Categories
мэдээ энтертаймент-ертөнц

​“Squid Game” криптовалют луйвар байсан нь илэрч, үүсгэгч нь олон саяыг өвөртлөөд зугтжээ


Аравдугаар сарын сүүлчээр Нэтфликсийн “Squid Game” цувралын нэртэй криптовалют зах зээлд нэвтэрч, үнэ ханш нь богино хугацаанд тэнгэрт хадаж байв.

Гэвч даваа гаригт үүнийг үүсгэгч нэр үл мэдэгдэх этгээд эзэмшиж байсан бүх койноо зарж, бэлэн мөнгө болгоод сураггүй алга болжээ.

Ингэхдээ төслийнхөө вэб сайтыг (squidgame.cash) хүртэл хаасан байна. SQUID койны ихэнх хувийг эзэмшиж байсан этгээд бүх нөөцөө зарсан тул ханш нь ч бараг тэгтэй тэнцүү болжээ.

Аравдугаар сарын 20-нд эхлэхдээ SQUID койны үнэ хэдхэн центтэй тэнцүү байв. Өнгөрсөн амралтын өдрүүдэд ханш нь $40 орчимд хүрээд байжээ.

Харин уналтын дараа $0.005-тай тэнцэх болсон байна. Энэ тохиолдолд хамгийн анхны худалдан авагчид ч алдагдалд орж байгаа юм.

SQUID койны ханш ид өсөж байх үед CNBS, Forbes, BBC, Fortune зэрэг томоохон хэвлэлүүд гайхмаар хурдтай өсөлтийн тухай магтан бичиж байжээ.

Тухайлбал Fortune сэтгүүлд “Squid Game’ crypto is up more than 86,000% in a week” гэсэн гарчигтай мэдээ нийтлэгдэж байсан юм.

Томоохон хэвлэлүүд ингэж мэдээлсэн нь хүмүүсийн эргэлзээг арилгаж, олноор хошуурах бас нэг шалтгаан болсон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *