Categories
мэдээ нийгэм

СУДАЛГАА: Ерөнхийлөгч, Засгийн газарт итгэдэг иргэдийн тоо буурч, итгэдэггүй иргэдийн тоо өмнөх жилээс өсчээ DNN.mn

“Ардчилсан засаглал судалгаа”-ны 2018-2021 оны үр дүнг Үндэсний статистикийн хороо танилцуулав. Энэхүү судалгааг 2008 оноос хойш хийж байгаа бөгөөд Монгол Улсын Мянганы хөгжлийн “Хүний эрхийг баталгаажуулах, ардчилсан засаглалыг хөгжүүлэх” тухай 9 дүгээр зорилгын хэрэгжилтийг хянах болон энэ хүрээнд шаардлагатай мэдээллийг цуглуулах юм.

Ардчилал гэж юу болох талаар олон янзаар тодорхойлдог. Цөөнхийг хамгаалсан олонхын засаглал бөгөөд засаг төрийн байгууллыг сонгуулиар бүрдүүлэх, иргэдийн тэгш эрх, улс төрийн эрх чөлөөг хамгаалах, Үндсэн хуулийн ёсыг дээдлэх явдал гэдгийг уг судалгаа онцолсон байна. Орчин үед бол Үндсэн хууль болон бусад хуулийг дээдлэх, ард түмний засгийг тогтоох, улс төрийн олон ургалч үзлийг зөвшөөрөх, иргэдийн эрх, эрх чөлөөг хангах, хүний эрхийн салгаж болохгүй үндсэн зарчмыг удирдлага болгосон нийгмийн байгууллыг ардчилсан засаглал гэж ойлгож буй.

Ардчилал, ардчилсан засаглал нь өөрөө үйл явц учраас ямар нэгэн байдлаар хэмжих шаардлагатай. Ардчилсан засаглал хэрхэн хөгжиж, бэхжиж байгааг хэмжих нь нийгмийн эсвэл эдийн засгийн үзэгдлийн нэгэн адил тоон үзүүлэлтээр шууд илэрхийлэгдэж, хэмжигддэггүй боловч олон улсын байгууллага, судлаачид, эрдэмтэд ардчиллыг хэмжиж болох тоон үзүүлэлтүүдийн талаар олон саналыг дэвшүүлснээр

  • Дахлын Полиархи хэмжүүр, төрийн бүтцийн үнэлгээ,
  • Ванханены ардчиллын индекс,
  • Марк Газиоровскийн улс төрийн дэглэмийн ангилал,
  • Монти Г.Маршалл, Кейт Жаггерс, Тед Гурр нарын төрийн байгууллын мэдээлэл зэрэг ойлголт, аргачлалын ялгаа бүхий тэргүүлэх хэмжүүрүүдийг ардчиллын үндсэн хэмжүүрүүд гэж үздэг байна.

Олон улсын байгууллагаас санал болгож буй үзүүлэлтүүд нь ерөнхийдөө хоёр хэсгээс бүрдэж байгааг харвал

  • Нэгд, үндсэн үзүүлэлтүүд, тухайлбал, парламентын хөгжил, сонгуулийн систем ба үйл явц, шүүх засаглал ба хүний эрх, и-засаглал ба мэдээллийн хүртээмжтэй байдал, төвлөрлийг сааруулах, орон нутгийн засаглал ба хот, хөдөөгийн хөгжил, төрийн удирдлагын шинэчлэл, авлигын эсрэг тэмцэл
  • Хоёрт, тухайн улс орны онцлогийг тусгасан нэмэлт үзүүлэлтүүд байна.

Ардчилсан засаглалын нэмэлт үзүүлэлтүүдээр, жишээ нь ардчилсан засаглалыг хэмжихийг соёл иргэншил, геополитикийн байдал болон эдийн засаг, нийгэм, хүн ам зүйн агуулгаар нь зорьж байна. Дээр дурдсан үзүүлэлтүүд нь одоогоор олон улсын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл мөн засаглалын үзүүлэлтүүдийг тооцох, шууд дүгнэлт гаргахад ашиглах боломжгүй ч улс орнуудыг хээл, хахуулийн эсрэг эрх зүйн актуудыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр ашиглагддаг байна.

Монгол Улсын “Ардчилсан засаглал” судалгааны 2018-2021 оны үр дүнг судлахдаа 15 ба түүнээс дээш насны 3,545 хүнийг хамруулжээ.

Ерөнхийлөгчид итгэдэг иргэдийн тоо буурч, итгэдэггүй иргэдийн тоо 2021 онд өмнөх жилээс өсжээ

Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газарт итгэл хүлээлгэж байгаа иргэдийн үнэлгээг дүнд эзлэх хувиар нь тооцож гаргажээ.

Ерөнхийлөгчид итгэл хүлээлгэж байгаа иргэдийн үнэлгээг 2018-2021 оноор авч үзэхэд, Ерөнхийлөгчид итгэдэггүй гэж хариулсан иргэдийн эзлэх хувь 2018 онд 35.3, 2019 онд 29, 2020 онд 18.8 хувь байсан бол 2021 онд 27.2 хувь болж 2018 оны 8.1 нэгж хувиар буурч, өмнөх оноос 8.4 нэгж хувиар өссөн байна. Итгэдэг гэж хариулсан иргэдийн хувь 2018 онд 18.1, 2019 онд 23, 2020 онд 35.2 хувь байсан бол 2021 онд 29.3 хувь болж 2018 оноос 11.2 нэгж хувиар өсөж, өмнөх оноос 5.9 нэгж хувиар буурсан байна. Мэдэхгүй гэж хариулсан иргэдийн эзлэх хувь 2018 онд 7.8, 2019 онд 6.7, 2020 онд 3.8, 2021 онд 3.1 хувьтай байна.

Зураг. Ерөнхийлөгчид итгэл хүлээлгэж байгаа иргэдийн үнэлгээ, дүнд эзлэх хувиар

зураг

Улсын Их Хуралд итгэл хүлээлгэж байгаа иргэдийн үнэлгээг 2018-2021 оноор авч үзэхэд,

  • итгэдэггүй гэж хариулсан иргэдийн эзлэх хувь 2018 онд 58.5, 2019 онд 51.1, 2020 онд 34.3 хувь байсан бол 2021 онд 35.6 хувь болж 2018 оноос 22.9 нэгж хувиар буурч, өмнөх оноос 1.3 нэгж хувиар өссөн байна.
  • Дунд зэрэг итгэдэг гэж хариулсан иргэдийнх 2018 онд 28.1, 2019 онд 34.6, 2020 онд 44.8 хувь байсан бол 2021 онд 42.6 хувь болж 2018 оноос 14.5 нэгж хувиар өсөж өмнөх оноос 2.2 нэгж хувиар буурчээ.
  • Итгэдэг гэж хариулсан иргэдийн эзлэх хувь 2018 онд 6.5, 2019 онд 9.0, 2020 онд 16.4, 2021 онд 19.1 хувь болж өсөх хандлагатай гэсэн дүгнэлт гарчээ.

Зураг. УИХ-д итгэл хүлээлгэж байгаа иргэдийн үнэлгээ, дүнд эзлэх хувиар

зураг

Засгийн газарт итгэл хүлээлгэж байгаа иргэдийн үнэлгээг 2018-2021 оноор авч үзэхэд,

  • итгэдэггүй гэж хариулсан иргэдийн эзлэх хувь 2018 онд 50, 2019 онд 40.8, 2020 онд 22.6 хувь байсан бол 2021 онд 30.8 хувь болж 2018 оноос 19.2 нэгж хувиар буурч, өмнөх оноос 8.2 нэгж хувиар өссөн байна.
  • Дунд зэрэг гэж хариулсан иргэдийнх 2018 онд 33.2, 2019 онд 36.9, 2020 онд 43.5 хувь байсан бол 2021 онд 41.1 хувь болж 2018 оноос 7.9 нэгж хувиар өсөж, өмнөх оноос 2.4 нэгж хувиар буурчээ.
  • Итгэдэг гэж хариулсан иргэдийнх 2018 онд 9.5, 2019 онд 16.1, 2020 онд 29.5 хувь байсан бол 2021 онд 25.6 хувь болж өмнөх оноос 3.9 нэгж хувиар буурсан байна.

Зураг. Засгийн газарт итгэл хүлээлгэж байгаа иргэдийн үнэлгээ, дүнд эзлэх хувиар

зураг

Хэвлэл мэдээллийн хэрэгслийг улс төрөөс хараат бус гэдэгт итгэх иргэдийн итгэл буурчээ

Улс төр, эдийн засаг, санхүүгээс хэвлэл,мэдээллийн хэрэгслийн хараат бус байдлын талаарх иргэдийн үнэлгээг энэ хэсэгт үзүүлэв.

Хэвлэл, мэдээллийн эрх чөлөө нь хэвлэл, мэдээллийн хэрэгслийн улс төр, санхүү, эдийн засгийн хувьд хараат бус байдал хангагдсан эсэхээр илэрхийлэгдэнэ. Энэхүү хараат бус байдлын талаарх иргэдийн үнэлгээг 0-100 оноонд шилжүүлэн харуулбал

зураг

Эндээс харвал иргэд хэвлэл мэдээллийн хэрэгслийг улс төрөөс хараат бус гэдэгт итгэх итгэл буурчээ.

Хэвлэл, мэдээллийн хэрэгсэл улс төрөөс хараат бус байдаг гэдэгт иргэдийн өгсөн оноо

  • 2021 онд 23 болж 2018 оноос өөрчлөлтгүй, 2020 оноос 3 оноогоор буурсан байна.
  • Эдийн засаг, санхүүгээс хараат бус байдаг гэдэгт 2021 онд 2018 оноос 1 оноогоор өссөн, 2020 оноос 4 оноогоор буурчээ.

Нийт иргэдийн 33.6 хувь хэвлэл, мэдээллийн хэрэгсэл улс төрөөс хараат бус гэдэгтэй санал нийлдэггүй гэж үзсэн байхад 10.8 хувь санал нийлдэг гэж 2020 онд хариулж байжээ.

Харин 2021 онд санал нийлдэг иргэдийн хувь 10.9 буюу өмнөх оноос өөрчлөлтгүй байгаа ч санал нийлдэггүй иргэдийн хувь 38.7 хувь болж өмнөх оноос 5.1 нэгж хувиар өссөн буюу сөрөг хандлага нэмэгджээ. Нийт иргэдийн 24.4 хувь нь хэвлэл, хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь эдийн засаг, санхүүгээс хараат бус байдаг эсэхийг мэдэхгүй гэж хариулжээ.

Хэвлэл, мэдээллийн байгууллагуудад итгэл хүлээлгэж байгаа иргэдийн үнэлгээг 0-100 оноонд шилжүүлэн тооцоход 2018 онд өгч байсан иргэдийн үнэлгээ 2021 онд дараах байдлаар өөрчлөгдсөн байна.

зураг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *