Суданд ардчиллыг дэмжигчид, аюулаас хамгаалах хүчнийхний хооронд мөргөлдөөн үргэлжилсээр байгаа энэ үед тус улсын Ерөнхий сайд Абдулла Хамдук цэргийхэнтэй тохиролцсон гэрээний дагуу албан тушаалаа эргүүлэн хашиж эхэлснээсээ хойш хоёр сар хүрэхгүй хугацааны дараа огцорч буйгаа мэдэгджээ.
Суданд 10 дугаар сард цэргийн эргэлт гарч, А.Хамдукийг Ерөнхий сайдын албан тушаалаас нь буулган гэрийн хорионд оруулсан юм. Түүнээс нэг сарын дараа А.Хамдукт эрх мэдлийг нь эргүүлэн олгох гэрээг байгуулжээ. 10 дугаар сарын цэргийн эргэлт 30 жилийн турш төрийн эрхийг барьсан Омар аль-Баширын авторитар дэглэмээс холдох шилжилтэд саад учруулсан байна.
Гэвч цэргийнхтэй байгуулсан А.Хамдукийн гэрээг ардчиллыг дэмжигч жагсагчид хүчтэй шүүмжилж, олон арван мянган иргэн эсэргүүцлийн жагсаал өрнүүлжээ. Шүүмжлэгчдийн хувьд уг гэрээг хангалтгүй гэж үзэж байгаа бөгөөд цэргийнхний удирдлагаас ангид Засгийн газар байгуулах шаардлагыг хангаж чадахгүй гэж дүгнэсэн байна..
А.Хамдук телевизээр мэдэгдэл хийх үеэрээ Суданыг удирдах хэн нэгэн хүнд “боломж” олгох үүднээс огцорч буйгаа мэдэгдсэнийг “BBC” телевиз уламжилжээ. Суданд 10 дугаар сараас хойш ардчиллыг дэмжигчдийн өрнүүлсэн жагсаалын үеэр 50 гаруй хүн амиа алджээ. “Al Jazeera” сувгийн мэдээлснээр, А.Хамдук Хартум хотод хоёр жагсагч цэргийнхний гарт амиа алдсанаас хэдхэн цагийн дараа огцорч буйгаа мэдэгдсэн байна.