бие томтой болохоор нь хөдөөнөөс авчирч Спортын дунд сургуульд оруулж, нэг жил сураад тэгээд л шалгаруулалтад тэнцээд Япон явж байлаа. Байгалиасаа заяасан их авьяастай, бяр чадалтай. Яг энэ мөчид баяртай байна гэхэд хэцүү, гунигтай гэхэд бас хэцүү. Сумоч бөхийнхөө хувьд оргил үеэ үзэж чадалгүй, цэг тавьчихлаа. Жаахан харамсалтай байна хэмээн өгүүлэв. Саяхан Монгол Улсын хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулсан Японы Жёохокү ахлах сургуульд 19 жил багш дасгалжуулагч хийж байгаа анхны багш нарын нэгэн болох Р.Гантөгс “Энэ том бие шигээ маш дөлгөөхөн, томоотой хүү байв. Тэр анх сургуульд орохдоо эмэгтэй хүүхдэд албаар ялагддаг зөөлөн сэтгэлтэй хүү байв. Нэг удаа Ишиура багш нэлээн ширүүн загнав. Бараг л нутаг руугаа харь, буц! болов. Тэр нэгэн өдрөөс хойш л хэнд ч ялагдахгүй хүчтэй болж билээ. Бэлтгэл сургуулилтыг маш сайн хийдэг. Шико-г зуу хий гэхэд 150 удаа үргэлж давуулан хийдэг. Дандаа боль! гэж хэлтэл хийдэг байлаа. Маш хөдөлмөрч, даруухан хүү байв. Малчин айлын хүүхэд болохоор дөрвөн мөчиндөө их бяртай, гарын атгалт хүчтэй, нуруулаг, Вандан аваргын удамтай гээд түүний онцлогийг дурдаад баршгүй. Ахлах сургуулиа төгсөөд мэргэжлийн сумод оръё гэхэд нь макүшта зиндааны 15-аас ор! гэж зөвлөсөн. Ичко маань ч их хичээсэн. Доод зиндааг алгасан макүштагийн 15-аас ороход их баярласан даа. Насанд хүрэгчдийн сонирхогчдын сумогийн аварга болоход нь -За үүнээс хойш мэргэжлийн сумогийн аварга болоорой! гэж ерөөж байв.

No description available.

Түрүүлчихээд утсаар над руу ярьж байсан. Сая үсэнд нь хүрэхдээ сумогийн аварга болоогүй ч дараагийн шинэ амьдралдаа аварга нь болоорой! гэж захисан юм. Би нулимсаа их тэвчиж байна. Дахиад хэдэн жил барилдах байсан ч ийм явдал болж, сэтгэл их гонсгор байна” гэж гуниглангуй өгүүлэв. Ингээд түүний сумочийн үс болох чёнмагэ үргээх ёслол эхлэв. Оролцсон бүх зочин дараалан үс хөндсөөр ойр дотны найз сумо бөхчүүд, монгол ояагата нар дэс дарааллаар, аав, ээж, дүү нар нь хүрцгээж, нулимсаа шудран байлаа. Ингээд хамгийн сүүлд түүнийг анх сумод алхуулсан ачит багш болох Ишиура Токиёоши магэ үсний тавыг хайчилснаар ёслол өндөрлөв. Түүнийг үсээ засуулж байх хооронд цугларсан олон хэвлэл мэдээллийнхэн бүчин авч, янз бүрийн асуултыг зогсоо зайгүй шалгааж байв. -Ёслолын хамгийн сүүлд яагаад уйлав? -Олон юм гэнэт бодогдоод өөрийн мэдэлгүй уйлчихлаа. -Цаашид юу хийх үү? -Хоёр улсын хооронд ямар нэгэн ажил хийнэ дээ гэх зэрэг Ичинёожо маш тогтуун бөгөөд ганц хоёр үгээр хариулсаар байв. Сумогийн замналаар арван дөрвөн жил явсаны дараах цоо шинэ үсний засалт нь ямар байх бол? хэмээн их л сониучирхан байн байн утсаараа тольдон харж байлаа. Түүний нэг л тийм цайлган, гүндүүгүй, хүүхэд шиг гэнэн цагаахан сэтгэл царайнаас нь тодрох шиг. Түүнийг шүтэн бишрэгчид япон зочид -Хөөрхөн болж байна хэмээн өхөөрдөн, уулга алдацгааж байв. Костюм өмсөн, богино халимагтай болсон тэрбээр цоо шинээр дахин мэндлэх мэт инээмсэглэн тайзан дээр гарахад зочид алга ташин баяр хүргэлээ. Тийм ээ. Тэр дахин төрөх шиг болсон юм. Энэ хүртэлх түүний сумогийн замнал дардан байгаагүй. Анх 15 настай биерхүү том ч гэлээ жаахан хүү хөдөө гэрээсээ шууд л далайн дундах их улсын нэгэн мужид ирж, ахлах сургуульд орсноор мэргэжлийн сумогийн гараа эхэлсэн. Түүнтэй хамт их аварга болох Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Миторюү Б.Төрболд нар ирж нэгэн ангийн андууд болжээ. Тэр тухай их аварга Тэрүнофүжи өөрийн “Ангалын ёроолоос өгсөх маргааш” номдоо “Би том биетэйд ордог атал тэр надаас том. Би сүр сар гэсэн ширүүн зантай. Харин тэр дэндүү зөөлөн зан чанартай. Багш надад:-Ганаа, чи түүнд улам илүү хүчтэй дайраач! гэж хэл дээ” гэдэг байв. Би бас түүнийг “Чи яасан хулчгар юм бэ?” гэж хааяа загнадаг байв. Ичинёожо бол үнэхээр бүрэг ноомой, маш зөөлөн гэдгийг хүн болгон мэдэж байгаа байх. Түүний тэр зан чанар нь сумогийн ертөнцөд зарим талаараа хор нөлөөтэй, саад тотгор болох тул хатуу чанга үгээр хатуужуулж, хэрсүү болгох шаардлага нилээд их тохиолдож байсан ч тэр нь заримдаа түүний сайн тал болдог байлаа.” хэмээн дурссан байдаг. Тэрбээр одоо 31 настай, Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн. 192 см өндөр, 224 кг жинтэй хамгийн хүнд жингийн сумоч гэдэг байсан. Минато дэвжээний харьяат бөгөөд дэвжээндээ анхны санякү бөх бас 2022 оны 7 дугаар сарын башёд түрүүлж, дэвжээндээ анх удаа эзэн хааны цомыг авчирч, дэвжээнийхээ нэр хүндийг тун чиг өсгөсөн билээ. Дээд зиндаанд ганцхан башё барилдаад л Сэкиваке цолонд хүрч байсан Японы мэргэжлийн сумод олон жил дээд зиндаанд барилдаж байсан бөх ийм энгийн нэгэн зочид буудалд зодог тайлах ёслолоо хийж байгаагүй бөгөөд ояагата нь хамгийн сүүлд үсийг нь хайчилж, хамтдаа талархан ёсолж өндөрлөдөг уламжлалтай хэдий ч ояагата, дэвжээнийх нь бөхчүүд болон Сумогийн холбооноос зочид төлөөлөгчид байхгүй байгаа нь нэн хачирхалтай бөгөөд жир бус байгааг Японы хэвлэл мэдээллийнхэн онцлон дурдацгааж байв.

Тэр анх мэргэжлийн сумод 2014 оны 1 дүгээр сарын башёд барилдсанаар сумочийн гараагаа эхэлж, 9 дүгээр сарын башёд макүчи зиндаанд дэвшин, ид гялалзан мандаж, сумогийн үлэмж, аварга биет хэмээн алдаршиж, түүний байгаагаараа л энгийн бас үг дуу цөөнтэй ч гэнэн цагаахан яриа нь олны анхаарлыг татан бие нь аварга том ч хүүхдээрээ гэнэн цайлган төрх, үг яриаг нь өхөөрдөн хайрладаг байв. Нэгэн хэвлэлийн бага хурал дээр тэр “Өчигдөр шар айраг жаахан л уулаа” гэхэд нь сэтгүүлч нар:-Тэгээд хэдэн аяга уув? гэж асуухад “Арван нэгэн аяга” гээд тэднийг бөөн инээдэм болгож байсан зэрэг түүний хөгжилтэй, цагаахан яриа олон байдаг бөгөөд шүтэн бишрэгчид нь түүнийг “Хөөрхөн” гэдэг байлаа. Түүнийг удахгүй аварга, арслан болно гэсэн итгэл найдвар ч тун өндөр байв. Тэр сумогийн дээд зиндааны дэвжээнд нэг түрүүлж, жүрёо зиндаанд хоёр тэргүүлж, башёд идэвхтэй сайн барилдсан бөхөд олгодог тусгай гурван том шагналууд болох гарамгай барилдааны шагнал гурван удаа, уран барилдааны шагнал нэг удаа тус тус хүртэж байжээ. Түүний энэ их цаглагшгүй хүч чадлыг хөдөө талын унаган хүү, морь малтай ойрхон өссөн, төрөлхийн авьяас билэгтэй холбодог ажээ. Түүний гэнэт сумогоо орхисныг нурууны бэртлээс боллоо гэж тайлбарлаж буй ч тэрбээр ояаката тэр хоёрын хоорондох харилцаанд үл ойлголцол үүсч улам даамжирсаар ийнхүү бяр ухаан жагсах ид яваа насандаа сумогоо больсон нь шүтэн бишрэгчдийнх нь хувьд тун харамсалтай байв. Дэвжээгээ залгамжлан багш болох бэлтгэлээ хийж, иргэншлээ хүртэл солиулчихсан байв. Тэр барилдахдаа эрэмгий хүч чадлыг үзүүлж, дэвжээн дээр онцгой нэгэн ч эгэл даруухан, эв энгийн байдаг сан. Одоо ч яг л адилхан тэр дөлгөөн, намуухан төрхөөрөө буурь суурь суусан эр хүн болон зогсоно. Залуу хүний зам урт гэдэг, түүний өмнө цоо шинэ амьдралын замнал зурайн тодорч буй нь гарцаагүй.

 

 

Манай сонины Осака хотод суугаа сурвалжлагч Х.Эрдэнэцэцэг

One reply on “Сумогийн “Үлэмж биет” Ичиножёо зодог тайллаа DNN.mn”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *