УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Улсын бүртгэлийн ерөнхий хууль болон холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулах тухай Засгийн газрын тогтоол, хуулийн төслийг хэлэлцэв.
Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын зарим гишүүн бүртгэл, статистикийн газрыг нэгтгэж байгааг шүүмжилсэн юм.
Р.Гончигдорж: Улсын бүртгэл болоод статистикийн газруудыг аль хэдийн нэгтгэсэн. Тиймээс бид зарим хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай болчихоод өнөөдөр хэлэлцэж байна. Хэлэлцэх ёстой, харин ч цаг алдаж байна. Оны эхнээс хэрэгжээд явах ёстой байсан хуулийг одоо хэлэлцэж байна.
Ц.Нямдорж:УИХ нэг буруу юм хийгээд улам буруудуулж унаад байна. Засгийн газрын оруулж ирсэн саналаар явбал тэрийгээ шийдээд нэг талд нь гаргаад, үгүй бол гишүүдийн саналаар асуудлыг авч хэлэлцээд эцэслэн шийдэх хэрэгтэй. Зарчмын хувьд буруу шийдвэр гаргасан шүү, ингэж буруу шийдвэр гаргадгаа УИХ больчихмоор байгаа юм.
С.Дэмбэрэл: -Би энэ хуулийг дэмжихгүй. Теорем батлагдсан одоо засахаас өөр аргагүй гэдэг байдлаар асуудалд хандаж байна. Норвегийн олон жил хөгжсөн статистикийн байгууллагын ажлыг сонирхсон. Монголын статистикийн байгууллагад олон улсын статистикийн байгууллагын бүх сайн жишээ, сайн практик байдаг. Одоо энэ сайн практикаас хасагдана. Статистикийн газар бол УИХ-ынхаа холбогдох байнгын хороогоор орж, бие даасан хараат байдлаар ажилладаг, олон улсын хэмжээнд сайн жишиг болсон байх ёстой. УИХ бодлогын алдаа гаргахыг энэ дөрвөн жилд хараагүй, харин энэ бол бодлогын том алдаа. Статистик бие даасан өөрийн гэсэн аргачлалтай, хараат бус байх эрх зүйн үндсийг шаарддаг. Гэтэл даргыг нь томилоод өөр байгууллагатай нэгтгэх гэж байна. Даргыг нь Засгийн газар томилсон юм чинь Засгийн газрын хэлсэн ажлыг л хийнэ шүү дээ.
Ц.Баярсайхан:-Орж ирсэн хуулийн төслийг шүүмжлэх юм алга, батлаад явах байх. Олон улсад манай статистикийн байгууллагыг үнэлдэг. Эргээд Засгийн газрын байгууллага болчихоор ухралт болчихлоо гэж үзэж байна. УИХ-ын шийдвэр туйлын үнэн гэж байхгүй. Үүнийг хаана нь байлгах вэ гэдгийг зөв шийдэх ёстой. Статистик мэдээг зөвхөн УИХ-д зориулж гаргадаггүй. Тиймээс дахин нэг ярих ёстой.
Ийнхүү гишүүд асуулт асууж, үг хэлсэн юм. Гишүүдийн 65,4 хувийн саналаар хууль, тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн учир анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ.