Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Уг нь дөрвөн сарын нэгэн байсан юм аа || DNN.mn

Бага байхад дөрвөн сарын нэгний “сургаар” хүүхдүүд бие биенийгээ ёстой нэг итгэхээ байтал хуурдаг байлаа. Хүүхдүүд л болсон хойно хуурч болох сэдэв, болохгүй сэдвээ ялгаж мэдэхгүй хошигнож, хуурдаг байсан юм. Тухайн үед би аав, ээжийнхээ өврөөс ч бүрэн гараагүй эрх балчир байсан үе л дээ. Мал төллөх цагаар өвөөтэй амьдрах болов оо. Гэрээсээ холдож үзээгүй надад өвөөгийн хоол унднаас өгсүүлээд нэг л таалагдаж өгсөнгүй. Тиймээс яажшуухан ээжтэйгээ хамт байх арга ухаан сүвэгчилж гарав. Ашгүй дөрвөн сарын нэгний ойрмогхон хичээл амарч таарах нь тэр.

Амарч хариад ёстой нэг бурж өглөө. “Өвөөтэй амьдарна гэж ёстой бүтэхгүй. Аймаар загнана. Их өлсөнө. Барагтай л бол аяганы амсар зуулгадаггүй” гээд аваад хаяв аа. Уг нь хоол унд нь амтгүй л болохоос өвөө аяга хоосон байлгадаггүй л дээ, хөөрхий. Бас барагтай л бол загнахгүй, үзэгний бэх хивсэн дээр асгасны төлөө ганцхан удаа банга хүртсэнийг эс тооцвол “бараан түүхгүй” байсан юмдаг.

Тиймээс ингэж хэлээд байдал бишидвэл “дөрвөн сарын нэгэн байсан юм аа” гээд л болно гэж итгэснийх. Гэтэл аав, ээж маань миний ярианд итгэх нь тэр. Бүр эмээд ч ховлоод амжив. Тухайн үед бага ангийнхан дунд, ахлах ангийнхнаас хэдэн хоногийн өмнө амарч таарав. Өвөө дунд, ахлах ангийн хэдтэйгээ хэд хоногийн дараа миний араас ирэв ээ.

Өвөөд минь нүүр өгч байгаа хүн алга. Эмээ “Хүүхдүүд харна гэж зутраачихсан байна…” гээд загнах нь тэр. Тэгэхдээ намайг алтан хошуу өргөсөн гэж хэлсэнгүй. Өвөө ч ачааны хүндийг үүрчихээд, хариу тайлбар ч хэлсэнгүй. Ингээд би “дөрвөн сарын нэгэн байсан юм аа” гэж хэлж чадалгүй хэдэн хаврыг үдэж билээ. Бас энэ л паянгаар дөрвөн сарын нэгэн инээдмийн баярын өдөр болохоос хууралтын өдөр биш гэдгийг ухаарсансан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *