Categories
мэдээ нийгэм

Сүхбаатар аймгийн Наран суманд гарсан түймрийг цурманд орууллаа

Улсын хэмжээнд өчигдрийн байдлаар Булган аймгийн Бугат сум, Дорнод аймаг Баянтүмэн, Баян-Уул, Матад сум, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Сүхбаатар, Наран, Дарьганга сум, Хэнтий аймгийн Биндэр сум гээд дөрвөн аймгийн есөн суманд 10 удаа, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11-р хороо Богины аманд нэг түймэр, нийтдээ 11 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч /урьдчилсан байдлаар/ 2 га ой, 39,350 га хээр, нийт 39,352 га талбай түймэрт өртсөн байна.

Ой, хээрийн гал түймрийн улмаас 2 гэр, 1 саравч шатаж, 40 толгой мал өртөж хорогдсон. Түймрийг унтраахад Онцгой байдлын байгууллагаас 86 албан хаагч, 6 автомашин, Хилийн цэргийн анги, байгууллагаас 79 албан хаагч, 7 автомашин, 2 мотоцикль, орон нутгаас 192 иргэн, 19 автомашин тус тус дайчлагдан нийт 357 хүн, 32 автомашин, 2 мотоцикльтой ажиллав.

Одоогийн байдлаар улсын хэмжээнд нэг түймэр цурмандаа орсон байгааг бүрэн унтраахаар ажиллаж байна. Энэ нь гуравдугаар сарын 30-ны өдрийн 16:46 цагт Сүхбаатар аймаг Наран сумын 2 дугаар багийн нутаг “Бага-уул Арын гуу” гэдэг газар хээрийн түймэр гарсан дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, Хилийн цэргийн Онгоны отрядын 6, 7-р заставаас 18 албан хаагч, 2 автомашин, 2 мотоцикль, орон нутгаас 57 иргэн, 5 автомашин, нийт 87 хүн, 8 автомашин, 2 мотоцикльтой ажиллаж өнөө өглөө буюу гуравдугаар сарын 31-ний өглөөний 03 цаг 40 минутанд түймрийг цурманд оруулсан бөгөөд одоо бүрэн унтраахаар ажиллаж байна.

Түүнчлэн Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газраас гарсан ой, хээрийн гал түймрийг хохирол багатай, шуурхай унтраах зорилгоор тухай бүр төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн дарга нарт түймрийн цагийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар заавар, зөвлөмж өгч, мэргэжлийн шуурхай удирдлагаар ханган ажиллаж байгаа юм.

Ер нь хаврын хуурайшилт эрчимжиж түймрийн гаралт, давтамж нэмэгдэж байгаатай холбогдуулан иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд ой, хээрийн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж, анхаарал болгоомжтой байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *